Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/032

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Нарийн бичгийн дарга Х.Ундрах-Оргил,

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000470025 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, С.Б

Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч С.Б нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны шөнө Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн М.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч С.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Г манайд маргадаг хэн бэ гээд миний хамар луу цохисон, тэгэхээр нь би гараад үзчихье гээд гэрээс дагуулж гараад хашааны үүдэнд дагуулж очоод хамар луу нь цохисон, тэгтэл хамрын цус гарсан тэгээд Г подволкоо тайлаад хамрын цусаа арчиж байгаад чи миний хамрын цусыг гаргадаг хэн бэ гээд байхаар нь би хавсаргаад газар унагасан тэгээд байж байхад цаанаас Гын эхнэр нь гарч ирээд аваад явсан тэгээд Б, М хоёрыг ах нь ирээд аваад явсан тэгээд би машинаа унаад гэртээ харьсан. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна одоо хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...Өөр ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бын мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч М.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Бямбажав гэдэг хүн орж ирэхэд чам шиг пизда бандитайгаа нийлээд намайг барахгүй шүү гэсэн тэгээд ухас хийгээд босоход нь боль гээд гараа савахад хамар луу нь цохисон тэгээд гараад ир муу гөлөг минь гэхээр нь дагаад гарахад хашааны гадаа гараад миний баруун нүд, хамар луу цохисон тэгэхээр нь би нүүрээ дараад хэвтэхэд миний баруун талын суга руу өшиглөсөн тэгээд хэн нь мэдэгдэхгүй энд тэндээс өшиглөөд байсан нэг харахад Б миний урдуур орж ирээд боль гэж байсан. Нэмж хэлэх зүйл байхгүй. Миний хэлсэн зүйл үнэн нэх мэдүүлэг /хх-ийн 06-07/

4. Гэрч Д.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                                  

 … Манай нөхөр Г намар Быг малаа ав гэж хэлсэн гэсэн тэгээд Б чи намайг намар малаа ав гэж бэлчээрээ харамласан гарий гээд дагуулаад гарсан тэгээд манай нөхрийг зодсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/

 5. Гэрч Г.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай багийн шинэ жил болоод орой 20 цагийн үед эхлээд 00 цаг гээд сумын цагдаа ирж тараасан тэгээд би Мөнх- Эрдэнэтэй хамт хадам ээж Гантулгынд очоод байж байхад манай хадам ээжийнд Б машинтай ирсэн тэгээд би машинд нь суугаад М мотоцикл унаад бид 3 Нямсүрэнгийнд очсон тэгээд мотоциклоо Нямсүрэнгийнд хашаанд орхичхоод машинаар 5 уулаа Гынд очиход хашааны хаалга онгорхой байсан бид нар машинтайгаа хашаа руу нь ороод машинаа Гын гэрийн хойно тавиад машинаас буухад Г хашаан дотроо мотоциклынхоо хажууд байсан эхнэр О бас хашаандаа зогсож байсан тэгээд гэр лүү нь ороод сууж байхад Б газар цохиж аваад том том дугараад орилоод байсан тэгтэл гаднаас Бямбажав гэдэг хөгшин орж ирэхэд Б, Бямбажав гэдэг хөгшин рүү дайраад байсан тэгээд М бид 2 Б, Бямбажав 2 ийг авч гэрээс гаргаад салгаад оруулж ирээд бид 3 сууж байхад Г босож ирээд Бын нүүр лүү цохисон тэгээд Б гаръя гээд аваад гарсан тэгээд 10 орчим минутын дараа М бид 2 араас нь гарахад Г дээлээ тайлсан цээж нүцгэн Б дээлтэйгээ хоорондоо маргалдаад зогсож байсан, тэгээд бид 2 гараад би Быг авсан М Гыг аваад хашаа руу нь орсон тэгээд Б намайг тавь гэхээр нь яах гээд байгаад юм гэсэн зүгээр тавь гэсэн тэгсэн манай хадам ах машинтай ирж байхаар тавьчхаад зогсож байтал Б очоод Гыг тонгороод унагахад Мөнх-Эрдэнэ очоод араас нь өшиглөж байсан тэгээд эхнэр нь цаанаас гэрээсээ гарч ирж байхаар нь би хадам ахынхаа машин руу гүйгээд суусан тэрнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна.гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/

 6. Гэрч Ц.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Б ах гадаа гараад орилоод байсан тэгээд Г ах араас нь гараад явсан тэгээд би араас нь яг 30 минутын дараа гарахад Б, Г хоёр хоорондоо зодолдож байсан Б нь Гыг цохиж байсан, намайг очиход Г ах доороос нь босож ирээд байсан, тэгээд бид 2 очоод салгасны дараа Г чи миний хамраас цус гаргасан байна гээд цусаа подволкоороо арчаад дайраад байсан тэгэхэд нь би бүдүүн гуянд нь өшиглөсөн өөр зүйл болоогүй тэгээд манай ах гадаа машинтай ирчихсэн байхаар нь би мотоцикл унаад дагаад явсан. гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/

7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 65 дугаартай шинжээчийн:

1. М. Гын биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хацар, тохой, зүүн мөр, тохой, бугалга, шуу, алганы ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. М.Г нь шамбарам буюу цагаан мах эргэх өвчтэй юм байна. Уг өвчин нь гэмтлийн шалтгаан биш болно гэх дүгнэлт /хх-ийн 29-30/ болон хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч С.Бын урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д С.Бын багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 10-14 дүгээр хуудсанд авагдсан эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 36-39 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч С.Бын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 71-72 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны шөнө Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн М.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч М.Гын мэдүүлэг, гэрч Д.О, Г.Б, Ц.М нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 65 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч С.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч С.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч С.Бт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцэх зүйлгүй хүлээн зөвшөөрч байгаа талаар дүгнэлт гаргасаныг дурдах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон зөрчил гаргасан бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй гэх тул шүүгдэгч С.Бын зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шүүхэд ирүүлэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Бын эзэмшлийн Noke маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, дээрх гар утсыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу торгуулийг нөхөн төлөх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халтмай овогт С.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Халтмай овогт С.Быг зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан С.Бт оногдуулсан зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох ялыг ялтан С.Быг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.       

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч С.Бын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж торгуулийн ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ