Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/ма2024/00724

 

 

 

 

 

 

 

 

2024 04 10 210/МА2024/00724

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/00587 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Лувсанцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2018 оны 08 дугаар сараас хойш хариуцагч компанид ажилласан. Ажил олгогчийн зүгээс 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 23/234 дугаар тушаалаар ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, ******* ХХК-ийн сахилгын журмын 9.1.5, хөдөлмөрийн гэрээний 18.4.С заалтуудыг зөрчсөн үндэслэлээр түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

1.2. ******* нь ажил олгогч компанийн ямар нэгэн дүрэм, журмыг зөрчөөгүй. Тэрээр ажилдаа очоогүй учир шалтгаанаа холбогдох албан тушаалтанд мэдэгдсэн, уг баримтаа ажил олгогчид албан бичгээр өгсөн.

1.3. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь тус компанийн Далд уурхайн засвар үйлчилгээний хэлтэст 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн гүний уурхайн инженер засварчин, ахлах инженер засварчин, тоног төхөөрөмжийн шалгагч зэрэг ажлын байруудад *******-тай байгуулсан "Гүний уурхайн хөдөлгөөнт, хүнд өрөмдлөгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ үзүүлэх хугацаат гэрээний дагуу хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.

2.2. 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар *******н хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Тэрээр 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн нислэгээр ажлын байр болох ******* уурхайн талбар руу зорчих хуваарьтай байсан. Гэвч нислэгийн өмнө гэр бүлийн шалтгаанаар чөлөө авах хүсэлт ирүүлсэн. Төслийн менежер болон сайтын удирдлагын багаас чөлөөний шалтгааныг баталгаажуулах бичиг баримт ирүүлэхийг хүссэн боловч тэрээр ирүүлээгүй.

14/14 хуваарийн дагуу ажилладаг ажилтнуудын хувьд аливаа гэр бүлийн асуудлыг амрах хугацаандаа шийдэх боломжтой, мөн ажиллах хүчний төлөвлөлт урьдчилан хийгдсэн байдаг, бас шалтгаанаа баталгаажуулаагүй учраас гэнэтийн чөлөөний хүсэлт нь зөвшөөрөгдөөгүй.

Тухайн өдөр "******* ХХК-ийн хүний нөөцийн хэлтсийн зүгээс ажилтны чөлөөний хүсэлт нь төслийн менежерийн зөвшөөрөлтэй байж баталгааждаг тухай болон компанийн дотоод журам, гарч болох эрсдлүүдийн талаар түүнтэй утсаар холбогдож, тайлбар мэдээлэл өгсөн.

******* нь чөлөөний зөвшөөрөлгүйгээр ажилдаа ирээгүй ба 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр цахимаар тайлбараа ирүүлж, ажил олгогчид 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүүхдээ эмнэлэгт үзүүлсэн тухай эмнэлгийн хуудас ирүүлсэн.

2.3. "*******" ХХК-ийн хүний нөөцийн баг энэхүү зөрчлийг дотоод журмын дагуу судалж шийдвэрлэхээр биечлэн уулзалт зохион байгуулах зорилгоор түүнтэй холбогдохыг хичээсэн боловч утас нь холбогдохгүй байсан. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр фэйсбүүк хаягаар нь холбогдоход тэрээр Улаанбаатар хотод байхгүй байгаа ба 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш уулзах боломжтой тухай хүний нөөц, захиргааны менежер *******д хариу өгсөн. Ингээд ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр биечлэн ирж уулзсан ба уг асуудлын талаар тайлбарлахдаа ...нэгэнт надад чөлөө өгөөгүй учраас ямар шийдэл гаргахаа мэдэхгүй байсан тэгээд санхүүгийн шаардлагын улмаас 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Бүгд найрамдах Солонгос улс руу зорчиж ажил хийсэн гэж тайлбарладаг.

2.4. Амралт чөлөөний журам болон хөдөлмөрийн гэрээнд Ажилтан урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр 3 өдөр ажил тасалсан тохиолдол нь ноцтой зөрчилд тооцож, ажил олгогч хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах" талаар заасан. Хөдөлмөрийн тухай хууль болон тус компанийн бодлого журмын дагуу *******тай байгуулсан хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тус компанийн захирлын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тушаал гарч, *******д 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр танилцуулсан. Энэ асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон компанийн ёс зүйн дүрэм, сахилгын журам, амралт чөлөөний журам зэрэг бүхий л холбогдох бодлого, дүрэм, журмын дагуу шалгаж шийдвэрлэсэн гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******гийн хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******н нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

4.1. Эпирок Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 23/234 дугаартай ажлаас халсан тушаалд сахилгын зөрчил гаргасныг нэрлэн заагаагүй. Уг тушаалын үндэслэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний 18.4 с-д заалтыг хэрхэн яаж зөрчсөн болох нь үйл баримтаар тогтоогдсон эсэх нь тодорхойгүй байгаа нь Монгол Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал зөвлөмжиийн 3.1-т заасныг зөрчсөн.

Мөн тушаалын тушаалын үндэслэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний 18.4 с дэх заалтыг баримталсан атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасныг эх сурвалж болгоогүй нь Монгол Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай 2006 оны 33 дугаар тогтоолын 15 дахь хэсгийг зөрчсөн.

Түүнчлэн, хөдөлмөрийн эрх зүйн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.1.6-д заасан аль нэг тохирох заалтыг удирдлага болгоогүй алдаатай тушаал гаргасан.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримтлаагүй нь Хөдөлмөрийн тухай хууль түүнийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тогтоол, зөвлөмжтэй хэрхэн яаж уялдаж байгаад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

 

4.2. Ажил олгогчийн зүгээс зөрчлийн талаар *******д албан бичгээр мэдэгдэж тайлбар авсан зүйл байхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заалтыг зөрчсөн.

Хэрэгт зөрчлийн дэлгэрэнгүй мэдээлэл гэх 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дүгнэлтийг гаргахад ******* намайг оролцуулаагүй, мөн энэ дүгнэлтийг надад албан ёсоор танилцуулж тайлбар аваагүй атлаа маргааш нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123.3, Монгол Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал зөвлөмжиийн 3.3-т заасныг зөрчсөн.

Хэрэгт и-мэйлд үзлэг хийсэн тэмдэглэлд ажилтан Хөдөлмөриин хууль болон хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг зөрчсөн гэсэн мэдээлэл байхгүй.

Би *******той уулзаад болсон явдлын талаар асуухад надад чөлөө олгож, нислэг цуцалсан гэж хэлсэн атлаа шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ ажил олгогчид ашигтай байдлаар мэдүүлэг өгч байснаас харахад ажил олгогчийн дарамтад орж өөрөөр мэдүүлсэн

Мөн шалгалтын багийн зөрчлийн мэдүүлгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ганцаараа хөтөлсөн нь хуульд нийцээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Гэрч *******од хууль сануулж мэдүүлэг авсан.

5.1. ******* нь Далд уурхайн засвар үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан. Уртын ээлжээр 14 хоног ажиллаад 14 хоног амардаг. Тэрээр 14 хоног амарчихаад 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн орой 21 цагийн нислэгээр уурхайн талбай руу явж ажиллах байсан. Гэтэл ******* нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн өглөө ахлах ажилтан ******* руу ярьж чөлөө хүссэн байдаг бөгөөд ямар асуудлаар чөлөө хүсэж байгаа вэ гэхэд эхнэртэйгээ муудалцсан, явж чадахааргүй болсон гэж хэлсэн. Ахлах ажилтан нь энэ талаар менежерт хэлэхэд шалтгааныг тодорхойл, үнэхээр ажилдаа ирэх боломжгүй зайлшгүй ямар шалтгаан байгаа юм бэ гэж хэлсэн. Ахлах ажилтан *******д ийм шалтгаанаар чамд чөлөө өгсөнгүй, чи энэ удаа заавал яваарай гэж хэлсэн боловч амралт, чөлөөний журам зөрчиж, ажилдаа очоогүй.

5.2. ******* нь 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр и-мэйлээр хүүхдээ эмнэлэгт үзүүлсэн талаар баримтаа ажил олгогчид ирүүлсэн. Гэвч хүүхдээ 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр үзүүлсэн байдаг. Энэ талаар тодруулахаар холбогдох гэхээр утас нь холбогдохгүй байсан. Ажил олгогч *******тай цахимаар холбогдоход Бүгд найрамдах Солонгос улсад байна, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Монгол улсад очно гэсэн хариу ирүүлсэн. Ингээд *******г ирэхээр нь уулзаж, зөрчлийг судлан тогтоох ажиллагаа хийхэд хүлээн зөвшөөрч, ямар нэгэн гомдол санал гаргаагүй. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар 3 болон түүнээс дээш хоног ажил тасалвал ноцтой зөрчил гэж үзэж хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалийг төлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. ******* ХХК нь ажилтан *******тай 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилтан нь тус байгууллагын Гүний уурхайн Засвар үйлчилгээний хэлтсийн ахлах инженер, засварчинаар ажиллахаар харилцан тохиролцсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 23/234 тоот тушаалаар ажилтан *******г үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, ******* ХХК-ийн Сахилгын журам-ын 9.1.5, хөдөлмөрийн гэрээний 18.4 с заалтуудыг тус тус үндэслэн Гүний уурхайн Засвар үйлчилгээний хэлтсийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний шалгагч ******* нь ажил олгогчийн Амралт чөлөөний журам, Эпирок группийн Ёс зүйн дүрэм болон хугацаатай хөдөлмөрийн гэрээг тус тус зөрчсөн гэж заасныг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

5. ******* ХХК-ийн Амралт чөлөөний журам-ын 4.1-д зааснаар ажилтан амралт, чөлөө хүсэхдээ зохих мэдэгдэл өгч, системээр дамжуулж хүсэлтээ гаргана, шаардлагатай үед холбогдох баримтуудыг гаргах өгөх үүрэгтэй. Энэ үүргээ ажилтан ******* биелүүлээгүй бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр и-мэйлээр тайлбар, хүүхдээ эмнэлэгт үзүүлсэн тухай эмнэлгийн хуудсыг хавсарган ирүүлсэн нь түүнийг дээрх журамд заасны дагуу чөлөө авах хүсэлтээ зохих ёсоор ажил олгогчид гаргасан гэж үзэхгүй. Учир нь тэрээр 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр фэйсбүүк чатаар чөлөө авах хүсэлтээ гаргасныг ахлах ажилтан ******* нь хүний нөөцөд холбогдох баримтаа өгч чөлөөний асуудлаа шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн ба хүний нөөцөөс *******гийн ажилдаа ирэхгүй байгаа шалтгааныг тодруулахаар холбогдох ажиллагааг хийхэд Бүгд найрамдах солонгос улс руу явсан байсан. Иймээс ажил олгогч 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ажилтантай зөрчлийг шалган тогтоох уулзалт хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

6. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 18.4 с-д ажил таслах. Ажил олгогчид шалтгаанаа урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр сард гурав /3/ ажлын өдөр ажилдаа ирэхгүй тасалсан нөхцөлийг ноцтой зөрчилд тооцохоор талууд тохиролцсон байна.

Гэрч ******* ...2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутад ******* нь цахимаар 4-5 хоногийн чөлөө авах хүсэлтэй байна гэхээр нь төлөвлөгөө гарсан учир чөлөө олгох боломжгүй гэж хэлсэн. ...*******д чөлөөний зөвшөөрөл олгогдоогүй. Түүнд өөрт нь ямар ч байсан чөлөө олгоогүй, нислэгийг цуцалсан гэдгийг хэлсэн. Хүний нөөцтэй уулзаж асуудлаа шийдэж ирээрэй гэдэг зүйлийг хэлсэн гэсэн мэдүүлэг/хх131-133/, хариуцагч байгууллагын сахилгын зөрчлийг шалган тогтоох, уулзалтын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн тэмдэглэл, шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр и-мэйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр ******* нь хөдөлмөрийн гэрээний 18.4 с-д заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэх зохицуулалтад нийцжээ.

Иймд анхан шатны шүүх *******г ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасантай нийцсэн гэж дүгнэж, ажилд эгүүлэн тогтоолгох, үр дагаварыг арилгуулахтай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

Учир нь нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-аас зохих ёсоор чөлөө зөвшөөрөл авалгүйгээр ажлаа үргэлжлүүлэн тасалсан байх тул ажил олгогчийн санаачилгаар түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.

7. ******* ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 23/234 тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримтлаагүй нь ажилтан *******гийн гаргасан зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй. Уг тушаалд сахилгын журам-ын 9.1.5, хөдөлмөрийн гэрээний 18.4 с-д заалтыг баримталсан байх тул ажил олгогчоос авсан арга хэмжээ нь ажилтны гаргасан зөрчилд тохирсон байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээгээр талуудын тохиролцсон ноцтой зөрчлийг ******* гаргасан байх тул түүнд тохирсон арга хэмжээг ажил олгогчоос авсан нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирсон байх тул тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

8. Хариуцагч ******* ХХК-ийн зүгээс зөрчлийг тогтоох ажиллагааг хуульд нийцүүлэн хийсэн болох нь хэрэгт авагдсан зөрчлийн дэлгэрэнгүй мэдээлэл, зөрчлийн судалгааны тайлан, уулзалтын тэмдэглэл, и-мэйлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон, энэ талаар шүүх зөв дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдээгүй гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгчийн ...дүгнэлт гаргахад оролцуулаагүй, хүний нөөцийн менежер ******* ганцаараа дүгнэлт гаргасан гэж гомдол гаргажээ. Хүний нөөцийн менежер нь тус компанийн сахилгын журамд зааснаар сахилгын зөрчлийг шалгах, уулзалтад оролцох, тайлан гаргах ажил үүргийн хүрээнд дээрх ажиллагаануудыг хийсэн байна. Уг ажиллагааг хэрхэн хийсэн талаар тайланд тодорхой тусгагдсан байхад *******г оролцуулаагүй гэж үзэхгүй. Иймд энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/00587 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ЦОГТСАЙХАН