Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 111/2015/0026/З |
Дугаар | 001/ХТ2016/0134 |
Огноо | 2016-04-18 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2016/0134
Д.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан хийж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ний өдрийн 83 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Д.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Д.Алтангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2011 Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын сонгон шалгаруулалтад орж тэнцэж төрийн албаны тангараг өргөж томилогдсон.
Гэтэл үндэслэлгүйгээр удаа дараа ажлаас халж, төрийн албанд ажиллах эрхийг зөрчиж байгаа бөгөөд нийт 6 удаа шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаан томилогдсон боловч хариуцагч аймгийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна.
Сонгон шалгаруулалт бүхэлдээ хүчингүй болоогүй, зөвхөн намайг ажлаас халах гэсэн Засаг даргын хүсэлтийг биелүүлж надад холбогдох хэсгийг хүчингүй болгож байгаа нь уг тогтоолыг хуульд нийцээгүй, тогтоолын заалт нь ямар ч логик утгагүй гэдгийг нотолж байна гэж би үзэж байна. 2011 оны 6 дугаар сарын 6-нд зохион байгуулагдахаар аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын сонгон шалгаруулалтын томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах шаардлага, ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг намайг хангаж байна,
Д.Алтангэрэлийн эзэмшсэн геологич мэргэжил нь газрын харилцааны чиглэлд хамаарна, геологичоор ажиллаж байсан болон даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан жилүүд нь /нийт 8 жил/ хуулийн шаардлага хангана гэж сонгон шалгаруулалтыг шалгаруулах ажлын хэсэг дүгнээд намайг шалгаруулалтад оруулсан бөгөөд би өрсөлдөгчдөөсөө өндөр оноо авснаар тухайн ажилд томилогдсон юм.
Иймд Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 288 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын ажлын байрны сонгон шалгаруулалтыг “Газрын тухай хууль”-д нийцээгүй ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн явуулсан гэж үзэж 2015 оны 5 дүгээр сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор хүчингүй болжээ.
Тус тогтоолыг аймгийн Засаг даргад ирүүлсний дагуу нягталж үзэхэд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8, 20.3-т заасан заалтуудыг илт зөрчиж томилсон нь тогтоогдсон тул аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 288 дугаар захирамжаар 2011 оны “Д.Алтангэрэлийг ажилд томилох тухай” 303 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Иймд Д.Алтангэрэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Гуравдагч этгээд А.Батболд шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие аймгийн Засаг даргын 5 дугаар сарын 14-ний өдрийн 289 тоот захирамжаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалт хүртэл хугацаанд газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна. Шүүхээс гарах шийдвэрийг хүндэтгэн үзэх болно гэжээ.
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.2.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Д.Алтангэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 288 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан Д.Алтангэрэлийн ажилгүй байсан хугацааны цалин 5.925.786 төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Алтангэрэлд олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөхийг үүрэг болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч нарын өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 1 дүгээр сарын 28-ний өдрийн 83 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Д.Алтангэрэл нь анх 2009 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан байх бөгөөд түүнийг төрийн албанд урьд өмнө ажиллаж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан “3 жил” гэсэн шаардлагыг хангаагүй байхад Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт зарлаж Д.Алтангэрэлийг дээрх албан тушаалд томилсон нь анхнаасаа хууль зөрчсөн тул Төрийн албаны салбар зөвлөлөөс 14 дүгээр тогтоолыг, Засаг даргаас 288 дугаар захирамжаар илт үндэслэлгүй, хууль зөрчсөн тогтоол захирамжийг тус тус хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.
Мөн нэхэмжлэгч нь ашигт малтмалын эрэл зураглал мэргэжлээр төгссөнөөс гадна хуульд заасан газрын харилцааны зохих мэргэжлийг эзэмшээгүй, мэргэжлээрээ урьд өмнө ажиллаж байгаагүй байхад мөн хуулийг илтэд зөрчиж томилсон 2011 оны ажилд томилох тухай 303 дугаар захирамж нь илтэд үндэслэлгүй байсан тул хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ хугацаанд хууль бусаар төрөөс авсан цалин 17 сая төгрөгийг Д.Алтангэрэлээс буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэг Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхэд хянагдаж байгаа болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Алтангэрэл нь Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 288 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах, Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Маргаан бүхий захиргааны актуудаар “ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байхад илт хууль зөрчиж, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд томилогдсон” гэсэн үндэслэлээр 2011 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн сонгон шалгаруулалтын нэхэмжлэгчид холбогдох хэсэг болон нэхэмжлэгчийг анх ажилд томилсон 2011 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 303 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.
Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл 2011 оны 6 дугаар сарын 6-ны өдөр мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, хамгийн өндөр оноо авсан нэхэмжлэгч Д.Алтангэрэлийг томилуулахаар нэр дэвшүүлсэн байна.
Тухайн үед 2011 онд Төрийн албаны салбар зөвлөл нь нэхэмжлэгчийн мэргэжил, ажилласан хугацааг нягтлан шалгаж, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан гэж үзэж, шалгалтад бүртгэж, шалгалт авч, нэр дэвшүүлсэн атлаа хожим хойно 2015 онд “мэргэжлийн бус, 3 жил ажиллаагүй” зэргээр өмнөх шийдвэрээ үгүйсгэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заасантай нийцэхгүй, нэхэмжлэгчийн төрийн албанд ажиллах эрх, төрийн албан хаагчийн эрх, баталгаагаар хангагдах зарчмыг ноцтой зөрчжээ.
Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “төрийн албанд урьд өмнө ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт ач холбогдолгүй, захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дагаврыг нэхэмжлэгч хүлээх хууль зүйн үндэслэлгүй, анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд томилогдох хууль зүйн үндэслэлтэй болох нь тогтоогдсоор байхад аймгийн Засаг даргаас 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1а/325 дугаар албан бичгээр Төрийн албаны салбар зөвлөлд урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгох талаар чиглэл өгч байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн буруутай байна.
Харин ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөх олговорыг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргаас буюу хувь этгээдээс гаргуулах гэж ойлгогдохоор заасан нь буруу байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д зааснаар төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах, дараа нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар байгууллага гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ний өдрийн 83 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ