Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/00545

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/00545

 

 

 

2024 03 20 210/МА2024/00545

 

С - ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 04-ний өдрийн 184/ШШ2023/04717 дугаар шийдвэртэй

С - ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ө.С-д холбогдох

Гэрээний үүрэгт 62,845,605 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэтуяа, хариуцагч Ө.С-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ө.С- нь анх О у- ХХК-тай 2021 оны 09 сард түрээсийн гэрээг байгуулсан. О у- ХХК нь шаардах эрхээ манай компанид шилжүүлэх хэлцлийг 2023 оны 05 сарын 18-ны өдөр хийсэн. Энэ хэлцлээр Ө.С-аас түрээсийн гэрээний үүрэгт 49,484,729 төгрөг, алданги гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зардал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал зэргийг гаргуулан авах эрхийг шилжүүлсэн юм.

Түрээслэгч нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй. Төлбөрөө түрээсийн байранд орсон цагаас эхлэн төлөөгүй байсаар талбайг орхиж явсан. Иймд  түрээсийн гэрээг 2022 оны 10 сарын 31-ний өдрөөр дуусгавар болгосон. Гэрээний 1.3-д заасны дагуу төлбөр болон менежментийн төлбөрт 49,484,729 төгрөг, мөн гэрээний 1.2.2-д зааснаар алдангийг 2021 оны 09 сарын 10-ны өдрөөс 2022 оны 12 сар хүртэл тооцоход 24,742,365 төгрөг, нийт 74,227,094 төгрөг болно. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж түрээсийн төлбөрийг эцсийн тооцооллоор түрээсийн төлбөрт 49,484,729 төгрөг, алданги 13,360,876 төгрөг, нийт 62,845,605 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд тайлбар гаргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ө.С-аас 62,845,605 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С - ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 529,085 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 472,178 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Би "Drew" брэндийн бэлэн хувцас худалдан борлуулах бизнесийг 2019 оноос эхлүүлсэн бөгөөд О у- группын З х- цогцолборт хөнгөлөлттэй нөхцөлөөр үйл ажиллагаа явуулж болох тухай урилгын дагуу тус байгууллагатай 2021 оны 09 сарын 10-ны өдрийн Түрээсийн гэрээ байгуулж, З х- худалдааны төвийн 0000 тоот 61 м.кв талбайн үндсэн түрээсийн төлбөрийг 1 м.кв-ыг 70,000 төгрөг, менежментийн төлбөрийг 1 м.кв-ыг 20,000 төгрөгөөр тохиролцсон. Энэ маргаантай холбоотой шүүх хуралдааны товыг надад утас, бичгээр мэдэгдээгүй, мэдэгдэх хуудсыг гардаж аваагүй тул өөрт нь гардуулсан гэх тэмдэглэлтэй шуудангийн буцах хуудсыг зөвшөөрөхгүй. Уг гарын минийх биш.

4.2. Түрээсийн 12 сарын хугацааны төлбөрийг хэрхэн бодсон, ямар хугацаанд хэдэн төгрөгийн хөнгөлөлт тооцогдсон болон миний төлсөн төлбөрийг үнэлэхгүйгээр нэхэмжлэлийг ханган шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Би анхан шатны шүүхэд тайлбараа гаргаж чадаагүй ч шүүх шийдвэр гаргахдаа түрээсийн гэрээний хугацаа, төлбөр, хөнгөлөлт болон миний төлсөн төлбөрийг зөв тооцож шийдвэрлэх байсан гэж үзэж байна.

Шүүх түрээсийн гэрээний нөхцөлийг дутуу үнэлж дүгнэсэн ба түрээсийн гэрээнд заасан хөнгөлөлт нь дараах агуулгатай.

1. Түрээсийн гэрээний 1.4-т дотоод засал хийх хугацааг 30 хоногоор тогтоож 2021.10.10 өдрийг хүртэлх хугацаанд аливаа төлбөрөөс бүрэн чөлөөлсөн тул түрээсийн болон менежментийн төлбөрөөс чөлөөлөгдөнө.

2. Түрээсийн гэрээний хавсралт №3-т зааснаар 2021.10.10-2022.04.10 /нийт 6 сар/ сард үндсэн түрээсийн төлбөрийг 100 хувь чөлөөлж, энэ хугацааны менежментийн төлбөрт 1 м.кв-ыг 20,000 төгрөгөөр тооцоход нэг сард 1,220,000 төгрөгөөр тохиролцсон.

3. 2022.04.10-2022.10.10-ны өдрийг хүртэлх /нийт 6 сар/ хугацаанд үндсэн түрээсийн төлбөрийг 50 хувь хөнгөлж 1 м.кв түрээсийн төлбөр 35,000 төгрөг, менежментийн төлбөр нийт 3,355,000 төгрөг болно. Түрээсийн гэрээний хугацааны төлбөр нийт 27,450,000 төгрөг болох үед нэхэмжлэгчийн санхүүгийн албатай уулзаж НӨАТ-ын 10 хувийг хасуулснаар миний төлөх түрээсийн төлбөр 24,705,000 төгрөг байхаар тохиролцсон.

4. Үүнээс 12,950,000 төгрөг төлсөн ба нэхэмжлэгч үүнийг зөвшөөрсөн нь анхан шатны шүүхийн тэмдэглэл, шийдвэрээр нотлогддог. Мөн 2,261,400 төгрөгийн үнэ бүхий хувцсыг бартераар хүлээлгэн өгсөн, түрээсийн байранд цахилгааны, фанкойл холболт зэрэгт 1,500,000 төгрөг төлсөн. Ингээд нийт 16,711,400 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн тул гэрээний үлдэгдэл төлбөр 7,993,600 төгрөг юм. Нэхэмжлэгч тал нь анхан шатны шүүх хуралдаанд алдангийг багасгасан тул үлдэгдэл 7,993,600 төгрөгийн алдангийг 50 хувиар тооцоход 3,996,800 төгрөг ба 11,990,400 төгрөгийн дүнг зөвшөөрч, бусад дүнг хүлээн зөвшөөрөхгүй.

4.3. Гэрээ байгуулсан цагаас хойш нэг сарын дараагаар дэлхийг хамарсан Ковид-19 цар тахал дэгдэж, хил хаагдсан хугацаанд бараагүй болж үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд захиалсан бараа хил дээр 6 сар орчим саатсан учир төлбөрийг хоцроосон. Гэвч нэхэмжлэгч энэ асуудлыг нааштай хүлээн авч давагдашгүй хүчин зүйлийн үед алданги бодохгүй гэж ярьдаг байсан. Би Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхимаас давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргуулахаар хүсэлтээ өгөөд хүлээж байна. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээгээр тохиролцсон хөнгөлөлтийг санаатайгаар нууж нэхэмжлэлээ гарган их хэмжээний мөнгө нэхэмжилснээс шүүх нэхэмжлэлийг 100 хувь хангагдсанд гомдолтой байна. Шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж дүгнэн шүүх хуралдаанд оролцох эрхийг ноцтой зөрчсөн.

Маргааны гол зүйл болох түрээсийн гэрээний холбогдох зүйл заалтыг шүүх дүгнэж, үнэлээгүй нь тэгш байдал, шударга зарчимд нийцээгүй шийдвэр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан. Хариуцагчид нэхэмжлэлийг гардуулж, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг нь танилцуулсан баримтад гарын үсэг зуруулсан нь хэрэгт авагдсан байна. Түрээсийн гэрээний 6.7-д түрээслэгч нь түрээслүүлэгчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, түрээсийн төлбөрөө төлөөгүй бол хавсралт 3-д заасан хөнгөлөлт, урамшууллын нөхцөл болон түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах хүртэл арга хэмжээ авах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлт, урамшуулал нь түрээслэгч түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлсэн нөхцөлд эдлүүлэх, биелүүлээгүй бол хөнгөлөлт, урамшууллыг цуцалж, хохирол төлбөрөө түрээслэгчээс нэхэмжлэх, гэрээнд заасан алдангийг гаргуулах бүрэн эрхтэй. Тус гэрээний заалтыг хариуцагч Ө.С-д мэдэгдэж байсан. 2023 оны 10 сард эвлэрүүлэн зуучлал дээр талууд уулзаж, бэлнээр төлбөр тооцоогоо төл, үндсэн төлбөр тооцоогоо төлбөл хөнгөлөлт урамшууллыг хасаад эвлэрье гэх саналыг тавихад хариуцагч татгалзаад эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон. Ө.С-ыг огт мэдээгүй байхад нь шүүх хуралдаан болоогүй, үндэслэлгүй төлбөрийн асуудал үүсгээгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч С - ХХК нь хариуцагч Ө.С-д холбогдуулан түрээсийн гэрээний үндсэн төлбөрт 49,484,729 төгрөг, алданги 24,742,365 төгрөг, нийт 74,227,094 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдангийн хэмжээг 11,381,489 төгрөгөөр багасгаж, нийт 62,845,605 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч шүүхэд тайлбар гаргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх гомдол үндэслэлгүй. Шүүх хариуцагчид 2023 оны 10 сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгчээ. Хэргийг 2023 оны 12 сарын 04-ний өдрийн 11:00 цагт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлож, хариуцагчид түүний шүүхэд мэдүүлсэн хаягаар товыг 2023 оны 11 сарын 21-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлснийг хариуцагч өөрөө хүлээн авсан байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.6 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдэх хуудсаар хүргүүлснийг хариуцагч хүлээн авсан байх тул мэдэгдэх хуудсыг өөрөө гардан аваагүй гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авахгүй.

 

4. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулж дүгнэх боломжтой байна. Шүүх нотлох баримтыг зөв үнэлэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан гэх хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах үндэслэлтэй байна.

4.1. О у- групп ХХК, Ө.С- нарын хооронд 2021 оны 09 сарын 10-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч З х- цогцолборын 0000 тоот 61 м.кв талбайг 12 сарын хугацаагаар түрээслүүлэх, түрээслэгч нэг сарын түрээсийн төлбөрт 4,270,000 төгрөг, менежментийн төлбөрт 1,220,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцжээ. Уг харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа гэж анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.

4.2. О у- групп ХХК нь дээрх гэрээний үүргийг хариуцагчаас шаардах бүх эрхээ 2023 оны 05 сарын 18-ны өдөр С - ХХК-д гэрээгээр шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.8 дахь хэсэгт нийцсэн, нэхэмжлэгч С - ХХК түрээсийн гэрээний үүргийг хариуцагч Ө.С-аас шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

4.3. Талууд түрээсийн гэрээний 1.4-т дотоод засал хийх хугацааг, 1.5-д түрээсийн гэрээний хугацааг тус тус тодорхойлсноор гэрээний хугацаа 2021 оны 10 сарын 10-ны өдрөөс эхэлсэн гэж үзэх ба 2022 оны 09 сарын 30-ны өдрөөр гэрээг цуцалж дуусгавар болгосон байна. Мөн гэрээний 1.2.2, 2.1-д түрээсийн болон менежментийн төлбөрийн хэмжээ, түүнийг төлөх нөхцөл, хугацаа, хэлбэрийг гэрээний 3-р хавсралтад тусгахаар тохиролцжээ. Гэрээний 3-р хавсралтад зааснаар түрээсийн төлбөрийг 2021 оны 10 сарын 10-ны өдрөөс 2022 оны 04 сарын 10-ны өдөр хүртэлх 6 сарын хугацаанд 100 хувь чөлөөлөх, мөн 2022 оны 04 сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 сарын 10-ны өдөр хүртэлх 6 сарын хугацаанд төлбөрийг 50 хувиар хөнгөлөхөөр заажээ.

4.4. Нэхэмжлэгчийн ...түрээслэгч гэрээний үүргээ биелүүлсэн нөхцөлд хөнгөлөлт, урамшууллыг эдлэх ба хариуцагч төлбөрөө хугацаанд төлөөгүй тул гэрээний 6.7-д зааснаар хөнгөлөлт, урамшууллын нөхцөл цуцлагдсан... гэх тайлбар үндэслэлгүй байна. Түрээсийн гэрээний 6.7-д түрээслэгч нь дотоод заслыг батлагдсан зургийн дагуу хийгээгүй, цогцолборын стандарт шаардлага, үйлчилгээний зэрэглэлд нийцээгүй үйл ажиллагаа явуулсан, нууцыг задалсан, шаардлага биелүүлээгүй бол хөнгөлөлт, урамшууллыг цуцлахаар заасан ба түрээсийн төлбөрийн хуваарь зөрчигдсөнийг хөнгөлөлт, урамшууллыг цуцлах үндэслэлд хамааруулаагүй байна.

4.5. Менежментийн төлбөр тооцсон нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авахгүй. Түрээсийн гэрээ, гэрээний 3-р хавсралтад менежментийн төлбөрийг тодорхой тусгаж, мөн уг төлбөрт хөнгөлөлт хамаарахгүй байхаар талууд тохиролцсон учир хариуцагч сар бүр менежментийн төлбөрт 1,220,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

5. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний эхний 6 сарын төлбөрийг 100 хувь чөлөөлсөн үндэслэлээр шаардах эрхгүй, харин 2022 оны 04 сарын 10-ны өдрөөс 2022 оны 09 сарын 30-ны өдөр хүртэлх 5 сар, 20 хоногийн хугацааны түрээсийн төлбөрөөс нэхэмжлэгч 50 хувийн хөнгөлөлт тооцсон учир хариуцагч (4,270,000*50%=2,135,000. 2,135,000х5=10,675,000. 2,135,000/30=71,666. 71,666х20=1,423,320. 10,675,000+1,423,320=12,098,320) түрээсийн төлбөрт 12,098,333 төгрөг, менежментийн төлбөрт (1,220,000х11=13,420,000. 1,220,000/30=40,666. 40,666х20=813,333. 13,420,000+813,333=14,233,333) 14,233,333 төгрөг, нийт 26,331,666 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Уг төлбөрөөс хариуцагчийн өмнө нь төлсөн 12,950,000 төгрөгийг хасч, үлдэх 13,381,666 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. Хариуцагчийн давж заалдах гомдолд 2,261,400 төгрөгийн үнэ бүхий хувцсыг бартераар хүлээлгэн өгсөн, түрээсийн байранд цахилгааны, фанкойл холболт зэрэгт 1,500,000 төгрөг төлсөн гэх боловч хэрэгт энэ талаар баримт авагдаагүй учир төлбөрөөс хасч тооцох үндэслэлгүй.

 

6. Түрээсийн болон менежментийн төлбөрийг түрээсийн гэрээний 3-р хавсралтад зааснаар сар бүрийн 05-ны өдөрт багтаан төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээний 6.3-т зааснаар алданги шаардах эрхтэй. Хариуцагчийн нэг сард төлбөл зохих менежментийн төлбөр 1,220,000 төгрөгт гэрээ байгуулсан 2021 оны 10 сарын 10-ны өдрөөс дараа сарын 05-ны өдөр хүртэлх эхний сарын 26 хоногоор тооцоход (1,220,000*0,3%=3,660 3,660х26=95,160) 95,160 төгрөг, цаашид сар бүрийн төлбөрийг (3,660х30=109,800) нэмж өссөн дүнгээр бодож гэрээ цуцлагдах хүртлэх хугацаагаар тооцвол 12 сарын хугацаанд төлөөгүй менежментийн төлбөрийн алдангид 8,407,020 төгрөг тооцогдохоор байна.

Мөн нэг сард төлбөл зохих түрээсийн төлбөр 2,135,000 төгрөгөөс дээрх менежментийн төлбөрийн алданги тооцсон аргачлалаар нэг сарын алданги (2,135,000*0,3%=6,405 6,405х30=192,150) 192,150 төгрөг, цаашид алдангийг 5 сар 20 хоногийн хугацааны өссөн дүнгээр тооцоход 3,753,330 төгрөг байна.

Иймээс гэрээний хугацаанд хариуцагчийн төлбөл зохих нийт алданги 12,160,350 төгрөг болсныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгээгүй үүрэг 13,381,666 төгрөгийн 50 хувиар тооцож 6,690,833 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч С - ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 20,072,499 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 04-ний өдрийн 184/ШШ2023/04717 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад ... 62,845,605... гэснийг 20,072,499 гэж, ...олгосугай... гэснийг олгож, нэхэмжлэлээс үлдэх 42,773,106 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж тус тус өөрчилж,

2 дахь заалтын ...472,178... гэснийг 258,312 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 469,134 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ