| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0015/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/013 |
| Огноо | 2019-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2019/ШЦТ/013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч Д.Цогжавхлан,
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж,
Шүүгдэгч О.Ү нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Үд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814006900009 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, О.Ү
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч О.Ү нь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Соёлын төвийн байранд иргэн Ц.Тыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч О.Үы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ байж байхад манай дарга Ц.Т миний утас руу залгаад юу хийж байна, би ажил дээр байна. хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би ажил дээр явж очтол дарга Ц.Т ганцаараа байсан. Тэгээд "Ерөөл" нэртэй архи 0,5 литрийн хэмжээтэй 3 ширхэг архи байсан юм. Намайг очиход өглөө 10 цаг л болж байсан. Тэгээд би даргатай архи ууж юм ярьж эхэлсэн. Тэгээд хоол унд идээгүй архи уусан болохоор согтолт амархан байсан. Тэгээд 2 шил архиа ууж дуусгаад 3 дахь шил архиа задлаад уугаад байж байтал ухаанаа алдчихсан байсан. Тэгээд дарга Ц.Ттай муудалцаж эхлэх үед манай охин Билэгзаяа эгч Болормаагийн гэрт очиж ээж Тайван эгч 2 архи уусан юм. Тэгээд ширээн дээрх цаас, ном авч шидээд байна гэж хэлээд очсон юм байна лээ. Тэгээд манай эгч Болормаа манай хүү Билгүүдэй рүү залгаад соёлын төв дээр ээж дээрээ очоодох, Тайван эгчтэй ууж идсэн юм шиг байна гэж хэлсэн юм байна лээ. Билгүүдэй соёлын төвд ирэхэд дээшээ орж ирээгүй юм шиг байгаа юм. Соёлын төв дээр байхгүй байсан гэж маргааш нь хэлж байсан. Тэгээд Билгүүдэйг гарсны дараа нь манай үйлчлэгч Чойжилжав охиноо соёлын төв дээрээс утасны батарей аваад ир гэж хэлээд явуулсан чинь охин нь эргэж ирээд ээждээ "доод тайзан дээр цонхийсон цагаан царайтай, урт нарийхан хүн хэвтэж байна, дээр 2 давхарт Тайван эгч өрөөндөө нүүр нь цус болчихсон сандал сууж байна гэж хэлсэн байна лээ тэгээд манай үйлчлэгч Чойжилжав, номын санч Ц нарын хамт ирэхэд би доор хэвтэж байсан гэсэн. Тэгээд дээд 2 давхарт Т дух хэсгээс нь цус гарчихсан өөрийнхөө суудал дээр хагас дутуу ухаантай сууж байсан гэсэн. Тэгээд тэр 2-ын араас нь соёлын төв дээр манай эгч Болормаа ирээд нөхцөл байдлыг хараад намайг гэрт хүргэж өгсөн байна лээ. Тэгээд би тэр өдрийн оройн 23 цагийн үед сэрээд юу болсныг сонссон...Өөр ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/
...Би хэргийн зүйл заалттай танилцлаа. Яллагдагчийн эрх үүрэгт заасны дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна./ хх-ийн 51-52/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ү мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч Ц.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байсан, Өглөөний 10 цагийн үед би О.Үы утас руу залгаад би ажил дээрээ байна. Хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхэд О.Ү удалгүй хүрээд ирсэн. Тэгэхэд урд өдөр нь аваад тавьчихсан байсан 3 шил 0,5 литрийн хэмжээтэй "Ерөөл" нэртэй архи байсан юм. Тэгээд тэрнээс 2 шилийг нь ууж дуусгаад байж байсан чинь миний утас руу аймгаас Амгалан залгаж орж ирсэн юм. Тухайн үед 12 цагийн үе л болж байсан байх. Тэгээд намайг тэтгэвэрт гарахад хүүхдээ өөрийнхөө оронд түр ажиллуулж өгөөч гэж ажлын талаар ярьсан. Тэгэхэд нь би сумын Засаг даргад ярьж уламжилъя гэж утсаар ярьж байсан юм. Тэгсэн чинь О.Ү уурлаад гаднаас хүн авч ирж ажлаа өгөх гэлээ гээд миний урдаас тэр ширээн дээр байсан бүх юмнуудыг аваад шидээд байсан юм. Тухайн үед над руу шидээгүй юм гэж байхгүй. Тэгэхэд л миний хөмсөг нүд орчимд юунд оногдсон юм бүү мэд цус гарч эхэлсэн. Тэгээд миний хажууд ирээд намайг барьж аваад үс зулгаагаад хувцас урсан юм. Тэгээд би толгойгоо бариад сууж байсан 1 мэдэхэд О.Ү гараад явчихсан байсан. Тэгээд би тэндээ 2 цаг орчим хугацаанд ганцаараа байсан. Удалгүй хаалга дуугарах шиг болсон чинь манай үйлчлэгч Чойжилжавын охин шагайх шиг л болсон. Тэгээд буцаад гүйгээд яваад өгсөн. Тэрний дараа Чойжилжав, Ц 2 хамт орж ирсэн. Тэгээд эмч дуудаад тэр хавийн юмнуудыг янзалсан. Тухайн үед би бол ухаан санаагаа бол алдчихаагүй, болсон процессыг бүгдийг нь мэдээд байгаа юм. Харин юунд оногдсоноо мэдэхгүй байгаа юм. Яг тэгж муудалцах үед бид 2 л байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 14-17/,
4. Арван найман насанд хүрээгүй гэрч Ж.Билгүүдэйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:…13 цагийн орчимд манай ээжийн эгч Болормаа багш руу залгасан юм, тэгээд би утсаар нь ярьсан чинь "дүү чинь ирчихсэн байна, ээж нь Тайван эгчтэй уугаад янз бүрийн юм болоод байгаа юм шиг байна чи оччихоод ир гэж хэлсэн." Тэгээд би яваад очсон чинь хаалганууд нь цоожтой байсан. Тэгээд би тэндээсээ Болороо эгчийнд очоод Болороо эгчтэй хамт буцаад соёлын төвд ирсэн чинь хаалга нь онгорхой байсан юм. Тэгээд шууд дээшээ гарсан чинь Т эгч цустайгаа холилдчихсон өрөөндөө байж байсан юм. Тэгээд доошоо буусан чинь ээж “тайзан дээрээ ухаан нь тасарчихсан хэвтэж” байсан юм. Тэгээд би сэрээх гээд байж байтал Чойжилжав эгч, Ц эгч 2 цаанаас ирсэн юм. Тэгээд дээд давхраас Болороо эгч бууж ирээд би Болороо эгчтэй хамт ээжийг машинд өргөж оруулаад гэртээ аваачиж унтуулсан. Тэгээд би сувилагч Одбаяр, эмч Хандармаа нарыг соёлын төв дээр авчирч Т эгчид оёдол тавиулсан. Тэгээд оёдлыг нь тавиулчхаад авчирсан эмч сувилагч нарыг хүргэж өгсөн. Тэрний дараа Чойжилжав эгч, Ц эгч 2 харж үлдсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/
5. Гэрч Ц.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 11 дүгээр сарын 26-ны гэртээ байж байсан чинь манай соёлын төвийн үйлчлэгч Чойжилжав над руу залгаад" хоёулаа соёл төв рүү хамт оръё дарга, О.Ү 2 хоорондоо янз бүр болсон юм шиг байна би одоо чам дээр хүрээд очъё гэж хэлсэн, удалгүй Чойжилжав манай гэрт ирээд бид 2 хамт соёлын төвд 15 цагийн орчимд хамт очсон юм. Тэгтэл доор 1 давхарт О.Ү шатны хажууд хэвтэж байсан. Тэгээд 2 давхарт нь гараад харахад дарга Ц.Т өрөөндөө хувцас хунар, нүүр гар, тэр хавийн юмнууд нил цус болчихсон тэр өрөөнийх нь бичиг цаас бүх юмыг шидсэн бололтой замбараагүй байдалтай болчихсон намайг О.Ү ийм байдалтай болгочихлоо гэж хэлээд уйлаад сууж байсан. Тэгээд Чойжилжав бид 2 тэр хавиар нь эмхэлж цэгцлээд нүүр гарыг нь угаагаад байж байсан чинь О.Үы эгч Болормаа, Үы хүү болох Ж.Билгүүдэй нар орж ирээд О.Үыг хүү нь аваад гэртээ хүргэчхээд ирсэн гэсэн би тэрийг дээр 2 давхарт байсан учир мэдээгүй. Тэгээд даргын цусыг тогтохгүй болохоор нь эмч дуудсан. Эмч дуудахад сувилагч Одбаяр ирсэн юм. Тэгээд би үүнийг ганцаараа барахгүй юм байна, их эмч дуудъя гээд Ц.Хандармаа эмчийг дуудсан юм. Тэгээд эмч ирээд дусал залгаад оёдол тавьж эхэлсэн. Тэрний дараа цус нь гайгүй тогтоод ирэхлээр нь Болормаа, Билгүүдэй 2-оор эмч, сувилагч 2-ыг гэрт нь хүргүүлээд Чойжилжав бид 2 харж хоцорсон юм. Тэгээд бид 2-ыг сайн хүйтэн жин тавиад байгаарай гэж хэлсэн. Тэгж байсаар байгаад би шөнө 03 цагийн 03 цагийн үед гэртээ харьсан. Чойжилжав харж хоносон юм. Ер нь бол ийм л юм болсон...гэх мэдүүлэг / хх-ийн 25-27/
6. Гэрч Х.Чойжилжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Тэр өдөр 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр охин Г.Хоролсүрэнг сургууль дээрээ давтлагатай гэхээр нь ирэх замаараа соёлын төв дээрээс утасны цэнэглэгч аваад ирээрэй гэж хэлээд явуулсан чинь манай давтлага орсонгүй, танай ажлаар /соёлын төв/ орсон чинь Тайван эгч 2 давхарт өрөөндөө сандал дээрээ суучихсан гар нь цус болчихсон харагдаж байна. Доор тайзан дээр эмэгтэй хүн хэвтэж байна би таньсангүй, айгаад хурдан гараад ирлээ гэж хэлсэн. Тэгэхлээр нь би Цийн утас руу залгаад ажлаар орсон уу гэж асуутал ороогүй ээ гэж хариулсан. Тэгэхээр нь би урдаас нь дарга өрөөндөө гар нь цус болчихсон байдалтай, тайзан дээр 1 хүн байна гэж байна гэж манай охин хэллээ, хамт очъё гэж хэлээд Цийнд очиж цаашаа хамт явж ажил дээр 15 цагийн үед /соёлын төв/ очсон юм. Тэгээд яваад орсон чинь О.Ү шатны хажууд хэвтэж байсан. Хажуугаар нь гараад дээшээ 2 давхарт дарга Ц.Тын өрөөнд орсон. Тэгтэл даргын духнаас нь цус гоожчихсон, цамц энэ тэр нь урагдчихсан, О.Ү намайг ийм байдалтай болчихоо гээд сууж басан юм. Тэгээд тэр өрөөнийх нь хамаг юм нь бутарчихсан, эмх замбараагүй байдалд орчихсон хамаг ширээнийх нь зүйлсийг аваад шидчихсэн байдалтай байсан. Тэгээд Ц бид 2 тэр хавиар нь эмхэлж цэгцлээд нүүр гарыг нь угаагаад байж байсан чинь О.Үы эгч Болормаа, Үы хүү болох Ж.Билгүүдэй нар орж ирсэн. Тэгээд цусыг нь тогтоох гээд тогтохгүй байхлаар нь эмнэлэг рүү Ц залгаад сувилагч Одког авчихаар болсон юм. Тэгээд Одко ирээд би оёж арай барахгүй юм байна утсаар ярьсан чинь Хандармаа эмч ирсэн юм. Тэгээд оёдол тавиад цус нь тогтсон гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/
7.Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 04 дугаартай дүгнэлт:
1. Ц.Тын биед духанд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..”гэх дүгнэлт /хх-н 41-42 дугаар тал/ болон хавтаст хэргийн 79 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч О.Үы урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 07-11 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч О.Үы эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 03-04 дүгээр хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.
Шүүгдэгч О.Ү нь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Соёлын төвийн байранд иргэн Ц.Тыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ц.Тын мэдүүлэг, арван найман насанд хүрээгүй гэрч Ж.Билэгүүдэй, Ц.Ц, Х.Чойжилжав нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч О.Үыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч О.Үд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч О.Үд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Харин шүүгдэгч О.Үы эзэмшлийн Samsung-6 маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, дээрх гар утсыг торгуулийн ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Үд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Үд нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хошууд овогт О.Үыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хошууд овогт О.Үыг зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан О.Үд оногдуулсан зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох ялыг ялтан О.Үыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор төлөхөөр тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан О.Ү нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэргийн учир шүүгдэгч О.Ү нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч О.Үы эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг гар утсыг торгуулийн ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.Үд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Үд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ