Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/01018/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж,тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** дугаар багт оршин суух Х.Ц*** /РД: ****/-ын хүсэлттэй

Дархан хот дахь Хүнсний комбинатад 1980 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 28 хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Миний бие нь 1980 оны 09 сарын 03-ны өдрөөс Дархан хүнсний комбинатын чихрийн үйлдвэрийн зөөлөн чихрийн тасагт нормчноор орж ажилласан. Дараа нь Дархан хүнсний комбинат нь Хувьцаат компани болон нэр нь өөрчлөгдсөн байна. ажилласан жилээ архивт шүүлгэсэн ажилд орсон тушаал нь байхгүй, гарсан тушаал нь байгаа тул Архиваас авсан лавлагаа ажилаас гарсан тушаалыг харгалзан харгалзан үзэж ажилласан жилийг тодорхойлж өгнө үү?

Иймд архивын лавлагаа тухайн үед үйлдвэрт ажиллаж байсан Н.Д***, З.Ц*** нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

**** регистрийн дугаар бүхий Х.Ц*** нь Дархан хот дахь Хүнсний комбинатад 1980 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгохоорхүсэлт гаргасан байна.

Х.Ц*** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг буюу ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.

Х.Ц***нь Дархан хот дахь Хүнсний комбинатад ажиллаж байсан бөгөөд ажилд орсон тушаал архивт байхгүйгээс тэтгэвэрт гарах эрх үүсэхгүй байна тайлбарлаж ажилласан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байгааг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Х.Ц***нь тухайн үеийн нэрээр Дархан хот дахь Хүнсний комбинатад зөөлөн чихрийн тасаг нормчноор 1980 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь Хүнсний комбинатаас 1980 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр дэхь ажлын тухай мэдээ хэсгийн 01- 1980.09.03 Зөөлөн чихэрийн тасагт номчноор авч ажиллуулав. Дархан хотын хүнсний комбинатын даргын 1980-09-03-ны өдрийн 301-р тушаал, 02- 1994.08.28 Үйлдвэрлэлийн хэмжээ буурч ажилтны тоог цөөрүүлсэн тул орон тооны цомхотголоор ажилаас чөлөөлөв. Комбинатын даргын 1994 оны 7-р сарын 26-ны 71-р тушаал гэсэн бичилт, Дархан хот дахь Хүнсний комбинатын даргын 1981 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Шагналт цалин олгох тухай тушаалын 1-р хавсралтад 150.Х.Ц***319 15 гэсэн бичилт, Дархан хотын хүнсний комбинатын даргын 1994 оны 7 сарын 26-ны өдрийн 71 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хавсралтын 35.Х.Ц***гэсэн бичилт, гэрч З.Цэдэндамбын .. Би тухайн үед Дархан хүнсний комбинатад 1969 оноос 1999 он хүртэл нормчин, нярав зэрэг ажилуудыг хийдэг байсан, Х.Ц***нь 1980 оны 9 сард манай байгууллагад нормчноор ирж байсан, 1994 оны 8 сард цомхотголоор ажилаас гарч байсан гэсэн мэдүүлэг, гэрч Н.Дүнгээгийн ... Би тухайн үед Дархан хүнсний комбинатад 1969 оноос 1998 он хүртэл сантехникч хийдэг байсан, Х.Ц***нь 1980 оны 9 сард манай байгууллагад нормчноор ирж байсан, 1994 оны 8 сард цомхотголоор ажилаас гарч байсан гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд *** регистрийн дугаар бүхий Х.Ц***ыг Дархан хот дахь Хүнсний комбинатад 1980 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *** регистрийн дугаар бүхий Х.Ц***ыг Дархан хот дахь Хүнсний комбинатад 1980 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн 2016 оны06 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банк төрийн сан 190000941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийгтөрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ