Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/019

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Нарийн бичгийн дарга Ж.Чимиддорж,

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814006870012 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Д.О

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг Есөн-Эрдэнэ захын ард байрлах Жигүүр богд группын Чацарганы үйлдвэрт иргэн З.Мг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Он мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажил дээр байж байхад манай эхнэр З.М ирээд янз янзаар хэлээд байсан, Баярмаа гэдэг хүүхэнтэй хардаад янхнаар нь дуудаад байсан, тэгээд орой хүүхдэд памперс аваад ир гэхээр нь аваад очсон чинь гарч ирэхгүй удаад байсан, нэлээн хүлээсэн, тэгсэн манай эхнэр Баярмаа гэдэг хүүхнийг дагуулаад ирсэн байсан, та хоёрыг цагдаад өгнө гээд өмнөөс шороо чулуу шидсэн би өмнөөс нь гараа далайсан, 2 удаа нүүрэнд нь алгадсан, хийсэн үйлдэлдээ харамсаж байна...Өөр ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 74-76/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч З.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Баярмаагийнд очоод та яагаад гэр бүл үймүүлээд байгаа юм бэ цагдаад хэлнэ шүү гэхэд би айхгүй байна чи цагдаадаа хэл гэж байсан. Тэгээд бид хоёр эмнэлэг дээр ирэхэд манай нөхөр ирчихсэн байхаар нь Баярмааг чинь дагуулаад ирлээ гэсэн чинь намайг нэг цохиж аваад тэгээд би цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 03-04/,

4. Гэрч Ж.Сувдмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...манай охин З.М хоолой, хацар орчим улайчихсан байсан, би тэгээд юу болсон талаар охиноосоо асуухад намайг Д.О ажил дээрээ хоёр удаа алгадаж, хоолой шахсан гэж хэлсэн юунаас болсон талаар асуухад Баярмаа гэдэг хүүхнээс болсон гэж хэлсэн, тэр хүүхэнтэй манай хүргэн Д.О явалдаж жил орчим болж байна, З.Мгийн хацар болон хоолой хэсэг улайсан байсан өөр зүйл ажиглагдаагүй. гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/

5. Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 668 дугаартай дүгнэлт:.....Мгийн биед тархи доргилт хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 09-10/ болон хавтаст хэргийн 90 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Д.Од урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 34-38 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.Он эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 99-100 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг Есөн-Эрдэнэ захын ард байрлах Жигүүр богд группын Чацарганы үйлдвэрт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах эхнэр З.Мг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан бие махбодын хүчирхийлэл болох зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч З.Мгийн мэдүүлэг, гэрч Ж.Сувдмаа нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 668 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Ог “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Д.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Д.Од ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч Д.Он эзэмшлийн LG- маркийн зурагтыг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, дээрх зурагтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу торгуулийн ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Парз овогт Д.Ог гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Парз овогт Д.Ог зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Од оногдуулсан зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох ялыг ялтан Д.Ог шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч Д.О нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.       

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Д.О эзэмшлийн зурагт битүүмжилсэн 2019 оны 01 дугаар сарын 15-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, дээрх зурагтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу торгуулийн ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ