Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00692

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00692

 

 

 

 

 

 

 

 

2024 04 05 210/МА2024/00692

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 17-ны өдрийн 102/ШШ2024/00355 дугаар шийдвэртэй

******* ХК-ийн нэхэмжлэлтэй, *******ад холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 29,015,443 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Зээлдэгч ******* нь 2018 оны 03 сарын 13-ны өдөр ******* тоот цалингийн зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүү, 36 сарын хугацаатайгаар, мөн 2018 оны 07 сарын 06-ны өдөр ******* тоот лизингийн зээлийн гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдэл 14,000,000 төгрөг дээр нэмж 16,000,000 төгрөгийг нэмж, нийт 30,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүү, 48 сарын хугацаатай зээлж авсан. Мөн 2018 оны 09 сарын 28-ны өдөр ******* тоот кредит картын гэрээгээр 3,000,000 төгрөгийн зээлжих эрх нээлгэж, бэлэн зарлагад жилийн 30 хувийн, бэлэн бус гүйлгээнд жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар ашигласан. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2018 оны 03 сарын 13-ны өдөр хөдпөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, гэрийн эд хогшил, цалингийн орлогыг барьцаалсан.

Зээлдэгч нь 2018 оны 07 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 11 сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 17,395,626 төгрөг, зээлийн хүүд 9,458,898 төгрөг, нэмэгдүүлсзн хүүд 15,775 төгрөг, нийт 26,870,298 төгрөгийг, мөн 2018 оны 09 сарын 28-ны өдрийн кредит картын гэрээний үндсэн төлбөрт 1,180,691 төгрөг, зээлийн хүүд 1,111,660 төгрөг, нийт 2,292,351 төгрөг тус тус төлсөн. Зээлийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрсэн тул банк зээлээ төлөхийг мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоосон ч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй, гэрээний үүргээ зөрчигдсөөр байна. Иймд *******аас 2018 оны 07 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 24,552,403.4 төгрөг, 2018 оны 09 сарын 28-ны өдрийн кредит картын гэрээний үүрэгт 4,463,038.90 төгрөг, нийт 29,015,443 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нь шаардлага хангасан баримтыг нэхэмжлэлдээ хавсаргаж, нэхэмжлэлээ тодорхойлж чадаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Банк нь *******тай зээлийн гэрээг банкинд байгуулаагүй, харин нотариат дээр очиж гарын үсэг зурсан бөгөөд мөнгийг авч захиран зарцуулаагүй. Хэдийгээр ******* зээлийн гэрээнд гарын үсэг зурж мөнгийг авсан ч өөрөө аваагүй, захиран зарцуулаагүй. Мөн 20,000,000 төгрөгийн төлөлтийг хэн, ямар данснаас төлсөн, одоо 10,000,000 орчим төгрөг үлдсэн гэсэн нь тодорхойгүй байна. ******* мөнгийг өөрөө авч захиран зарцуулаагүй атлаа зээлээс үлдсэн 15,000,000 төгрөгийг төлөхөөр болж байна. Банкнаас ямар данснаас орж ирснийг нь шалгуулмаар байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч *******аас 29,015,443 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 330,030 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******аас 330,030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК- д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хариуцагчийн нотлох баримт гаргуулах, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулах ажиллагааг хийгээгүй, хариуцагчийн хүсэлтийг хангахгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангаагүй, нотлох баримт бүрэн бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Би 3 удаагийн зээлийн гэрээгээр зээл аваагүй. Би 2013 онд хотод орж ирсэн, үүнээс хойш ямар нэг ажил эрхлээгүй, нийгмийн даатгал төлөөгүй, ******* ХХК-д дэд захирлаар 2016-2017 онд ажиллаж 1,700,000 төгрөгийн цалин авч байгаагүй. Гэтэл *******ны Цамбагарав салбарын зээлийн ажилтан нь гэгчтэй хуйвалдан миний нийгмийн даатгалын дэвтрийг хуурамчаар үйлдэж, намайг өөрөө зээл хүссэн, зээл хүссэн өргөдөлд гарын үсэг зурсан мэтээр намайг их хэмжээний өр, хүүгийн дарамтад оруулж байгааг зөвшөөрөхгүй.

4.2. Цалингийн зээлийг миний төрсөн эгч гийн танил гэх эмэгтэй *******ны зээлийн эдийн засагч ыг танина, бүх юм бэлэн болсон зөвхөн гэрээнд гарын үсэг зурчих гэснээр намайг хуурч мэхлэн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж, карт гаргуулж кодыг нь хэлүүлж аваад бүрэн хэрэглэсэн. Хэдийгээр би насанд хүрсэн хүн, гарын үсгээ зурсны хариуцлагыг хүлээх ёстой ч гэрээ нь хоёр талынх бөгөөд ******* нь мэргэжлийн байгууллага байж хууль зөрчсөн зээл гаргаж болохгүй.

Банкнаас миний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг авсан бол би зээлийн шалгуурт тэнцэхгүй, надад зээл олгохгүй байх байсан. Энэ зээлд банкны дарга, ажилтан нь оролцсон учраас хуурамч баримт бичгээр зээл олгогдоно. Гэтэл банк хуулийн дагуу зээл олгосон мэтээр хүү шаардаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Тийм ч учраас зээлийн хувийн хэргийг гаргуулья, гарын үсгийн шинжилгээ хийлгэе гэж хүсэлт гаргасныг шүүх хангалгүй шийдвэр гаргасан. Шүүх ийм хууль бус зээлийг сайн нягталж байж шийдвэрээ гаргах ёстой гэж ойлгож байна.

Дээрх эргэлзээтэй байдлыг тодруулах шаардлагатай тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.2-т зээлийг цалингийн зээлийн зориулалтаар ашиглана гэж тодорхой заасан. гэж хүн банкийг төлөөлж гэрээ байгуулаагүй. Тухайн үед Цамбагарав тооцооны төвийн захирлаар гэж хүн ажиллаж байсан. Зээлийн гэрээний дагуу харилцагч *******ын нэр дээр данс үүссэн бөгөөд 2018 оны 03 сарын 13-ны өдөр зээл олгов гэх утгатай 15,000,000 төгрөгийг түүний тоот дансанд шилжүүлж, зээлийг олгосон.

Зээлийн гэрээний 4.2.4-т зааснаар банк зээлийг бэлэн бусаар шилжүүлж үүргээ биелүүлсэн. Зээлийн төлбөр нь *******ын тоот харилцах данснаас төлөгдсөн нь баримтаар тогтоогдоно. ыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бол хариуцагч баримтаа яагаад шүүхэд гаргахгүй байна вэ. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэн шийдвэрлэсэн. ыг цагдаагийн байгууллага шалгаж байж магадгүй гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Хариуцагч зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа зөвшөөрч байна, гэхдээ юунд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. ******* насанд хүрсэн хүн тул юунд гарын үсэг зурснаа мэдэж байгаа.

Хариуцагч малчны зээл аваагүй, зээлийн зориулалтыг гэрээнд тодорхой заасан. Хариуцагч нийгмийн даатгал төлдөггүй, ажил эрхэлдэг эсэхийг тодруулах шаардлагатай гэжээ. Зээлийн бүтээгдэхүүн нь цалингийн зориулалтаар олгогдож байгаа. Цалингийн зээл нь ирээдүйд авах цалинг барьцаалж, хэрэглээний дагуу ашиглах зориулалттай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж оролцоно. Хариуцагч талаас юуг нотлох зорилгоор хүсэлт гаргаж байна вэ гэж тодруулахад юуг нотлох зорилгоор хүсэлт гаргаж байгаа талаар тайлбарлаж чадаагүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын дагуу хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,976,443 төгрөг, нотариатын зардалд 39,000 төгрөг, нийт 29,015,443 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг зээлийг авч ашиглаагүй, зээлийн шаардлага хангахгүй материалыг үндэслэн зээл олгосон гэх тайлбар гаргаж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, зохигчийн маргаж буй үйл баримтыг бүрэн тогтоогоогүй гэх агуулгаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

4. Хариуцагч ******* нь 2018 оны 03 сарын 13-ны өдөр 15,000,000 төгрөгийн, мөн 07 сарын 06-ны өдөр өмнөх зээл дээр нэмж 16,000,000 төгрөгийн зээлийг тус тус нэхэмжлэгч ******* ХК-аас авсан, мөн оны 09 сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөгийн эрх бүхий кредит картын гэрээг байгуулжээ. Тус гурван зээлийн гэрээнд хариуцагч гарын үсэг зурсан талаар зохигч маргаагүй боловч хариуцагчид уг зээлийг бодитой олгосон нь тодорхойгүй, хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй байна.

 

5. Хариуцагч талаас зээлийн гэрээний дагуу зээлийг бодитоор авч ашиглаагүй, зээл олгохыг хүссэн болон зээл олгосон үйл явцад банкны салбарын удирдлага, ажилтан оролцсон, өөр этгээдэд зээлийг авч ашигласан гэж маргаж байгаа нөхцөлд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 21 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ын нэр дээрх тоот зээлийн дансанд хийгдсэн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх хариуцагчид бодитой үүссэн эсэхийг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй.

Хэргийн 22 дахь талд авагдсан мөнгөн гүйлгээний баримтаар 2018 оны 03 сарын 13-ны өдөр 15,000,000 төгрөгийг, мөн 2018 оны 07 сарын 06-ны өдөр 16,000,000 төгрөгийг хариуцагчийн тоот зээлийн данснаас тоот дансанд шилжүүлсэн гүйлгээ хийгджээ.

Тус тоот данс хариуцагчийн данс болохыг, мөн тус дансанд 31,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэнийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаагүй, шүүх хуралдааны явцад энэ талаар шүүх тодруулаагүй байна.

 

6. Түүнчлэн хариуцагч 31,000,000 төгрөгийн зээлийг авч захиран зарцуулаагүй тухай татгалзлаа нотлохоор 2024 оны 01 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн дансны хуулгыг шүүхийн журмаар нотлох баримт гаргуулахыг хүссэнийг шүүх хариуцагчийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргах үүргийг хариуцагч тал хүлээнэ гэж дүгнэж хангахгүй орхихдоо хүсэлтэд дурдсан баримтаа өөрөө гаргах боломжийг хариуцагч талд олгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох баримт гаргах, цуглуулах хариуцагчийн эрхийг хязгаарласан гэж үзнэ. Энэ тохиолдолд шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж тухайн талд шаардлага болон татгалзлаа нотлох боломжит хугацаа олгох шаардлагатай.

 

7. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг хэргийн оролцогчоос тодруулах ажиллагаа хийгээгүй, хариуцагчийн нотлох баримт гаргах эрхийг хязгаарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэх зөрчилд хамаарна. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцээх замаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул энэ үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 17-ны өдрийн 102/ШШ2024/00355 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ