Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00600

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00600

 

 

2024 03 25 210/МА2024/00600

 

Ч.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэни й хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 24-

ний өдрийн 101/ШШ2024/00573 дугаар шийдвэртэй

Ч.О-гийн нэхэмжлэлтэй, Ш.Б-ид холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 36,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би өөрийн өмчлөлийн 00-00-УБП улсын дугаартай автомашиныг нөхөр Л.М-ид олгосон итгэмжлэлийн дагуу хариуцагчид 27,000,000 төгрөгөөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Хариуцагч нь урьдчилгаа төлбөр 2,000,000 төгрөгийг тэр өдөртөө шилжүүлсэн. Үлдэх төлбөрийг төлөх хуваарийг гэрээнд тодорхой заасан. Хариуцагч автомашиныг өөрөө шалгаад авч явсан бөгөөд энэ тухайгаа цагдаагийн байгууллагад мэдүүлсэн байдаг. Гэрээнд алдангийн талаар заасан тул алдангийг 50 хувиар тооцож шаардаж байна. Хариуцагч нь гэрээг өөрөө байгуулаад урьдчилгаа төлбөрөө эгч О-гийн данснаас шилжүүлсэн. Автомашиныг дараа нь хэнд ашиглуулах нь түүний асуудал бөгөөд нэхэмжлэгчид хамааралгүй. Зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан тул мөнгө бүрэн төлөгдсөний дараа автомашины нэрийг шилжүүлэхээр тохиролцсон. Автомашины тэвшийг сольчихсон тул одоо буцаан авах боломжгүй. Иймд зээлийн гэрээний үлдэгдэл 24,000,000 төгрөг, 0.5 хувийн алданги 12,000,000 төгрөг, нийт төлбөр болох 36,000,000 төгрөгийг хариуцагч Ш.Б-оос гаргууж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би 00-00- УБП улсын дугаартай автомашиныг худалдаж аваагүй, Ч.О- нь Э.Б- гэх хүнд автомашинаа худалдсан. Гэрээ байгуулах үед Ч.О- нь Э.Б-ыг сайн танихгүй гээд надтай гэрээ байгуулсан бөгөөд Ч.О- нь Э.Б-тай байгуулж болох байсан ч намайг танилцуулсан болохоор надтай гэрээ хийнэ гэсний дагуу би энэ гэрээнд гарын үсэг зурсан. Үүнийг Ч.О- маш сайн ойлгож байсан. Автомашиныг Э.Б-т хүлээлгэж өгсөн тул гэрээнийг төлбөрийг Ч.О- нь Э.Б-аас л шаарддаг. Бодит нөхцөл байдал дээр би тухайн автомашиныг ашиглаж, эзэмшиж, өмчлөөгүй. Гэрээний урьдчилгаа төлбөрийг би биш Э.Б- төлж байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Б-оос 36,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.О-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь 2022 оны 08 сарын 24-ний өдөр өөрийн өмчлөлийн 00-00-УБП улсын дугаартай автомашиныг хариуцагч Ш.Б-ид 27,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Төлбөрийг 2 сарын хугацаанд хэсэгчлэн авахаар тохиролцон урьдчилгаа 2,000,000 төгрөгийг авсан. Гэтэл гэрээний хугацаанд Ш.Б- 1,000,000 төгрөгийг төлж, үлдэх 24,000,000 төгрөгийг төлөөгүй тул 2023 оны 02 сард цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Ш.Б- нь цагдаагийн газарт өгсөн гэрчийн мэдүүлэгтээ уг автомашиныг өөрөө шалгаж хүлээн авсан, хөргүүртэй автомашины ачааны бүхээгийг 3,000,000 төгрөгөөр худалдан тэвш авч тавиад УБ хот дотор Таван толгой түлш ХХК-ийн шахмал түлшийг тээвэрлэсэн гэдгээ зөвшөөрсөн байдаг. Прокурорын газраас уг хэргийг хаасан бөгөөд өнөөг хүртэл автомашин нь хариуцагчийн эзэмшилд байгаа.

4.2. Шийдвэрт, нэхэмжлэгч автомашины өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэргийн баримтаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.5-д Төлбөрийг бүрэн төлж дууссан тохиолдолд тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгүүлнэ гэж талууд тохиролцсон байдаг. Талууд гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцүүлэн харилцан тохиролцож гэрээ байгуулсан байхад шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4.3. Мөн шийдвэрт, нэхэмжлэгчийг гэрээний зүйлийг хариуцагчид шилжүүлсэн гэх тайлбараа нотолж чадаагүй гэсэн нь мен үндэслэлгүй. Хариуцагч нь уг автомашиныг өөрөө худалдан авах зорилгогүй байсан ба автомашиныг Э.Б- хүлээн авсан гэж маргадаг ч автомашиныг хүлээж аваагүй гэдэгт маргадаггүй. Мөн гэрээний урьдчилгаа төлбөр 2,000,000 төгрөгийг төлөөд нэмж 1,000,000 төгрөг төлсөн тухай маргаагүй буюу гэрээний зүйл хариуцагчийн эзэмшилд шилжсэн нь тодорхой байхад шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ нотолж чадаагүй гэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн гэрчийн мэдүүлгийг шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулан авч хэрэгт өгсөн. Уг мэдүүлэгт Ш.Б- нь автомашиныг зарын дагуу үзэж, шалгаад авсан, автомашины ачааны бүхээгийг сольсон гэдгээ мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

4.4. Шүүхээс хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангаагүйгээс хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож чадаагүй нь хариуцагч маргааны зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй асуудлаар огт маргаагүй, маргах ч боломжгүй буюу бичгээр үйлдсэн гэрээнд харилцан тохиролцсон байсан тул энэ мэт хэрэгт ач холбогдолтой зүйлсийг мэтгэлцээний үе шатанд хариуцагч талаас тодруулах боломжгүй болсон гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчиж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талаас талуудын хооронд Иргэний хуульд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа. Гэтэл зээлээр худалдах, худалдан авах гэрээнд тодорхой шаардлагууд тавигддаг. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж байгаа тохиолдолд хүү тохиролцох ёстой. Гэтэл хүү тохиролцоогүй учраас зээлээр худалдах, худалдан авах гэрээний шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Энэ талаархи шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хэрэв худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа бол эд хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжих ёстой. Гэтэл өмчлөлд шилжсэн нь тогтоогдоогүй, өмчлөлд шилжүүлсэн баримт байхгүй. Тийм учраас худалдах-худалдан авах гэрээний шаардлага хангагдаагүй. Хариуцагч тал тухайн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилдээ байлгах хугацаандаа ашиглаж чадаагүй. Учир нь тухайн тээврийн хэрэгсэл нь доголдолтой эд хөрөнгө байсан. Хариуцагч нь тээврийн хэрэгслийг эзэмшиж ашиглах боломжгүй байсан нөхцөл байдал нь нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад гомдол гаргасантай холбоотой. Тийм учраас алданги тооцох үндэслэл байхгүй. Шүүх хуралдаанд хариуцагч талыг оролцуулаагүй гэх нэхэмжлэгчийн гомдолд тайлбар байхгүй. Энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх байх. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ч.О- нь хариуцагч Ш.Б-ид холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 24,000,000 төгрөг, алданги 12,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг тээврийн хэрэгслийг би биш Э.Б- гэх хүн худалдаж авсан, намайг таньдаг учраас миний нэрээр гэрээг хийсэн гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хуульд нийцүүлэн үнэлж, маргаанд эрх зүйн зөв дүгнэлт хийж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2022 оны 08 сарын 24-ний өдрийн Зээлээр худалдах худалдан авах гэрээ-ээр худалдагч Ч.О- нь М- маркийн 00-00-УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг 27,000,000 төгрөгөөр худалдан авагч Ш.Б-ид худалдах, худалдан авагч нь 2,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлж тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч, үлдэх 25,000,000 төгрөгийг 2022 оны 10 сарын 15-ны өдрөөс 11 сарын 15-ны өдөрт багтаан төлөх, үнийг бүрэн төлснөөр тээврийн хэрэгслийг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэхээр талууд тохиролцсон байна.

Цагдаагийн байгууллагаас 2023 оны 08 сарын 17, 31-ний өдөр зохигчийн маргаж буй асуудлаар хариуцагчаас гэрчийн мэдүүлэг авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ.

Гэрээний үүргийг худалдан авагч биечлэн гүйцэтгэхээр гэрээнд тухайлан заагаагүй тул хариуцагч урьдчилгаа төлбөрөө өөрийн эгч О-гийн дансаар дамжуулан гэрээ байгуулсан өдөр, мөн 2022 оны 12 сард 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлснийг цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгт дурджээ.

Маргааны зүйл болсон тээврийн хэрэгслийг жинхэнэ худалдан авагч Э.Б-д шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар нь түүний цагдаагийн байгууллагад өгсөн ...2022 оны 08 сард фэйсбүүкээс ачааны машин зарна гэсэн зараар холбогдож машиныг Эмээлтэд очиж үзэхэд аккумлятор суусан, дугуй нь хагарсан байхаар буцаж яваад дараа нь ... Баруун туруунд байдаг ... хашаанаас нь очиж авсан ... 2 сая төгрөгийг эгч О-гийн данснаас шилжүүлсэн... гэх гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Үүнээс гадна, Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлж болох хуулийн зохицуулалттай учир хариуцагч автомашины урьдчилгаа төлбөрт 1 сая төгрөгийг өөрийн эгч О-гийн дансаар нэхэмжлэгчид шилжүүлсэн нь тус хуулийн заалтад нийцэж байна.

Ийм учраас нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Харин талууд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 263.2.3-т зааснаар хэсэгчлэн төлөх төлбөрийн хүүгийн талаар тохиролцоогүй тул зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй.

5. Хариуцагч гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэгчид төлж, тээврийн хэрэгслээ шалган хүлээж авсан нь дээрх баримтаар тогтоогдсоныг анхан шатны шүүх үнэлээгүй нь буруу тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь маргаан бүхий автомашины бодит эзэмшлийг хариуцагчид шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч буюу худалдагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар автомашиныг хариуцагчид шилжүүлэх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. Харин хариуцагч нь маргаан бүхий автомашины үнийг бүрэн төлөөгүй тул түүнд автомашиныг өмчлөх эрх үүсэхгүй.

Талууд гэрээний 3.5-д тээврийн хэрэгслийн үнийг бүрэн төлснөөр тээврийн хэрэгслийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр бүртгүүлэхээр тохиролцсон байгаа учраас автомашины өмчлөлийг хариуцагч буюу худалдан авагчид шилжүүлээгүйд нэхэмжлэгч буюу худалдагчийг буруутгахгүй.

Хариуцагчаас уг тээврийн хэрэгслийг өөртөө худалдаж аваагүй, гагцхүү баталгаа болж гэрээнд гарын үсэг зурсан, тээврийн хэрэгслийг би өмчилж аваагүй гэх татгалзал нь хэргийн баримтаар үгүйсгэгдэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн тайлбарыг хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхгүйг анхан шатны шүүх анхаараагүйгээс нотлох баримтыг буруу дүгнэсэн алдаа гаргажээ.

Энэ үндэслэлээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ хариуцагчийн нэр дээр бүртгэлгүй нь түүнд өмчлөх эрх үүсээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруу гэж үзнэ. Хариуцагч гэрээний үнийг бүрэн төлснөөр тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар улсын бүртгэлд бүртгүүлэх эрх нь нээлттэй байх бөгөөд хариуцагчийг уг эрхээ хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч саад болсон үйл баримт тогтоогдоогүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн татгалзал үндэслэлгүй нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч тээврийн хэрэгслийг худалдсаны үлдэгдэл төлбөр 24,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй байна. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Ш.Б-оос 24,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.О-д олгохоор шийдвэрлэсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж шийдвэрлэв.

6. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.6-д үүргээ гүйцэтгээгүй тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн 0,5 хувиар тооцсон алдангийг нөгөө талдаа төлөхөөр заажээ. Хариуцагч 2022 оны 12 сард 1,000,000 төгрөг төлснөөс хойш гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээний үлдэх төлбөр 24,000,000 төгрөгийн 50 хувиар тооцож 12,000,000 төгрөгийн алдангийг шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн. Хариуцагч гэрээний 3.2-т заасан хугацааг хэтрүүлснээс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 370 хоногийн хугацаагаар алдангийг тооцоход (120,000х370) 44,400,000 төгрөг болсныг хуульд нийцүүлэн хасч, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн хариуцлагад тооцсон алданги 12,000,000 төгрөгийг хариуцагч Ш.Б-оос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

7. Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдааны дэг зөрчсөн үндэслэлээр шүүх хуралдааны танхимаас чөлөөлж, хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэнд хариуцагч тал гомдол гаргаагүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдолд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөхгүй, давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Ш.Б-оос 36,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.О-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 24-ний өдрийн 101/ШШ2024/00573 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Б-оос 36,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.О-д олгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтын ...56.1... гэснийг 56.2 гэж, ... үлдээсүгэй... гэснийг үлдээж, хариуцагч Ш.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 337,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.О-д олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ч.О-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ