| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0270/Э/ |
| Дугаар | 233 |
| Огноо | 2021-05-19 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 233
С.Нд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 288 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 22 дугаар магадлалтай, С.Нд холбогдох 1734002010526 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Гярган овогт С.Н нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Нг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд ажил, оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон малчны хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.
Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нар хамтран гаргасан гомдолдоо: “Төв аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021.01.22-ны өдрийн 2021/ДШМ/22 дугаартай магадлалыг гаргахдаа ЭХХШТХ-ийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр дараахь гомдлыг гаргаж байна. Үүнд:
1.Магадлалын үндэслэх хэсэгт “...шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй” гэжээ. Тодруулбал анхан шатны шүүхийн 2020.07.28-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч С.Нд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан...” уг арга хэмжээг хэрэглэх талаар заасан.
Эрүүгийн 1734002010526 тоот хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан гэх ямар ч баримт авагдаагүй төдийгүй хохирогч /талийгаач/-ийн амь нас хохирсон байхад 2021/ДШМ/22 дугаартай магадлалд “Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй” гэх үндэслэл зааж байгаа нь өөрөө Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн явдал мөн. Монгол Улсын Дээд шүүхийн 2003 оны 07 сарын 09-ний өдрийн “Эрүүгийн хуулийн хор уршиг, гэм хор гэсэн заалтыг зөв хэрэглэх тухай Зөвлөмжөөр “Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт учруулсан хор уршиг нь ... Хүний амь нас эрүүл мэнд (Хүний амь нас хохироох, хүний бие махбодид хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулах) байхыг зөвлөсөн. Гэтэл шийтгэх тогтоол, магадлалд хор уршгийг арилгасан гэх үндэслэл зааж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэсэн нь хуулийн үндэслэлгүй байна.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтыг 2021/ДШМ/22 дугаартай магадлал нь зөрчсөн байна. Учир нь Эрүүгийн 1734002010526 тоот хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан гэх ямар ч баримт авагдаагүй, гэмт хэргийн улмаас Л.Батмөнхийн амь нас хохирсон, шүүгдэгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн юм.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байх талаар хуульчилсан. Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй байхад шүүхийн дүгнэлтэд гэм хор арилсан гэж үзэн Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл гарган мэтгэлцсэн боловч Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021/ДШМ/22 дугаартай магадлалд “Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй” гэж тодорхойлох хэсэгтээ заасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргаж мэтгэлцсэн үйл баримтыг хэрхэн үгүйсгэсэн талаарх үндэслэлээ заагаагүй нь 2021/ДШМ/22 дугаартай магадлалын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.
4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 22.740.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилдэг бөгөөд анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх учраас хүүхдийн эрх зүйн байдал дордоно” гэж үзсэн. Гэтэл магадлалд 2019 оноос өмнөх хугацаанд авсан тэтгэмжийн хэмжээнд хамаарах нотлох баримтыг ирүүлээгүй гэх зөрүүтэй дүгнэлтийг хийж байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байгаа эсэх, эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн хэрэгсэхгүй болгож байгаа эсэх нь тодорхойгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс төрийн захиргааны байгууллага болон бусад байгууллагаас хангалттай баримт гаргаж ирүүлсэн атал магадлалд яг ямар баримт дутуу байгаа талаар заагаагүй нь дүгнэлтэд нөлөөлж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн 2021/ДШМ/22 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
Анхан шатны шүүх цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх учир хүүхдийн эрх зүйн байдал дордоно гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Харин давж заалдах шатны шүүх нотлох баримт хангалтгүй буюу хоёр шатны шүүх зөрүүтэй байдлаар шийдвэрлэсэн. Хохирогч малчин өрх бөгөөд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гарахад нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлсөн байдалтай холбоотой баримтуудыг гаргаж өгөх боломжгүй. Холбогдох төрийн захиргааны байгууллагаас тэжээгчээ алдсан талаарх, мөн зөрүүтэй холбоотой баримтуудыг хангалттай гаргаж өгсөн. Гэтэл шүүх эдгээр зүйлийг харгалзаж үзэхгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэргийн зүйлчлэл, нотолбол зохих байдлын талаар маргадаггүй. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй экскумаци хийж тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-д заасан шаардлагыг хангаагүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл буюу тэнсэх албадлагын арга хэмжээг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн 2003 оны зөвлөмжийн 1.1-д хор уршиг гэдэгт хүний амь насыг оруулан тооцохоор тусгасан. Гэтэл уг хэрэг дээр хүний амь нас хохирсон байхад хор уршиг арилсан мэтээр дүгнэж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэл нь хохирол төлбөрийг төлсөн, хор уршгийг арилгасан байхыг шаарддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой асуудлын хувьд миний үйлчлүүлэгч тодорхой хэмжээний мөнгийг нэхэмжилдэг. Малчны хөлсийг нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлж байгаагүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Тэжээгчээ алдсаны 22.740.000 төгрөгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр хэлсэн саналдаа: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд уг хэргийг Дашдондог үйлдсэн байх магадлалтай, мөн тэжээгчээ алдсаны 22.740.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргасан байдаг. Энэ үндэслэлийн талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр зөрүүгүй. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирол төлбөрийн талаар тодорхой бичсэн. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан баримтыг үндэслэн бодит хохирлыг тогтоож шийдвэрлэсэн. 10.802.000 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд уг хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь С.Н нь 15.000.000 төгрөгийг төлсөн. Шүүх тэжээгчээ алдсаны 22.740.000 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд хуулийн дагуу дүгнэлт хийсэн буюу тодорхойгүй тохиолдолд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхисон. Шүүх хохирол төлөгдсөн, хор уршиг арилсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан шүүгдэгч С.Нд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Б.Ууганбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 5-аас доогүй жил, үүнээс 1 жил нь тасралтгүй төлсөн тэжээгч нас барсан бол гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь түүний шимтгэл төлсөн нийт хугацаанд ногдох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй...” гэж заасан ба хохирогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаарх баримтаа бүрдүүлсний дараа тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох хувь хэмжээ, зөрүүг тогтоолгох нь зүйтэй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн тэжээгчээ алдсаны тэтгэвэртэй холбоотой заалтад өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүхийн шийдвэрүүд нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангасан байна. Иймд Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 288 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 22 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн С.Нд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Н нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Замт 4 дүгээр багийн “Залаа” гэх газарт “Тоёота Приус-20” загварын 33-19 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, мөн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас Л.Батмөнхийн жолоодож явсан “Даюун” загварын улсын дугааргүй мотоциклийг мөргөж, Л.Батмөнхийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүх С.Нгийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа, болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм хорын хохиролд сайн дураар 15.000.000 төгрөг нөхөн төлсөн зэргийг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.
Түүнээс гадна шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан “амь хохирогчийн цалин хөлс болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, мөн малчны цалин хөлс гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт хангалтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь зөв байх бөгөөд ийнхүү иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг эрүүгийн хэргээс тусад нь шийдвэрлэснээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх зүйн байдал дордохгүй гэж үзлээ.
Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул хяналтын шатны шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судалж, үнэлэх замаар анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхисон иргэний нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын “Шүүх гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байхад С.Нд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 22.740.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах тухай нэхэмжлэлийг шийдвэрлээгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” тухай хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 288 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 22 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН