| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0023/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/033 |
| Огноо | 2019-01-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2019/ШЦТ/033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч : В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,
Шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1- дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814006460371 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Н.А
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.А нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Задгай 4 дүгээр багийн нутагт байх О.Бгийн эзэмшлийн хашаанд байсан верна акксент маркийн авто тээврийн хэрэгсэл дотроос түүний эзэмшлийн мөнгөн хэт хутга 1 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг, гуулин хазаар 1 ширхэг, дурангийн гэртэй мөнгөн эдлэлүүд зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 3.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Н.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Баруун бүсийн худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талд, алт мөнгө авдаг хүмүүсийн зогсдог газраас өөр газарт тусдаа цагаан саарал өнийн жийптэй зогсож байсан хүн дээр аваачиж зарсан юм. Одоо тухайн хүнийг харвал танихгүй. Мөн тэр хүн тэнд байнга зогсохоор хүн биш байсан би тэр хүнийг явуулын хүн болов уу гэж бодсон. өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 48-49/,
2. Шүүгдэгч Н.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч О.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Би өөрөө ихэвчлэн хөдөө гадаа явж байдаг юм. Тэгээд сумын төв дээр байдаг гэрээс юм хум хулгайд алдагдаж магадгүй гэж бодоод найдвартай түгжигддэг “Верна” аксент маркийн машин дотор тухайн эд зүйлсийг үлдээдэг байсан юм. Би болохоор хувьдаа 2 тээврийн хэрэгсэлтэй юм. Нэг нь болохоор “Верна” аксент маркийн тээврийн хэрэгсэл тэр бол явдаггүй сумын төвд байдаг хашаан дотор байдаг юм. Нөгөөдөх нь болохоор “Марк-2” тухайн өдөр би марк-2 маркийн тээврийн хэрэгслийг Агийн хашаанд аваачиж үлдээсэн юм. Тэгэхэд “Верна” акссент маркийн түлхүүртэйн цуг үлдээсэн юм. Хэт хутга болохоор манай ааваас миний хүүхдэд өвлөгдөн ирсэн хутга юм байгаа. Бусад эд зүйлс болохоор манай талийгаач нөхрийн эцгээс өвлөгдөн ирсэн. Талийгаач болохоор хүүхдүүдээ үлдээнэ гэж хэлдэг байсан юм. Одоогоор манай хүүхдүүд насанд хүрээгүй болохоор эзэмшигч нь би өөрөө юм байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20/,
... Би 2 ширхэг мөнгөн хазаар, 1 ширхэг гуулин хазаар, 1 ширхэг хэт хутга зэргийг бүрэн бүтнээр нь хүлээн авсан, Н.А өөрийнхөө зарсан зүйлсийнхээ мөнгийг буцаагаад эргүүлээд төлж өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/
4. Гэрч Д.Одончимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...Б Улаанбаатар хот руу явахаар болоод манайд өөрийнхөө марк-2 маркийн тээврийн хэрэгслийг үлдээсэн юм. Б бид хоёр нэг айлын бэрүүд юм байгаа. Түүний хувьд хүүхдүүдийнхээ хамт суманд амьдардаг, нөхөр нь 2017 онд өнгөрсөн.Б явсны дараагаар 2 хоногийн дараагаар байх А тэдний хашааг нь эргэчхээд ирье гэж хэлээд ганцаараа явсан юм. Тухайн үед 22 цаг болж байхад тэр гэрээсээ алхаад гарч яваад шөнө 00 цагийн үед гэртээ ирсэн юм. Түүнийг шөнө ирэхэд би унтсан байсан юм. Харин өглөө сэрсэн чинь манай амбаарт 2 ширхэг хазаар, хэт хутга, эмээлийн даруулга зэрэг зүйлс байсан байх миний санаж байгаагаар.Тэгээд би Ааас ямар учиртай зүйлсийг хаанаас авчирсан бэ гэж хэлэхэд өчигдөр шөнө Бгийн хашаанд байсан машин дотроос аваад ирсэн гэж хэлсэн...Тухайн эд зүйлсийг авчирсан болохыг нь тэгээд чи наадхаа яах гэж байгаа юм бэ гэхэд зарим нэг юмнуудыг нь зарчхаад Бг ирэхээр нь хэлчихье гэж хэлээд Баруун бүсийн тэнд байдаг хүүхэн дээр аваачиж хутганы гинж, мөнгөн даруулга, 6 ширхэг байх мөнгөн товч зэргийг нийтэд нь 500.000 төгрөгт зарсан. Яг тэр хүнтэй А өөрөө уулзаад зараад байх шиг байсан. Зарим эд зүйлсийг Ганбаа ламын гэрт нь үлдээсэн байсан... гэх мэдүүлэг./хх-ийн 27-29/,
5. Гэрч Б.Наранбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Н.Атай танилцаад 5 жил болж байна. Бид хоёр ах, дүү хүмүүсийн охидуудыг авч суусан юм. Түүний хувьд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд эхнэр 3 хүүхдийнхээ хамт амьдардаг. Нэг хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй, нөгөө нэг хүүхэд нь сургуульд сурдаг, бас нэг хүүхэд нь ой гарантай, эхнэр нь болон өөрөө ажилгүй ерөнхийдөө мал, маллаж заримдаа алт шороогоор явдаг юм. Цэрийн алба хаасан гэж ярьдаг юм. Н.Аыг өөрөө ямар нэгэн боловсролгүй сургуульд сурч байгаагүй. гэх мэдүүлэг. / хх-ийн 32-33/,
6. Гэрч Д.Надмидын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Тухайн үеийн он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Манай гэрт А ууттай юмнуудыг авчирч тавьсан юм. Тэгэхээр нь би юун учиртай юмнууд бэ гэхэд миний юмнууд байгаа хэд хонгоос ирээд авна гэж хэлсэн юм. Тэгээд анзаараа ч үгүй тус өдрөөс нэлээн хэд хоногийн дараагаар цагдаагаас залгаад танайд хулгайд алдагдсан эд зүйлс байгаа юм байна гэхээр нь би Ад утсаар залгаад энэ юмнууд чинь хулгайны юм биш үү гэхэд миний ахын юм байгаа гэж хэлээд маргааш нь ирээд манайхаас авч явсан санагдаж байна. гэх мэдүүлэг. / хх-ийн 34-35/,
7. Энх-Нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 302 дугаар шинжээчийн:
1. Мөнгөн толгойтой 5-н ширхэг товруутай мөнгөн хазаар хоёр ширхэг нэг бүр нь 1600.000 төгрөг
2. Гуулин хазаар нэг ширхэг 150.000 төгрөг
3. Мөнгөн тоногтой хэт хутга 1500.000 төгрөг
4. Дурангийн гэртэй мөнгөн эдлэл 100.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41/ болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хх-ийн 59 дүгээр хуудсанд авагдсан урьд ял шийтгэгдсэн тухай лавлагаа, хавтаст хэрэгт авагдсан 55-56 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ, хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, хавтаст хэрэгт авагдсан 60-64 дүгээр хуудсанд авагдсан багийн засаг даргын тодорхойлолт, хавтаст хэрэгт авагдсан 60-64 дүгээр хуудсанд авагдсан арилжааны банкнуудын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Н.Агийн гэм буруугийн талаар маргахгүй. Хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
Шүүгдэгч Н.А нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Задгай 4 дүгээр багийн нутагт байх О.Бгийн эзэмшлийн хашаанд байсан верна акксент маркийн авто тээврийн хэрэгсэл дотроос түүний эзэмшлийн мөнгөн хэт хутга 1 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг, гуулин хазаар 1 ширхэг, дурангийн гэртэй мөнгөн эдлэлүүд зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 3.350.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч О.Б, гэрч Д.Одончимэг, Б.Наранбаатар, Д.Надмид нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний шинжээчийн 302 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.Аыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч Н.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүх хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, зан зүйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Н.Ад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тариачин овогт Н.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Тариачин овогт Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар ялтан Н.Ад нэг / 01 / жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Н.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар ялтан Н.А нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн гинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6 Шүүгдэгч Н.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ