Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 204/МА2024/00007

 

 

 

2024 оны 4 сарын 16-ны өдөр        Дугаар 204/МА2024/00007            Өвөрхангай аймаг

 

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй хуралдаанаар,

          Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 145/ШШ2024/00059 дүгээр шийдвэртэй,

                Нэхэмжлэгч Б.Э-ийн нэхэмжлэлтэй,

                Хариуцагч Н.Ө-д холбогдох,

        Нийт 71,382,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Н.Ө, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие хувийн орон сууц 300,000,000 төгрөгөөр худалдаж авахаар Н.Ө-тай тохиролцсон. Тэгээд байр, машин, мөнгө өгөөд үлдсэн мөнгийг банкнаас зээл авч өгөхөөр болсон.

            Ингээд Н.Ө-д 3 өрөө 71 м.кв байрыг 1 м.кв 2,200,000 төгрөгөөр бодож 156,000,000 төгрөгөөр, Ланд круйзер 200 автомашиныг 60,000,000 төгрөгөөр, бэлнээр 50,882,000 төгрөг, банкнаас 153,000,000 төгрөг нийт 419,882,000 төгрөг өгсөн.

            Үүнээс Н.Ө-аас байрны зээл хаахад зээлсэн 45,000,000 төгрөг, зээл хаахад мөнгө дутаад зээлсэн 24,500,000 төгрөг, нийт 69,500,000 төгрөгийг хасахаар 350,382,000 төгрөг болж байна.

            Мөн 350,382,000 төгрөгөөс орон сууцны үнэ 300,000,000 төгрөг, гал тогооны үнэ 7,000,000 төгрөгийг хасахаар Н.Ө 43,382,000 төгрөг илүү авсан байна.

            Үүний дээр “СК ББСБ” ХХК-иас авсан 80,000,000 төгрөгийн зээл Н.Өаас шалтгаалж 28,000,000 төгрөгийн өр үүссэн. Учир нь сарын дараа хүүтэйгээ 108,000,000 төгрөг болсон байсан. Анхны ярьснаараа байсан бол би 28,000,000 төгрөгийн өрөнд орохооргүй байсан.

            Би одоо 48,000,000 төгрөг дээрээ 28,000,000 төгрөгийг нэмээд 69,000,000 төгрөг нэхэмжилж байна. 238,000,000 төгрөгөөс энэ хүн 71,000,000 төгрөг авах ёстой байсан. Тэгсэн 71,000,000 төгрөгөө өрөндөө тооцоод илүү мөнгө авсан. Ер нь зөрүү 41,000,000 төгрөг байгаа.

            Би энэ байшинг 280,000,000 төгрөгөөр авна гэсэн бодолтой байсан. Наадах чинь анхны авсан үнээсээ харьцангуй өндөр үнээр зарагдаж байгаа гэж хэлсэн. Би өнөөдөр гэрээ хийгээгүйгээс ийм асуудалд ороод байгаа юм. Чи надад байшингаа хямдруулна гэх юм бол би байшинг чинь хямдруулаад 250,000,000 төгрөгөөр тохироод татвар төлөхөөр болоод очсон чинь банкнаас 300,000,000 төгрөгийн зээл гарахаар болсон. Тэгэнгүүт 300,000,000 төгрөгөөр бодоод 3,000,000 төгрөгийн татвар өмнөөс нь төлсөн. Би 20,000,000 төгрөг хасуулах байсан зүйл дээр өнөөдөр би нэхэмжилж чадахгүй.

            Би гэрээ хийчихсэн болохоор энэ хүн 150,000,000 төгрөг байсан зүйлийг 140,000,000 гэж яриад байна. Надад баримт байхгүйг мэдээд үүн дээр тоглолт хийгээд байгаа нь харагдаж байна. Бид хоёрт өмнө ярьж тохирсон зүйлүүд байгаа. Тэгсэн миний юмыг харьцангуй хямд болгоод надад өгсөн зүйл нь баримтаар баталгаажуулсан болохоор би яаж ч болохгүй болоод байна.

            Миний бодит 71,000,000 төгрөгөөр хохирсон. Өнөөдөр надад өчнөөн асуудал байна гээд буулт хийгээд орж ирсэн. Тэгэхэд өөрөө 10,000,000 төгрөг өгье гэдгээ хэллээ. Яагаад 10,000,000 төгрөг өгье гэж ярьж байна гэхээр эхлээд 20,000,000 төгрөг байсан юм. Уулзъя гэхээр нь очиж уулзаад мөн л машинд дотор маргаан үүссэн. Чи 20,000,000 төгрөг өгөх ёстой гэсэн чинь өгөхгүй гээд таны машин ийм, тийм, байр чинь ийм тийм гээд янз бүрийн юм ярьсаар байгаад 10,000,000 төгрөг болгож буулгасан. Тэгэхээр нь төвөг гэж бодоод 10,000,000 төгрөг гэсэн чинь сүүлдээ 10,000,000 төгрөг өгөхгүй болсон. Энэ хүнийг эхнэр бид хоёр хараад байхад уулзах болгондоо довтлоод уурлаад байдаг. Тэр болгонд нь хүлээн зөвшөөрөөд яваад байдаг байсан. Сүүлдээ ингээд 10,000,000 төгрөг ч өгөхгүй болсон.

            Би Д.Г-т хэлсэн яах ч аргагүй 108,000,000 төгрөгийн өртэй болоод зарах гээд байна. Би 120,000,000 төгрөгийн зар тавьсан байгаа гэж хэлсэн. Тэр газар алсдаа гурван өрөө байр болох газар байгаа юм. Би Д.Г-т энэ 108,000,000 төгрөгийг чинь дарчихъя гэхэд Д.Г би Н.Ө-д хэлнэ. Зохих ёстой мөнгийг гаргах ёстой гэж хэлсэн. Тэгээд би Д.Г-ийг энэ хүн рүү ярьсан байх гэж бодсон боловч яриагүй юм байна. Тэр 20,000,000 төгрөгийг буулгасаар байгаад 20 болгосон. Буулгаж байгаа шалтгаан нь анх ярьсан үнээсээ байнга машин чинь ийм, тийм, байр чинь ийм, тийм гэж буулгаад авч чадахгүй байсаар байгаад сүүлдээ 10,000,000 дээр үлдсэн. Тэгсэн өмнөх шүүх хурлаас өмнө би танд 10,000,000 төгрөг өгнө. Та миний нэрийг авчих гэх мэт зүйл ярьсан. Тэгэхээр нь би нэгэнт өгчихсөн юм чинь болохгүй байх гэж хэлсэн. Тэгээд шүүх хурал болоод энэ хүн өөрөө ямар ч асуудалгүй гарангуутаа нөгөө 10,000,000 төгрөгөө өгөхгүй мөнгө байхгүй гээд яваад байгаа юм. Өмнө гурвуулаа ярьж байгаад авсан. Намайг 28,000,000 төгрөгийн өрөнд оруулсан. Би машин, байшин, байр, мөнгө гээд бүх эд хөрөнгөө энэ хүнд өгчхөөд байгаа юм. Би өөрөө буулт хийгээд яваад байхаар өнөөдөр 5,000,000 төгрөг өгье гээд сууж байна. Миний юмнуудын үнэ цэнийг буулгаад би буулт хийгээд яваад байхаар сүүлдээ авах зүйлгүй болгоод байгаа гэжээ.

            2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие хоёр давхар 218 м.кв талбайтай хувийн орон сууцыг 300,000,000 төгрөгөөр худалдахаар 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулан өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн.

            Б.Э 2023 оны 02 дугаар сарын 15, 16-ны өдөр урьдчилгаа төлбөр гэж 35,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг гээд нийт 45,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 71 м.кв орон сууцаа 140,000,000 төгрөгөөр бодож ипотекийн зээл 48,400,000 төгрөгийн хамт шилжүүлсэн. Ланд круйзер 200 автомашиныг 40,000,000 төгрөгөөр тооцон өгсөн.

            Б.Э-өөс автомашин 40,000,000 төгрөг, дансаар 45,000,000 төгрөг, орон сууц 140,000,000 төгрөг гээд нийт төлбөрт 225,000,000 төгрөг төлсөн. Үүнийг орон сууцны төлбөр 300,000,000 төгрөгөөс хасахаар 75,000,000 төгрөг үлдсэн.

            Хаан банкнаас үл хөдлөх хөрөнгийн үнэ 238,400,000 төгрөг миний дансанд орж ирсэн. Үүнээс үлдэгдэл 75,000,000 төгрөг, зээлсэн байсан 24,500,000 төгрөг, Б.Э-ийн орон сууцны ипотекийн зээл 48,400,000 төгрөг, тавилгын үнэ 3,850,000 төгрөг, нийт 151,750,000 төгрөг авсан. Үлдэгдэл 86,650,000 төгрөгийг Б.Э-ийн явуулсан дансанд шилжүүлсэн. 

            Зарим тооцоо нь таараад зарим нь таарахгүй байна. Бид хоёрын хувьд хэн хэн нь цаг хугацаа алдаж байгаа. Анхнаасаа тохирсон үнийн дүнг тооцоод Д.Г энэ хоёрын маргааныг дуусахыг хүлээгээд байж байсан. 10,000,000 төгрөгийн зөрүүг шүүх хурал гэхгүй өгнө гэж байсан боловч эхнэр бодоод ийм асуудал гарч ирээд өгөх ёсгүй мөнгө байна гэж бодсон. Өнөөдрийн хувьд би 5,000,000 төгрөг өгөөд тохиролцъё гэсэн саналыг гаргасан.

            Машины хувьд би тухайн үед засвартай байхад нь ачаад аваад явж байсан болохоор мэдээгүй байсан. Энэ машины рамын дугаарын зөрчилтэй учир надаас өөр хүнд шилжих боломжгүй. Би хоёр хүнд зарах гээд Автотээврийн газар очиход машины рамын дугаар өөр байхаар нь судлаад үзсэн чинь 2019 онд хар машин байсан. 2020 онд оношилгоонд орохдоо рамын дугаар алдаатай гээд тэмдэглэгдсэн байсан. Авснаасаа хойш 1 жил болоод ойчсон гэсэн. Дараа нь аваарт орсон гэсэн. Тэр нь нэлээд том аваар байсан. Би энэ машиныг аваад адуу мөргөсөн. Дараа нь би хүргэнийхээ дүүд зарсан чинь мотоциклтой хүнтэй мөргөлдсөн байсан. Оны өмнө дахиад нэг хүнд зарсан чинь хөдөө явж байгаа жалга руу ойчсон байна лээ. Энэ жаахан газар чинь тэрний тэгээд хэрэгт орсон машин гэх мэт ярих юм. Нэг өдөр цагдаагийн газраас зөрчилтэй машин гээд хураагаад аваад явахыг үгүйсгэхгүй. Өөрөө болохоор V6 мотортой, гэрчилгээ дээрээ V8 гэсэн мотортой. Энэ хүнд хэлэхэд өөрөө мэдээгүй байсан. Автотээвэр дээр улаанаар тэмдэглэгдсэн юм байна лээ. Манай найз хэрэг төвөгт ороод асуудал үүсвэл хэцүү шүү. Тэгээд дараа оны үзлэг, оношилгоонд орохгүй байх гэсэн. Задлаад зарвал яах вэ? гэсэн чинь задлаад рамыг нь устгалд оруулж болох юм шиг байна лээ. Ер нь хуурамч л юм унаад яваад байгаа юм. Энэ хүнийг авахаас өмнө хар өнгөтэй машин байсан. Тэрийг нь хүмүүс өөрчлөөд зарсан юм шиг байна лээ. Би ч гэрийнхэндээ аашилж загнуулаад байгаа гэжээ.

            3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Н.Ө-аас 8,900,000 төгрөг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 782,000 төгрөг, нийт 9,682,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 41,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Ө-аас улсын тэмдэгтийн хураамж 169,862 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514,860 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Б.Э-ийн давж заалдах гомдлын агуулга: Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Э миний бие иргэн Н.Ө-аас 71,382,000 төгрөг нэхэмжилсэн. Уг шүүхийн шүүгчээр А.Үүрийнтуяа ажилласан. Миний нэхэмжилсэн мөнгөн дүнгээс 61,700,000 төгрөгийг нь баримт хангалтгүй гэж үзэн хүчингүй болгож 9,682,000 төгрөгийг Н.Өаас гаргуулах шийдвэр гаргасан. Н.Ө болон гэрч Д.Г нарыг байлцуулан уг хэргийг эхнээс нь шалгаж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул гомдол гаргаж байна гэжээ.

5. Нэхэмжлэгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Ө-д 71 м.кв гурван өрөө байраа 1 метр квадратыг нь 2,200,000 төгрөгөөр тооцож 156,000,000 төгрөгөөр, Ланд круйзер 200 маркийн автомашиныг 60,000,000 төгрөгөөр тооцож өгсөн. Машин эвдрэлтэй байсан нь үнэн. Гэхдээ өөрөө үзээд авсан. Мөнгөний хувьд 45,000,000 төгрөг дээр нэмээд нийт 50,882,000 төгрөг өгсөн. Хаан банкнаас 238,400,000 төгрөгийн зээл авч мөнгө Н.Ө-ын данс руу орсон. Тэгэхээр нийт 505,282,000 төгрөг хариуцагчийн данс руу орсон.

Би энэ хүнээс 45,900,000 төгрөг авсан. Зээл хаахдаа 24,500,000 төгрөг авсан. Мөн тавилгын 7,000,000 төгрөг гээд байгаа. Үнэндээ тавилга 7,000,000 төгрөг биш 3,800,000 төгрөг юм билээ. Гэхдээ би ярьсандаа 7,000,000 төгрөгөөр нь авъя гэсэн. Ингээд нийт 70 гаран сая төгрөг нэхэмжилж байгаа. Хаан бакнаас авсан 238,000,000 төгрөгөөс 86,500,000 төгрөгийг Д.Г гэдэг хүнд шилжүүлсэн. Бид 166,500,000 төгрөг шилжүүлэхээр тохиролцсон боловч тохиролцооноос буцсанаас болж үлдэгдэл 80.000.000 төгрөгийн хүү нь  28,000,000 төгрөг болж нэмэгдэж 108,000,000 төгрөгийг Д.Г Н.Ө бид хоёроос нэхэмжилсэн. Явцын дунд Н.Ө хүлээн зөвшөөрөхгүй, би гарын үсэг зурсан юм чинь мөнгийг барагдуулъя гээд 108,000,000 төгрөгийн оронд би өөрийн 120,000,000 төгрөгийн үнэ бүхий Өнөр хороололд байрлах 600 мкв талбайтай хашаа, байшингаа өгсөн.

Тэгээд би Н.Ө гэдэг хүн ямар үүрэг хариуцлагатай болж байна вэ? гэсэн чинь шийдчихсэн тул та дараагийн шатны шүүхээр шийдвэрлүүлээрэй гэсэн. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл дээр байгаа. Би 28,000,000 төгрөгийн хүүг Н.Ө-тай хамтарч төлөх ёстой. Би Д.Г-ийн нэхэмжилсэн мөнгийг өөрийн хариуцлагын хүрээнд барагдуулсан. Хүүтэй холбоотой асуудлыг бид хоёртой аль алинтай нь ярих ёстой байсан. 28,000,000 төгрөгийн хүү гаргуулах асуудлыг зөв шийдэж өгч хохиролгүй болгож өгнө үү гэв.

6. Хариуцагч Н.Ө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э-ийн үндсэн зээл их өндөр буюу 168,000,000 төгрөгийн зээлтэй байсан. Дээр нь надаас зээлсэн мөнгө гээд нэлээн их болчихсон байсан. Тэгээд зээл бүтэх гэж байна гэсэн ч бүтээгүй. 2023 оны 6 дугаар сарын 07-нд 218 м.кв  хоёр машины граштай хувийн хаусаа худалдах гэрээ хийсэн. Зээл нь бүтэх гэж байна гээд надаас зээлсэн мөнгөөрөө байр авсан. Д.Г-оос авсан зээлийг надаас шалтгаалсан гээд байгаа боловч нэг хоногийн хүүтэй зээлсэн бөгөөд би Д.Г-т тухайн шөнө талыг нь шилжүүлж, талыг нь маргааш нь Б.Э-ийн байрны ипотекийн зээлд төлөгдсөн. Тийм болохоор тэр мөнгийг би авсан зүйл байхгүй. Анх би бүх юмаа шилжүүлээд өгчихсөн. Надад байрны мөнгө гээд Б.Э-ийн зээлийнх нь мөнгө орж ирсэн. Орж ирэхдээ үндсэн зээл нь болон Д.Г-оор зээл хаалгасан мөнгө хоёр бүтэн гарах ёстой байсан. Гэтэл миний мөнгөнд ч хүрэхгүй зээл гарсан. Тэгээд би талыг нь буцаасан. Хамгийн сүүлд 75,000,000 төгрөг авах ёстой байсан. Үндсэн мөнгө 73,000,000 төгрөг үлдэх болчихоод дээр нь миний зээлүүлсэн 24,500,000 төгрөг байхгүй. Би зээлийнхээ бичиг баримтыг нь бүрдүүлэхэд мөнгө байна уу, нотариат зэргийн мөнгө хэрэгтэй байна гэхэд эхнэрийнхээ данснаас 2,500,000 төгрөг шилжүүлсэн. Гэвч энэ хүн надад төлөх ёстой төлбөрөөсөө хассан гээд цайруулчихсан. Өмнөх анхан шатын шүүх хуралдаан дээр ч бид хоёрын дансаар орж гарсан болохоор Б.Э-ийн эхнэр н.Г гэсэн данс руу орсон байгаа. Тэрийг энэ хүн бас надад төлчихсөн гээд байгаа юм. Би н.Б гэдэг найзынхаа барилга барьж байгаа хүний данснаас худалдах, худалдан авах гэрээний нотариат, татварын 2 хувийн мөнгө болох тал мөнгө 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Дансны хуулгатай нь хамт өгсөн. Энэ хүн 71 м.кв байраа шилжүүлж өгөхдөө 140,000,000 төгрөгөөр үнэлээд талд нь буюу 60,000,000 төгрөгөөр надад худалдах, худалдан авах гэрээ хийж өгсөн. Би бас үүнийг нь бариад явбал явмаар л байна. Даанч тэгсэнгүй. Б.Э анх тохиролцсон мөнгөнөөсөө машинаа 40,000,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Байраа ч гэсэн 140,000,000 төгрөгөөр үнэлсэн байсан боловч Д.Г-ийн нэхэмжлэлтэй хэрэг шийдвэрлэгдэж дууссаны дараа буцаагаад үнийн дүнг нь өсгөөд шүүхэд нэхэмжилэл гаргасан. Анхан шатны шүүх дээр машинаа 40,000,000 төгрөг болгосон гээд тоглоомтой юм шиг ийм маргаан болгоод яваад байх юм. Надад бол авах юм байхгүй, харин байвал байхаар байсан. Өмнөх төлбөрөөс 5,000,000 гаруй төгрөг байсан. Надад өгсөн байраа засвар хийж өгнө гэсэн ч би шал, хаалга бүгдийг нь өөрөө янзалсан. Б.Э обой наасан хөлс 1,400,000 төгрөгийг өгсөн ч миний данснаас гарсан. Үүнийг нь би бас авсан болчхоод байгаа. Тэгээд өмгөөлөгч аваад өмнөх хэрэг дээр оролцъё гэхээр надаас 70, 80 саяар нь аймаар дүн нэхэмжлээд байна. Би тэр болгонд өмгөөлөгч аваад байж чадахгүй байна. Би өнгөрсөн жилийн 2 дугаар сарын 20-ны үеэр энэ хүнд байраа зарчхаад төлбөрөө бүрэн гүйцэт авсан ч биш үгүй ч биш болчхоод жил гаран шүүхээр явж өдийг хүрчихлээ.

Машин нь өмнө аваарт орчихоод хүнд цаашаагаа зарж болохгүй, шилжүүлж болохгүй ийм л байдалтай байгаа. Байраа шилжүүлж өгөхөд л наймаа дууссан. Б.Э Д.Г-оос 168,000,000 төгрөг авч зээлээ хаасан юм билээ. Би бас 50 гаран сая төгрөг зээлж байсан. Б.Э Д.Г гэдэг хүнээс мөнгө авч байна гэхэд нь би за л гэсэн. Тухайн үед би хотод явж байсан болохоор гарын үсэг зураагүй. Б.Э-д бид хоёрын хэн хэн нь тус болсон. Тэгээд л орж ирсэн мөнгөнөөс нь талыг нь Д.Г-т өгч, маргааш нь талыг нь байрных нь ипотекийн зээлэнд өгсөн. Би ч гэсэн байраа өгсөн. Би зээлийг нь гаргах гэж 2, 3 удаа мөнгө зээлүүлсэн. Хамгийн сүүлд бичиг цаасыг нь хүртэл хөөцөлдөхөд мөнгийг нь өгсөн. Ийм байхад буцаагаад л мөнгө нэхээд салахгүй байгаа. Би төлбөрөөсөө өгчихсөн. Энэ хүний дансыг нь үзэх юм бол манай эхнэрийн данснаас Б.Э-ийн эхнэрийн данс руу орсон мөнгө байгаа гэв.

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

8. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Н.Ө-д холбогдуулан нийт 71,382,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

9. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчсөн байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчим нь талуудын дунд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг шүүхээс хянан шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлаж хэрэглэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, тогтоосон хэм хэмжээг чанд мөрдөж, зөрчихгүй байх агуулгаар тодорхойлогдоно.

Гэтэл анхан шатны шүүх дараах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Үүнд:

9.1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 145/ШЗ2024/00212 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 11.00 цагт хийхээр товложээ. /хх-ийн 41, 42/

Гэтэл шүүх хуралдаан болох өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Б.Э-д шүүх хуралдааны тов мэдэгдэж, нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Н.Ө нарт хэргийн материал танилцуулан /хх-ийн 43, 44/ хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжит хугацаа олгоогүй, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх  зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Тодруулбал, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах гэдэг нь хэргийн оролцогчид шүүх хуралдаанаас өмнө эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжит хугацаанд хэргийн материалтай танилцан эрхээ хангах зорилготой процесс ажиллагаа байдаг тул шүүх хуралдаан болох өдөр хэргийн материалтай танилцуулсныг энэ эрх хангагдсан гэж дүгнэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Н.Ө нарт анхан шатны шүүх хуульд заасан журмаар хэргийн материал танилцуулаагүй байна.

Мөн шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэж байгаа нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн гэдгийг баталгаажуулахаас гадна шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн эрх тэгш, мэтгэлцэх зарчмыг шүүхээс хангаж байгаа процесс ажиллагаа учир шүүх хуралдааны товыг боломжит хугацааны өмнө мэдэгдэх агуулгатай байдаг. Гэтэл нэхэмжлэгч Б.Э-д шүүх хуралдаан болох өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тов мэдэгдсэнийг хуульд заасан журмаар шүүх хуралдааны тов мэдэгдсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б.Э-д эрх, үүргийг танилцуулсан тухай баримтанд гарын үсэг зуруулахдаа бүрэн ойлгуулж тайлбарлах ажиллагаа хийгдээгүй болох нь нэхэмжлэгч Б.Э-ийн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гомдлын үндэслэлээ тайлбарлахдаа “эхний шүүх хуралдаантай улбаатай гэж бодоод ойлгоогүй нотлох баримтаа дутуу өгсөн, олон баримтанд гарын үсэг зуруулж байсан. Ямар учиртайг нь сайн ойлгоогүй” гэсэн тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгч Б.Э-ийн 2024 оны 3 сарын 29-ний өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “...Хэргийн материалтай танилцаагүй, шүүх хуралдаанд орох гэж байхад гарын үсэг зуруулсан...” гэсэн тайлбар, мөн гомдлын үндэслэл болгон хэлсэн “эхний шүүх хуралдаантай улбаатай гэж бодоод ойлгоогүй, нотлох баримтаа дутуу өгсөн” гэх тайлбараар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар батлагдсан Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 6.2.1-т “Шүүх хуралдааныг товлон зарласны дараа 7-оос доошгүй хоногийн өмнө шүүгчийн туслах “Шүүх хуралдаанд ирүүлэх тухай мэдэгдэх хуудас” Баримт№8, №21-ыг үйлдэн хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хүргүүлэхээр бичиг хүргэгчид хүлээлгэн өгнө.” гэж заасан байгааг дурдав.

9.2. Д.Г-оос гэрчийн мэдүүлэх авахаар нэхэмжлэгч Б.Э-ийн гаргасан хүсэлт болон энэ хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 145/ШЗ2024/00222 дугаар захирамжийг хариуцагч Н.Ө-д танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх” гэж заасан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно.” гэж заасан мэтгэлцэх зарчим алдагдсан байна.

Хариуцагч Н.Ө-д гэрч Д.Г-оос мэдүүлэх авах хүсэлтийг танилцуулснаар түүнд тайлбар өгөх, нотлох баримт гаргахад тэгш эрхтэй оролцох эрх хангагдана.

10. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх зөрчлийг зөвтгөн залруулж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгч Б.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

11.Нэхэмжлэгч Б.Э-ийн хүсэлтийг шүүх хэзээ хүлээж авсан нь тодорхойгүй, хүлээж авсан огноог тэмдэглээгүй байгааг дурдах нь зүйтэй.

12. Давж заалдах шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгч Б.Э-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт хийгээгүй тул түүний давж заалдах гомдол  гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514.860 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 145/ШШ2024/00059 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Э-өөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 514,860 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.