Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00647

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00647

 

 

 

2024 04 01 210/МА2024/00647

 

 

*******

ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын

31-ний өдрийн 184/ШШ2024/00630 дугаар шийдвэртэй

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 62,775,225 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Манай компани нь *******тай 2023 оны 06 сарын 14-ний өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулан 53,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, жилийн 36 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Мөн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар ******* тоот барьцааны гэрээ байгуулан *******гийн өмчлөлийн, *******,*******,*******,*******,*******, тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2023 оны 09 сарын 14-ний өдөр дууссан.

 

******* нь зээл авснаас хойш зээлийн хүүд 1,620,500 төгрөгийг 2023 оны 07 сарын 19-ний өдөр төлснөөс өөрөөр өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг мэдэгдэх хуудас, утсаар шаардаж байсан боловч шаардлагыг үл биелүүлсэн. Иймд хариуцагчаас үндсэн зээл 53,000,000 төгрөг, хүү 8,677,472 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,097,753 төгрөг, нийт 62,775,225 төгрөгийг гаргуулж, *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, *******,*******,*******,*******,*******, тоот хаягт байршилтай 52.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд тайлбар гаргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч *******гаас 62,775,225 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол түүний өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, *******,*******,******* /16065/,,, тоот хаягт байрлах 52.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Би 2023 оны 06 сарын 14-ний өдөр ******* ХХК-аас 53,000,000 төгрөгийн зээл авсан. 2024 оны 01 сарын 31-ний өдөр шүүх хуралтайг мэдэж байсан боловч тухайн үед зүүн хөлний булчирхай хагалгаанд орж шүүх хуралд өөрийн биеэр оролцож чадалгүй, энэ талаар шүүхэд утсаар мэдэгдсэн. Шүүх нэг талыг баримталж зээлийн нэхэмжлэл болох 62,775,225 төгрөгийг хэвээр үлдээж төлөх хугацааг 14 хоногоор тавьж барьцааг зарцуулах шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймээс үндсэн мөнгө 53,000,000 төгрөг, хүү 8,677,472 төгрөгөөс төлөлт хийсэн 620,500 төгрөг мөн нэмэгдүүлсэн хүү 1,097,753 төгрөг нийт 2,718,253 төгрөг хасуулах хүсэлтэй байгаа тул гомдлыг минь хүлээн авч хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 62,775,225 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч шүүхэд тайлбар гаргаагүй байна.

 

3. ******* ХХК нь *******тай 2023 оны 06 сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 53,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, ******* нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргийг харилцан хүлээжээ. Зээлдүүлэгч 53,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр зээлдэгчид шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн, талууд гэрээндээ зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

4. Хариуцагчийн ...үндсэн зээл 53,000,000 төгрөг, хүү 8,677,472 төгрөгөөс төлөлт хийсэн 620,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,097,753 төгрөг нийт 2,718,253 төгрөг хасуулна гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Зээл төлөлтийн дансны хуулга-аар хариуцагч нь 2023 оны 07 сарын 19-ний өдөр 1,620,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-т заасны дагуу зээлийн хүүгийн төлбөрт суутгасан, хариуцагч уг төлбөрөөс өөрөөр зээл төлөөгүй байна.

 

Нэхэмжлэгч уг төлбөрийг зээлийн хүүгийн төлбөрөөс хасч, үлдэх 8,677,472 төгрөгийн үндсэн хүүг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн төлсөн 1,620,500 төгрөгийн болон гомдолд дурдсан 2,718,253 төгрөгийг хасуулах тухай давж заалдах гомдол хэргийн бодит байдалд нийцэхгүй, уг төлбөрүүдийг хасч тооцох үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь энэ тухай татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

 

Мөн хариуцагч нь нэхэмжлэлийг 2024 оны 01 сарын 08-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэлээс татгалзаж буй шалтгаан, үндэслэлээ хуульд заасан хугацаанд илэрхийлсэн тайлбарыг, нотлох баримтын хамт шүүхэд гаргах үүргээ биелүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хариуцагчаас үндсэн зээл 53,000,000 төгрөг, хүү 8,677,472 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,097,753 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй болохыг дүгнэж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гаас 62,775,225 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

5. Зохигч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 06 сарын 14-ний өдөр байгуулсан барьцааны гэрээгээр хариуцагч *******гийн өмчлөлийн, *******,*******,******* /16065/, Өргөө гудамж,ны тоот 52.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалахаар тохиролцжээ. Уг барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр болохыг анхан шатны шүүх зөв дүгнэж, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй болохыг зөв тогтоожээ. Иймд анхан шатны шүүх барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

6. Шүүх 2024 оны 01 сарын 31-ний өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчид 2024 оны 01 сарын 25-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлснийг хариуцагч 30-ны өдөр өөрөө хүлээн авчээ. Мөн хариуцагчаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй, шүүх түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан шүүх хуралдаанд биечлэн оролцох хариуцагчийн эрхийг зөрчөөгүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 31-ний өдрийн 184/ШШ2024/00630 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,442 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЭНЭБИШ