Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 1463

 

 

ХХ-ын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Оюунцэцэг, Д.Дамдин-Од нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар, 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2016/00257 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ХХ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х” ХХК, иргэн ХХХХ нарт холбогдох,

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1 934 500 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч ХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дамдин-Одын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ХХ, түүний өмгөөлөгч ХХХХ, хариуцагч ХХХХ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

            Нэхэмжлэгч ХХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Х” ХХК компани нь газар шорооны ажил хийж, шороо нөөцлөх зорилгоор овоолж байхад нь нурсны улмаас манай хашаанд байсан багаж эд зүйлийг эвдэлж хэмхэлсэн. Туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан ХХХ-ийг хамтран хариуцагчаар татсан. Иймд “Х” ХХК, иргэн ХХХХ нараас эвдэлж гэмтээсэн зүйлийн үнэ 1 406 000 төгрөг, ажил гүйцэтгэх боломжгүй болсноос банкинд хий төлсөн зээлийн хүү 328 550 төгрөг, нийт 1 734 550 төгрөг,  өмгөөлөгчийн хөлс 200 000 төгрөг, нийт 1 934 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХХХХ шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 оны 08 дугаар сард “Х” ХХК-тай амаар харилцан тохиролцсоны үндсэн дээр Х, Х нарын хамт орон сууцны барилгын суурийн нүхийг эксковатороор ухуулж гарсан шороог өөрсдийн эзэмшлийн өөрөө буулгагч гурван автомашинаар тээвэрлэж буулгасан. Харилцан тохиролцсоны дагуу “Х” ХХК-ийн инженерийн хэлснээр барилгын талбайгаас 200 орчим метрын зайд жалганд 40 орчим машин шороо тээвэрлэж буулгасан. Дараа нь барилгын хашаан дотор суурь манахад шаардагдах нөөц шороо тээвэрлэж буулгасан. “Х” ХХК-ийн инженер барилгын суурийн нүхийг аль талбайд, ямар хэмжээтэй ухах, гарсан шороог хаана тээвэрлэж буулгах зэрэг нүх ухах, шороо тээвэрлэж, буулгахтай холбоотой бидний гүйцэтгэж байсан ажлыг бүхэлд нь зааж, хянаж, түүний хэлснээр бид суурийн нүхийг ухаж шороог тээвэрлэж буулгасан. “Х” ХХК-ийн инженер нь жолооч Хт буулгасан шороог шуух хэрэгтэй байна гэхээр нь ковшийн жолооч ХХХХ-той холбогдож, инженертэй тохиролцоод нөөц шороог шуусан. Шороо шууж байхад инженер ХХХХ зогсч, түүнд хэлж зааварчилж байх тэр үед овоолсон шороо нурсан. Шороо шуух, овоолох ажил үүрэг нь бидний гүйцэтгэх ажил үүрэг биш харин энэ ажил үүрэг нь “Х” ХХК-ийн ажил үүрэгт хамаарах юм. “Х” ХХК-ийн компанийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан гэжээ.

Хариуцагч “Х” ХХК-ийн төлөөлөгч ХХХХХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Манай компани нь 2014 оны 08 дугаар сард ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хорооны ХХ дугаар байрны хашаанд суурийн нүх ухах ажлыг ХХХХтэй харилцан тохиролцон гүйцэтгүүлсэн. Тус жолооч нь өөрийн буруутай үйлдлийн улмаас манай компанийн 50 метр блокон хашаа нурж хохирол учирсан. Манай компани буруугүй...” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХ-ын нэхэмжлэлтэй “Х” ХХК, ХХХХ нарт холбогдох гэм хорын хохиролд 1 934 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 902 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 3 503 төгрөгийг улсын төсвөөс /ХУД татварын хэлтсийн 2603030349 данс/ буцаан гаргуулж нэхэмжлэгч ХХт олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч ХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.  Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэх хүсэлтэй байна...” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Х” ХХК-ийн гэм буруутай үйлдлийн улмаас манай баруун талын хашаа нурж мужааны багаж тоног, төхөөрөмж болох босоо фризер, мужааны хөрөөний мотор, цахилгаан зүлгүүр зэрэг эд зүйл эвдэрсэн тул шинжээч томилж эд зүйлд учирсан эвдрэл гэмтлийг тогтоолгох хүсэлтийг тус шүүхэд гаргасныг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 102/Ш320/16/18773 тоот захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн босоо фризер, мүжааны хөрөөний мотор, цахилгаан зүлгүүр зэргийг худалдан авсан баримтыг хэрэгт хавсаргасан байхад шүүх уг баримтыг үнэлээгүй. Үүнээс гадна "ХХХ" ХХК-ийн хашаа нурахдаа манай модон хашааг дарж нураасан тул хашааны банз шургааг худалдах авах үнэ 95 000 төгрөг, 12.45см цонхны шилний үнэ 144 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 200 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаар шийдвэрт огт заагаагүй. Нэхэмжлэгч миний бие шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байсан бөгөөд хэрэгт ач холбогдолтой нотлох баримт, нурсан хашааны банз, цонхны шилний ханшийн лавлагаа, банкны зээлийн гэрээ, төлбөр төлсөн баримтыг авчрах гээд хурлаас хоцорсон. Өмгөөлөгч ХХХХ нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг хэрэгт хавсаргуулахын тулд шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах хүсэлтийг шүүхэд тавьсан боловч хүлээж аваагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэррлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзсэн тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргахаар заасан. Анхан шатны шүүх “Х” ХХК-ийг нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учруулсан талаар зөв дүгнэсэн атлаа гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх хууль зүйн дүгнэлтийг буруу хийсэн. Нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгөнд хэдий хэмжээний хохирол учруулсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хэргийн 4 дүгээр талд эд зүйлийг худалдан авсан 1 350 000 төгрөгийн баримтыг өгсөн байхад уг баримтыг буруу дүгнэсэн. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2016/00257 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Хариуцагч ХХХХ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн үед миний бие тээвэрлэлтийн ажил л хийж байсан. “Х” ХХК-ийн инженер нь ковш дуудаад шороог зөө гэж хэлсэн. Ингэхэд нэхэмжлэгч ХХ нь “...одоо болно наад хашаа чинь нурлаа...” гэж хэлсний дараа шороо нурсан. “Х” ХХК-ийн барилгын инженерийн зааварчилгаагаар л ажилласан. Миний буруу байхгүй тул би төлбөрийг хариуцахгүй гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч ХХ нь анх хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан газар шорооны ажлыг гүйцэтгэх явцдаа эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 1 406 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад жолооч ХХХ-ийг хамтран хариуцагчаар татжээ.

Нэхэмжлэгч ХХ өөрийн тайлбарыг нотлох зорилгоор “Х” ХХК-ийн жолооч ХХ, нярав ХХ нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэснийг зөрчсөн байна. Мөн нэхэмжлэгч мужааны багаж хэрэгсэл болох фризерийн эвдрэлийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх “...хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан эсэх асуудлаар маргаагүй...” гэж дүгнэж хүсэлтийг хангаагүй атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХ нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлын хэмжээг нотлоогүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхэр буцааж, нэхэмжлэгч ХХ-ын гаргасан давж заалдсан гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн
167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2016/00257 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  нэхэмжлэгч ХХ-ын төлсөн 45 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                               ШҮҮГЧИД                                     Ч.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                     Д.ДАМДИН-ОД