Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 631

 

Э.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Э.Мөнхтулга, түүний өмгөөлөгч С.Соронзонболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 703 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1244 дүгээр магадлалтай, Э.М-д холбогдох 1905008050578 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболдын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бүрэн овогт Э.М нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-аас 142.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Г-т олгуулах, хохирогч өөрт учирсан бусад хохирлоо Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан резинэн бороохойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:...Э.М нь Цагдаагийн албаны тухай хуульд заасан хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах нийтлэг үүргийн дагуу албан үүргээ хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгэж байгаад бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт шийтгүүлсэн бөгөөд албаныхаа чиг үүргийн хүч хэрэглэсэн үйлдлийг нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж дүгнэж байгаа бол холбогдох байгууллагаас мэргэжлийн комисс томилуулан, ямар захиргааны хэм хэмжээний, ямар актыг, яаж зөрчсөн, эсэх талаар албан ёсны дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу биеийн хүч болон тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй ба үүний улмаас бусдын биед гэмтэл учирсан эсэхийг мэргэжлийн байгууллага дүгнэх ёстой.

Хэрэв мэргэжлийн комисс томилуулан дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзвэл Цагдаагийн албаны тухай хууль, “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 4 дүгээр зүйлд заасны дагуу албаны шалгалт явуулж, Э.М нь Цагдаагийн албаны тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хэм, хэмжээний ямар актыг яаж зөрчсөн эсэх талаар албан ёсны дүгнэлт гаргуулсны дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай юм. Тиймээс Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аудитын хэлтсээс албаны шалгалтын материалыг хуулбарлан хэрэгт нотлох баримтаар хавсаргуулан, албаны шалгалтын дүнг харгалзан үзэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн бүсэлхий 5 дугаар нугалмын цууралт гэмтэл хэдийд, ямар цаг хугацаанд үүссэн эсэх нь тодорхойгүй, хөгжлийн бэрхшээлтэй хохирогч нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хувцас форм, биед халдан довтлох үед нь тусгай хэрэгслээр өгзөг, гуяны ар хэсэгт хөхрөлт үүсгэсэн гэх боловч хүний биеийн бүсэлхий 5 дугаар нугалам нь өгзөгний хөхөрсөн хэсгээс дээш 10 гаруй см зайтай байгаа тул шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, анхан шатны шүүх хуралдаанд дахин шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авалгүй шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэх үндэслэлд хамаарна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 703 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1244 дугаартай магадлалыг хүчингүй болгож, дахин шинжээч томилж, хохирогчийн биед учирсан гэх бүсэлхийн 5 дугаар нугалмын цууралт гэмтэл хэдийд, ямар цаг хугацаанд үүссэн эсэхийг эргэлзээгүй тогтоох зайлшгүй шаардлагатай байх тул нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.М нь Цагдаагийн албаны тухай хууль болон “Цагдаагийн албан хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар”-т заасан нэг бүрийн хэрэгсэл ашиглах нөхцөл, тохиолдол зэргийг зөрчиж хохирогчийг бороохойдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч, гэрч, шинжээч эмч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байна. Хохирогч хөгжлийн бэрхшээлтэй тул бусдад өөрийгөө илэрхийлэх чадвар муу. Шүүгдэгч Э.М нь хохирогчийг чиглэлийн ахлах ажилтан руу орилж хашгирлаа гэсэн шалтгаанаар бороохойдсон нь хууль, заавраа зөрчсөн. Шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй. Хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболдын гаргасан гомдлыг үндэслэн Э.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.М нь Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, жолоочоор ажиллаж байхдаа буюу 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил дэх цагдаагийн хэсгийн байранд Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.5 дахь хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.1.2, 48.1.3, 52 дугаар зүйлийн 52.1.1 дэх хэсэг, “Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар”-ын 3.3, 3.13-ийн В-д заасныг тус тус зөрчин хөгжлийн бэрхшээлтэй /сонсголгүй/ иргэн Ц.Г-ыг Чиглэлийн ахлах ажилтай Д.Жы өөдөөс орилсон, эсэргүүцэл үзүүлсэн гэж шалтгаанаар резинен бороохойгоор бороохойдож, түүний биед бүсэлхий 5 дугаар нугалмын цууралт, зөөлөн эдийн няцрал, цээж, шуу, дал, өгзөг, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5237 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-47/, хохирогч Ц.Г /хх-124/, гэрч Д.Ж /хх-129/, гэрч Ш.Д /хх-9/ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Э.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболдын гаргасан гомдлын дагуу хэргийн нотлогдсон байдлыг судалж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5237 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-47/, хохирогч Ц.Г /хх-124/, гэрч Д.Ж /хх-129/, гэрч Ш.Д /хх-9/ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон, өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.М-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, эргэлзэх, хэргийг дахин шалгах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Түүнээс гадна хохирогч Ц.Г-ийн хувьд тухайн өдөр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, улмаар цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, халдан довтолсон гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболдын гаргасан “нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 703 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1244 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН          

                                                                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН