| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0014/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/025 |
| Огноо | 2019-01-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.12.1., 17.12.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/025
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж,
Улсын яллагч Э.Гантулга,
Хохирогч Б.Ганболд, Б.Ц, Н.Бэ
Шүүгдэгч Д.О, Д.Л, тэдгээрийн өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О, Д.Л нарт холбогдох 1814000000330 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Шүүдэгч, Монгол улсын иргэн, Д.Л
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Д.О,
Үйлдсэн хэргийн талаар:
1. Шүүгдэгч: Д.Л, Д.О нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн нутаг “Хуримт” гэх газарт байх иргэн Н.Бийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт 2018 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 2100000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Д.Л, Д.О нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг Хуримт гэх газраас иргэн Н.Бийн эзэмшлийн 2 тооны адууг 2018 оны 10 дугаар 28-29-нд шилжих шөнө хулгайлж 1000000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Д.Л, Д.О нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн нутаг “Хуримт” гэх газарт байх иргэн Б.Нын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт 2018 оны 10 дугаар сарын 28-29- нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 1218000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Д.Л, Д.О нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн нутаг “Хуримт” гэх газарт байх иргэн Д.Бгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт 2018 оны 10 дугаар сарын 28-29- нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 340000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Д.Л, Д.О нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар багийн нутгаас иргэн Б.Цын эзэмшлийн 4 тооны адууг бэлчээр дээрээс нь 2018 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хулгайлж 2800000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Д.О, Д.Л нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар багийн нутаг Нарийн цохиот гэх газраас иргэн Б.Ганболдын эзэмшлийн олон тооны буюу 23 тооны / Сувай үнээ 9, бяруу 1, шүдлэн 5, гунж 1, хязаалан 2, соёолон 2, нас гүйцсэн эр үхэр 1, эр үхэр 2 / нийт 23 үхрийг 2018 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хулгайлж 9750000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... “Манай гэр Архангай аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг Байцас гэдэг газарт байдаг юм. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн өглөө манай ах Мягмаржав бид хоёрыг хамт байж байхад манай саахалт айлын О манайд хүрээд Мягмаржав ах доошоо явж тугалын хашаа барина гэхээр нь О бид хоёр хамт явъя гээд мотоцикл дээр нь сундлаад хамт явсан. Тэгээд Булган сумын 1 дүгээр багийн нутаг Зураа гэдэг газарт очиж тугалын хашаа барьж байгаад Мягмаржав ах гэртээ харьчхаад ирье гээд явсан. Тэгээд явсан хойгуур нь О бид хоёр тугалын хашааг нь барьж дуусчхаад байж байсан чинь тэр газарт манай адуу бэлчээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь О бид хоёр манай адуунаас хээр, хүрэн зүсмийн нас гүйцсэн морьдыг барьж аваад тэгээд тэр морьдоо зайдан унаад Баянхонгор аймгийн Галуут сумын нэгийн Хангай гэдэг газар луу явж байгаад Галуут сумын нутагт явж байгаад би яг газрынх нь нэрийг нь мэдэхгүй байна, явж байсан чинь аргамжаатай хоёр морь байхаар нь бид хоёр тэнд нь очсон чинь аргамжаатай халиун, сартай халтар зүсмийн хоёр морь аргамжаатай байсан, мөн хажууд нь 2 ширхэг эмээл байж байхаар нь тэр эмээлийг нь тэр аргамжаатай морин дээр нь тохоод өөрсдийнхөө унаж явсан хоёр морийг хөтлөөд, тэр аргамжаатай байсан 2 морийг унаад цаашаа явсан, тэгээд явж байгаад нэг айлын өвөлжөөн дээр нэг гэр байхаар нь очсон чинь тэр гэр нь цоожтой байсан, тэгэхээр нь О бид хоёр тэр гэрийн хаалганы цоожийг нь эвдэж онгойлгоод гэрт нь ороод гэрээс нь нэг эмээл, нэг буу, нэг ширхэг дуран зэргийг нь аваад цаашаа явж байсан чинь нэг өвөлжөө дээр 2 гэр байхаар нь очсон чинь бас л тэр 2 гэр хоёулаа цоожтой байсан. Тэгээд эхний гэрийнх нь хаалганы цоожийг нь эвдэж онгойлгоод гэр дотроос нь мөнгөн тоногтой нэг ширхэг эмээл авсан, тэгээд дараагийнх нь айлын хаалганы цоожийг нь эвдэж онгойлгоод хөөрөг, мөнгөн бүс, тэнзэн ташуур, түрийвч, түрийвчийн дотор нь 5,000 төгрөг байхаар нь тэрийг нь аваад цаашаа явсан. Тэгээд нэг нуруун дээгүүр давсан чинь цаад талд нь хэдэн адуу тааралдахаар нь тэр адуунаас 4 морь барьж аваад аргамжаатай байхад нь авсан хоёр морио тэр адуунд тавьж үлдээгээд тэр адуунаас 4 морь барьж аваад 2 морийг нь нэг нэгээр нь унаад, хоёр хоёр морь хөтлөөд цаашаа нэлээд явж байсан чинь сүрэг үхэр тааралдахаар нь О бид хоёр тэр үхрүүдээс яг тоолоод 21 тооны үхэр ялгаж туугаад Архангай аймгийн Булган сум руу явсан. Тэгээд шөнөжингөө туугаад өглөөгүүр гэртээ очсон. Тэгээд тууж очсон үхрээ манай үхрүүдтэй нийлүүлж орхиод, замаасаа авч очсон 4 морийг гэрээсээ холхон хээр уяад үлдээсэн.-Тэгээд гэртээ очиж хоноод маргааш өглөө нь хээр уяж үлдээсэн 4 морио О бид хоёр хоёулхнаа гаргаж төхөөрөөд манай гэрийн хойхно талд байдаг Гозон гэж нэрлэдэг хүн Архангай аймгийн төв рүү Уаз 469 маркийн машинаар явах гэж байгаа гэхээр нь би очоод мах ачаад цуг явчихъя гэсэн чинь тэг тэг гэсэн. Тэгээд Гозон ахын машинд 4 адууны мах, толгой, ширийг нь ачаад Архангай аймгийн төвд ирээд зах дээр ирээд Гозон ах зах руу юм авах гээд орсон, О бид хоёрыг махаа зарахгүй юу гэсэн, тэгээд бид хоёр тэр зах дээр явж байгаа хүмүүсээс адууны мах авах уу гээд зогсож байсан чинь нэг хүн мах авъя гээд тэр махнуудыг авсан. Махаа тушаагаад 2,100,000 төгрөг авсан. Тэгээд тэр оройдоо Гозон ахын машинаар буцаад гэртээ ирсэн. Мөн үүнээс хэд хоногийн дараа нь Булган сумын Байцас гэдэг газарт байж байгаад нөгөө тууж ирсэн 20 үхрээсээ нэг хөх халзан зүсмийн шүдлэн үхрийг нь гэрийнхээ гадаа О бид хоёрыг нядлаад байж байсан чинь эзэн нь хүрээд ирсэн. О бид хоёр Галуут сумын нутгаас хулгай хийх гэж ирсэн юм, өмнө нь би Галуут суманд ирж байгаагүй ээ. О бид хоёр Архангай аймгийн Булган сумаас 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Галуут суманд ирээд тэр шөнө буюу 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 20:00-22:00 цагийн хооронд аргамжаатай 2 морь, 3 гэрээс эд хулгайлаад тэр шөнөө ууланд хоноод маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 4 тооны морь, 21 тооны үхэр зэргийг нь хулгайлсан. Булган сумаас бид хоёр явахдаа миний эзэмшлийн хээр, хүрэн зүсмийн нас гүйцсэн бүдүүн морьдыг унаж явсан, тэр хоёр морь нь миний эзэмшлийн морь байгаа юм гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 36-37, 113-116, /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Л мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ харамсаж байгаа. Би анх 2 морь барьж унаад Баянхонгор аймгийн Галуут сум руу орж айлын аргамжаатай 2 мориор сольж унаад цааш явж байгаад нэг айлаас эмээл, буу дахиад замд таарсан 2 айлаас эмээл, түрүүвч мөнгөн бүс зэргийг авч яваад хээр хоносон маргааш нь айлын адуунаас 4 адуу, 21 тооны үхрийг тууж явсан. Ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна гэв.
3.Шүүгдэгч Д.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Зах дээрээс Гозон гэдэг хүний машинаас тэр мах авах ченжийн машинд махаа ачаад тэгээд явсан, тэгээд махаа аваачиж дэлгэж үзүүлж зургийг авхуулчхаад эргээд зах дээр ирээд байж байсан чинь зах дотроос Гозон ах гарч ирэхээр нь бид хоёр махаа зарчихсан гээд байж байсан юм. Лгийн ах Алтаншагай гэж хүн байдаг юм, гэхдээ тэр хүн бол энэ үхэр нядлах, адуу нядлах, аймагт мах зарах зэрэгт ерөөсөө хам Л өмнө нь хэлэхдээ манай ах Алтаншагайн найз Алтаншагай яриад байсан, тэр ахынх нь найз Алтаншагай гэдэг нь л тэр үхэр нядалж ирж уулзсан, мөн аймгийн төвд ирээд 4 адууны махаа хашаанд нь аваачиж ченжид үзүүлсэн хашааны эзэн Алтаншагай юм аа. гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 128-130 /
...2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн өглөө би гэрээсээ гарж яваад Архангай аймгийн “Булган” сумын “Байцас” гэдэг газар байдаг Мягмаржав гэдэг айлд очсон чинь тэнд Мягмаржав, Л хоёр хамт байж байсан ба тэгээд Мягмаржав нь явах гэсэн чинь Мягмаржав доошоо явж тугалын хашаа барилаа гэхээр нь Л бид хоёр бид хоёр тэгвэл цуг явчихъя гээд Л бид хоёр Мягмарсүрэнгийн мотоциклийнх нь ар талаар нь сундалж суугаад Булган сумын нутагт байх Хоёр мод гэдэг газарт очоод тэнд Мягмаржавын тугалын хашаанаас нь барилцаж байгаад тэгээд Мягмаржав би гэртээ харьчхаад ирье гээд яваад өгөхөөр нь Л бид хоёр цуг байж байгаад хашаагаа барьж дуусчхаад байж байсан чинь тэр газарт Лгийн адуу хүрээд ирэхээр нь тэр адуунаас нь Лгийн адуунаас 2 морь барьж аваад зайдан унаад Баянхонгор аймгийн Галуут сумын нэгийн Хангай гэдэг газар луу явсан. Тэгээд Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн нутагт явж байгаад эхлээд айлын хоёр аргамжаатай морь байхаар нь бид хоёр тэнд нь очсон чинь хажууд нь хоёр эмээл байсан, тэгээд бид хоёр тэр аргамжаатай морин дээр нь тэр эмээлүүдийг өөрсдийнхөө унаж явсан морийг хөтлөөд явсан. Тэгээд дээшээ өгсөөд явж байгаад өвөлжөөн дээр нэг гэр харагдахаар нь очсон чинь тэр айл эзэнгүй айл байсан, тэгээд Л бид хоёр тэр айлын гэрийн хаалганы цоожийг нь эвдэж ороод гэрээс нь нэг эмээл, дуран, буу, булигааран гөлөм зэргийг аваад, тэгээд цаашаа уулын эх өөд нь явсан чинь уулын аманд хоёр айл байхаар нь бид хоёр очсон чинь тэр хоёр айл нь хоёулаа эзэнгүй айл байсан, тэгэхээр нь Л бид хоёр нэг айлынх нь хаалганы цоожийг нь эвдэж онгойлгоод гэрээс нь мөнгөн тоногтой эмээлийг авсан, тэгээд хажуу талд нь байсан нэг айлынх нь мөн л гэрийн хаалганы цоожийг нь эвдэж гэрт нь ороод 2 авдрын цоожийг нь эвдлээд тэнзэн ташуур, цагаан өнгийн хөөрөг, даалингийн хамт, эмэгтэй хүний мөнгөн бүс, нэг түрийвч авсан, тэр түрийвчид дотор нь 5,000 төгрөг байсан. Тэгээд цаашаагаа яваад ууланд гараад уулын хаданд хоносон. Тэгээд маргааш өглөө нь уулын эхээр цаашаа давсан чинь уулын цаад талд нь 30-аад тооны адуу байхаар нь Л хоёр тэр адууны захаас нь 4 морь барьж аваад аргамжаатай байсан 2 морийг нь суллаад тэр адуунд нийлүүлж тавьчхаад тэр адуунаас барьж авсан морины нэг нэгийг нь унаад, Булган сумаас унаж ирсэн нэг нэг морьтой нийлүүлээд хоёр хоёр морь хөтлөөд цаашаа явсан, тэгээд явж байгаад тохож явсан эмээлээ гөлөм, дөрөө зэргийг нь аваад 2 модыг нь замдаа ууланд асгад хийгээд үлдээчихсэн. Тэгээд цаашаа нуруун дээгүүр яваад орой болоод нар жаргаж байхад нэг уулын эх рүү орсон чинь нэг газарт би газрынх нь нэрийг нь мэдэхгүй байна, тэгээд тэнд сүрэг үхэр байхаар нь захаас нь Л бид хоёр 21 тооны үхэр тууж яваад шөнөжингөө туугаад Эмээлийн даваа гэдэг газарт нэг үхрийнх нь хөл нь доголоод тэнд орхисон. Тэгээд цааш нь 20 үхэр тууж яваад Архангай аймгийн Булган сумын Тусгалт 1 дүгээр багийн нутаг Байцас гэдэг газарт аваачаад үхрүүдийг нь Лгийн аав Дашдондогийн үхрүүдтэй нийлүүлээд орхисон. Харин авч очсон 4 морио Байцас гэдэг газарт Дашдондогийн гэрт нь очихоосоо өмнө нь хээр уяж орхичхоод Лгийн аав Дашдондогийн гэрт нь очсон. Тэгээд тэндээ хоночхоод маргааш нь тэр хээр уясан байсан 4 тооны морийг төхөөрч гаргаад Дашдондогийн архан талд байдаг Гозон гэж дуудаг хүнийг Архангай аймаг руу явах гэж байгаа гэхээр нь Л бид хоёр уулзаад ахаа та Архангай аймаг руу явах гэж байгаа гэхээр нь бид хоёр 4 адууны мах дайгаад явуулъя аа гэсээн чинь тэг тэг гэсэн, тэгээд тэр 4 адууны мах, арьс, толгой зэргийг нь ачаад Архангай аймгийн төвд ирээд Зах дээр аваачиж машинаа зогсоогоод та нар байж байгаад махаа борлуулчихгүй юу гээд өөрөө захаас юм авах гээд орчихсон, тэгээд Л бид хоёр тэндээ махаа хараад байж байсан чинь тэрүүгээр нэг ах явж байхаар нь бид хоёр мах авах уу гэсэн чинь авъя гэсэн, тэгэхээр нь тэр ахад махаа бүгдийг нь нийлүүлээд 1,800,000 төгрөгөөр зараад мөнгийг нь авсан. Тэгээд мөнгийг нь аваад тэр өдрийнхөө оройдоо тэр Гозон гэдэг хүнтэй хамт очсон унаагаараа буцаад Булган сумандаа гэртээ ирсэн. Тэгээд Лгийн гэрт нь хоёр хоноод байж байгаад Галуут сумаас тууж очсон 20 үхрээсээ нэг үхрийг нь Лгийн гэрийн гадаа нядлаад байж байтал эзэн нь хүрээд ирсэн Өөр надад нэмж хэлэх зүйл байхгүй / 2 дугаар хх-ийн 101-106/
6. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ: Анх Д.Лгийн ахынх нь тугалын хашааг барьж байхдаа хулгай хийхээр ярилцаж тохиролцсон. Тэгээд 2 морь барьж унаад Галуут гэх газар руу ороод эхний таарсан айлаас буу, эмээл, гөлөм зэргийг авсан. Цааш явж байтал 2 айл таарахаар нь эхний айлаас нь эмээл, нөгөө айлаас нь хөөрөг, тэнзэн ташуур, мөнгөн бүс зэргийг авсан. Тэгээд уулын эхэнд гарч хоноод маргааш нь 20 тооны адуунаас 2 морь барьж унаад унаж явсан 2 морио үлдээсэн. Цааш явж байтал уулын эхэнд сүрэг үхэр байхаар нь тууж явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
7. Хохирогч Б.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... манайх үхрээ 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үхрээ бэлчээрт нь бэлчээгээд тэгээд орой нь манай үхрүүд гэрийнхээ гадаа ирж хоносон юм. Маргааш өгөө нь буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн өглөө би үхрээ бүртгэж үзээд манай үхрээс 30 тооны үхэр байхгүй болсон байсан, тэгээд би 7 хоног хайж явсаар байгаад Архангай аймгийн Булган сумын Хөх даваа гэх газраас өөрийнхөө үхрүүдийг нэг айлын гадаа байж байхыг нь би харсан, тэгээд би харахдаа уулан дээрээс дурандаад харсан бөгөөд тэгээд цагдаагийн газарт дуудлага өгөөд цагдаагийн хамт тэр айлд нь очиход тэр айлын гадаа манай Хөх халзан зүсмийн үхрийн шир байж байсан, тэгээд би өөрийнхөө үхрийн ширийг таниад энэ манай үхэр байна, би үхэр алдчихаад явж байна, миний алдсан үхэр танай дээд аманд чинь байна гэж хэлсэн чинь Л гэдэг залуу нь байж байсан ба тэр Л нь би туугаад ирсэн гэж хэлж байсан. Манайх нийтдээ 109 тооны үхэртэй, үүнээс яг тэр хулгайд алдах үед том жижиг нийлсэн 109 тооны үхэр хулгайд алдсан, тэгээд үхрийнхээ араас нь хайж явж байгаад Архангай аймгийн Булган сумын нутаг Эмээлийн давааны ёроолоос буурал тарлан зүсмийн гунжин үнээ нь хөл нь гэмтчихсэн байж байсан, тэгээд цаашаа явсаар байгаад үхрүүдээ олсон. Дараа нь хайсаар байгаад би гэрийнхээ ойролцоогоос 7 тооны үхрээ олсон, за ингээд 30 үхрээс 7 үхрээ олсон, Лгийн гэрийн гаднаас 19 тооны үхрээ хүлээж авсан, 1 үхрийг нь Лгийн гэрийн гядаа нядалсан байсан, замд 1 үхэр байсан. Эхлээд бол манай үхрээс яг 30 тооны үхэр дутсан, би эхлээд 30 үхэр алдчихлаа гэж бодоод байсан чинь дараа нь үхэр бэлчээсэн газрынхаа ойролцоогоос 7 үхрээ олсон, тэгээд 30-үхрээс 7 үхрийг нь хасахаар 23 үхэр үлдэж байна, би Лгийн гэрийн гаднаас дурангаар эхлээд тоолж үзэхэд 22 үхэр байх шиг байсан, тэгээд маргааш нь би үхэр дээрээ очиход 19 үхэр байж байсан, гэхдээ би андуурсан байж магадгүй ээ, нэг үхрийг нь Л гэртээ нядалсан байсан. Тодруулж хэлбэл 30 үхэр алга байсан, үүнээс 7 үхрийг нь би хулгайд алдаагүй малын бэлчээр дээрээс олсон, 1 үхрийг замаасаа олсон, 19 тооны үхэр хүлээж авсан, 1 үхрийг Лгийн гэрийн гадаа нядалсан байсан, тэгэхээр ингээд нийтдээ 30 үхрээс 2 тооны үхэр сох дутаж байна. Би малын бэлчээрийн орчмоос олсон 7 тооны үхрийг бол би Л, О нарыг хулгайлаагүй байх л гэж бодож байна. Тэгэхээр Л, О нар бол манай 23 тооны үхрийг л хулгайлж явсан болж таарч байна. Би одоо 3 үхрийн үнийг нэхэмжилж байна, энэ үнэ нь 2 шүдлэнгийн үнэ 500,000 төгрөг, гунжин үнээний төлбөр 300,000 төгрөг зэргийг нэхэмжилнэ, үхрүүдийн үнэлгээ тогтоолгож дүгнэлт гаргуулахад 150,000 төгрөг төлсөн, үхрээ хайхад 500,000 төгрөгийн зардал гарсан байгаа, мөн хөдөөгөөс Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгөх гэж 2 удаа ирсэн, энэ зардалд эхлээд би өөрийнхөө машинд 200,000 төгрөгийн түлш хийж ирсэн, сая ирэхдээ бол 40,000 төгрөгийн зардал төлөөд нийтийн тээврийн унаагаар ирсэн байгаа. Ингээд би нийтдээ 1,190,000 төгрөг нэхэмжилж байна. Би үүн дээр үхрээ хайж 7 хоног явах хугацаандаа миний эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикл мотор нь зуурч эвдэрсэн би энэ мотоциклийг төлүүлж авмаар байна. Би энэ мотоциклийг 2018 оны 09 дүгээр сард 1,900,000 төгрөгөөр авч байсан би энэ мотоциклоо бас төлүүлж авмаар байна гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 69-72 /
8. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ганболд мэдүүлэхдээ: Үхрээ бэлчээрт нь бэлчээгээд маргааш нь үхрээ бүртгэхэд 30 үхэр дутуу байсан. Үхрээ хайж яваад Архангай аймгийн Булган сумын Хөх даваа гэх газраас 19 тооны үхрийг олсон. Мөн тэр хавиар явж байгаад 7 үхрээ олсон. Нийтдээ 23 тооны үхэр алдсан, Одоо хохирлоо төлүүлж авсан учир гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
9. Хохирогч Б.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...Манай гэр Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар багийн нутагт “Шар хөндий” гэдэг газарт байдаг юм. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өглөө нь манайх адуугаа бэлчээгээд орой 20:00 цагийн үед манай адуу хүрээд ирсэн. Тэр шөнө адуугаа бүртгээгүй, маргааш өглөө нь би адуугаа бүртгэсэн чинь манай адуунаас нэг нь сартай, нэг нь саргүй хоёр халтар морь, халиун морь, шар хээр зүсмийн 4 тооны морь алга болсон байсан ба манай адуунд бор халиун зүсмийн морь нийлчихсэн байсан. Тэгээд би 4 морио тэр хавиар хайгаад олоогүй ээ. Тэгээд Галуут сумын Бэ гэдэг хүн 2 тооны морь алдсан гэж сураг сонсоод би Бийн авгайгаас нь ямар ямар морь алдсан бэ гэсэн чинь сартай халтар морь, бага халиун зүсмийн 2 морь алдсан гэсэн, тэгээд тэрний нэг морь нь манай адуунд нийлсэн халиун морь мөн байх гэж би бодож байсан ба Бэ гэх хүний эхнэрт нь манай адуунд нэг морь чинь нийлсэн байна, харин манай адуунаас 4 тооны морь алга болсон байна гэж хэлсэн юм. Тэгээд би Архангай аймгийн Их тамирын эх рүү мотоциклоор давж явж хайгаад ерөөсөө олоогүй, тэгээд адуугаа хайж явж байгаад Архангай аймгийн Галуут сум, Архангай аймгийн нутаг Их Цохиотын даваа гэдэг газраас манай адууны мөр байхаар нь араас нь дагаад яваад байсан чинь уг мөр нь олон тооны үхэр туусан, 4 морины мөр байсан, тэгээд мөрийг нь дагаж явахад Архангай аймгийн Их тамир сумын Замын даваагаар даваад, Эмээлийн даваагаар даваад, Булган сумын Хөх даваа гэдэг газарт очсон чинь нэг айлын гадаа 20 гаруй орчим тооны үхэр айлын гадаа хэвтэж байсан, тэгээд байж байгаад тэр өдрийнхөө орой нь тэр айлынх нь гадаа нь очиход хөх халзан зүсмийн үхрийг нядалчихсан байсан. Тэгээд би энэ талаар цагдаагийн газарт мэдэгдсэн юм... Л, О нараас 3,800,000 төгрөг нэхэмжилж байна. Мөн би алдсан малаа үнэлгээний компаниар үнэлүүлэхэд 50,000 төгрөг өөрөө төлсөн, энэ нэмэгдээд 3,850,000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 3-6/
10. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ц мэдүүлэхдээ:Би 4 тооны морь алдсан. Тэгээд мөрийг нь дагаж яваад морьдоо олсон.Би эрж хайсны зардлаа нөхөн төлүүлсэн цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
11. Хохирогч Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... 2018 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Галуут сумын 1 дүгээр багт байх гэрт хулгай орж 3 ширхэг эмээл, буу, гөлөм, сур, 2 нүдний дуран, чөдөр, ногт, аргамжаатай байсан 2 морь зэрэг эд зүйл алдагдсан байсан.. Би хохиролд 1300000 төгрөг нэхэмжилж байна. гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 86-92 /
12. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Бэ мэдүүлэхдээ: Би 2 морь, 2 эмээлийн хамт алдсан. Сумынхаа цагдаа нартай хамт хайж явтал танай гэрт хулгай орсон байна гээд гэртээ иртэл эмээл, гөлөм, буу, 2 нүдний дуран зэргийг авсан байсан. Тэгээд хайж яваад үхэр, адуугаа алдсан хүмүүстэй таарсан. Одоогоор миний 3 эмээл, морины мөнгө гэж 800.000 төгрөг өгсөн. Би 1.200.000 төгрөг нэхэмжилсэн. Одоо бензин шатахууны мөнгө 300.000 төгрөгийг төлж өгсөн тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.
13. Хохирогч Б.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... 2018 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Галуут сумын 1 дүгээр-багт байх гэрт хулгай орж мөнгөн хэрэглэлтэй эмээл, 5 литр монгол архи зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би эмээлээ бүрэн бүтэн авч бусад эд зүйлийн үнийг гаргуулан авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28-31/
14. Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... 2018 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Галуут сумын 1 дүгээр багт байх гэрт хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Би хохирлоо бүрэн төлүүлж авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 164-167/
15. Гэрч Д.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Манай гэр Архангай аймгийн Булган сумын Тусгалт 1 дүгээр багийн нутаг “Хөх давааны улаан даваа” гэдэг газарт байдаг юм. Би тэр газартаа мал маллаж амьдардаг юм. Тэгсэн чинь 2018 оны 11 дүгээр сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг нь би санахгүй байна, намайг гэртээ байж байсан чинь манай саахалт айлын Л гэдэг залуу над руу утсаар яриад Гозон ахаа та ойрдоо завтай юу, ийш тийшээ явах уу гэхээр нь би ах нь гурил будаагүй болчихлоо маргааш Архангай аймаг яваад ирдэг юм билүү гэсэн чинь тэр Л та юугаар явах юм бэ гэхээр нь би өөрийнхөө машинаар явна гэсэн чинь зайтай юу гэхээр нь би зайтай зайтай яах нуу гэсэн чинь манайх 2-3 мал гаргаад аймаг явах гэсэн чинь унаа олдохгүй байна гэхээр нь машин зайтай зайтай яах вэ бензин маслог нь хийгээд өгчихгүй юу гэсэн, тэгсэн чинь Л тэгье ээ тэгье ээ хэдэд бензин хийх вэ гэхээр нь би 70,000 төгрөгт бензин хийчих гэсэн. Тэгээд маргааш өглөө нь би эхнэр хүүхдүүддээ үхрээ хурааж өгчхөөд би Лгийн гэрт нь машинаараа очсон чинь гэрт нь Л, О нар байж байсан, бас нэг хөл муутай Шагай гэдэг хүн байж байсан, өөр хүн байгаагүй ээ. Тэгээд Л, О хоёр яг гэрийнхээ гаднаас миний машинд мах ачаад байсан, би яг хэдэн тооны малын мах ачсаныг нь би мэдээгүй, тэгээд Л, О хоёр аччихлаа ахаа гэхээр нь би за гээд тэгээд О, Л бид гурав хамт тэднийхээс шууд Архангай аймгийн төв рүү яваад Архангай аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг Захын урд талын автомашины зогсоол дээр очиж зогсоод би юмаа авах гээд зах руу орсон, орохдоо би О, Л хоёрт та хоёр махаа зарна биз гэж хэлээд машин дээрээ орхичхоод би зах руу хүнсний зүйл худалдаж авах гээд орсон. Тэгээд захаар явж авах юмаа авчхаад 2 цаг орчим болоод эргээд машин дээрээ ирсэн чинь О, Л хоёр махаа зарчихсан гээд бай байсан, тэгээд бид гурав аймгийн төвөөс хөдөө гэрүүгээ гурвуулаа хамт явсан юм. гэх мэдүүлэг /хх-ийн 9-13/
16. Гэрч Д.Мягмаржавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
...Манай гэр Архангай аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг “Байцас” гэдэг газар байдаг юм. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 28- ний өдрийн өглөө Л бид хоёр гэртээ байж байсан чинь өглөөгүүр манай гэрт О хүрээд ирсэн тэгээд би тугалын хашаа барих гээд явах гэсэн чинь Л, О хоёр хамт явъя гэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэсэн чинь тэр хоёр зүгээр гэхээр нь би тэгээд зүгээр юм бол би лай лай гэсэн чинь тэр хоёр тэгвэл хамт яваад тугалын хашаа барилцъя гэсэн тэгээд миний мотоциклоор бид гурав сундалж яваад манай өвөлжөө байдаг газар буюу Зураа гэдэг газарт очоод тугалын хашаа барьж байгаад би гэрүүгээ очих ажил гарчхаад би гэртээ оччихоод ирье гэсэн чинь Л, О хоёр тэг тэг гэсэн. Тэгээд би мотоциклоороо гэртээ оччихоод жаахан байж байгаад эргээд тугалын хашаан дээрээ ирсэн чинь тэр алга байсан, тэгээд би тэр хоёрыг байхгүй байхаар нь би эргээд гэрүүгээ явсан. Тэгээд тэрнээс хойш би Архангай аймгийн Булган сум руу явж паспортоо сунгуулах гэж яваад ирээд үхрийн хашаа бариад 2-3 хоносон, би тэр үедээ О, Л хоёрыг “Байцас” гэдэг газарт отрын гэр дээр байгаа байхаа л гэж би бодож байсан. Тэр тугалын хашаа барьсан газар нь Хөх давааны амны дээд Зураа гэдэг газар байгаа юм, тэр газарт тэр хоёр надаар зүгээр хүргүүлээгүй, намайг тэнд очиж тугалын хашаа барина гэсэн чинь л цуг явъя гэсэн юм. Тэр тугалын хашаа барих газар луу явахдаа тэр хоёр миний мотоцикл дээр гурвалж сундалж суугаад явсан бөгөөд тэр газартаа намайг явахад ямар нэгэн унаагүй үлдсэн юм. гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 79-81/
17. Гэрч Н.Алтаншагайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
...Би Д.О, Д.Л нарын гэрт 2018 оны 11 дүгээр сарын эхээр очсон О Л нарын аав Дашдондов ахынх өвөлжөөндөө буусан байсан Харин О, Л нар малтай отроор жаахан зайдуухан буусан байсан. Намайг очиход Д.О. Л 2 отроор аавынхаа өвөлжөөнөөс 8-9 км зайтай газар буучихсан байсан Би Д О Л нарын аав болох Дашдондог ахтай өвөлжөө дээр нь хашаа хороог нь засаж сэлбээд хэд хоноод ирсэн юм. Дашдондог ахынх өвөлжөөн дээрээ буучихсан байсан Тэр2 өвөлжөөн дээрээ л лав адуу мал авчирч нядлаагүй. гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/
18. Гэрч Д.Дорждагвын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
...Л, О нарын ээж нь миний төрсөн дүү байгаа юм. Л нь зан байдлын хувьд хөөрхөн ааштай, хөнгөн зантай, даруухан, үг дуу цөөтэй, ажилсаг, ажилд сайн, аав ээж нь ажилд сайн сургасан, архи тамхи хэрэглэдэггүй хүн байгаа юм. Харин О нь их л сүр пар хийсэн зантай, хөнгөмсөг, ээж аав, байдаггүй, ээж нь барсан, О өөрөө бол ах эгч нарынхаараа л байдаг, айлын хамгийн бага хүүхэд байгаа юм. Архи тамхи хэрэглэдэггүй, даруухан зантай, ажилч хүн байгаа юм. гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 160-161/
19. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 311 дугаарт шинжээчийн
1. Эмээл 6-н ширхэг мөнгөн товруутай хуучны монгол эмээл 1 ширхэг 1200.000 төгрөг
2. Шимийн архи 5-н литр нэг литр нь 2000 төгрөг
3. Цоож 1 ширхэг 5000 төгрөг
4. Цоож 1 ширхэг 3000 төгрөг
эд зүйлсийн нийт үнэлгээ 1218.000 /нэг сая хоёр зуун арван найман мянган төгрөг/ гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 34-35/
20. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 313 дугаарт шинжээчийн
1.Калибр буу 1 ширхэг 300.000 төгрөг
2.Эмээл 3 ширхэг нэг бүр нь 100.000 төгрөг
3.Цоож 1 ширхэг 2000 төгрөг
4. Дуран 1 ширхэг 150.000 төгрөг
5. Эмээлийн гөлөм 1 хос 200.000 төгрөг
6. Аргамжаа 2 ширхэг нэг бүрийн үнэ 5000 төгрөг
7. Чөдөр 1 ширхэг 4000 төгрөг
8. Ременин ногт 2 ширхэг нэг бүрийн үнэ 3000 төгрөг
9. Эмээлийн гөлөм нэг ширхэг 15000 төгрөг
10.Суран хазаар 1 ширхэг 15000 төгрөг
11.Гангийн суран хазаар 1 ширхэг 60000 төгрөг
12.Пойлууран эмээлийн баавар даруулга 10-н ширхэг нэг бүр нь 2000 төгрөг
13.Нас гүйцсэн морь 2 толгой нэг бүрийн үнэ 500.000 төгрөг
эд зүйлсийн нийт үнэлгээ 2100.000 / хоёр сая нэг зуун мянган төгрөг/ гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 99-100/
21. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 312 дугаарт шинжээчийн
1. Шинэ цагийн цагаан өнгийн хөөрөг дайлан 1 ширхэг 50.000 төгрөг
2. Дэнзэн ташуур 1 ширхэг 70.000 төгрөг
3. Мөнгөн бүс нэг ширхэг 150.000 төгрөг
4. Ширэн түрүүвч нэг ширхэг 20.000 төгрөг
5. Гэрийн модон хаалга хуучин нэг ширхэг 50.000 төгрөг
эд зүйлсийн нийт үнэлгээ 340.000 / гурван зуун дөчин мянган төгрөг/ гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 170-171/
22. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 326 дугаарт шинжээчийн
1. Нас гүйцсэн бүдүүн морь 2 толгой нэг бүрийн үнэ 500,000 төгрөг
эд зүйлсийн нийт үнэлгээ 1000.000 нэг сая төгрөг/ гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 177-178/
23. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 309 дугаарт шинжээчийн
1. 8-ийн тоон тамгатай 2 хос халтар, шар хээр, Цагаан халиун зүсмийн, нас гүйцсэн, бүдүүн уналга ачлага даах чадвартай, номхон морьд 4-н ширхэг, нэг бүрийн үнэ 700.000 төгрөг нийт 2800.000 төгрөг гэх дүгнэлт: /хх-ийн 23-24/
24. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 310 дугаарт шинжээчийн
1. Сарлагийн үнээ 9-н толгой нэг бүрийн үнэ 500.000 төгрөг
2. Сарлагийн бяруу 1 толгой нэг бүрийн үнэ150.000 төгрөг
3. Сарлагийн шүдлэн 5-н толгой нэг бүрийн үнэ 250.000 төгрөг
4. Сарлагийн Гунжин үхэр 1 толгой 300.000 төгрөг
5. Сарлагийн хязаалан 2-н толгой нэг бүрийн үнэ 400.000 төгрөг
6. Сарлагийн соёолон үхэр 2 толгой нэг бүрийн үнэ 500.000 төгрөг
7. Сарлагийн нас гүйцсэн гуна үхэр 550.000 төгрөг
8. Сарлагийн нас гүйцсэн 2 толгой 600.000 төгрөг
Эзэмшлийн эд зүйлсийн нийт үнэлгээ 9.750.000 есөн сая долоон зуун тавин мянган/ төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 85-86/ болон 1 дүгээр хавтаст хэргийн 12-25 дугаар хуудсанд авагдсан 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 589 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, 1 дүгээр хавтаст хэргийн 72-76 дугаар хуудсанд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 152-155 дугаар хуудсанд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,1 дүгээр хавтаст хэргийн 135-136 дугаар хуудсанд авагдсан эрүүгийн хэрэг үүсгэх тухай прокурорын тогтоол,1 дүгээр хавтаст хэргийн 141-142 дугаар хуудсанд авагдсан эрүүгийн хэрэг үүсгэх тухай прокурорын тогтоол, 1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дугаар хуудсанд авагдсан эрүүгийн хэрэг үүсгэх тухай прокурорын тогтоол, 1 дүгээр хавтаст хэргийн 235-236 дугаар хуудсанд авагдсан эрүүгийн хэрэг үүсгэх тухай прокурорын тогтоол, 1 дүгээр хавтаст хэргийн 214 дугаар хуудсанд авагдсан багийн Засаг даргын тодорхойлолт, 2 дугаар хавтаст хэргийн 39-44 дүгээр хуудсанд авагдсан эрүүгийн хэрэг үүсгэх тухай прокурорын тогтоол, 2 дугаар хавтаст хэргийн 46-47 дугаар хуудсанд авагдсан эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол, зэрэг нотлох баримт мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч шинээр 3 хуудас нотлох баримт зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Л, Д.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Л, Д.О нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 28-с 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн иргэн Н.Бийн хүн байнга амьдрах зориулалтай гэрт хүч хэрэглэхгүйгээр,нууцаар хууль бусаар нэвтэрч 2.100.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,
Мөн шүүгдэгч Д.Л, Д.О нар нь бүлэглэн иргэн Н.Бийн 2 тооны адууг хулгайлж 1000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Д.Л, Д.О нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 28-с 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн иргэн Б.Нын хүн байнга амьдрах зориулалтай гэрт хүч хэрэглэхгүйгээр,нууцаар хууль бусаар нэвтэрч 1.218.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Д.Л, Д.О нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 28-с 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн иргэн Д.Бгийн хүн байнга амьдрах зориулалтай гэрт хүч хэрэглэхгүйгээр,нууцаар хууль бусаар нэвтэрч 340.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Д.Л, Д.О нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 28-с 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар багийн иргэн Б.Цын 4 тооны адууг хулгайлж 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Д.Л, Д.О нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 28-с 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар багийн иргэн Б.Ганболдын 23 тооны үхрийг хулгайлж 9.750.000 төгрөгийн, нийт арван долоон сая хоёр зуун найман мянган / 17.208.000 / төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Н.Бэ, Б.Н, Д.Б, Б.Ц, Б.Ганболд, гэрч Д.Гантулга, Д.Мягмаржав, үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн 309, 310, 311, 312, 313, 326 дугаартай шинжээчийн дүгнэлт, үхрийн ширийг хураан авсан прокурорын 471 дугаартай тогтоол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Д.Л, Д.Оыг нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч гэмт хэргийг үйлдсэн, мөн бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн, мөн бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргүүдийн шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Д.Л, Д.О нарт эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэг гэм буруу эрүүгийн хариуцлага гэсэн хоёр шаттай явагдсан бөгөөд шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар мэтгэлцээгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч хохирлын талаар мэтгэлцэх байр суурьтай оролцсон бөгөөд хохирогч Н.Бэ, Б.Ц, Б.Ганболд нар нь эрж хайсны зардал, хохирогч Б.Ганболд нь хоёр тооны үхэр болон эрж хайсны зардал зэргийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нар 10 минутын завсарлага авч завсарлага дууссаны дараа хохирогч Н.Бэ, Б.Ц, Ганболд нар нь хохирлоо бүрэн төлүүлж авсан талаар бичгээр тайлбар гаргаж, мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, бусад хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлөгдсөн талаар мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Д.Л, Д.О нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Д.Л, Д.О нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.Лгийн эзэмшлийн уналга хоёр морь буюу түүний үнэ нэг сая / 1000.000 / төгрөгийг хувь тэнцүүлэн, шүүгдэгч нараас тус бүр таван зуун мянган / 500000 / төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Д.Лгийн эзэмшлийн нэг тооны шүдлэн үхрийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн, шүүгдэгч Д.Оын эзэмшлийн нэг тооны сувай үнээг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож дээрх шүдлэн үхэр, сувай үнээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Д.Л, Д.О нарт тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар үхрийн ширийг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг ширийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч Д.Л, Д.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Д.Л, Д.О нарын гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Л, Д.О нарын энэ хэргийн учир арван нэг хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцов.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулах ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Л, Д.О нарыг тус бүр хоёр / 02 / жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгаж, шүүгдэгч Д.Л, Д.О нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон Намжил овогт Д.Л, Монгол Чойжил овогт Д.О нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Боржигон Намжил овогт Д.Л, Монгол Чойжил овогт Д.О нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Боржигон Намжил овогт Д.Л, Монгол Чойжил овогт Д.О нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Боржигон Намжил овогт Д.Л, Монгол Чойжил овогт Д.О нарыг тус бүр хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон Намжил овогт Д.Л, Монгол Чойжил овогт Д.О нарыг тус бүр зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Боржигон Намжил овогт Д.Л, Монгол Чойжил овогт Д.О нарыг хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан Д.Л, Д.О нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан хоёр / 02 / жилийн хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан хоёр / 02 / жилийн хорих ялд нэмж тус бүр дөрвөн / 04 / жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүр зургаан / 06 / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг өмнө нь нэмсэн тус бүр дөрвөн / 04 / жилийн хорих ялд нэмж нэгтгэн ялтан Д.Л, Д.О нарын нийт эдлэх ялыг дөрвөн жил зургаан / 04 жил 06 сар / сарын хугацаагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ялтан Д.Л, Д.О нарт тус бүр дөрвөн жил зургаан / 04 жил 06 сар / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар ялтан Д.Л, Д.О нарыг тус бүр хоёр / 02 / жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан Д.Л, Д.О нарын энэ хэргийн учир тус бүр цагдан хоригдсон арван нэг / 11 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Шүүгдэгч Д.Л, Д.О нар нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох хоёр морь буюу түүний үнэ нэг сая / 1000.000 / төгрөгийг шүүгдэгч Д.Л, Д.О нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Д.Лгийн эзэмшлийн нэг тооны шүдлэн үхрийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн, шүүгдэгч Д.Оын эзэмшлийн нэг тооны сувай үнээг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож дээрх шүдлэн үхэр, сувай үнээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Д.Л, Д.О нарт тус тус буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар үхрийн ширийг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг ширийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Л, Д.О нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 28-ний өдрөөс эхлэн тоолсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Л, Д.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ