Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00654

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00654

 

 

 

 

 

 

 

 

2024 04 01 210/МА2024/00654

 

******* ХХК, ******* ХХК,

******* нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/04049 дугаар шийдвэртэй

******* ХХК, ******* ХХК, ******* нарын нэхэмжлэлтэй, ******* ерөнхий газарт холбогдох,

Агуулах гараашийн үүд хаалгыг чөлөөлж, орц, гарц гаргаж, тэдгээрийг ашиглах боломжоор хангуулах, гэм хорын хохиролд 18,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, ******* ХХК-ийн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: хорооны нутаг Өнөөдөр" сонины хэвлэх үйлдвэрийн баруун урд ******* лабораторийн барилгын зүүн урд байх автомашины гарааш, агуулахыг бид өөрийн хөрөнгөөр ******* онд барьснаас хойш ашиглаж ирсэн. Лабораторийн хуучин барилгын араар дээрх гараашууд руу орж гарах нийтийн эзэмшлийн зам байсныг ******* ерөнхий газар нь уг орц, гарц дээр дур мэдэн өргөтгөлийн шинэ барилгын зургийг хийлгэн барилгаа хүч түрэн барьж бидний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Бидний зүгээс 2018 оноос эхлэн дээрх газар нь нийтийн эзэмшлийн талбай орц, гарц болохыг хариуцагчид удаа дараа мэдэгдэж байсан ч 2019 оны 03 сард Зм өндөртэй төмөр хашаа барьж бүтэн 2 жил гаруй автогарааш, агуулахаа ашиглах боломжгүй болсон.

Энэ хугацаанд уг асуудлаар ******* ерөнхий газарт албан бичгээр удаа дараа хандсан ч арга хэмжээ авахгүй, бидний орц гарцын нийтийн зам талбайд цахилгааны дэд станцын барилгыг дураараа шилжүүлэн барьж, гарааш руу нэвтрэх боломжгүй болгон хашаа барьж, хамгаалалт гаргаж барилгаа барьсан.

Энэ асуудлаархи Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн дугаар шийдвэрт ******* ерөнхий газраас шүүх хуралдааны үед цаашид нэхэмжлэгч нарыг гарааш руу орж гарах эрхийг хязгаарлахгүй гэсэн тайлбарыг удаа дараа өгсөн бөгөөд барилга баригдах цаг хугацаанд нэхэмжлэгч нарын гарааш ашиглах эрхийг зөрчсөн нь тогтоогдсон тул хохирол учирсан эсэхийг иргэний шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй, мөн ******* ХХК 17 жил, иргэн ******* 1998 оноос, ******* ХХК 2004 оноос хойш тус тус гарааш ашиглаж газрын төлбөр төлж байсан нь нэхэмжлэгч нарыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхгүй гэж шүүх дүгнэснийг үндэслэн Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1,135.2, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 229.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нарт агуулах гараашаа ашиглах орц гарц гаргаж өгөх, мөн агуулах гараашаа ашиглаж чадаагүйгээс үүдэлтэй учирсан хохирол 18,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжпэгч нараас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 сарын 08-ны өдрийн захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 сарын 08-ны өдрийн захирамжийн 1.1-д заасан дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах конторын зориулалтаар ******* ерөнхий газрын эзэмшиж буй 5200 м.кв газрын хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасугай гэснийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн , түүнийг хянасан ГАБХ-ийн дарга нарын 1461300167 нэгж талбарын дугаар бүхий ******* ерөнхий газарт эзэмшүүлэхээр олгосон газрын кадастрын зураглалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн 230 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарыг Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, кординатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх гэж заасныг зөрчин тухайн гараашуудын доорх газрыг эзэмших хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээгүй гэдэг нь тогтоогдсон. Гэтэл тухайн гараашуудыг эзэмших эрх байхгүй, орц гарцын асуудлаа шийдвэрлээгүй байж орц, гарц гаргахыг даалгах, гэм хорын хохирол нэхэмжилж буй нь харин ч үндэслэлгүйгээр хөрөнгөжиж буй үйлдэл юм.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд агуулах, гараашийн үүд хаалгыг чөлөөлж, орц гарц гаргаж тэдгээрийг ашиглах боломжоор хангах гэсэн хэсгийг Захиргааны хэргийн шүүхээр ороод шийдсэн бөгөөд шүүхээс ******* ерөнхий газар нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нарын гарах гээд байгаа газар нь ******* ерөнхий газрын мэдлийн газар бөгөөд нэхэмжлэгч нар урд нь ******* ерөнхий газрын 5200 м.кв газар дээгүүр орж гарч байсан. 18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь хохирол гаргуулахын тулд дүр эсгэж хийсэн гэрээ гэж ойлгож байна. Аж ахуйн нэгж үүнийг архивласан байдаг. нь *******гийн хүүхэд байсан. Аав нь хүүхэддээ авч өгсөн зогсоолоо гэдэг хүнээс авч өгсөн. Хоорондоо болсон зүйлийг нэг шүүхээр шийдвэр гаргуулж мөнгөө авна гэсэн нь үндэлслэгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ерөнхий газраас 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, агуулах гараашийн үүд хаалгыг чөлөөлж, орц гарц гаргаж тэдгээрийг ашиглах боломжоор хангах, 10,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 142,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: ******* ХХК нь нэхэмжпэлийн шаардлагаа гэм хорын хохирол гэж тодорхойлсныг шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн. Онолын хувьд гэм хорын хохирол-ыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт зааснаар ойлгож болно, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах, хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйгээс учирсан гэм хорыг шийдвэрлэхэд хуулийг нэг мөр ойлгож, оновчтой зөв хэрэглэх нь чухал тодорхойлжээ. Нэхэмжпэгчийн зүгээс шүүх хуралдаанд олж болох түрээсийн орлого гэж маргасан ба гэмт хэргийн шинжтэй ямар нэгэн үйлдэл болоогүй, энэ талаар ч маргаагүй.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр, мөн зүйлийн 318.4 дэх хэсэгт ийнхүү бүртгүүлээгүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар заажээ. Гэтэл ******* ХХК-ийн гарааш нь албан ёсны зөвшөөрөлгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй нь хэргийн баримтаар тогтоогддог.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтын ******* ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамж гаргуулан нэхэмжпэгчид олгохоор шийдвэрлсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч нарын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн шийдвэрээр ******* ерөнхий газраас цаашид нэхэмжлэгч нарыг гараашаар орж гарах эрхийг хязгаарлахгүй гэсэн тайлбарыг удаа дараа өгсөн байх бөгөөд барилга барих хугацаанд нэхэмжлэгч нарын гарааш ашиглах эрхийг зөрчсөн нь тогтоогдож байх тул хохирол учирсан эсэх асуудлыг Иргэний шүүхээр шийдүүлэх нь зүйтэй гэж дүгнэснийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Уг дүгнэлтийг үндэслэл болгоод үйл баримт тогтоогдсон учраас энэ талаар дахин нотлох шаардлагагүй гэх үндэслэлээр 8,000,000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК, ******* ХХК, ******* нар хариуцагч ******* ерөнхий газарт холбогдуулан агуулах гараашийн үүд хаалгыг чөлөөлж, орц, гарц гаргаж, тэдгээрийг ашиглах боломжоор хангуулах, гэм хорын хохиролд 18,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. ******* ерөнхий газар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 04 сарын 15-ны өдрийн 164 тоот шийдвэрээр дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын дугаартай 5,200 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, конторын зориулалтаар эзэмшиж, мөн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 сарын 08-ны өдрийн тай захирамжаар уг газрын эзэмших хугацааг 15 жилээр сунгажээ.

3.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн шийдвэрээр ...******* ерөнхий газар нь Нийслэлийн Засаг даргын ******* оны 12 сарын 04-ний өдрийн  Барилгын байршил тогтоож, газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай захирамжаар дугаар хорооны нутаг дэвсгэрт 4,000 м.кв газрыг конторын зориулалтаар эзэмшиж эхэлсэн ба Монгол Улсын Сангийн яамнаас 1,200 м.кв газрыг шилжүүлж, нийт 5,200 м.кв газрыг эзэмшиж эхэлсэн болон ...Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 09 сарын 07-ны өдрийн ******* ерөнхий газар өгсөн хариу албан бичигт ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ерөнхий газрын эзэмшиж буй газар дээр байгаа авто машины гарааш болон агуулах нь тус албаны мэдээллийн санд бүртгэгдээгүй болно , тус албаны 2020 оны 03 сарын 31-ний өдрийн албан бичигт ... ******* ерөнхий газрын эзэмшил газрын зүүн талд байрлах гараашуудын доор газрыг газрын мэдээллийн санд 2 нэгж талбар болгон бүртгэсэн боловч захирамж шийдвэрийн мэдээлэл бүртгэгдээгүй гэж дүгнэжээ.

3.3. Дээрх эрх бүхий захиргааны байгууллагын болон шүүхийн шийдвэрээр зохигчийн маргаж буй газрыг хариуцагч эзэмших эрхтэй болохыг, мөн нэхэмжлэгч нар гараашуудын доорх газрыг эзэмших эрхгүй болохыг тус тус тогтоосон ба тус үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.

 

4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт зааснаар газрыг хуульд заасан журмын дагуу олгогдсон, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмших бөгөөд аливаа этгээд нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр газрыг эзэмших, ашиглах эрхгүй. Нэхэмжлэгч нарт хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрх үүсээгүй тул мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.2-т зааснаар газрыг эзэмших, ашиглах явцад бусад этгээдийн хууль зөрчсөн аливаа нөлөөллөөс хамгаалуулах, газарт нь учирсан хохирлоо гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр газар эзэмшигчийн нэгэн адил шаардах эрхгүй байна.

 

5. Иймд хариуцагч ******* ерөнхий газар нь нэхэмжлэгч ******* ХХК, ******* ХХК, ******* нарын газар эзэмших эрхийг зөрчиж, газар дээрх автомашины гараашуудыг ашиглах боломжоор хангаагүй гэх үндэслэлгүй байна. Энэ үндэслэлээр хариуцагчийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хууль бусаар хохирол учруулсан гэж үзэхгүй, түүнчлэн нэхэмжлэгч нар нь одоогийн ашиглаж буй газрынхаа хууль ёсны эзэмшигч биш тул уг газар дээр үйл ажиллагаа явуулснаас бий болсон үр шим, хохирлыг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгч нар хуульд зааснаар газартай холбоотой шаардлага гаргах эрх үүсээгүй байхад анхан шатны шүүх хариуцагч нь эзэмшил газартаа барилга барих эрхээ хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгч нарын газар ашиглах эрхийг зөрчиж, эд хөрөнгөд нь хохирол учруулсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан агуулах, гараашийн үүд хаалгыг чөлөөлж, орц, гарц гаргаж, тэдгээрийг ашиглах боломжоор хангуулах шаардлагыг Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, мөн гэм хорын хохиролд холбогдох зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба ийнхүү шийдвэрлэсэнд нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/04049 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* ерөнхий газарт холбогдуулан агуулах гараашийн үүд хаалгыг чөлөөлж, орц, гарц гаргаж, тэдгээрийг ашиглах боломжоор хангуулах, гэм хорын хохиролд 18,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК, ******* ХХК, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ