Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 523

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Улсын яллагч Б.Ганбулган,

Шүүгдэгч Н.Б , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Б ид холбогдох эрүүгийн 1806 05999 1878 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “  байрны жижүүр ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо,  тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Н.Б .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Н.Б  нь 2018 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсгийн задгай тоотод оршин суух иргэн О.Ариунболдын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, хүүхдийн унадаг дугуй 2 ширхэг, гаазан плитк, ус буцалгагч зэрэг эд зүйлсийг хулгайлж, 280,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.

 

             Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч

О.Ариунболдын өгсөн мэдүүлэг /хх-17/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-12/, гэрч Д.Алтансарнайн өгсөн мэдүүлэг /хх-20-21/, “Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-35/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4701 дугаартай дүгнэлт /хх-24-31/, шүүгдэгч Н.Б ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-50/, шүүгдэгч Н.Б ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-52/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

Шүүгдэгч Н.Б  нь 2018 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсгийн задгай тоотод оршин суух иргэн О.Ариунболдын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, хүүхдийн унадаг дугуй 2 ширхэг, гаазан плитк, ус буцалгагч зэрэг эд зүйлсийг хулгайлж, 280,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.              

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Ариунболдын өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байсан байхаа манай гэр бүл Төв аймгийн Батсүмбэр сумаас Хан-Уул дүүрэгт байх гэртээ ирсэн. Гэртээ ирсэний маргааш буюу 7 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн үед манай хажуухан байдаг айлын эхнэр Ариунаа манай эхнэр Байгальмаа руу залгаад “танай гэрт хулгай орсон байна” гэж хэлсэн. Тэгээд Хужирбулан орох замдаа 102 дугаар руу залгаад цагдаа дуудсан. Бид нар цагдааг аваад гэртээ очиход хаалганы цүүг мулт татаад манай гэрийн баруун хойморт байсан зурагтыг аваад буйдан түшүүлээд газар тавьсан байсан. Гэр дотор байсан том хүний унадаг дугуй 1 ширхэг, хүүхдийн унадаг дугуй 1 ширхэг, газын плитка 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Би хулгайд алдсан 2 унадаг дугуйг Солонгос улсаас авч байсан. Хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. 2008 он байсан байхаа 250000 төгрөгөөр, хүүхдийн унадаг дугуйг 2012 онд 150000 төгрөгөөр газын плиткийг 2009 онд 20000 төгрөгөөр худалдаж авч байсан, ус буцалгагчийг сайн мэдэхгүй байна. Яг сайн хэлж мэдэхгүй байна. Ойролцоогоор 420000 мянган төгрөгийн хохирол учирсан. Марк нэрийг сайн мэдэхгүй байна. Том дугуй нь эвхэгддэг дугуй байсан.” /хх-17/ гэх мэдүүлэг,

Мөн түүний дахин хохирогчоор өгсөн: “...Эд зүйлээ буцааж авсан тул гомдол саналгүй.” /хх-76/ гэх хүсэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Алтансарнайгийн өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр манай 2 хүүхэд, нөхөр, бид 4 байж байтал хадам ээж Нэргүй манай гэрт 2 шил Монгол стандарт архи авч ирсэн. Бид 3 нөгөө архиа уугаад согтоод унтсан. Нөхөр бид 2 доод талын дэлгүүр ороод Нийслэл нэртэй 2,5 литрийн пиво 1 ширхэгийг авсан. Тэрийгээ нөхөр бид 2 гэртээ авч ирээд ууж дуусаад би унтах гээд хэвтсэн. Манай нөхөр Н.Б  “бие засна” гээд гарсан. Тэгээд хэсэг байж байгаад 2 унадаг дугуй, 1 газын плитк. 1 ус буцалгагч аваад ирсэн. Би нөхрөөсөө “чи хаанаас аваад ирсэн юм бэ” гэтэл “айлаас аваад ирлээ” гэсэн. Тэгээд маргааш өглөө нь бид нар сэрээд жижиг унадаг дугуй, газын плетка. ус буцалгагч 3-ыг яваад яармаг явсан. Том унадаг дугуй нь өглөө босоход байхгүй байсан. Би нөхрөөсөө асуухад эгчийнхээ дэлгүүрт хүргэсэн гэсэн. Би маргааш өглөө нь сэрээд мэдсэн. тэгээд би нөхрийгөө хулгай хийлээ уурлаад маргасан. Бид 2-г маргахаар нь хадам ээж босоод явсан. Манай нөхөр өмнө нь хулгай хийж байгаагүй.” /хх-20-21/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Б ийн яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 29-ний орой Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 10 дугаар хэсэг задгай тоотод нүүж ирж гэрээ бариад орхиод явсан. Маргааш нь буюу 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн эхнэр Д.Алтансарнайгийн хамт тэнд амьдарч эхэлсэн. Хэд хонгийн дараа буюу 2018 оны 7 дугаар сарын 9-ний орой 17 цагийн орчим байхаа сайн санахгүй байна. Манай хамт ажил хийдэг байсан найз Мөнхбат манайд ирсэн. Мөнхбат ирэхдээ 750 граммын Монгол стандарт нэртэй архи авч ирсэн. Мөнхбат жоохон сууж юм ярьж байгаад автобус зогсохоос өмнө яван гээд 21 цаг өнгөрч байхад гараад явсан. Дараа нь эхнэр бид 2 хоолоо идээд Мөнхбатын авч ирж өгсөн тэр архийг нь хуваагаад уусан. Тэгээд эхнэр бид 2 архи уугаад дуусахад 00 цаг өнгөрч байсан. Би гэрээс гараад урд айлынхаа хашааг давж ороод тооноор нь орох гээд гэр дээр нь гарсан боловч орж чадаагүй, буцаж буугаад хаалган дээр нь очтол хаалга нь цоожтой байсан. Тэгэхээр нь би хашаан дотроос нь том чулуу аваад цоожийг нь цохиж онгойлгоод гэр дотор нь ороод гэрлийг нь асаагаад авчих юм юу байна гээд хартал гэрийн хойморт зурагт байсан зурагтыг нь авах гэтэл даагаагүй хүнд болохоор орхисон. Тэгээд гэрийн баруун хэсэгт байсан том, жижиг 2 ундаг дугуй, газын плитка, ус буцалгагч зэрэг эд зүйлийг аваад гэрлийг нь унтраагаад хаалгыг нь хаагаад гарсан.” /хх-50/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 4701 дугаартай дүгнэлтэд:

1. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 1, 3 гэж дугаарласан гарын мөрүүд нь яллагдагч Н.Б ийн баруун гарын долоовор болон ядам хуруугаар үүссэн байна.” /хх-24-31/ гэх дүгнэлт,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-12/,

“Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-34-35/,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-73-74/,

Шүүгдэгч Н.Б ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-52/ зэрэг болно.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Н.Б  нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Ариунболд, гэрч Д.Алтансарнай нарын мэдүүлгүүд, “Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүгдэгч Н.Б ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Н.Б ийн 2018 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсгийн задгай тоотод оршин суух иргэн О.Ариунболдын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, хүүхдийн унадаг дугуй 2 ширхэг, гаазан плитк, ус буцалгагч зэрэг эд зүйлсийг хулгайлж, 280,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

Шүүгдэгч Н.Б ийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

Хохирогч О.Ариунболд нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Н.Б ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Н.Б ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч Н.Б ийн цагдан хоригдсон 43 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

        Энэ хэрэгтээ шүүгдэгч Н.Б  нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Б ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Н.Б ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Н.Б ид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д заасныг

журамлан Н.Б ийн цагдан хоригдсон 43 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

            5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, Н.Б  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж,

Н.Б ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Б ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС