Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 214/МА2024/00005

 

 Б.Н*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 132/ШШ2024/00023 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Н*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд холбогдох,

Урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******, Б.Б******* нарын шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******, Б.Б*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г******* нар тус бүр /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Б.Н*******ын нэхэмжлэл болон тайлбарын агуулга: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд отор нүүдлийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгуулах, мөн ажилгүй байсан үеийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр маргаан үүссэн. Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга М******* Х аймаг руу явж ажиллуулна гэсэн тушаал гарснаар маргаан гарсан. 11 дүгээр сарын 22-ны өдөр амьдралынхаа талаар тайлбарыг өгсөн. 11 дүгээр сарын 28-ны өдөр тушаал гаргасан. Энэ тушаал дээр сэлгэн ажиллуулна гэсэн тушаал байсан. Энэ асуудалтай холбоотой заалтуудыг 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр тайлбар гаргаж өгч байсан. Энэ тайлбарыг хүлээж авахгүй ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******, Б.Б******* нар анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/28 дугаартай Н*******ыг сэлгэн ажиллуулах тухай тушаалын хувьд ХХААХҮ-ийн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/339 тоот Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд дотоод аудит хяналт шалгалт хийх тушаал, 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн А/344 дугаартай албан томилолтоор ажиллах тухай тушаал болон Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн А/157 дугаар тушаалын дагуу ХХААХҮЯ-ны дотоод хяналт шинжилгээ, дотоод аудитын газартай хамтарсан ажлын хэсэг Д******* аймаг дахь Ч******* Г аймаг дахь Малчны тал Х аймаг дахь Х Б, Б аймаг дахь Дашинчилэн отрын бүсэд албан томилолтоор ажилласан. Хяналт шалгалтын явцад 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Х аймаг дахь аймаг дундын Х Б отрын нутгийн ашиглалт хамгаалалт хариуцсан мэргэжилтэн Э.Т отрын бэлчээрт орох зөвшөөрөлгүй малын эрүүл мэндийн дэвтэр тодорхойлолтгүй Г- аймгийн Б- сумын малчин Н нь 3 мянган тооны малыг ачааны машинд ачиж орох гэж байхад нь таслан зогсоож Х, Б, отрын бэлчээрээс буцааж У хотын Б дүүргийн нутаг дэвсгэрт албадан гаргасан байдаг. Гэтэл Н******* нь тухайн албадан гаргасан Г- аймгийн Б- сумын иргэн Нт аймаг дундын Х Б-Улаан отрын бэлчээрт Ө аймгийн Х сумаас отроор өвөлжих, хаваржих 000503 дугаартай зөвшөөрлийг дур мэдэн олгож, Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолоор батлагдсан аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журмын 3 дугаар зүйлийн 3.7-д тухайн сум, дүүргийн сум, дүүргийн мал эмнэлэг, мал эмнэлэг үйлчилгээний нэгжээс олгосон мал эмнэлэг ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээг үндэслэн дотрын бэлчээрт өвөлжиж, хаваржих мал сүргийг нутаглуулалгүй өвөлжөө хаваржаа болон ашиглуулах худаг ус төрийн зөвшөөрлийг захирах захиргаа олгоно гээд заасныг тусад нь удирдлагаас зөвшөөрөл авалгүйгээр Нт өвөлжих зөвшөөрөл олгосон нь тогтоогдсон. Энэ талаар тайлбар гаргаж өгөхийг удаа дараа мэдэгдсэн боловч тухайн үед гаргаж өгөөгүй. Харин 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдөр тухайн асуудлыг захиргааны даргын үүргийг түр хариуцагч Б.Цы зөвшөөрлөөр бичиж өгсөн гэж тайлбарладаг. Менежер С нь ХХААХҮ-ийн сайдын 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/269 дугаар тушаалаар томилогдсон Сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/13 дугаартай М*******ыг томилох тухай тушаалаар чөлөөлөгдөхгүй. Б.Н*******ын Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолоор батлагдсан Аймаг дундын отрын хүчээр ашиглагчдын нийтлэг журмын 3.7-т заасныг зөрчин удирдлагаас зөвшөөрөл авалгүй дур мэдэн отрын өвөлжөөг хаваржих зөвшөөрөл олгосон. Г- аймгийн Б-Улаан сумын малчин Н.Нийн суурьт малын мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн тул голомтын цэгт хязгаарлалтын дэглэм тогтоосон. Н******* нь тус захиргааны даргын 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар мэргэжилтнээр томилогдсон бөгөөд би хамгийн удаан ажилласан захиргааны бүхий л үйл ажиллагааг мэддэг хэн ч надад юм хэлэхгүй гэсэн байр сууриас хамт олонтойгоо харьцдаг сөрөг хандлагатай байсан. Иймд Н*******ын дээрх үйлдэл хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4 дэх хэсэгт нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гадны нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сэлгэн ажиллуулах тушаал гарсан Намхайноров шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр ажилтныг 3 жил хүртэлх хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэж заасныг тайлбарладаг. Тушаал гарсантай холбоотойгоор Н*******той уулзаж сэлгэн ажиллуулах томилолтын хугацааг хийх ажлын талаар тохиролцон тодорхой чиглэлийг өгч харилцан ойлголцсон бөгөөд Х, Б-Улаан бүсэд ажиллах хугацаандаа нийт хэрэгжүүлэх ажлыг нэг бүрчлэн ярилцаж Н******* өөрийн дэвтэрт тэмдэглэл хөтөлж авсан бөгөөд сургуулийн хүүхдийн амралтын хугацаанд ажиллахаар болсон. Аймаг дундын ашиглалтын захиргааны даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/33 дугаартай Н*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хувьд сэлгэн ажиллуулах тухай тушаал гарсантай холбоотойгоор Н*******ын ажлын цагийг огт баримтлахгүй албан тушаалын тодорхойлолт албан үүрэгтэйгээ холбоотой баримт мэдээллийг удаа дараа худал гарган өгч тус захиргааны дээд шатны байгууллага болох ХХААХҮЯ-ны холбогдох газар болон засгийн газрын үүрэг даалгаврын биелэлтэд зөрөөтэй мэдээллээр Г.М*******ыг хангаж удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгууллагын үйл ажиллагааг санаатайгаар удаашруулсан. Иймд Н*******той 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 1901ХГ05 дугаартай хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн болно. Н******* дээрх тушаалыг эс зөвшөөрч Хан- дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан байдаг бөгөөд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 21 дугаартай шийдвэр гарч шийдвэрийг 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гардан авч эс зөвшөөрч Хан- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлтэйгээр шүүхийн шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 2426 дугаартай захирамж гарсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н*******ыг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд отор нүүдлийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас ажилгүй байсан хугацааны цалинд 15,246,768 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н*******т олгож, үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж,

 

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 234,184 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******, Б.Б******* нар нь давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 132/ШШ2024/00023 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан тухай

Нэхэмжлэгч Хан- дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гомдол гаргасан бөгөөд гомдлыг гурван талт хороо 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай хурлын шийдвэрээр шийдвэрлэсэн. Шийдвэрийг нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гардаж авсан бол хариуцагч 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гардаж авсан байдаг. Нэхэмжлэгч гардаж авснаас хойш буюу 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хан- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт ...шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй... гэж хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын шийдвэрийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн аваад 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэх гаргах ёстой байсан боловч тухайн 29-ний өдөр нь амралтын өдөр байсан учир нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах эцсийн хугацаа байсан атал хугацаа хэтрэн буюу 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийг гаргасан Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл: нэхэмжлэгч гурван талт хорооны шийдвэрийг гардан авснаас хойш 1-9 хоногийн дотор, хамгийн сүүлийн өдөр нь 10 дахь хоногт нэхэмжлэл гаргах хуулийн зохицуулалтай.

Анхан шатны шүүх шийдвэртээ энэ талаар дүгнэхдээ ...хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргажээ... гэж дүгнэсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт ... Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ... гэж хуульчилсан, энэхүү заалтаараа нэхэмжлэгч Хан- дүүргийн Хан- дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд өргөдөл гаргаад ямар нэгэн шалтгааны улмаас өргөдлөө шийдвэрлүүлж чадаагүй байхыг олгоно. Гэтэл нэхэмжлэгч Хан- дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд өргөдлөө 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргаад гурван талт хороо 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай хурлын шийдвэрээр шийдвэрлүүлсэн байхад энэ хуулийн заалт үйлчлэхгүй байхаар байна. Харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан Хуульд өөрөөр заагаагүй бол... гэснийг зөрчсөн. Энэ заалтаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт ...шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй... гэж тусгайлан Хөдөлмөрийн тухай хуульд ...шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй... тодорхойлон зааж өгсөн байна.

Хоёр. Шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж, үнэлсэн тухай

Анхан шатны шүүх шийдвэрээрээ нэхэмжлэгч Б.Н*******той 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2019/01/ХГ/05 дугаартай хөдөлмөрийн гэрээг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Шүүхийн энэхүү дугаартай хөдөлмөрийн гэрээг аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/12 дугаартай тушаалаар дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл: Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Орон тоо, үйл ажиллагааны стратеги, бүтцийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай А/110, дугаартай тушаалын дагуу тус захиргааны бүх албан хаагчдыг 2019 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлж, 2021 онд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн баталсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчтэй 2021 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээний нотлох баримтаар гаргуулахаар дурдсан байдаг боловч тус захиргааны архивт нэг ч хувь байгаагүй бөгөөд нэхэмжлэгч ажлаасаа гарахдаа хөдөлмөрийн гэрээний 2 хувийг өөрөө авч явсан байдаг. Анхан шатны шүүх дуусгавар болсон хөдөлмөрийн гэрээг, захиргааны даргын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/20 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам-тай харьцуулан дүгнэлт гаргасан нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлнэ гэснийг зөрчсөн.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 15.1 дэх заалтаар сахилгын зөрчлийг н зааж өгснийг нэхэмжлэгч зөрчсөн учир тохиролцон сэлгэн ажиллуулах тушаал гаргасан нь хууль зөрчөөгүй. Монгол Улсын Дээд Шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал зөвлөмжид ...ноцтой зөрчил гэдгийг ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино... гэж зөвлөсөн байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журам-ыг зөрчин дур мэдэн Г- аймгийн Б- сумын малчин М.Нт Х аймаг дахь Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын Хб-Улаан отрын бэлчээрт 2022-2023 онд өвөлжиж хаваржих зөвшөөрөл олгосон үйлдэл, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг заасан хугацаанд биелүүлээгүй үйлдэл нь 2021 оны Хөдөлмөрийн дотоод журамд сахилгын зөрчлөөр тусгагдсан.

Гурав.Хэргийн оролцогчийн хүсэлт гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй тухай

Тус захиргаанаас 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Хүсэлт гаргах тухай 114 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Б.Н*******ын ажлын дэвтэрт үзлэг хийлгэх тухай хүсэлтийг Хан- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хянан хэлэлцээд Хан- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Хүсэлт шийдвэрлэж, нотлох баримт гаргуулах тухай 183/Ш320223/07839 дугаартай захирамжийн 4 дэх заалтаар нэхэмжлэгч Б.Н*******ын ажлын дэвтэрт талуудыг оролцуулж, хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан үзлэг хийж, тэмдэглэлийг хэрэгт хавсаргасугай гэж шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүх хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байсаар байтал захирамжийн биелэлтийг хангаагүй нь хариуцагчийн эрхийг хязгаарласан ноцтой зөрчил гаргасан.

Мөн нэхэмжлэгчийн Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журам-ыг зөрчин дур мэдэн Г- аймгийн Б- сумын малчин М.Нт Х аймаг дахь Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын Хб-Улаан отрын бэлчээрт 2022-2023 онд өвөлжиж хаваржих зөвшөөрөл олгохыг тухайн үед менежерээр ажиллаж байсан Б.Ц үүрэг өгсөн гэж тайлбарладаг боловч үүнийгээ нотолсон талаар хавтаст хэрэгт баримт байдаггүй.

Дөрөв.Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт гаргасан тухай

Нэхэмжлэгч 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хан- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа ...Батболдын Н******* намайг урьд эрхэлж байсан албан тушаал болох Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа-ны Отор нүүдлийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн-ий албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор ... олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэж тодорхойлсон байдаг. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч захиргааны даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/28, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/33 дугаартай тус тус тушаалууд нь хууль зөрчсөнөөс хүчингүй болгож, Отор нүүдлийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн-ний албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор ... олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгуулах гээд байгаа талаар огт дурдаагүй байхад, анхан шатны шүүх шийдвэртээ 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/28, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/33 дугаартай тус тус тушаалыг хүчингүй болгох шаардлага гаргасан мэтээр шаардлагыг өөрчлөн дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл: Нэхэмжлэлийн шаардлага тодорхойлох нь зөвхөн нэхэмжлэгчид олгогдсон эрх атал шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хэд хэдэн янзаар тодорхойлж дүгнэсэн нь шүүхийн хяналтын хүрээнээс хэтэрсэн үйл ажиллагаа болсон.

Тав. Давж заалдах гомдол гаргах хугацааны тухайд

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 132/ШТ2023/00044 дугаартай шийдвэрийг Монгол шуудан ХК-ийн Б аймгийн БУ40 дугаартай салбар 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр бүртгэн хүлээн авсан бөгөөд Монгол шуудан" ХК У хотын Хан- дүүргийн 19 салбар 2024 оны 02 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч Шуурхай шууд хүргэлт-ээр хүлээлгэн өгсөн болно. /Дээр дурдсан шуудангийн салбаруудын огноо, тамга бүхий дугтуйг хавсаргав/.

Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 132/ШШ2024/00023 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү,

Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү. гэв.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Г******* тайлбартаа: ...Хавтаст хэрэгт авагдсан Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн өдрийн 1907 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч талын хүсэлтээр Х аймгийн Х, Б-Улаан тосгоны Захирагчийн ажлын албанаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шийдвэрлэсэн. Б.Н******* Г- аймгийн иргэн Н гэдэг хүнд дур мэдэн 3000 толгой мал, Х, Б-Улааны отрын бүс нутагт өвөлжих, хаваржих зөвшөөрлийг бичиж олгосон гэдэг. Тус Н гэх иргэний малаас мялзан өвчин гарч, тухайн бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоосон үр дагавар гарсан гэж маргадаг. Үүнийг нотолсон нотолгоо болох Х Б-Улаан тосгоны захирагчийн албан бичиг, хорио цээрийн дэглэм тогтоосон бичиг зэрэг нотлох баримтуудыг хариуцагч тал татгалзлынхаа үндэслэл болгон дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэсэн зохицуулалтын дагуу хүсэлт гаргаж, уг хүсэлтийг шүүх хангаж 1907 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Тус шүүгчийн захирамжийн дагуу Х аймгийн Х Б-Улаан тосгоны захирагчаас нотлох баримтыг ирүүлсэн боловч нотлох баримтын шаардлага хангаагүй ирсэн. Гэтэл тус нотлох баримт нь хэргийг шийдвэрлэхэд, хариуцагчийн татгалзал үндэстэй эсэхийг дүгнэхэд чухал ач холбогдолтой байсан гэж үзэж байна. Гэтэл Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 8 дугаар талд хариуцагч талаас Аймаг дундын отрын бэлчээрийн захиргааны хурлын тэмдэглэл, Х Б-Улаан тосгоны захирагчийн 0166 дугаартай албан бичиг, А/21 дугаартай захирамж А/1 дугаартай захирамж, цагийн бүртгэл, Б.Н*******ын хүсэлт, даалгаврын биелэлт гэх мэт нотлох баримтуудыг гаргаж өгсөн боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрсөн байна. Тус зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүсэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал харагдаж байна. Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2304 дугаартай шүүгчийн захирамж гарсан байдаг. Уг захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр нотлох баримт гаргуулах шаардлагатай гэж үзэж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Хариуцагч тал татгалзлын үндэслэл болсон Б.Н*******ын хөдөлмөрийн гэрээтэй холбоотой нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулж гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хуралдаан хойшилсон. Гэтэл тус шүүгчийн захирамжийн биелэлт мөн адил хангагдаагүй. Шүүх өмнө нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтын шаардлага хангаж авчрах ёстой байтал шийдвэрлэчихсэн. 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж, хариуцагчийн тайлбар, татгалзалтай холбоотой баримтуудад хуульд заасан журам зөрчигдсөн ноцтой зөрчил байна. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. гэв.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э******* тайлбартаа: Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хариуцагч тал урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны хугацаа хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь заалтыг баримталж маргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдсэн шийдвэрийг эс зөвшөөрсөн бол гэж заасны дагуу бид маргасан. Хан- дүүргийн Хөдөлмөр эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны хурлын шийдвэрийн 4 дэх хэсэгт нь энэ маргаан бүхий 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/28, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/33 тоот тушаалуудад Хөдөлмөрийн дотоод журам, хуульд нийцээгүй ажлыг сэлгэн ажиллуулан Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн ажилтанд оногдуулсан сахилгын шийтгэл оногдуулах, ажлаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул тус тушаалуудыг хууль бус гэж үзсэн. Ажил олгогч гаргасан тушаалаа эргэн харж хүчингүй болгож, Б.Н*******ыг ажилд нь эргүүлээд авсугай гэх тушаалын 5 дугаар заалтад ажилгүй байсан хугацааны цалин, үр дүнгийн урамшууллыг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын хүсэлтийг хийлгэсүгэй Б.Н*******ын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Үүнийг эс зөвшөөрөхгүй байж болохгүй тул зөвшөөрч байгаа... Хөдөлмөрийн тухай хуулийн154 дүгээр зүйлийн 154.9 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн 3 талт хороо хөдөлмөрийн эрхийн маргааныг хянан шийдвэрлэж байгаагаас ажлын 10 өдрийн дотор талууд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бол талууд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хэрэгт нотлох баримтаар авагдсан хөдөлмөрийн эрхийн 3 талт хорооны тэмдэглэлийг хариуцагч тал 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээж авсан. Харин нэхэмжлэгч 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр авсан. Хариуцагч 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс хоног тоолж, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.7 дахь хэсэгт зааснаараа 10 хоногийн дотор буюу 2023 оны 2 дугаар сарын 27-ны дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан боловч гаргаагүй. Тус тэмдэглэл хүчин төгөлдөр болох хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжилж, хойш хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргахад хуульд заасан хугацаа зөрчсөн гэдэг үндэслэл нь үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн дүгнэлт гаргасан гэж байна. Хөдөлмөрийн эрхийн 3 талт хороо шийдвэрлэсэн тул шүүх сэргээн ажиллуулах журам, хүчин төгөлдөр болоогүй тушаалаар ажлаас чөлөөлсөн, хууль зөрчсөн гэж үзсэн. Шүүгчийн захирамжийн биелэлт хангаагүй гэж байна. Хариуцагч тал тус нотлох баримтыг өөрөө авч маргаж болох байсан боловч маргаагүй. Б аймаг дахь Сум дундын Иргэний хэрэг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй гэж үзсэн. Шүүхэд эрх нь байгаа учраас хохирол болон нөхөн олговрыг олгохоор шийдвэрлэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тушаалаар баталсан журмыг баримталж шийдвэр гаргасан. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь хууль ёсны хувьд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна гэв.

 

7. Нэхэмжлэгч Б.Н******* тайлбартаа: 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нотлох баримт хангуулах тухай Б аймаг дахь Сум дундын Иргэний хэрэг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан байгаа. Хөдөлмөрийн гэрээ болон нийгмийн даатгалын төлбөрийг гүйцэтгэгч тал гаргаж өгөх шийдвэр гарсан. 2021 онд хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулж ажилласан. Х Б-Улааны отрын бүс нутагт зөвшөөрөлгүй мал оруулсан тул ажлаас халсан гэх зүйл ярьж байна. Г- аймгийн Б- сумын Засаг дарга 2022 онд мал үржүүлэх албан бичгийг Г- аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар руу явуулсан боловч очоогүй. Г- аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас ирсэн албан бичиг нь Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын зохицуулах газрын мэргэжилтэн Мөнхнасангийн бичигтэй солигдсон тул ирээгүй байдаг. Х Б-Улааны отрын бүс нутагт одоо 2022-2023 онд өвөлжих малын тоог тогтоох орон тооны бус зөвлөлийн хурал болоод өнгөрчихсөн байсан. Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Ц гэж хүн байсан. Тус даргаас зөвшөөрөл авч М.Н гэдэг айлд зөвшөөрөл өгсөн. Энэ нь Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 58 тоот тушаал гарсан. Аймаг дундын отрын нутгуудад 2022-2023 онд өвөлжих малын тооны нэгтгэл зөвшөөрлийг албан ёсны дагуу бичиж өгсөн байдаг. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш өгсөн. Тус отрын бүс нутагт 2022-2023 онд бол 386.902 толгой мал өвөлжих байсан. Нийтдээ зөвшөөрөл олгох малын тоо 342,106 гэсэн тоо гарсан. Байгууллагын үйл ажиллагаа журам зөрчсөн гэх зүйл ярьж байна. 2021 онд 447,405 толгой мал буюу 507 ширхэг зөвшөөрөл өгсөн. Аймаг дундын отрын бүс нутагт орох зөвшөөрлийг мэргэжилтэн Б.Н******* гэж бичиж өгч байгаарай гэж хуучин дарга хэлж, үүнээс хойш шийдвэр гараагүй байсан. Би зөвшөөрөлгүй, хууль зөрчиж бичиж өгөхөөр байсан бол зөвшөөрөл дотор нэрсийг бичих шаардлагагүй байсан. Энэ нь албан ёсны дагуу зөвшөөрөл олгогдсоны хүрээнд нэрсийг оруулсан гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******, Б.Б******* нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Н******* нь ...Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд холбогдуулан урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2а. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******, Б.Б******* нар ...нэхэмжлэгч Б.Н******* нь удирдлагаас зөвшөөрөл авалгүй дур мэдэн отрын зөвшөөрөл олгосон. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр үүсэж болох зүй бус гадны нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сэлгэн ажиллуулах тушаал гарсан. Б.Н******* нь сэлгэн ажиллуулах тухай тушаал гарсантай холбоотойгоор ажлын цаг баримтлахгүй албан тушаалын тодорхойлолт, албан үүрэгтэйгээ холбоотой баримт мэдээллийг удаа дараа худал гарган өгч тус захиргааны дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгууллагын үйл ажиллагааг санаатайгаар удаашруулсан зөрчил гаргасаны улмаас түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэр гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

3. Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч Б.Н*******ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд отор нүүдлийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 15,246,768 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н*******т олгож, үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргажээ.

4. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4а. Тодруулбал: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч нар давж заалдсан гомдолдоо ...хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй гэжээ. Хариуцагч талаас нэхэмжлэгч Б.Н*******ын ажлын дэвтэрт үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг Хан- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Хүсэлт шийдвэрлэж, нотлох баримт гаргуулах тухай 183/Ш320223/07839 дугаартай захирамжийн 4 дэх заалтаар хангаж шийдвэрлэсэн. Мөн хариуцагч талаас 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлтээр нэхэмжлэгчийн ажлын дэвтэрт үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасан боловч Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 132/ШЗ2023/02271 дугаартай захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ үзлэг хийлгэх дэвтэр хэрэгт авагдаагүй, хаана байгаа нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байхад захирамжийн биелэлтийг хангуулахад анхаараагүй, шүүхэд гаргасан хүсэлтийг тодруулах ажиллагааг хийхгүйгээр үзлэг хийлгэх дэвтэр байхгүй гэж дүгнэж, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэрэв захирамж биелэгдэх боломжгүй бол хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн өмнөх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг дүгнэж, яагаад хүлээн авахаас татгалзах болсон үндэслэл, хүчин төгөлдөр шүүгчийн захирамж биелэгдэх боломжгүй болсон үндэслэлийг тодорхой заах учиртай бөгөөд эсрэг тэсрэг утга бүхий захирамжуудаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхээс шүүгчийн захирамжийн биелэлтийг хангах ажиллагааг хийгээгүй, захирамжид заасан ажиллагааг хийх боломжтой байсан боловч хэрэгжүүлээгүй тул хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан гэх гомдлын тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. гэжээ.

Нэхэмжлэгч Хан- дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гомдол гаргаж, гомдлыг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай хурлаар шийдвэрлэсэн. Тухайн хурлын тэмдэглэлийг нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гардаж авч, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хан- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн хугацааг хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Тодруулбал хуульд ...эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шийдвэрээ 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гардан авч шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь ажлын 10 дахь хоногт буюу хуулийн хугацаандаа шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.

Нэхэмжлэгч хуулийн хугацаандаа нэхэмжлэл гаргасан байх тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

6. Шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж, үнэлсэн гэх гомдлын тухайд: Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрдүүлэх үндэслэлгүй бөгөөд хэргийн оролцогч нар нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлын үндэс болсон нотлох баримаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Уг үүргийг шүүх хүлээгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт гаргасан гэх гомдлын тухайд: Нэхэмжлэгч нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд отор нүүдлийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгуулах, мөн ажилгүй байсан үеийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Н*******ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд отор нүүдлийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас ажилгүй байсан хугацааны цалинд 15,246,768 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н*******т олгож, үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс халиагүй шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэх тул давж заалдах гомдол үндэслэлгүй.

Ийнхүү шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5., 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 132/ШШ2024/00023 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР

 

ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ