Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00645

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00645

 

 

2024 04 01 210/МА2024/00645

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 24-ний өдрийн 103/ШШ2024/00071 дугаар шийдвэртэй

*******ы нэхэмжлэлтэй, *******т холбогдох

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаварт 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би *******аас 2022 оны 08 сард *******,******* тоотод байх хашаа, байшинг худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 18,000,000 төгрөг төлсөн. Гэтэл уг байшингийн хана битүү цууралттай, чанарын шаардлага хангахгүй байсан тул худалдаж авахаас татгалзсан ба 6,000,000 төгрөгийг буцаан авсан. Харин үлдэх 12,000,000 төгрөгийг хариуцагч нь 2022 оны 09 сарын 30-ны өдөр өгнө гэж тохиролцсон ч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд 3.Отгонбаяраас 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь 2-3 удаа ирж байшинг үзэж, чанар байдалтай нь бүрэн танилцаад мөнгийг шилжүүлсэн. Байшинг сулласны дараа авахаа болилоо гэхэд нь 6,000,000 төгрөгийг өгсөн. Харин байшингаа худалдсаны дараа мөнгийг нь өгөх асуудал яригдсан боловч хэлсэн цаг хугацаанд зарагдаагүй учраас мөнгийг нь буцаан өгөх боломжгүй байгаа. Мөн татгалзлын нэг үндэслэл нь тухайн мөнгө нь нэхэмжлэгчийн данснаас биш өөр данснаас *******ын дансруу шилжүүлсэн учир нэхэмжлэлээс татгалзаж байна. Тухайн үед хана цуурсан гэх яриа болоогүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******аас 12,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******аас 206,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь бусдын данснаас, тухайлбал *******, ******* нарын данснаас хариуцагчийн дансруу шилжүүлсэн мөнгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байхад хариуцагчаас 12,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Мөн шүүх "худалдагч 3.Отгонбаяр нь тухайн эд хөрөнгө доголдолтой байсан гэдэгт маргаагүй хэмээн буруу дүгнэлт хийсэн байна. Худалдах-худалдан авахаар тохиролцсон байшин нь доголдолтой, цууралттай байгаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******, хариуцагч *******т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаварт 12,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоожээ.

 

4. Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзэхэд хариуцагч ******* нь *******,******* тоотод орших газар, хувийн сууцыг нэхэмжлэгч *******д 25,000,000 төгрөгөөр худалдах, ******* уг үнийг төлөхөөр хэлэлцэн тохиролцсоноор талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.

 

5. Худалдагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй бөгөөд талуудын хэлэлцэн тохиролцсон хувийн сууцны хана цууралттай байсан нь нэхэмжлэгч гэрээнээс татгалзах шалтгаан болжээ. Хариуцагч нь байшингийн хана цуураагүй байсан, энэ тухай яригдаагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд баримтаар нотлоогүй байна. Иймд энэ агуулгаар гаргасан хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч хувийн сууцыг худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасны дагуу гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зөв тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсаны үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардсан байхад мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргийг хангуулахтай холбоотой зохицуулалтыг дангаар баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

7. Нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсанаар, хариуцагч, нэхэмжлэгчийн төлсөн 18,000,000 төгрөгийг газар болон хувийн сууцыг худалдан борлуулж 2022 оны 09-р сарын 30-ны өдрийн дотор буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцсон баримтыг 2022 оны 08 сарын 30-ны өдөр үйлдсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээнээс татгалзсаныг илэрхийлэх, хариуцагч гэрээний гүйцэтгэл 18,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүргийг үүсгэжээ.

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлж болох хуулийн зохицуулалттай учир нэхэмжлэгч нь иргэн *******аар дамжуулан 2022 оны 08 сарын 22, 24-ны өдөр 3,000,000 төгрөгийг, иргэн *******аар дамжуулан 2022 оны 08 сарын 26-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус хариуцагчид шилжүүлсэн нь хуульд нийцнэ. Иймээс нэхэмжлэгч бусдын данснаас шилжүүлсэн мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй гэсэн хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

8. Иймд нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаварт, гэрээний дагуу шилжүүлсэн 18,000,000 төгрөгөөс үлдсэн 12,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 гэсний дараа 205 дугаар зүйлийн 205.1 гэж нэмсэн хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 24-ний өдрийн 103/ШШ2024/00071 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1... гэсний дараа 205 дугаар зүйлийн 205.1 гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Э.ЭНЭБИШ