Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2019/0452

 

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2019/0452

Улаанбаатар хот

“У т” ХХК-ийн гомдолтой

зөрчлийн хэргийн тухай

 

         Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч Ж.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0440 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “У т” ХХК-ийн гомдолтой, Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0440 дүгээр шийдвэрээр: “...Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14-т заасныг баримтлан гомдол гаргагч “У т” ХХК-аас Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ж.Т холбогдуулан гаргасан “2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0243041 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

     Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд “Холбогдогч”-ийн эрх, үүргийг “ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, зөрчлийн хэрэгтэй танилцах” гэж тус тодорхойлсон байна

Гэтэл гаалийн байцаагч Ж.Т-ийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0243041 тоот шийтгэх хуудсанд дурдагдсан зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа нь “У т” ХХК-ийн дээрх эрхүүдийг зөрчсөн байгаад анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “энэ хуулийн зорилт нь ... хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино” гэж заасантай нийцэхгүй байна.

Мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т “зөрчил шалган шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох талаар “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж, 3.1-д “хуулийн этгээдийн эсрэг мэдүүлэг өгч байгаа хүн хуулийн этгээдийг төлөөлж болохгүй” талаар тус тус заасан байна.

Гэтэл гаалийн байцаагч Ж.Т-ийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0243041 тоот шийтгэлийн хуудсанд дурдагдсан зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад уг зөрчлийг биечлэн гаргасан С.М-ыг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр асууж, улмаар хууль ёсны төлөөлөгч хэмээн тодорхойлж зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь “У т” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

Энэ байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй болно. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зохицуулалтуудаас харахад гэрч болон оролцогч нь нэг этгээд байх боломжгүй юм.

Мөн гэрч С.М-ын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлгийн агуулгаас харж байхад тэрээр “У т” ХХК- ийн эсрэг мэдүүлэг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл өөрийнх нь гаргасан зөрчлийн тухайд компанийн нэрийн өмнөөс хариуцлага хүлээж чадах уу гэсэн асуултад “Чадахгүй" гэж хариулсан байна.

Гэтэл анхан шатны шүүх “С.М-ыг “У т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэж зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хариуцагчийг буруутгах боломжгүй, зөрчилд холбогдогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байгаа болно.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ “Үндэслэх нь” хэсэгт “Зуучлагч нь зуучлалын үйл ажиллагааны төлбөрөөр санхүүжихээр байх тул маргаан бүхий акт нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-д “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна" гэж заасанд нийцнэ”” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нөхцөлийг бүрдүүлээд байна.

 Өөрөөр нь хэлбэл хуулийн энэхүү зохицуулалт нь тухайн этгээд зөрчлийг үйлдэхдээ энэ нь хуулийн этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэх гэсэн ухамсарт үйлдэл байх ёстой байгаад, энэ нөхцөл байдал нь зөрчил шалган шийдвэрлэх явцад тогтоогдсон байвал зохих нөхцөл байдал юм. Харин зуучлал бол хууль ёсны үйлдэл байх учиртай тул энэ нь ажилтны гаргасан зөрчилд хамааралтай бус ойлголт юм. Ийнхүү анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд хэргийг тал бүрээс нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

      Гомдол гаргагч “У т” ХХК-аас “Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0243041 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргасан байх ба дээрх маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “У т” ХХК-д гаалийн хууль, тогтоомж зөрчсөн үндэслэлээр гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

     Үүнийг эс зөвшөөрч гомдол гаргагчаас “...манай байгууллагыг холбогдогчоор огт тогтоогоогүй, мэдэгдээгүй зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. ...С.М нь хайхрамжгүй үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээх нь шударга ёсонд нийцнэ” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан баримтууд болон гомдол гаргагчийн тайлбараас үзэхэд “У т” ХХК-ийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн С.М нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Н.Шагдарын нэр дээр Япон улсаас орж ирсэн автомашины гаалийн мэдүүлэгт барааны кодыг буруу бичиж мэдүүлсэн нь тогтоогдсон, гомдол гаргагчаас уг үйл баримтад холбогдуулан маргаагүй байна.

      Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д ““гаалийн харилцаанд оролцогч” гэж гаалийн байгууллага болон мэдүүлэгч, гаалийн зуучлагч, тээвэрлэгч, гаалийн түр агуулахын болон баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч, банк, даатгалын байгууллагыг”, 66 дугаар зүйлийн 66.2-т “Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд уг зөвшөөрлийг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Гаалийн зуучлагч энэ хуулийн 57.2-т зааснаас гадна дараахь үүрэг хүлээнэ”, 69.2.2-т “гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээрээ дамжуулан гаалийн үйл ажиллагаанд оролцох” гэж тус тус зааснаас үзвэл гаалийн зуучлагч байгууллага нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж, гаалийн харилцаанд гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээрээ дамжуулан оролцохоор зохицуулжээ.

      Хэрэгт авагдсан баримтаар гаалийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэгч “У т” ХХК нь С.М-ыг гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээр ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь тогтоогдож байна.

     Иймд С.М нь “У т” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр “У т” ХХК-ийн нэрийн өмнөөс гаалийн үйл ажиллагаанд оролцсон байх тул гомдол гаргагчийн “...С.М-ыг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр асууж, улмаар хууль ёсны төлөөлөгч хэмээн тодорхойлж зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь “У т” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

     Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-д “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4”д ““оролцогч” гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг”, 3.5 дугаар зүйлд “Хууль ёсны төлөөлөгч”, 3.5 дугаар зүйлийн 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэсэн зохицуулалтаас үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч нь холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч байж болох бөгөөд хууль ёсны төлөөлөгчид “У т” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан С.М хамаарч байх тул “У т” ХХК-ийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын үүднээс гаалийн бүрдүүлэлтийг хийсэн гэж үзэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

       Түүнчлэн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд “Холбогдогч”-ийн эрх, үүргийг “ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, зөрчлийн хэрэгтэй танилцах” гэж тодорхойлсон байна. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь “У т” ХХК-ийн дээрх эрхүүдийг зөрчсөн гэж дурдсан ба “У т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.М нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож, “...тухайн барааны кодыг буруу бичсэн байсан. Миний буруу үйлдэл” гэсэн мэдүүлгээс үзэхэд гомдол гаргагч “У т” ХХК нь ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаагаа мэдэх боломжтой байсан ба зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэж үзэхээргүй байх тул дээрх үндэслэлээр гаалийн улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

     Анхан шатны шүүх ““...гаалийн мэдүүлгийг алдаатай гаргаснаас үүсэх үр дагаврыг ... маргааны тохиолдолд зуучлагч хариуцах нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасан “Зөрчилд үйлдсэн...хуулийн этгээдэд...шийтгэл ногдуулах” зарчимд нийцнэ” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийж, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцжээ.  

     Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

       Харин шүүхийн шийдвэрт гомдол гаргагч “У т” ХХК хуулийн этгээдийн оноосон нэрийг “Улаанбаатар транс” ХХК гэж алдаатай бичсэн, урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд даргалагч шүүгчийн гарын үсэг зурагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногийн хугацаагаар сунгасан зэрэг алдаа байгааг шүүх цаашид анхаарвал зохино.

       Харин энэхүү алдаа нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0440 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                          ШҮҮГЧ                                                                          Н.ХОНИНХҮҮ

                          ШҮҮГЧ                                                                          Г.БИЛГҮҮН

                          ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ