Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00636

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00636

 

 

 

2024.03.29 210/МА2024/00636

Т б-ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/00023 дугаар шийдвэртэй

Т б-ХК-ийн нэхэмжлэлтэй, О.Ц-, Я.О- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 17,304,235.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батсүх, хариуцагч О.Ц-, хариуцагч нарын өмгөөлөгч А.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Зээлдэгч О.Ц-, Я.О- нар нь 2014 оны 06 сарын 09-ний өдрийн 000- дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн.

1.2. Мөн 2015 оны 01 сарын 23-ны өдрийн 13 дугаартай лизингийн зээлийн гэрээ байгуулж 1,450,000 төгрөгийн лизингийн зээлийг жилийн 20,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар тус тус зээлж авсан. 000-, 13 дугаартай зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг сар бүрийн 10-ны өдөр төлөх үүрэгтэй боловч 2017 оны 04 дүгээр сараас эхлэн тус зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч Т б-ХК-д хохирол учруулаад байна.

1.3. Мөн зээлдэгч О.Ц- нь оршин суугаа газраа өөрчлөн олдохгүй байсан тул эрэн сурвалжлуулах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, 2023 оны 04 сарын 21-ний өдрийн 182/ШШ2023/ 01260 дугаартай шийдвэрээр сүүлд оршин суугаа хаягаар болох Өмнөговь аймгийн цагдаагийн газраар эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 2023 оны 07 сарын 04-ний 423/252 тоотоор зээлдэгч О.Ц-ийг оршин суугаа хаягийг тодорхой болгож, тус цагдаагийн хэлтсээс оршин суух хаягийг тодорхой болгож, эрэн сурвалжилах ажиллагааг зогсоосон тухай албан бичгийг банканд ирүүлсэн.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 30 дугаар зүйлийн 30.1, талуудын хооронд байгуулсан 000-, 13 тус тус дугаартай цалин болон лизингийн зээлийн гэрээ, үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч О.Ц-, Я.О- нар 000-,13 тус тус дугаартай цалин болон лизингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 5,766,496.69 төгрөг, үндсэн хүүний төлбөр 9,961,010.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 1,576,728.07 төгрөг, нийт 17,304,235.17 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч О.Ц-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие Т б-наас 2014 оны 06 сарын 09-ний өдөр 7,000,000 төгрөгийн цалингийн зээл, 2015 оны 01 сарын 23-ны өдөр 1,450,000 төгрөгийн лизингийн зээлийг тус тус авсан. Уг зээлүүдээ тасралтгүй төлж байгаад 2015 оны 06 сараас ажил хийх боломжгүй болоод зээлийнхээ эргэн төлөлтийг тасалдуулсан. Батлан даагч эгч Я.О-гийн хүү н.Батбилгүүн 2015 онд тархины ховдлын хорт хавдар тусч тархины хагалгаанд 2 удаа орж асаргаанд орсон. Эгч ажлаа хийж би дүүгээ харах шаардлагатай болж зээлийн төлөлтөө тасалдуулсан.

2.2. Цалингийн зээлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Лизингийн зээлийг төлнө гэжээ.

3. Хариуцагч Я.О-гийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Би дүү О.Ц-ийн 2014 оны 06 сарын 09-ний өдөр авсан 7,000,000 төгрөгийн зээлийн батлан даагчаар орсон. 2015 онд миний хүү болох О.Батбилгүүн тархины ховдлын хавдар авхуулах мэс засалд орж, өвчин дахиж 2 удаа тархины мэс засалд орсон тул өөрөө ажил эм тарианы мөнгө олох шаардлага гарсан тул дүү О.Ц-иар хүүгээ асран хамгаалуулсан. Иймд дүү зээлийн эргэн төлөлтийг хийж чадаагүй болно гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан О.Ц-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,427,908.90 төгрөгийг гаргуулж Т б-ХК-д олгож, үлдэх 14,876,326.27 төгрөг гаргуулах шаардлага болон хариуцагч Я.О-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,471 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Ц-иас 53,796.54 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т б-ХК-д олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Зээлдэгч О.Ц- нь Т б-тай 2014 оны 06 сарын 09-ний өдөр 000- дугаар цалингийн зээлийн гэрээ байгуулж 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай 7,000,000 төгрөг, 2015 оны 01 сарын 23-ны өдөр 13 дугаар лизингийн зээлийн гэрээ байгуулан 1,450,000 төгрөгийн лизингийн зээлийг жилийн 20.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан.

Уг хоёр зээлийг авахад хариуцагч О.Ц- нь 2014 оны 06 сарын 09-ний өдрийн 000- дугаартай цалингийн зээлд хамтран зээлдэгчээр Я.О- хамт орсон байдаг.

Хариуцагч О.Ц- нь оршин суугаа газраа өөрчлөн олдохгүй байсан бөгөөд шүүхээс эрэн сурвалжлуулж Өмнөговь аймгийн цагдаагийн газраас 2023 оны 07 сарын 04-ний өдөр хаягийг тодорхой болгож эрэн сурвалжлахыг зогсоосон. Манай банкны зүгээс О.Ц-ийг ирж уулз гэхээр ирдэггүй утсаар ярьж хоёр зээлтэй байгааг хэлж хариуцагч О.Ц- Т б-ны Тусгай активын хэлтсийн 105900046379 дугаар дансанд 150,000 төгрөгийг зээл төлөв гэж төлсөн.

Тухайн үед О.Ц- нь цалингийн зээл, лизингийн зээл гэж тодорхой төлөөгүй байдаг ба Бидний шаардсан дагуу дагуу хоёр зээлийн төлбөрт 150,000 төгрөгийг төлсөн бөгөөд манай банк уг мөнгийг аль зээлэнд шилжүүлэх нь дотоод асуудал юм. Гэтэл Чингэлтэй дүүргийн шүүхээс зээлдэгч нар 2014 оны 06 сарын 08-ны өдрийн 000- дугаартай цалин барьцаалсан зээлийн гэрээний үндсэн үүрэгт 1,811,019.17 төгрөгийг буцаан төлсөн ба 2016 оны 09 сарын 13-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй гэж үзэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх дуусан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл тогтооогдохгүй байна гэж үзсэн нь өөрөө үндэслэлгүй байна.

Мөн шүүх нь хариуцагч буюу үндсэн зээлдэгч О.Ц- нь гэрээний үүргийн гүйцэтгэлд 2023 оны 08 сарын 28-ны өдөр 150,000 төгрөг төлсөн байх тул Иргэний хуулийн 79 дугаар зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолох учир нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусан гэж үзэхгүй гэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д хариуцагч О.Ц-ийн нэг зээлийг төлүүлэх үндэслэлтэй гэж үзэн хамтран зээлдэгч хариуцагч Я.О-д холбогдуулан үзэж байгаа нь үндэслэлгүй нэгж үзэж байна. Чингэлтэй дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 25-ны өдрийн 182/ШШШ2023/00023 дугаар шийдвэрийн тогтоох хэсэг нь ойлгомжгүй буюу шүүх нотлох баримтыг судлан шинжлэхдээ /зээлийн гэрээ барьцааны гэрээ/ буруу судлан шинжилсэн гэж үзэж байна.

Мөн ингэж шийдвэрлэхдээ аливаа этгээд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар бусдын хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж болохгүй зарчмыг үл хэрэгссэн. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас үндэслэлгүй хөрөнгөжсөн мөнгөн төлбөрийг буцаан гаргуулах эрх зүйн үндэслэлтэй. Банк нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж зээлийг олгосон байхад зээлдэгч этгээд хариуцлагатайгаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д холбогдох шаардлагад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх арван жилийн ерөнхий хугацаа үйлчлэх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдлийн асуудлыг энэхүү зүйл заалтаар, зээлийн хүүгийн асуудлыг банканд учруулсан хохирол гэж үзэж, олох боломжтой байсан орлого үр шимийг зээлдэгчээс шаардах эрхтэй гэж үзэж байна.

Мөн шүүхийн шийдвэрт энэ талаар дурдаж, хэрэг маргааныг цаашид хэрхэх талаар дүгнэлт хийх ёстой атал энэ талаар дурдаагүй, банкны эрхийг хязгаарлаж, цаашид зээлдэгчээс зээлийн төлбөрийг шаардах эрхийг нээлттэй үлдээгээгүй байгаа нь энэ шийдвэр өөрөө хууль бус болохыг илтгэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхээс хэрэгсгэхгүй болгосон 14,886,326.27 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын хариу тайлбарын агуулга: 150,000 төгрөгийг 2014 оны 06 сарын 09-ний өдрийн 000- дугаартай цалингийн зээлийн төлбөрт суутгасан гэдэг агуулгаар гомдол гаргасан гэж ойлгосон. 2 зээлийн гэрээний хувьд тус тусдаа эргэн төлөлтийн данстай. 2014 оны зээлийн гэрээ нь 21140014559 тоот данстай, 2015 оны зээлийн гэрээ 211400155544 тоот данстай. Хэргийн 26-29 дүгээр талд 2015 оны зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь байгаа. Хамгийн сүүлд 2023 оны 08 сарын 28-ны өдөр 150,000 төгрөгийг 2015 оны 01 сарын 23-ны өдөр байгуулсан гэрээнд төлсөн нь хэрэгт авагдсан баримтаас харагддаг. Хэргийн 30-33 дугаар талд байгаа зээл, хүүгийн тооцооллын хуудаст 2014 оны цалингийн зээлд хамгийн сүүлд 2016 оны 09 сарын 13-ны өдөр 60,000 төгрөг төлсөн болох нь харагддаг. Сүүлийн төлөлтөөс хойш болон зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш тоолсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байдаг. Эрэн сурвалжлуулж байсан утгатай гомдол гаргасан байсан. Хэргийн 23 дугаар талд авагдсан баримтаас харахад анх 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргаж байсан болох нь харагддаг. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Т б-ХК нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,304,235.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч Т б-ХК, хариуцагч О.Ц-, Я.О- нарын хооронд 2014 оны 06 сарын 09-ний өдөр байгуулагдсан цалингийн зээлийн гэрээгээр 7,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн байна.

Мөн нэхэмжлэгч Т б-ХК, хариуцагч О.Ц- нарын хооронд 2015 оны 01 сарын 23-ны өдөр Лизингийн зээлийн гэрээ байгуулагдаж, банк нь 1,450,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4. Зээлдэгч нар нь 2014 оны 06 сарын 09-ний өдрийн 000- дугаартай цалин барьцаалсан зээлийн гэрээний үндсэн үүрэгт 1,811,019.17 төгрөгийг, 2015 оны 01 сарын 23-ны өдөр байгуулсан 13 дугаартай Лизингийн зээлийн гэрээний үүрэгт нийт 1,002,143.76 төгрөгийг тус тус төлсөн талаар талууд маргаагүй.

5. Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 06 сарын 09-ний өдрийн 000- дугаартай цалин барьцаалсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 06 сарын 03-ны өдөр дууссан Үүнээс нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2020 оны 06 сарын 09-ний өдөр дууссан байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2014 оны 06 сарын 09-ний өдөр 000- дугаартай цалин барьцаалсан зээлийн гэрээний үүрэгт 14,876,326.27 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасантай нийцэж байна.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 150,000 төгрөгийг 2014 оны 06 сарын 09-ний өдрийн 000- дугаартай цалин барьцаалсан зээлийн гэрээний зээлд төлсөн гэх агуулгатай гомдол үндэслэлгүй.

Учир нь хэрэгт авагдсан зээл, хүүний тооцооны баримт нь 2015 оны 01 сарын 23-ны өдрийн 1,450,000 төгрөгийн зээлийн тооцоолол байх бөгөөд хариуцагч нь уг зээлийн төлбөрт 2017 оны 04 сарын 06-ны өдөр 150,000 төгрөгийг төлсөн байна. /хх.26-29/

Иймээс тус гэрээний хугацаа хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар тасалдсан гэж үзэж, хариуцагч О.Ц-иас 2,427,908.90 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т б-ХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч О.Ц-иас 2,427,908.90 төгрөгийг гаргуулж Т б-ХК-д олгож, хариуцагч О.Ц-, Я.О- нараас 14,876,326.27 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/00023 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч О.Ц-иас 2,427,908.90 төгрөгийг гаргуулж Т б-ХК-д олгож, хариуцагч О.Ц-, Я.О- нараас 14,876,326.27 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т б-ХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,382 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Э.ЭНЭБИШ