| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 106/2016/0196/Э |
| Дугаар | 157 |
| Огноо | 2017-03-09 |
| Зүйл хэсэг | 145.2., 145.3., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 157
Г.Төрбаярт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Анхцэцэг,
ялтан Г.Төрбаяр /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Л.Баатар, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Төрбаярын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Төрбаярт холбогдох 201526010854 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Жанжинхүү овгийн Ганхуягийн Төрбаяр, 1998 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Увс аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 25 дугаар гудамжны 31 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ОГ98030913/,
-2013 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 15 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсаныг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
-2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 62 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 1 жил 1 сар 1 хоногийн хорих ялыг тэнсэж суллагдсан.
Г.Төрбаяр нь урд хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлээд тэнсэн хянан харгалзах хугацаандаа буюу ялтай байхдаа:
- 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 12-45 тоот иргэн Н.Чулуунхүүгийн эзэмшлийн Монгол гэрийн ханын шийрийг хугалж нэвтрэн гэрлийн утас, алтан ээмэг, монетон бөгж, автомашины зурагт зэрэг эд зүйл хулгайлахыг завдаж, нийт 1.045.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,
- 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 8-228 тоот иргэн Ц.Даваагийн эзэмшлийн Монгол гэрийн тооноор нэвтрэн гуулин аяга, зэс аяга, монетон ээмэг өрөөсөн 2 ширхэг, цагаан мөнгөн гинж ээмэг, мөнгөн хэт, үүргэвч, сваровский ээмэг, гинж, бөгж, болор архи, 5000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, нийт 659.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,
- 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 12-40 тоот М.Батжаргалын эзэмшлийн байшингийн вакум цонхоор нэвтрэн хас, очир хээтэй алтан бөгж 2 ширхэг, чонын соёо, мөнгөн аяга 2 ширхэг, “Плэе стейшин” тоглоом 2 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 1.810.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,
- 2015 оны 6 дугаар сарын дундуур Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард-Аюушийн 25-н 11 дүгээр гудамжны 193 тоот Н.Долзодмаагийн эзэмшлийн байшингийн вакум цонхоор нэвтрэн шинэ цагийн манан хөөрөг, видёо камер, Асер загварын зөөврийн компьютер, их гарын мөнгөн аяга, мөнгөн ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад нийт 810.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
- 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 5-199 тоот иргэн Н.Ганбатын эзэмшлийн өвлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч хар толгойтой шаазан хөөрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга, алтан ээмэг, мөнгөн гинж, гоёлын шармал эдлэлүүд, куртика, бэлэн 100.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, нийт 2.930.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,
- 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 7-104 тоот иргэн Г.Энхтуяагийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цүүг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн хөшиж халтар манан хөөрөг, гартааман хөөрөг, мөнгөн хазаар зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 8.760.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол,
- 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 7 дугаар гудамж 188 тоот иргэн Ц.Балдангийн эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг хагалан нэвтэрч шар манан хөөрөг, бор өнгийн шавар хөөрөг, дунд гарын мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, шүрэн шигтгээтэй ээмэг, бөгж, шигтгээтэй алтан бөгж, эрэгтэй, эмэгтэй монетон гинж, 2 хос монетон ээмэг, доллар хэлбэртэй монетон кулон, монетон ээмэг 2 хос, бэлэн 60.000 төгрөг, Никон загварын зургийн аппарат, 1 грамм алт, мөнгөн гинж 4, мөнгөн ээмэг 2 хос, мөнгөн бөгж 3, мөнгөн кулон, сийлбэртэй эртний оюу, мөнгөн дараас, мөнгөн бугуйвч, цагаан шүр, флаж диск 5 ширхэг, 36 грамм мөнгө, зооснууд зэрэг эд зүйл хулгайлж, нийт 11.670.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол,
- 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-747 Б тоот иргэн Ж.Өлзийжаргалын эзэмшлийн монгол гэрээс бэлэн 50.000 төгрөг, хүү Шинэбаатарын гэрийн хаалганы цоожийг төмөр тэлэгч багаж буюу тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн хөшиж нэвтрэн дижитал аппарат, мөнгөн товч 9 ширхэг, мөнгөн хос ээмэг, мөнгөн гинж зэрэг эд зүйл хулгайлж, нийт 480.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,
- 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Ногоончулуутын 11 дүгээр гудамжны задгай тоот иргэн Б.Батжаргалын эзэмшлийн монгол гэрийн тооноор нэвтрэн 3 ширхэг мөнгөн аяга, хүрэн халтар манан хөөрөг, цагаан хаш хөөрөг, эртний гаанс зэрэг эд зүйл хулгайлж, нийт 6.360.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулж нийт 8 удаагийн давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан, энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 33.479.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Г.Төрбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснаар хорих газраас тэнсэн суллагдсан шүүгдэгч Г.Төрбаярын хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч Г.Төрбаярыг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэм буруутайд, давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч Г.Төрбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Төрбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 1 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Төрбаярт оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Төрбаярын цагдан хоригдсон 373 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Төрбаяраас 24.221.900 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Чулуунхүүд 100.000 төгрөг, хохирогч Ц.Даваад 659.500 төгрөг, хохирогч М.Батжаргалд 1.810.000 төгрөг, хохирогч Н.Долзодмаад 810.000 төгрөг, хохирогч Н.Ганбатад 2.930.000 төгрөг, хохирогч Г.Энхтуяад 3.760.000 төгрөг, хохирогч Ц.Балданд 11.845.000 төгрөг, хохирогч Ж.Өлзийжаргалд 50.000 төгрөг, хохирогч Б.Батжаргалд 2.257.400 төгрөгийг тус тус олгож,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гурилын элдүүр мод 1 ширхэг, 9.5 х 4.8 см хэмжээтэй цилиндр хэмжээтэй цул төмөр 1 ширхэг, сейфний эвдэрхий цоож 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, пүүзэн гутал 1 хосыг шүүгдэгч Г.Төрбаярт тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож,
шүүгдэгч Г.Төрбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Ялтан Г.Төрбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие хохирол төлбөрөө төлж барагдуулах хүсэлтэй байна. Гэвч хохирогч Н.Ганбатын гэрээс хулгайлсан гэх ээмэг, бөгж, куртика, 100.000 төгрөг, хохирогч Ц.Даваагийн хас мөнгөн тоногтой хэт зэс аяга, гуулин аяга, сваровски шигтгээтэй ээмэг, бөгж, мөнгөн гинж, хохирогч Ц.Балдангийн 60.000 төгрөг, мөнгөн зооснууд зэргийг аваагүй. Мөн хохирогч М.Батжаргалын гэрээс хоёр биш нэг ширхэг “Play stasion” тоглоом авсан, хоёр ширхэг мөнгөн аяга биш нэг ширхэг мөнгөн аяга авсан. Хохирогч Ж.Өлзийжаргалийн гэрээс 60.000 төгрөг аваагүй. Хохирогч Н.Чулуунхүүгийн гэрээс ямар нэг эд зүйл аваагүй. Хохирогч Б.Батжаргалын гэрээс авсан эд зүйлсийг буцааж өгсөн байхад зурагт хагарсан гэж надад хамаагүй зүйлийг 190.000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэж үзсэн. Хэрэв эдгээр эд зүйлийг байсан гэж үзэж байгаа бол хэзээ, хаанаас, хэдэн төгрөгөөр авсан талаар тодруулж өгнө үү. Хохирогч Б.Батжаргал, Г.Энхтуяа, Н.Ганбат нарын гэрээс хулгайлсан гэх эртний эд зүйлсийг хувийн үнэлгээний газраар үнэлүүлсэн байна. Тус компани хохирлын үнийн дүнг бодит гаргасан эсэхэд эргэлзэж байна. Эдгээр эд зүйлсийг улсын үнэлгээний байгууллагаар гаргуулах хүсэлтэй байна.” гэв.
Ялтан Г.Төрбаярын өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Төрбаяр гаргасан давж заалдах гомдолдоо гэмт хэргийн улмаас учирсан хохирлын эд зүйлийн үнэлгээний талаар маргадаг. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргаагүй. Давж заалдах гомдолдоо бүх эд зүйлийг дахин үнэлгээ гаргуулах шаардлагатай, зарим үйлдэлд нь оролцоогүй гэдэг асуудал яригдаж байна. Үүнийг анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг үнэлж шийдвэрээ гаргасан. Харин давж заалдах шатны шүүх хэргийг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ үү” гэв.
Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын газраас Г.Төрбаярыг бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан. 8 удаагийн давтан үйлдлээр тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн бусдын орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлж нийт 33.480.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. 2016 оны 1 дүгээр сард прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 145.4 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт алдагдсан эд зүйлийн тоо хэмжээ тодорхой болсон. Яллах дүгнэлтэд дурдагдаагүй эд зүйлүүд алдагдсан, яллагдагч өөрөө хулгайлсан гэж хэлсэн. Шүүх хуралдаанаар эд зүйлийн үнэлгээ буюу хохирогчийн хэлснээр үнэлсэн байна гээд Сонгинохайрхан дүүргийн үнэлгээний комиссын үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй. Үүний дагуу шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Энэ тогтоолоор алдагдсан эд зүйлийн эх сурвалжийг тогтоох, эд зүйлийн үнэлгээг тусгай үнэлгээний эрх бүхий байгууллагаар үнэлүүлэх, яллах дүгнэлтэд дурдагдаагүй эд зүйлүүдийг үнэлүүлж яллах дүгнэлтэд оруулж хохирлыг нэг мөр болгох гэж заасан. Үүний дагуу ажиллагаа хийгдсэний үндсэн дээр хохирогч Г.Энхтуяагийн 5.000.000, 8.000.000 төгрөгөөр үнэлсэн тус бүрийн 1 ширхэг хөөргийг дахин үнэлээд 160.000, 3.600.000 төгрөгөөр үнэлсэн. Мөн хохирогч Ц.Балдангийн хөөргийг дахин үнэлсэн. Эдгээр үнэлгээгээр өмнө хийгдсэн үнэлгээний хэмжээ тодорхой хэмжээгээр буурч яллагдагчид ашигтай байдал бий болж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нь их хэмжээний хохирол болж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч алдагдсан эд зүйлүүдийг бүгдийг нь хулгайлж, үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа талаараа хэлсэн. Мөн давж заалдах гомдолд “Ж.Өлзийжаргалын гэрээс 60.000 төгрөг аваагүй” гэж яриад байна. Яллах дүгнэлт болон хавтаст хэргийн хүрээнд Ж.Өлзийжаргалын гэрээс 60.000 төгрөг биш, 50.000 төгрөг алдагдсан гэж яллах дүгнэлт үйлдэгдсэн. Г.Төрбаяр буруу ойлгоод байх шиг байна. Эрүүгийн төлөөлөгчид 8-9 дүгээр сард үйлдсэн хэргийнхээ талаар ярьсан гэж байна. Энэ талаар хавтаст хэрэгт байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Ийм учраас ялтан Г.Төрбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Г.Төрбаярт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөх зөрчлийг гаргасан байна.
Учир нь шүүгдэгч Г.Төрбаяр нь бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлахыг завдсан, мөн давтан үйлдлээр тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогдож Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Гэтэл шүүх 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр 20 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч Г.Төрбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан хэргээс гадна шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй хэргийг хянан хэлэлцэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах” заалтыг ноцтой зөрчсөн байна.
Иймд энэхүү зөрчлийг арилгуулах үүднээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шилжүүлэх шатнаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Мөн анхан шатны шүүх Г.Төрбаярын цагдан хоригдсон хоногийг тооцохдоо зөрүүтэй тооцсон байх ба уг хугацааг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцүүлэн зөв тооцох шаардлагатайг дурдах нь зүйтэй.
Хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул ялтан Г.Төрбаярын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг болон түүний үйлдэл, гэм буруугийн талаар давж заалдах шатны шүүх энэ удаа дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Төрбаярт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхэд очтол Г.Төрбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.МӨНХТУУЛ
Ц.ОЧ