| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 102/2023/05078/И |
| Дугаар | 210/МА2024/00646 |
| Огноо | 2024-04-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2024/00646
| 2024 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 210/МА2024/00646 |
Я.Дүүрэнбаярын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/00027 дугаар шийдвэртэй
Я.Дүүрэнбаярын нэхэмжлэлтэй, Ч.Зоригтбаатарт холбогдох
Toyota Corolla Fielder маркийн 32-53 УБЭ улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах үндсэн, хариуцагчийн 6,958,149 төгрөг гаргуулах сөрөг шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2019 оны 04 сард Ч.Зоригтбаатартай харилцан тохиролцож, 32-53 УБЭ улсын дугаартай Toyota corolla fielder маркийн суудлын автомашиныг 11,042,000 төгрөгөөр худалдаж авсан. Автомашины төлбөрийн урьдчилгаанд 2,000,000 төгрөгийг Ч.Зоригтбаатарт шилжүүлж, үлдэгдэл 9,042,000 төгрөгийг 2020 оны 11 сар хүртэл сар бүр 514,000 төгрөгийг төлж, төлбөрийг төлж дууссанаар автомашины нэрийг шилжүүлэхээр тохирсон.
Тухайн үед автомашин нь Ричкапитал Инвестмент ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан. Би сар бүр Ч.Зоригтбаатарын Хаан банкны дансанд 514,000 төгрөгийг 19 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Гэтэл Ч.Зоригбаатар нь үүргээ биелүүлээгүй бөгөөд автомашины өмчлөх эрхийг Ричкапитал Инвестмент ББСБ ХХК-иас өөрийн нэр дээр шилжүүлж авсан нь Я.Дүүрэнбаярын өмчлөх эрхийг зөрчсөн. Иймд хариуцагч Ч.Зоригтбаатарт 32-53 УБЭ улсын дугаартай, Toyota Corolla Fielder маркийн автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би төрсөн ах Ч.Алтантөртэй хамтран 2018 оны 12 сарын 15-ны өдөр Ричкапитал инвестмент ББСБ ХХК-аас зээлээр Toyota corolla fielder axio маркийн 32-53 УБЭ улсын дугаартай автомашиныг 12,600,000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа 2,520,000 төгрөг төлж, үлдэгдэл 10,080,000 төгрөгийг сарын 3.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлээр авсан. Тус автомашины зээлийг 2019 оны 04 сар хүртэл төлсний дараа өөрийн сургалтын төвд тогоочоор ажилладаг Г.Даваажаргалд итгэн түүний найз Я.Дүүрэнбаярт худалдсан.
Я.Дүүрэнбаяр 2,000,000 төгрөгийн урьдчилгаа өгч, үлдэх мөнгө болох Ричкапитал инвестмент ББСБ ХХК-д төлөх зээлийн үлдэгдэл 9,413,784 төгрөг, зээлийн хүү 4,473,585 төгрөг, нийт 13,887,369 төгрөгийг, сар бүр 514,375 төгрөгөөр 27 сарын хугацаатайгаар төлөхөөр тохиролцсон. Тэрээр 2019 оны 05 сарын 04-ний өдрөөс 2020 оны 10 сарын 07-ны өдрийн хооронд 18 сарын хугацаанд, эхний 3 сарын төлөлтийг 514,100 төгрөгөөр, үлдсэн 15 сарын төлөлтийг 500,000 төгрөгөөр тооцон төлж, нийт 9,042,000 төгрөгийг төлсөн ба үүнээс хойш нэг ч төлөлт хийж ББСБ-ын зээлээ бүрэн төлөөгүй тул автомашиныг нэр дээрээ шилжүүлж авах үндэслэлгүй.
Тээврийн хэрэгслийн 1 жилийн даатгал 258,120 төгрөг, албан татвар 60,409 төгрөг, торгууль 10,809 төгрөг, нийт 6,958,149 төгрөгийг би төлснөөр автомашин миний нэр дээр шилжсэн. Иймд нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Я.Дүүрэнбаяраас Ричкапитал инвестмент ББСБ ХХК-д төлсөн зээл, зээлийн хүү, алданги нийт 6,628,811 төгрөг, тээврийн хэрэгслийн 1 жилийн даатгал 258,120 төгрөг, тээврийн хэрэгслийн албан татвар 60,409 төгрөг, тээврийн хэрэгслийн торгууль 10,809 төгрөг, бүгд нийт 6,958,149 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Бидний хооронд зээлийн гэрээ бичгээр болон амаар байгуулагдаагүй бөгөөд хариуцагчийн хууль зүйн үндэслэлгүй сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Toyota Corolla Fielder маркийн 32-53 УБЭ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч Я.Дүүрэнбаярын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Ч.Зоригтбаатарт даалгаж, нэхэмжлэгч Я.Дүүрэнбаяраас 4,845,396 төгрөг гаргуулан хариуцагч Ч.Зоригтбаатарт олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 2,112,780 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Я.Дүүрэнбаярын төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Ч.Зоригтбаатарын төлсөн 126,280 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 92,476 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Я.Дүүрэнбаяр, хариуцагч Ч.Зоригтбаатар нар 2019 оны 04 сард сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, 32-53 УБЭ улсын дугаартай Toyota Corolla Fielder" маркийн автомашиныг 11,042,000 төгрөгөөр худалдаж авсан. Я.Дүүрэнбаяр гэрээний үүргээ биелүүлж сар бүр Ч.Зоригтбаатарын ХААН банкны 5063040228 тоот дансанд 514,000 төгрөгийг 19 удаа шилжүүлсэн. Гэтэл Ч.Зоригбаатар нь үүргээ биелүүлж автомашины өмчлөх эрхийг шилжүүлэлгүй, "Ричкапитал Инвестмент ББСБ" ХХК-аас шууд өөрийн нэр дээр автомашины шилжүүлж авсан байдаг.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагчаа сонгож Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 6,958,149 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх 2023 оны 10 сарын 03-ны өдрийн 1243 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосон. Дээрх иргэний хэрэгт Я.Дүүрэнбаяр гуравдагч этгээдээр оролцсон байдаг.
Гэтэл анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, сөрөг нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар буюу хариуцагч Ч.Зоригтбаатарын нэхэмжилж буй 6,958,149 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад хуулийг ноцтой зөрчин буруу тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэж, хууль бус шийдвэр гарган нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 1, 2 дахь заалтын зарим хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Я.Дүүрэнбаяр нь хариуцагч Ч.Зоригтбаатарт холбогдуулан Toyota Corolla Fielder маркийн 32-53 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 6,958,149 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар болон тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл зохигч 32-53 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах-худалдан авахаар 2019 оны 04 сард хэлэлцэж, нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрт 2,000,000 төгрөгийг хариуцагчид төлж, үлдэх төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон талаар маргаагүй байна.
Талууд тээврийн хэрэгслийг хэдэн төгрөгөөр худалдах-худалдан авахаар хэлэлцэн тохиролцсон болон худалдан авагч буюу нэхэмжлэгч Я.Дүүрэнбаяр гэрээний үнийг бүрэн төлөх үүргээ эсхүл худалдагч буюу хариуцагч Ч.Зоригтбаатар тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
4. Хариуцагч Ч.Зоригтбаатар маргааны зүйл болсон тээврийн хэрэгслийг 12,600,000 төгрөгөөр худалдан авч, Ричкапитал инвестмент ББСБ ХХК-тай 2018 оны 12 сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 10,080,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээл авч тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийг төлсөн, тус ББСБ-тай байгуулсан фидуцийн гэрээний дагуу 32-53 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж тайлбарлаж, энэ тухай баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргажээ.
5. Хэрэгт хариуцагч Ч.Зоригтбаатар, иргэн Г.Даваажаргал нарын хооронд 2019 оны 04 сарын 03-ны өдөр үйлдсэн баримтаар дээрх 32-53 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 15,887,369 төгрөгөөр худалдан авахаар үнийг тохирч, худалдан авагч нь урьдчилгаа 2,000,000 төгрөгийг төлж, үлдэх 13,887,369 төгрөгийг 2019 оны 05 сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 514,375 төгрөгийг худалдагчид төлөх, тээврийн хэрэгсэл нь ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй учир төлбөрийг төлж дууссанаар өмчлөх эрх шилжихээр талууд тус тус хэлэлцэн тохиролцсон байна.
Энэ талаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 03-ны өдрийн шийдвэр гарч Ч.Зоригтбаатар, Г.Даваажаргал нарын хооронд 32-53 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах-худалдан авахтай холбоотой гэрээний харилцаа үүсээгүй, Ч.Зоригтбаатар нь уг тээврийн хэрэгслийг Я.Дүүрэнбаярт худалдсан нь тогтоогдсоныг дүгнэж, Ч.Зоригтбаатарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул нэхэмжлэгч Я.Дүүрэнбаяр, хариуцагч Ч.Зоригтбаатар нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
6. Зохигч тээврийн хэрэгслийг худалдах-худалдан авах гэрээг амаар хэлэлцэн тохиролцож байгуулсан, гэрээний үнийн талаар хожим маргасан учир гэрээ байгуулах үед бий болсон нөхцөл байдлыг үндэслэн Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн үнийг тодорхойлсон гэж үзнэ. Нэхэмжлэгч 32-53 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг найз Г.Даваажаргалаар дамжуулан хариуцагчаас худалдаж авсныг хариуцагч Ч.Зоригтбаатар, Г.Даваажаргал нар гэрээний үнийг 15,887,369 төгрөг гэж тохиролцсон нөхцөлөөр худалдан авсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Энэ нь талуудыг хэлцэл хийх үед тээврийн хэрэгсэл Ричкапитал инвестмент ББСБ ХХК-ийн зээлийн төлбөрийн үүрэгт тооцогдох нөхцөлөөр нэр шилжсэнийг нэхэмжлэгч мэдэж байсан учир уг зээлийг төлж тээврийн хэрэгслийг худалдан авахыг зөвшөөрч, тус зээлийн гэрээний нөхцөлөөр сар бүр үнийг хэсэгчлэн төлсөн зэрэг баримтаар тогтоогдсон байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээний үнийг 15,887,369 төгрөгөөр бус 11,042,000 төгрөгөөр хэлэлцэн тохиролцсон гэсэн нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.
Иймээс анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэн нэхэмжлэгчээс 4,845,396 төгрөг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Анхан шатны шүүх дээрх үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, худалдах-худалдан авах гэрээний үнэ 15,887,369 төгрөгөөс нэхэмжлэгчийн төлсөн 11,042,000 төгрөгийг хасч, үлдэх 4,845,396 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэлтэй болжээ.
Талууд 32-53 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжихээр худалдан авагчид тохиролцсон нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Гэвч нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн үнийг дутуу төлснийг шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн учир нэхэмжлэгч гэрээний үнийг бүрэн төлсөн гэж үзнэ.
Энэ үндэслэлээр нэхэмжлэгч Я.Дүүрэнбаяр, хариуцагч Ч.Зоригтбаатараас Toyota Corolla Fielder маркийн 32-53 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг гэрчилсэн Тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, хариуцагч өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй байна.
8. Хариуцагч нь тээврийн хэрэгслийн даатгал, татварын, торгуулийн төлбөрийг хохиролд тооцож нэхэмжилсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүйг шүүх зөв дүгнэж, сөрөг нэхэмжлэлээс 2,112,780 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/00027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,476 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Э.ЭНЭБИШ