Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00601

 

 

2024 03 25 210/МА2024/00601

 

Израйль улсын иргэнL S-

/Л С-/-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/03121 дугаар шийдвэртэй

Израйль улсын иргэнL S- /Л С-/-н нэхэмжлэлтэй, Ш.С-, Ц.Б- нарт холбогдох

147,267,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1.Би өөрийн өмчлөлийн АААА-хаягтай 107 м.кв 3 өрөө орон сууцаа 194,400,000 төгрөгөөр Ш.С-т худалдахаар тохиролцож, 2017 оны 12 сарын 02-ны өдөр Ш.С-ын ээж Ц.Б-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Ш.С- нь орон сууцны үнийг 2018 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон ч төлбөрөө төлөлгүй 4 жил болсон учир би шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 04-ний өдрийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 сарын 09-ний өдрийн магадлалаар Л С-, Ц.Б- бидний хооронд 2017 оны 12 сарын 02-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг 47 тоот орон сууцыг миний өмчлөлд буцаан шилжүүлэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн.

Гэтэл хариуцагч Ш.С- нь ээж Ц.Б-ын хамт 2018 оны 10 сарын 23-ны өдөр Голомт банк ХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл авсан байдаг. Хариуцагч нар зээлээ төлөөгүй учир банкнаас зээлээ төлүүлэх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг нь хариуцагч нар зөвшөөрч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 10-ны өдрийн 01587 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Улмаар уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж миний өмчлөлийн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх болсноор уг орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэхээр гарсан шүүхийн шийдвэр бодитой биелэгдэх боломжгүй болсон.

Иймд би шийдвэр гүйцэтгэх газартай тохиролцон орон сууцаа алдахгүйн тулд хариуцагч Ц.Б-, Ш.С- нараас Голомт банк ХК-нд төлөх зээлийн төлбөр 77,920,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 937,750 төгрөг, нийт 78,857,750 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд хариуцагч нарын өмнөөс төлж, орон сууцны өмчлөх эрхээ буцаан авах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

1.2.Мөн би орон сууцаа бусдад хөлслүүлсэн бол 2017 оны 12 сараас 2022 оны 06 сар хүртэл 54,000,000 төгрөгийн орлогыг олох боломжтой байсан ч хариуцагч нарын үйлдлээс болж энэхүү орлогоо алдаж хохирсон.

1.3.Иймээс хариуцагч нарын өмнөөс төлсөн 78,857,750 төгрөг, өмгөөлөгч хөлсөлсөн зардал 14,410,000 төгрөг, олох байсан орлого 54,000,000 төгрөг, нийт 147,267,750 төгрөгийг гаргуулан хариуцагч хариуцагч Ц.Б-, Ш.С- нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбарын агуулга:

2.1. Анх н.Б-, н.И- нар нь Ховд аймгийн Цэцэг суманд вольфрамын нөхөн сэргээлтийн сонгон шалгаруулалтад оролцож шалгараагүй ч уг ажлыг гүйцэтгэхээр шалгарсан Өгөөжтэй өв ХХК-тай туслан гүйцэтгэгчээр хамтарч ажиллахаар болсон байдаг. Тэд хариуцагч Ш.С-тай техник, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулан ажиллахаар тохирч, Ш.С- нь Улаанбаатар хотоос 1,800 км хол газарт техникээ өөрийн зардлаар тээвэрлэн очиход тус газарт цас орж цэвдэг үүсчихсэн байсан тул нөхөн сэргээлт, вольфрам ухах ажил хэрэгжиж чадаагүй бөгөөд дараа жилийн хаврыг хүлээсэн үйл явдал болсон.

2.2.Экскаваторын 1 сарын түрээс 20,000,000 төгрөг бөгөөд 11 сарын хугацаанд 220,000,000 төгрөг болж хуримтлагдсан. Өвөл болсон тул экскаваторыг ажиллуулах боломжгүй болсон ч түрээсийн төлбөр тооцогдож байсан. Ийм үед н.И-, н.Б-, Л С- нар одоо түрээс төлөх мөнгө байхгүй, харин орон сууц байгаа тул банкны барьцаанд тавьж зээл аваад өгөөч, бид гадаад улсын иргэн тул зээл гарахгүй гэснээр орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр Ц.Б-д шилжүүлсэн. Ш.С- нь Л С-г танихгүй, Л С- ч мөн Ш.С-т орон сууцаа бэлэглэх шалтгаан байхгүй.

Хариуцагч нар нь орон сууцыг барьцаалж Голомт банк ХК-наас 100,000,000 төгрөгийн зээл авч, мөнгөө экскаваторын түрээсийн төлбөрт шилжүүлсэн байдаг. Банкны зээл төлөгдөөгүй тул банкнаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ төлбөрийг Л С- төлсөн эсэхийг мэдэхгүй, зээлийг Ш.С- авч хэрэглээгүй.

2.3.Энэ үйл явдлаас өмнө буюу 2018 онд Л С- нь А-д орон сууцаа 180,000,000 төгрөгөөр худалдахаар болж 80,000,000 төгрөгийн урьдчилгаа авсан талаараа тэрээр өөрөө Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 11 сард болсон шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө тайлбарласан байдаг. Энэ нь БББ- даргад 60,000,000 төгрөгийн хахууль өгсөн асуудал яригдах үед байрны урьдчилгаанд өгсөн 80,000,000 төгрөгөөс 60,000,000 төгрөгийг өгсөн асуудал болсон байдаг. Иймд нэхэмжлэгч нь н.М-аас авсан 80,000,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудал үүссэн.

2.4.Олох байсан орлого нь байгаа бол нэхэмжлэгч нь орон сууцаа н.М-ад худалдсан бөгөөд өнөөдрийг хүртэл уг орон сууцанд н.М- амьдарч байгаа. Энэ нь нотлох баримт шинжлэн судлахад маш тодорхой болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493,3, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.С-, Ц.Б- нараас 78,857,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Израйль улсын иргэн Л С- /Levchenko Sergey/-д олгож, нэхэмжлэлээс 68,410,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 894,300 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ш.С-, Ц.Б- нараас улсын тэмдэгтийн хураамжид 552,238.75 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л С- /Levchenko Sergey/-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга: Шүүх хариуцагч нараас 78,857,750 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 493, 219 дүгээр зүйлийг үндэслэн хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэжээ.

Бодит үйл явдлын хувьд нэхэмжлэгч нь маргааны зүйл болох АААА-107.72 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаа М- К А гэдэг хүнд худалдахаар болж 80,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр авсан байдаг. Энэ талаараа 2021 оны 11 сард болсон Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ хэлсэн. Л С- нь н.И-ийн найз бөгөөд н.И- нь Ховд аймгийн Цэцэг суман дахь вольфрамын нөхөн сэргээлт явуулах ажилд гүйцэтгэгчээр ажиллаж байсан. н.И-т тухайн ажлыг явуулах техник, тоног төхөөрөмж байхгүй учир Ш.С-аас тоног төхөөрөмж түрээслэн Ховд аймагт очсон ч хүйтэрч ажил хийх боломжгүй болсон. Гэсэн ч түрээсийн төлбөр хуримтлагдсаар байсан ба түрээсийн төлбөрөө төлөхийн тулд н.Сергей нь 47 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх замаар зээлийн барьцаанд тавихаар тохиролцсон. Ингээд орон сууцыг Ш.С-ын ээж Ц.Б-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж Голомт банк ХК-наас зээл авахуулан түрээсийн төлбөрөө төлсөн байдаг.

Л С- нь А-д орон сууцаа худалдсан ба өнөөдрийг хүртэл тэнд М- К А амьдарч байгаа. Харин Ш.С-, Ц.Б- нар уг орон сууцанд амьдарч байгаагүй, орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр авч, зээл авч өгсөн. Тухайн зээлийг н.С төлөх байсан ч төлөөгүй учир шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн.

Энэ талаархи баримт хэрэгт хангалттай бүрдсэн байхад шүүхээс хариуцагч нараас 78,857,750 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч орон сууцаа өөр хүнд худалдаж урьдчилгаа төлбөрөө авсантай хэн ч маргадаггүй. Шүүхийн шийдвэрээр хариуцагч нарт төлбөр төлөх үүрэг үүсэх нь нэхэмжлэгч өөрөө байрны урьдчилгаанд авсан 80,0 сая төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжих болно. Иймд хариуцагч Ш.С-, Ц.Б- нараас 78,857,750 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй шийдвэр тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч нарын давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй бөгөөд давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Израйль улсын иргэнL S- /Л С-/ нь хариуцагч Ш.С-, Ц.Б- нарт холбогдуулан шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч нарын бусдад төлөх 78,857,750 төгрөгийн өр төлбөрийг тэдгээрийн өмнөөс шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлсөн тул гаргуулах, мөн хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг орон сууцаа хөлслүүлж орох байсан орлогоор тооцож 54,000,000 төгрөг, өмгөөллийн хөлс 14,410,000 төгрөг, нийт 147,267,750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Нэхэмжлэгч Л С- нь 2017 оны 12 сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээгээр АААА хаягтай 3 өрөө орон сууцыг хариуцагч Ц.Б-ын өмчлөлд шилжүүлсэн байх ба уг хэлцлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 04-ний өдрийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 сарын 09-ний өдрийн магадлалаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Л С-г тогтоож, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

3.2. Мөн хариуцагч нар уг орон сууцыг барьцаалж Голомт банк ХК-наас 90,000,000 төгрөгийн зээл авсан, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Голомт банк ХК- зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрснийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 сарын 10-ны өдрийн захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

4.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дээр дурдсан хоёр шийдвэрийн дагуу явагдах үед хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 77,920,019 төгрөг гаргуулан Голомт банк ХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар албадан дуудлага худалдаагаар орон сууцыг худалдан борлуулах болсон тул уг орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд бодитоор буцаан шилжүүлэх боломжгүй болжээ.

4.2. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын өмнөөс зээлийн гэрээний дагуу төлөх 78,857,750 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлснээр хариуцагч нар нь Голомт банк ХК-д төлөх мөнгөн төлбөрийн үүргээс чөлөөлөгдсөн байна.

4.3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж хариуцагч Ш.С-, Ц.Б- нараас 78,857,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчL S--д олгож шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах шаардлагад хамааруулан дүгнэсэн хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв.

5.1. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлсийг заасан бөгөөд үүнд шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөр орохоор зохицуулжээ. Энэхүү зохицуулалтад маргааны зүйл болсон мөнгөн хөрөнгийг сайн дураар шилжүүлснийг буцаах талаарх асуудал хамааралгүй байна.

Харин нэхэмжлэгч нь хариуцагч нар Голомт банк ХК-ийн өмнө зээл төлөхөөр хүлээсэн 78,857,750 төгрөгийг сайн дураараа төлж, улмаар хариуцагч нар шүүхийн шийдвэр биелүүлэх үүргээс чөлөөлөгджээ. Энэ нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж төлсөн бөөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасантай нийцэж байна.

5.2. Түүнчлэн Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3 дахь хэсэгт хариуцагч нараас хариу шаардлага гаргах эрхтэй байсан, энэ асуудлаар нэхэмжлэгчтэй маргаантай байсан, нэхэмжлэгч нь гаргасан зардлын тухай шаардлагаа хариуцагчид мэдэгдээгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн тайлбарт дурдагдсан иргэн н.И-, Ш.С- нарын хооронд байгуулагдсан тоног төхөөрөмж түрээслэх гэрээний хөлс төлөх үүрэгт маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, зээл авч төлсөн гэх байдал нь хариуцагчаас нэхэмжлэгчид чиглэгдсэн хариу шаардлагад тооцогдохгүй болно.

5.3. Нэхэмжлэгч олох байсан орлого, хохиролд 68,410,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгожээ. Нэхэмжлэгч орон сууцыг хариуцагч нарын эзэмшилд шилжүүлээгүй, хариуцагч нар орон сууцыг эзэмшилдээ байлгаж, ашиглаж байгаагүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн энэ зүйлд зааснаар шаардах шаардлагад хамаарахгүйг дурдах нь зүйтэй.

5.4. Зохигчийн хооронд үүссэн харилцааг үндэслэлгүй хөрөнгөжихөөс үүсэх үүргийн хүрээнд тодорхойлогдох боломжтой тохиолдолд үүргийн эрх зүйн хүрээнд хуулийн дагуу үүрэг үүсэх ерөнхий зохицуулалт болох Иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шаардах эрхийг давхар тодорхойлох шаардлагагүй байжээ.

5.5. Түүнээс гадна зохигчийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирол шаардах эрх энэ маргаанд хамааралгүй байна.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 68,410,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар зохигч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээнэ.

7. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/03121 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг ...493 дугаар зүйлийн 493.1, 493,3... гэснийг 496 дугаар зүйлийн 496.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Ш.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 552,240 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЭНЭБИШ