Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/028

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814006430024 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Б.Э

Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 3-28 тоотод иргэн Ч.Хг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 23 цаг өнгөрөөд манай найз бүсгүй Ичко ирсэн юм. Түүнийг би хардаад Ичкогийн ахынх нь хашааны гадаа Ичког эрэгтэй хүнтэй ирлээ гэж бодоод машин зогсоод цонхоо онгойлгохоор нь жолоочийг нь цохичихсон чинь тэр нь эмэгтэй хүн бөгөөд Х гээд Ичкогийн найз нь байсан юм. Би Хг машины цонхоо онгойлгонгуут нэг удаа гараараа нүүр рүү нь цохисон юм. Тэр тэгээд шууд хөдлөөд Ичкогийн хамт яваад өгсен. Б.Х болон Ичкотой маргаагүй байсан. Өөр зүйл болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 37-39/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Ч.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би Ичког хүргэж өгөх гээд гэр рүү нь явж байхад Ичко нөхөртэйгөө утсаар ярьж байсан ба нөхөр нь цаанаас эрэгтэй хүнтэй яваад байна гээд байх шиг байсан. Ичко болохоор “би эмэгтэй хүнтэй явж байна найз охинтойгоо” гэж байсан. Тэгээд хашааных нь үүдэнд очоод зогсоход Ичко “цонхоо онгойлгочих эмэгтэй хүнтэй хамт явсан гэж харуулъя” гэсэн. Тэгэхэд хашааны үүдэнд нөхөр нь гарч ирээд намайг машины цонх онгойлгоход шууд миний нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд Ичко “хөдлөөрэй одоо бөөн юм болно” гэхээр нь би шууд хөдлөөд гудамжны үзүүр дээр очоод зогсоод би цагдаа дуудсан... гэх мэдүүлэг / хх-ийн 11-13 /,

4. Гэрч Н.Ичинноровын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                 

 …22 цаг өнгөрөөд 23 цаг дөхөж байхад байх би гэртээ хүргүүлээд гэрийн гадаа ирэхэд манай хамтран амьдрагч Б.Э гарч ирээд Х цонхны шилээ доошлуулахад гараараа Хг 1 удаа нүүр рүү нь цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

5. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 676 дугаартай шинжээчийн:

1. Ч.Хгийн биед тархи доргилт, баруун нүдний алимны доргилт, баруун дээд доод зовхи, хамарт цус хуралт, баруун доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 20-21/ болон хавтаст хэргийн 52 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Эын урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 51 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Эын багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 40-44 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Эын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 62-63 дүгээр хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 3-28 тоотод иргэн Ч.Хг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ч.Хгийн мэдүүлэг, гэрч Н.Ичинноровын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 676 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 Иймд шүүхээс шүүгдэгч Б.Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Эт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч Б.Эын эзэмшлийн Nokia маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг гар утсыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу торгуулийн ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймагт дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж торгуулийн ял биелэгдсэн тохиолдолд прокурорын тогтоолыг хүчингүй болгож гар утсыг эзэмшигч Б.Эт буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Эт нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Б.Эыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Эт оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялыг ялтан Б.Эыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Эын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу торгуулийн ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ