Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж,

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллагдагч Б.Оод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814004280247 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 1. Шүүгдэгч,Монгол улсын иргэн, Б.О

Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч Б.О нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламж 103 төв дээр их эмч Ц.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн үед миний зүрхээр хатгуулж өвдсөн тэгээд би өөрийнхөө зүрхний эсрэг цус тэлдэг гэдэг болохоор 50 орчим грамм архи уусан тэгээд хэвтсэн боловч зүгээр болоогүй маш хүчтэй хатгуулаад байхаар нь нэгдсэн эмнэлэг дээр яаралтай түргэний тасаг дээр очсон. Тэнд байж байхад сувилагч цаад өрөөндөө ажилтай байх шиг байсан намайг цаанаа сууж бай гэж хэлсэн тэр үед миний зүрхээр хүчтэй хатгуулж өвдсөн тэгээд би эмч яачихваа зүрх тасалдаад байна гэж хэлсэн тэгтэл байж бай гэж сувилагч хэлсэн тэр үед би босож түргэн тусламж дээр очсон чинь байгаагүй эмч асуухад цаана чинь байгаа гэж хэлсэн би тэндээс буцаж яаралтай тусламж руу орсон тэгсэн чинь Б гэдэг эмч орж ирсэн би зүрх тасалдаад хүлээгээд байна яагаад ингэж удаж байгаа юм бэ гэж хэлсэн тэгтэл Б гэдэг эмч түрүүн би ирэхэд байхгүй байсан худлаа яриад байгаа юм биш үү гэж хэлсэн урьд өмнө нь эмнэлгээс болж таагүй зүйл надад болж байсан юм тэр үе надад бодогдоод гэнэт уурлаж нэг мэдэхэд тэр Б эмчийг барьж аваад нүүрэнд нь цохисон Б эмч миний өөдөөс намайг доромжилж мөн адил намайг цохих гэсэн тухайн үед би юу болсон талаар одоо сайн санахгүй байна намайг манай эхнэр Б найз С нар салгасан тэгээд цагдаа дуудаж цагдаа нар ирсэн тэгээд эмч сувилагч нар харьцаа муутай хун доромжлоод байсан намайг авч явж эрүүлжүүлэхэд өгсөн. Би Бийн нүүрэнд нь цохиж байсан одоо яг хаана нь цохиж зодсон талаар санахгүй байна би их бухимдаж уурласан байсан. Би тэр эмчийн хохирол болгож 1000000 төгрөг өгсөн бид хоёрын хооронд одоо гомдол санал байхгүй. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна Ц.Б эмийн хохиролд 1000000 төгрөг өгсөн одоо хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. Ахиж би ийм буруу зүйл хийхгүй энэ хэргийг хурдан шийдвэрлүүлмээр байна. Өөр ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 45-47/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 07 дугаар сарын 26-ны орой 21 цаг 30 минут болж байхад Нэгдсэн эмнэлэг эрчимт эмчилгээний тасгаас яаралтай түргэн тусламжийн тасагт орж ирэхэд нэг залуу сандал дээр сууж байсан би тэнд очоод сувилагч нэг хүн үзээдэх гэж хэлсэн тэгээд би Эхо аппарат асаагаад мэс заслын хүн үзэх гэж байхад нэг эмэгтэй гаднын хувцастай хүн энэ хүнийг үзээдэх зүрх нь өвдөөд зүрх муутай хүн байна гэж хэлсэн тэгээд би тэр хүнийг үзэх гэж очсон тэгтэл тэр хүний эхнэр болох эмэгтэй урдаас загнаж энд хүн байна уу үзүүлэх гэж 20 орчим минут боллоо эмч сувилагч гэж байна уу гэж хэлсэн тэнд яаралтай тусламж сувилагч түлэнхий хүүхдэд боолт хийх гээд тухайн үед тэнд байхгүй байсан юм билээ би тэр эмэгтэйд хандаж яаралтай тусламж тасгаас эрчимт эмчилгээний тасагт орчхоод орж ирлээ тэр үед энд хүн байгаагүй би 3 орчим минут болсон байх гэж хэлсэн тэгсэн чинь тэр залуу муу пизда нар ингэдэг юм гэж хэлээд шууд миний зүүн талын шанаанд цохиж би хойшоо унасан тэгтэл тэр залуу дээрээс өшиглөсөн толгой нүүрэнд өшиглөөд байхаар нь би биеэ хамгаалж гараараа сайн хаасан тэгтэл тэр залуугийн эхнэр салгах гэж оролдоод чадаагүй тэгсэн чинь тэр залуутай хамт явж байсан гэх залуу орж ирээд салгасан юм тэр залуу архи уучихсан юм гэж хэлсэн. Миний дээд уруулын үүдэн шүдний дотор хэсэг язарсан, дээд үүдэн нэг шүд хөдөлсөн, зүүн талын шанаа овойж хавдсан байна. Намайг яагаад цохисныг ойлгохгүй байна би ажлаа хийгээд зогсож байсан тэр хүнийг үзэхгүй гэж хэлээгүй үзэх гэж очсон тэр ямар шалтгааны улмаас намайг цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Тухайн үед манай сувилагч А, С нар байсан. манай түргэн тусламжийн камер бичлэг хийсэн байгаа бичлэгт тодорхой бичигдсэн байгаа. Би шүдээ янзлуулмаар байна. Өөр гомдол санал байхгүй гэх мэдүүлэг / хх-ийн 15-17 /,

... Би хохиролд 1500000 төгрөг нэхэмжилсэн. 1000000 төгрөгийг авсан. 500000 төгрөгийг өгнө гэсэн. Надад энэ хүнээс одоо нэхэмжлэх, гомдох зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

4. Гэрч Э.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                                        

…2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр орой 21 цаг 30 минутын үед би түлэгдсэн хүүхдэд боолт хийж байсан тэр үед манай эмнэлэг дээр дадлага хийж байсан оюутан хүүхэд хүнд заавраар эмчилгээ хийж байсан тэр үед зүрх нь өвдсөн үзүүлэх гэсэн юм гээд 1 хүн орж ирсэн байсан тэгээд байж байхад хүмүүс зодоон хийж байгаа мэт чимээ гарсан тэгээд би хүлээн авах дээр ирэхэд манай эмч Ц.Бийг өндөр тарган цэнхэр цамц хөх өмдтэй хүн зодож байсан тэр хүнийг цуг явж байсан эрэгтэй хүн салгасан тэгээд эмч цагдаа дуудаж цагдаа нар ирж тэр хүнийг авч явсан. Намайг харахад Ц.Б эмчийн шүд хөдөлчихсөн зүүн шанаа хөхөрсөн нуруун дээрээ хоёр урт зулгараад халцарчихсан харагдаж байсан. Б.О гэх хүн согтуу байсан тийм ч согтуу байгаагүй харагдсан. Юунаас болж Ц.Б эмчийг цохисныг би тэр талаар сайн мэдэхгүй байна тэр хүн согтуу байсан учраас тэгсэн байх тэр хүнийг бид нар хүлээлгэж эмчилгээ хийхгүй гэж хэлээгүй хийх гэж байсан тэр хүн учир зүггүй дайрч шууд эмчийг зодсон байсан. Нэмж хэлэх зүйл байхгүй .гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

5. Гэрч Г.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ээлжид гарч байсан тэгээд ажлаар Ц.Б эмчтэй уулзах гэж доошоо 103 буюу яаралтай түргэн тусламж тасаг дээр 21 цаг 30 минутын үед орсон тэнд нэг өвчтөн ирчихсэн байсан тэгээд тэр өвчтөн нэлээд цухалдсан байдалтай эмч нь хаана байна дандаа байхгүй юм гэж хэлээд байсан хажууд нь эхнэр нь бололтой хүн бас асуугаад зогсож байсан тэдгээр хүмүүс тэнд удаагүй байх би хажуугаар нь гарч эрчимт эмчилгээний тасаг орох гэж явахад өөдөөс| Ц.Б эмч гарч ирсэн тэгээд бид хоёр уулзаад үүдний сувилагчийн пост дээр ирэхэд тэнд сууж байсан цэнхэр нимгэн цамцтай өвчтөн эхнэр бололтой эмэгтэй хоёр та нар хаачдаг юм гэж хэлсэн тэнд сууж байсан өвчтөн би үхлээ гэж хэлэхэд их ууртай байсан тэр үед Ц.Б эмч чи байхгүй байсан би дөнгөж сая эндээс эрчимтийн тасаг ороод гарч ирж байна гэж хэлсэн тэр үед чи юу яриад байгаа юм би зөндөө удаан хүлээлээ гэж хэлээд эмч Ц.Бийг цохиод сувилагч пост руу унагаасан тэгээд постод дотор зодоод эхэлсэн тэр үед болиоч гэж орилсон боловч сонсоогүй хамт явж байсан залуу нь арай гэж болиулж салгасан эхнэр нь тухайн үед өмсөж явсан цамцнаас нь татаад хүчрэхгүй байсан тэгээд цагдаа нар ирж авч явсан. Ц.Б эмчийн уруулаас нь цус гарчихсан харагдаж байсан. Б.О гэх хүн согтуу байсан нэлээд их архи үнэртэж байсан. Ц.Б эмчийн толгой нүүрэнд цохиж байгаа харагдсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

6. Гэрч Х.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шөнө манай нөхөр Б.Оын зүрх нь өвдсөн хотод эмчийн хяналтад байдаг юм тэгээд би тэр эмчтэй утсаар холбогдож болсон явдал талаар хэлж зөвлөгөө авахад зүрх хэм алдагдаж байна яаралтай түргэн тусламж авч очиж үзүүл гэж хэлсэн тэгээд Нэгдсэн эмнэлэг дээр ирэхэд эмч байхгүй нэг дадлага охин байсан эмч асуухад одоо гараад ирнэ хүлээж бай гэж хэлсэн тэгээд эмнэлэг дотор эмчийг хайж явсан боловч олдохгүй байсан тэгтэл манай нөхөр Б.О миний нэрээр дуудаж хүрээд ир гэсэн би хүний утас гуйгаад утсаар ярьж байсан юм тэрийгээ орхиод шууд нөхөр Б.О дээр явж очсон зүрх өвдөж байна гэж хэлсэн тэгтэл миний хажууд байсан нэг сувилагчийг би эмч байхгүй болохоор уурлаж эмч чинь хаана байна хурдан олоод ирээч гэж хэлсэн тэгтэл сувилагч одоохон ирнэ гэж хэлсэн хэдэн минутын дараа компьютер барьсан эмч гар ирэхээр нь та үзээд өгөөч нэлээд хүлээчихлээ гэж хэлсэн тэгсэн чинь тэр эмч юу яриад байгаа юм бэ сая ирэхэд байхгүй байсан гэж хэлээд уурлаад яваад өгсөн тэгсэн чинь манай нөхөр О араас нь очоод барилцаж авсан би нөхрийнхөө араас нь тэвэрч аваад салгасан тэгтэл тэр эмч цагдаа дуудаж би нөхөртэйгөө цуг цагдаа дээр ирсэн Камер бичлэг дээр тодорхой байгаа байх. Манай найз С бид хоёр тэднийг салгасан сувилагч нар нь хараад байж байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

7. Гэрч А.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр орой 21 цагийн үед Оын эхнэр нь миний утас руу залгаж Оын зүрх нь өвдөөд байна эмнэлэг явж байна гэж хэлсэн тэгээд би араас нь эмнэлэг дээр очсон эмнэлэг дээр ороход эмч байхгүй байна гэж хэлээд сууж байсан би түргэнээс гарч жижүүр дээр очиж ямар эмч ээлжид гарч байгаа талаар асуусан чинь Б гэдэг эмч гарч байгаа талаар хэлсэн тэгээд тэндээс гарч Б.Оын байгаа яаралтай түргэн тусламжийн тасаг дээр очсон тэр үед Б.О эмчтэй барилцаж аваад О эмчийг заамдаж аваад хана шахаад нөгөө эмч нь цамцнаас нь татаж зүүгдчихсэн байдалтай хоёулаа ноцолдож байгаа юм шиг харагдаж байсан би ороод тэр хоёрыг салгасан тэр хоёр хоорондоо хэрүүл хийгээд байсан Оын зүрх нь салгалдаад байсан тэгээд би тайвшруулсан тэрний дараа цагдаа ирсэн тэгээд Оыг цагдаа авч явсан тийм л зүйл болсон. Намайг очиход тэр хоёр ноцолдож байсан тэгээд би салгасан нэгийгээ цохиж, зодож байхыг би хараагүй. Намайг очоод харахад эмч Бийн уруул хэсгээс нь жоохон цус гарчихсан байдалтай харагдаж байсан. О согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан би ямар шалтгааны улмаас согтууруулах ундаа хэрэглэсэн талаар мэдэхгүй байна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

8. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 473 дугаартай шинжээчийн:

1. Ц.Бийн биед зүүн дээд 1-р шүдний сулрал, дээд уруулд шарх, нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. гэх шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 34-35/ болон хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Оын урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Оын багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 48 дугаар хуудсанд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, хавтаст хэргийн 49 дүгээр хуудсанд авагдсан эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа, хавтаст хэргийн 50 дугаар хуудсанд авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хавтаст хэргийн 51-64 дүгээр хуудсанд авагдсан хаан банкны депозит дансны хуулганууд, хавтаст хэргийн 66-69 дүгээр хуудсанд авагдсан банкны тодорхойлолтууд, хавтаст хэргийн 71-97, хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудсанд авагдсан Б.Оын эрүүлжүүлэгдсэн талаарх бүртгэл, тэмдэглэл, 106-128 дугаар хуудсанд авагдсан Б.Оын урьд ял эдэлж байсан талаарх шийтгэх тогтоолын хуулбарууд, хавтаст хэргийн 9-12 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Оын эзэмшлийн 42 инчийн самсунг маркийн зурагт битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 129-130 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн биеийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн 103 төв дээр албан үүргээ гүйцэтгэж байсан их эмч Ц.Бийг удаан хүлээлгэлээ гэх үндэслэлээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ц.Бийн мэдүүлэг гэрч Э.А, Г.С, Х.Б, А.С нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 473 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэрэг болсон гэх үйлдлийг бичиж авч хураасан СД бичлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс шүүгдэгч Б.Оыг “Эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Б.Оод эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Оын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол нөхөн төлсөн төлсөн”-ийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3-д зааснаар түүний “зүрхний бах өвчтэй” байдлыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдалд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.5-д заасан “албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан үйлдсэн”ийг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч Б.Оод ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч Б.Оын эзэмшлийн 42 инчийн зурагтыг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, дээрх зурагтыг торгуулийн ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-ийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Оод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Иөншөөбүү овогт Б.Оыг эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Иөншөөбүү овогт Б.Оыг долоон зуун нэгжтэй / 700 / тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган / 700.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Оод оногдуулсан долоон зуун / 700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган / 700.000 / төгрөгөөр торгох ялыг ялтан Б.Оыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.    

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар СД-ийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж уг СД-ийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл эд мөрийн баримтаар хадгалсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Оын эзэмшлийн зурагтыг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 11 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, дээрх зурагтыг торгуулийн ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Оод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.          

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Оод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ