| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 550 |
| Огноо | 2019-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 550
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Д холбогдох эрүүгийн 1806 05701 0498 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “ барилгын инженер ажилтай, Хөвсгөл аймгийн Цагаан- оршин суух бүртгэлтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, М.Д .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч М.Д нь 2018 оны 7 дугаар сарын 1-ний шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М-Ойл” шатахуун түгээх станцын хажууд иргэн Г.Бат-Эрдэнэтэй маргалдан чихийг нь хазаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-15-18/, гэрч М.Мөнхжингийн өгсөн мэдүүлэг /хх-32-33/, гэрч Б.Хүрэлтогоогийн өгсөн мэдүүлэг /хх-28/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 8218 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-39/, шүүгдэгч М.Д яллагдагчийн өгсөн мэдүүлэг /хх-65/, шүүгдэгч М.Д урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-45/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Д нь 2018 оны 7 дугаар сарын 1-ний шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М-Ойл” шатахуун түгээх станцын хажууд иргэн Г.Бат-Эрдэнэтэй маргалдан чихийг нь хазаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Бат-Эрдэнийн өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 1-ний шөнө 1 цагийн орчим найз Доржоо, Мөнхжин нарын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М-Ойл” шатахуун түгээх клонкын хажууд байж байтал хар өнгийн жип машин зам дээр маневер хийж ухарч байсан чинь хажуу талын явган хүний замаар 4-5 хүн явж байсан. Гэтэл жолооч талын цонхыг нэг ах цохиод манай найз Доржоог “чи машинаас буугаад ир” гэж хэлээд заамдаад машинаас буулгасан. Тэгэхээр нь бид нар араас нь дагаж буусан. Үл таних залуу Дорждэрэмийг цохиод газар унагаасан. Тэр үед шууд нөгөө залуу намайг “ална” гэж хэлээд над руу дайрсан. Би хойшоо ухраад зугтаах гэтэл миний хойно уг залуутай хамт явж байсан өөр нэг эрэгтэй байж таараад би намайг хөөсөн залууд баригдсан. Намайг барьж авангуутаа шууд дээрээс дарж унасан. Дарж авангуутаа шууд миний зүүн чихнээс шууд хазсан. Тэр үед миний найз уг залууг салгах гээд татаж чангаагаад салгах гээд ганц хоёр удаа өшиглөсөн.” /хх-15-18/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Батжаргалын өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 1-ний шөнө М.Даваахүү, Б.Хүрэлбаатар нарын хамт бид гурав Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дарь эх” рүү хойш чиглэлд нэгэн авто угаалгын газрын гадна явж байтал Ноnda CRV маркийн хар хөх өнгөтэй машин ухарч байгаад Б.Хүрэлбаатарыг мөргөсөн. Тэгээд Б.Хүрэлбаатар газар унахад нь М.Д машины жолооч дээр очоод цонхыг нь тогшоод “чи хүн мөргөчихлөө” гэж хэлтэл уг машин дотроос 4-5 залуу бууж ирээд бүгдээрээ нийлж байгаад Даваахүүг газар унагаад зодож эхэлсэн. Тэгэхээр нь би “хүний олон хүнээ барихгүй шүү” гэж хэлээд цагдаа дуудсан. Тухайн чихээ хазуулсан гэх залуугийн чихыг хэргийн газраас хайгаад олдоогүй.” /хх-23-24/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Мөнхжингийн өгсөн: “...Г.Бат-Эрдэнийг Дорждэрэмийг цохисон залуу барьж аваад газар унасан. Г.Бат-Эрдэнэ доод талд нь нөгөө залуу дээр унасан. Г.Бат-Эрдэнэ газар унаад удалгүй чанга орилсон. Би гүйж очоод салгасан чинь Г.Бат-Эрдэнэ толгойгоо бариад босож ирэхгүй хэвтээд байсан. Тэр үед цагдаа нар хүрээд ирсэн. Г.Бат-Эрдэнийн зүүн талын чихнээс цус гараад байсан.” /хх-32-33/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажилгаанд гэрч Б.Хүрэлтогоогийн өгсөн: “...Тэр үед уг машины жолооч залуутай бид зууралдаад цаашаа явсан. Энэ үед Батжаргал ах цагдаа дуудсан. Цагдаа дуудаад байж байхад эсрэг талын залуучуудын нэг нь чих байхгүй болчихлоо гэж орилсон. Тэр үед жолооч залуу бид 2 чих гээд орилоод байсан газар яваад очиход М.Д болон чих гээд орилоод байсан залуу бас эсрэг талын 2 залуу байсан.” /хх-28/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 8218 дугаартай дүгнэлтэд:
1. Г.Бат-Эрдэнийн биед зүүн чихний дэлбээний дунд хэсгийн эдийн дутагдал бүхий хазагдаж тасарсан шарх, зүүн чамархай зөөлөн эдийн няцрал, чамархай болон эрүүгий доорх дотор хэсгийн зөөлөн эдийн хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-42/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Д яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан учраас болсон явдлыг санахгүй байна. Ухаан ороход би цагдаагийн хэлтэс дээр ирсэн байсан. Би яг ямар үйлдэл гаргасанаа санахгүй байна.” /хх-65/ гэх мэдүүлэг,
Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-38, 41, 56/,
“Натур эмнэлэг” компьютер томографийн оношлогоо /хх-36-37/
Шүүгдэгч М.Д урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-45/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч М.Д 2018 оны 7 дугаар сарын 1-ний шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М-Ойл” шатахуун түгээх станцын хажууд иргэн Г.Бат-Эрдэнэтэй маргалдан чихийг нь хазаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн 202.000 төгрөгийг шүүгдэгч М.Д гаргуулж хохирогч Г.Бат-Эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн ба хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч М.Д хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Д г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар М.Д 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар М.Д нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн 202.000 төгрөгийг шүүгдэгч М.Д гаргуулж хохирогч Г.Бат-Эрдэнэд олгосугай.
7. Хохирогч Г.Бат-Эрдэнэ нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС