Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00680

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00680

 

 

2024 04 05 210/МА2024/00680

 

*******

ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 31-ний өдрийн 102/ШШ2024/00581 дугаар шийдвэртэй

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох,

Барьцааны гэрээг хүчингүй болгуулж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг буцаан олгохыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Манай компани 2019 оны 09 сарын 14-ний өдөр ******* ХХК-тай Зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж ******* маркийн 150 ширхэг автомашины дугуйг худалдан авсан. Гэрээний баталгаа болгож мөн өдрийн барьцааны гэрээгээр *******,******* тоот хаягтай, 290.74 м.кв талбай, улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Гэвч Ковид-19 цар тахлын улмаас манай компани ******* ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж чадаагүй ба гэрээний 3.2-т заасан хугацаа 2019 оны 12 сарын 31-ний өдөр дууссан. Энэ хугацаанд ******* ХХК нь гэрээний 4.4-т зааснаар төлбөрөө шаардаагүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар уг гэрээтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Иймээс нэхэмжлэгч нь мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчтай байгуулсан Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргээс татгалзсан. Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.1.3, барьцааны гэрээний 4.7-д зааснаар барьцааны зүйлийг барьцаалуулагч нь барьцаалагч буюу нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй байна. Иймд талуудын хооронд 2019 оны 09 сарын 14-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчингүй болгуулж, барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчид буцаан олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Дээр дурдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу манай компани 150 ширхэг дугуйг 102,000,000 төгрөгөөр ямар нэгэн хариу төлбөргүйгээр гэрээний дагуу хүлээлгэж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь төлбөрөө төлөөгүй, энэ талаар санаачилга гаргаж байгаагүй. Харин манай компаниас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ковидын үе байсан тул бүх компанийн үйл ажиллагаа зогссон байсан. Тийм учраас нэхэмжлэгчийг төлбөрөө төлөх байх гэсэн хүлээлттэй байсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.1.6-д зааснаар ******* ХХК-д холбогдох, ******* ХХК-ийн барьцааны гэрээг хүчингүй болгуулж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг буцаан олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгчээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэх үед барьцааны гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа барьцааны эрх дуусгавар болсныг тогтоолгох болгон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар өөрчилсөн. Ингэхдээ талуудын хооронд 2019 оны 09 сарын 14-ний өдөр байгуулсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75.2.1-д зааснаар 2023 оны 01 сарын 01-ний өдөр дууссан тул мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар барьцааны эрх дуусгавар болсныг шүүхэд илэрхийлсэн. Харин үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрчилгээг буцаан олгохыг даалгах нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар үүссэн талаар хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан хариуцагчаас ...шүүх хуралдаанд мэтгэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн ... бид мэтгэлцэх боломжгүй байдал үүссэн. Шаардлагатай нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах шаардлагатай... гэж маргасан. Харин хариуцагчаас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан нотлох баримт гарган өгөх үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх эрхээр хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

4.2. Шийдвэрт ...Нэхэмжлэгч зээлээр худалдах, худалдан авах гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг тогтоолгохоор бие даасан шаардлага гаргаагүй" гэсэн. Нэхэмжлэлийн шаардлага нь барьцааны эрх дуусгавар болсныг тогтоолгох бөгөөд шаардлагын үндэслэлээ ...******* ХХК нь гэрээний 4.4-т заасны дагуу төлбөр төлөхийг хариуцагчаас шаардаагүй тул гэрээний 3.1-д 2019 оны 12 сарын 31-ний өдөр төлбөр төлөх хугацаа дуусч, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2022 оны 12 сарын 31-ний өдөр тус гэрээтэй холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар гэрээний төлбөр төлөхөөс татгалзсан... гэж тодорхой тайлбарласан.

4.3. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч нь гэрээний үүрэг дуусгавар болж, хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө шаардлага гаргаагүй, шаардлага гаргасан тухай баримтыг ирүүлээгүй. Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхээ гэрээний 3.2-т зааснаар 2019 оны 12 сарын 31-ний өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдөр буюу 3 жилийн хугацаанд хэрэгжүүлээгүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь тодорхой байна. Иймээс Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд 2019 оны 09 сарын 14-ний өдөр байгуулсан Барьцааны гэрээний хөөн хэлэлцэх хугацаа мөн адил дууссан. Нэхэмжлэгч нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөх үүргээс татгалзсан бөгөөд шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг дууссан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх ёстой байсан ч анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Бидний зүгээс өмнө нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүнтэй холбоотой маргаан үүссэн гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэдэг үүднээс Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс барьцааны гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсныг даалгах гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа өөрөөр тайлбарлаж эхэлсэн. Түүнээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд түүнийг нь хариуцагч хүлээж аваад хурал хойшлуулах ямар нэгэн асуудал үүсээгүй. Нэгэнт шүүх хуралдаан, мэтгэлцээн эхэлсэн байхад нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөөр тайлбарласан тул бид нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хуулийн хүрээнд няцаалт хийсэн. Хөөн хэлэлцэх хугацааны тухай ярьж байгаа атлаа гэрээний үүргээ биелүүлээгүй асуудлаа тайлбарлахдаа давагдашгүй хүчин зүйл буюу цар тахлын асуудлыг ярьдаг. Зээлээр авсан барааныхаа үнийг төлөөгүй, энэ үүргээ өөрсдөө сайн дураар биелүүлэх үүрэгтэй. Үүргээ биелүүлээгүй атлаа цар тахлын улмаас төлбөрөө төлж чадаагүй, харин бараа нэхэмжилсэн тал нь шаардах эрхээ 2023 оны 12 сарын 31-ний өдрийн дотор хэрэгжүүлээгүй бол энэ барьцаанаас чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.

Уг нэхэмжлэл нь хууль зүйн хувьд няцаагдаад үндэслэл бүхий анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Хариуцагчийн зүгээс мэтгэлцэх эрх хөндөгдөөгүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан барьцааны гэрээг хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг буцаан олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй гэж үзэхээр байна.

 

4. Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, зохигч мэтгэлцэх явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа барьцааны эрх дуусгавар болсныг тогтоолгох гэж тодруулж, зохигчийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул барьцаалуулагч барьцааны зүйлийг өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилжээ. Шүүх хуралдаан даргалагч энэ талаар нэхэмжлэгч талаас тодруулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

 

5. Шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэх болон хэргийн оролцогчоос нэмж тодруулах явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрчилснийг шүүх хуралдаанд даргалагчаас, талууд мэтгэлцэх ажиллагаа явагдсан, уг шаардлагын хүрээнд хариуцагч тайлбар өгөх боломжгүй болсон гэсэн агуулгаар нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулах, өөрчлөх эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах эрхтэй. Энэ тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулж нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг бичгээр авч, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, 67.1.2-т заасны дагуу хариуцагчид гардуулж, зохигч хэн аль нь шүүхэд тайлбар, нотлох баримтаа гаргах, мэтгэлцэх эрхийг нь хангах ажиллагааг шүүх зайлшгүй явуулах шаардлагатай.

 

6. Талуудын хооронд 2019 оны 09 сарын 14-ний өдөр байгуулсан Барьцааны гэрээний дагуу барьцааны зүйл болсон нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх нь тодорхойгүй, барьцааны бүртгэлийн талаархи мэдээлэл ойлгомжгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Тодруулбал, барьцааны гэрээнд барьцаа хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэсэн тухай улсын бүртгэгчийн тэмдэглэл хийгдээгүй, талууд барьцааны гэрээг 2019 оны 09 сарын 14-ний өдөр байгуулсан боловч 2019 оны 12 сарын 04-ний өдөр барьцаалбартай барьцааны гэрээ-ний барьцаалагчаар хариуцагч ******* ХХК улсын бүртгэлд бүртгэгдсэн зэрэг нь зөрүүтэй байгаа тохиолдолд уг барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг тодруулах шалтгаан болно.

Хариуцагчийн барьцааны эрх дуусгавар болсон гэж нэхэмжлэгч маргаж, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гарган зохигч мэтгэлцэж байгаа нөхцөлд маргаж буй эд хөрөнгө барьцаалагдсан эсэхийг тодруулах нь хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох, зохигчийн маргаж буй асуудлаар шүүх эрх зүйн дүгнэлт хийхэд ач холбогдолтой.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулах, өөрчлөх эрхийг хангаагүй болон зохигчийн маргааны зүйл болсон барьцаа хөрөнгийн мэдээллийг бүрэн тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгт цугларсан баримтын хүрээнд зохих дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 31-ний өдрийн 102/ШШ2024/00581 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЭНЭБИШ