| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0006/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/003 |
| Огноо | 2018-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга Ж.Чимиддорж,
Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814005750369 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, О.Э
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч О.Э нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны гадаа Д.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч О.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би орой хөдөөгөөс ирээд хадмынхаа гэрт очсон. Манай хадмынх Номгон 1 дүгээр багийн 7 дугаар байран- байдаг юм. Тухайн үед харанхуй байсан юм. Би хадмынхаа орцонд ороход орцонд нүдний шилтэй 1 залуу согтуу зөрж буусан. Би гэртээ орсон чинь эхнэр Бгийн утас дуугараад 1 дуудаад аваагүй 2 дахь удаагаа дуудахаар нь би “хэн залгаад байгаа юм” гэсэн чинь эхнэр надад “Э гээд манай найз байгаа юм” гэхээр нь “аваад яриач” гэсэн чинь “Эхнэр төрсөн хамт караокед оръё гээд байгаа юм ядаргаа ядаргаа аажуу болчихлоо” гэсэн. Тэгээд би утсыг нь аваад яриад нөгөө залуутай нь би утас цаанаас маргасан. Тэгээд би гарахад гадаа машин дотор 3 залуу сууж байсан ба очоод жолооч талаар нь очиход эсрэг талд нь сууж байсан залуу над руу дохис Тэгэхээр нь би тойрч очоод “орой үдшийн цагаар хүн гараад ир гэдэг хүний амьдралыг заадаг чин хэн юм бэ” гээд би тэр залуугийн нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон тэгэхэд нөгөө залуу бууж ирээд надтай барилцаж авсан. Тэгээд би тэврээд хавсран газар унагааж дээрээс нь дарсан Тэгтэл цуг явсан 2 залуу нь гарч ирээд би “За бог гээд салсан. Тэгээд эхнэртэйгээ хамт гэртээ орсон. Намайг тэр залуутай ноцолдож байхад эхнэр гарч ирсэн юм шиг байна лээ яг хэзээ нь гарч ирснийг би мэдээгүй. Тэгээд байж байхад нөгөө залуус явахгүй сигналдаад байхаар нь Дагва ах гараад уулзчих орж ирээд “чамайг дуудаадах гээд байна“ гэхээр нь би гарч “яасан юм” гэхэд Э “чи намайг зүгээр байхад зодлоо машинд суучих ийшээ явъя” гэхээр нь “чи хүн амьдрал заадаг гээ биз дээ би суугүй” гэчхээд буцаад орсон. Тэгээд дахиж гараад байж байсан чинь цагдаа дуудсан байсан...Өөр ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч Д.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Отгоноо, Ц гэдэг 2 найзтайгаа хамт тал шил архи хувааж уучхаад юм ярьж байхад Ц надад “Болороо аймагт ирсэн байна лээ өчигдөр би хамт Шаргалжуут орсон” гэж хэлсэн. ...Тэгээд нөгөө залуу нь гарч ирээд жолооч талаар ирэхээр нь би “нөгөө талаар хүрээд ир” гэсэн. Тэгтэл тэр залуу шууд миний талаар ирээд хаалга онгойлгоод миний нүүр рүү гараараа 1 удаа цохисон.Тэгэхээр нь би дахиад цохиж магадгүй гээд урдаас нь гарч тэврээд авсан. Тэгтэл бид 2-ыг эгчийнх нь нөхөр болон манай найзууд салгасан. Яг хэн хэн байсныг би миний нүдний шил газар уначихсан харанхуй болсон байсан тул ажиглаагүй.Тэгээд бид 2-ыг салгаад тэр залуу буцаж гэр рүүгээ орсон. Би “наад залуу чинь зүгээр байхад нүүр рүү цохичихлоо ш дээ учраа олоод зохицъё уучлал гуйчихвал зүгээр” гэж Болороогийн эгчийн нөхөр гэх Дагва ахад хэлсэн. Тэгтэл Дагва ах ороод нөгөө залууг дагуулж гараад ирсэн. Тэгээд би “чи намайг зохичихлоо уучлалт гуйчихвал учраа олчихъё” гэсэн чинь тэр залуу “би чамаас уучлалт гуйхгүй” гээд намайг хэл амаар доромжилчхоод гэр рүүгээ орчихсон... гэх мэдүүлэг / хх-ийн 19-21/,
4. Гэрч Д.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
… Тэгтэл удалгүй байрнаас нь 1 эрэгтэй хүн гарч ирээд машины жолоочийн хаалгыг онгойлгоод хэн утсаар ярьсан гэтэл ярьсан” гэхэд нөгөө залуу машин тойрч ирээд Д.Эгийн талын хаалгыг онгойлгоод шууд Д.Эгийн нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон. Тэгтэл Д.Эгийн нүдний шил нь арагшаа унасан байсан ба Д.Э буугаад тэр залууг тэврээд авахад байрнаас нь Болороо болон хүргэн ах нь гарч ирсэн. Бид нар тэр 2-ыг салгасан. Тэр 2 дахин зодолдоогүй Д.Э тэр залууг цохиогүй. Д.Э Болороогийн хүргэн ахыг нь бас таньдаг юм билээ. Тэгээд нөгөө залуу нь байр руугаа буцаж орсон. Д.Э хүргэн ахыг нь таньдаг учир нөгөө залууг гаргаж ирээд ярилцъя гэж хэлээд оруулсан. гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/
5. Гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Э нэлээн согтуу байсан. Намайг гэрт ороход араас залгаад орцонд ороод ирчихсэн хаалга нүдэж байсан. Би гэрээс гараагүй гэрт манай ах Дагваа гэж дууддаг Даваасүрэн болон эгч Алтантуяа нар байсан. Тэгж байтал манай нөхөр О.Э гаднаас орж ирсэн. Тэр орж ирэхдээ орцонд Этэй зөрсөн байсан. Тэгээд “энэ юун согтуу залуу хаалга нүдээд зогсож байгаа юм бэ?” гэсэн тэгэхээр нь би “манай найз байгаа юм аа сая уулзчихаад ороод ирсэн юмаа” гэсэн. Тэгтэл Э миний утас руу байн байн залгаад байсан ба би утсаа авахгүй байсан чинь нөхөр миний утсыг аваад дуудлагыг аваад Этэй маргасан. Тэгж байгаад цаанаас гараад ир гэхээр нь манай нөхөр ганцаараа түрүүлээд гараад явсан. Би цонхоор харахад Э манай байрны гадаа машинтайгаа байсан ба манай нөхөр Этэй маргаад Э машин дотроо сууж байсан. тэгтэл Э машинаас бууж ирээд тэр 2 барилцаж авсан. Би тэгэхээр нь гэрээсээ гарч тэр 2-ыг салгалцаад нөхрөө аваад орсон...Түүнээс цохилцож байхыг нь хараагүй.намайг нөхрөө авах гээд гарахад Э манай нөхөр рүү “чи намайг зоддог хэн юм бэ?” гээд орилж байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 26-27/
6. Гэрч Ө.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Тэгтэл орцноос 1 залуу гарч ирээд миний хаалгыг онгойлгосон чинь Э “би дуудсан юм” гэсэн. Тэгтэл машины урдуур тойроод Эгийн хаалгыг онгойлгоод шууд Эгийн нүд рүү нь гараараа нөгөө залуу 1 удаа цохисон. Тэгээд Э гараад нөгөө залууг тэврээд авахаар нь Ц бид 2 буугаад салгасан...Э тэр залууг цохиогүй харин нөгөө залуу Эгийн нүд рүү нь гараараа 1 удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/
7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 609 дугаартай шинжээчийн:
1. Д.Эгийн биед зүүн нүдний алимны доргилт, зовхи, салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 43-44/ болон хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч О.Эий урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 12-16 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч О.Эий эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 67-68 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.
Шүүгдэгч Э О.Э нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны гадаа Д.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Эгийн мэдүүлэг, гэрч Д.Ц, Д.Б, Ө.Отгонбаатар нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 609 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч О.Эийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч О.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч О.Эд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.Эгийн эзэмшлийн Iphone-6 маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч О.Эд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Эд нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Морьтон овогт О.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Морьтон овогт О.Эг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан О.Эд оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялыг ялтан О.Эыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор төлөхөөр тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан О.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэргийн учир шүүгдэгч О.Э нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч О.Эгийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч О.Эд буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ