| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0506/Э |
| Дугаар | 546 |
| Огноо | 2019-04-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 546
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
Улсын яллагч Д.Ариунжаргал,
Хохирогч Х.Гантуяа, түүний өмгөөлөгч Ж.Должинсүрэн /ҮД:0013/,
Шинжээч Г.Ханхүү,
Гэрч Ц.Алтантуяа, У.Түмэнжаргал,
Шүүгдэгч Н.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Зт холбогдох 1906 01319 0514 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 1987 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, даатгалын эдийн засагч мэргэжилтэй, “Бат аминчилахуй” ХХК-д ерөнхий менежер жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 7 дугаар байрны 10 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Нийн З /РД:.................../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
З нь Оросын Холбооны Улсын Буриад улсын Улаан-Үүд хотод байрлах Абсолют дэлгүүрийн урд зогсоол дээр 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн үед иргэн Х.Гантуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Зын өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 16 цаг 30 минутын үед Оросын Холбооны Улсын Буриад улсын Улан-Үд хотын Абсолют дэлгүүр дээр очиход Ганаа эгч байхаар нь баярласнаа хэлээд мэнд асуутал миний урдаас “пизда шиг ээж чинь яасан” гэхээр нь би буруу тийшээ харж яваад ээж рүү очиж хэлэхэд ээж Ганаа эгчид “яагаад янз бүрийн юм хэлээд байгаа юм бэ?” гэхэд Ганаа эгч ээжтэй маргалдаад би энэ хоёрын дундуур орж Ганаа эгчийг гараа алдлаад түлхэхэд Ганаа эгч хойшоогоо гишгэдэл алдаж автобусны хаалга тулаад зогссон. Тэгээд нэг мэдэхэд Ганаа эгч үсэрч ирээд миний завьжинд хоёр хуруу ороход би түлхсэн. Би Ганаа эгчийг нуруун дээр нь өчөөд өвдөглөн газар унагасан гэдэг бол худлаа, бараг 5-6 секундын дотор болсон явдал. Би дараа нь Гантуяа эгчид “яагаад миний ээжийг ингэж хэлж байгаа юм бэ?” гэхэд “Уучлаарай” гээд бид хоёр салсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Гантуяагийн өгсөн: “... Зын мэдүүлэг худал. 2018 оны 10 дугаар сарын 27-ны 16 цагийн үед Абсолют дэлгүүрийн үүдэнд Монгол автобус ирсэн. Шүүгдэгч ирээд сайн байна уу торгууль төлсөнд баярлалаа гэж хэлсэн. Би ер нь хүмүүст тусалж торгуулийг нь төлдөг байсан. Бид хоёрын муудах шалтгаан бол Зын ээж Алтантуяагаас болсон. Энэ явдалаас 7 хоногийн өмнө Зын ээж Алтантуяа эгч ирээд “манай нэг аялагч хөгшин хөрөө раамын ир захисан юм, чи энэ хүнд хаана зардагийг зааж өгөөч” гэхээр нь хөгшин хүн олохгүй байх гэж бодоод хамт дэлгүүрээр дагуулж явж байгаад иртэл удлаа гэж уурласан. Би Зт “танай пизда ээж яасан бэ” гэж уурлаж хэлсэн. Гэтэл З та миний ээжийг тэгж хэллээ гэсэн. Би түлхсэн чинь миний гар Зын аманд орсон. Зын амнаас цус гарсан байсан чинь ээж нь “миний хүүгийн тэргүүнд гар хүрдэг хэн бэ?” гэж хэлсэн. Тэгээд би тэр үедээ гараа гэмтсэнийг мэдээгүй. Тэгээд цааш хил рүү явж байсан чинь гар хавдаад эхэлсэн. Тэгээд тухайн үед Монголд ирээд зургаа авахуулах гэтэл Монгол мөнгө байгаагүй. Маргааш нь би гэмтэлийн эмнэлэгт үзүүлсэн. Одоо миний зүүн гарын чигчий, ядам хуруу нугарахгүй, байнга хүйтэн байдаг болсон. Би эмчилгээнд зарцуулсан баримтуудаа хаясан. Тухайн үед би Улаан-Үүд рүү хувийн ажлаар явсан байсан. Одоогоор нэхэмжилсэн мөнгө баримтаар байхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Алтантуяагийн өгсөн: “... Энэ хэрэг надаас үүдэлтэй. 10 дугаар сарын 13-нд хүүхэд өөр ажилд яваад би өөр автобус түрээсээр авч явсан. Гантуяа өглөө эрт буудалд ирж бараа авчирсангүй гээд жолооч руу хашгичаад байсан. Гэтэл хохирогч “Алтантуяа пизда авгай яагаад бараа авчираагүй байдаг юм бэ?” гэж хэлсэн байсан. Бид хоёр таарамжгүй харилцаатай байсан. Энэ асуудлыг би хүүдээ хэлээгүй. Тэгээд хүү над дээр ирээд “Гантуяа эгч та хоёр яасан юм бэ?” гэхэд цаанаас нь гарч ирээд орилоод хүүгийн ам руу гараа хийсэн. Өмнө нь Гантуяа далайн эрэг дээр гар, хөлөө гэмтээсэн байсан. Гантуяа системийн өөрчлөлттэй. Байнга эм ууж явдаг байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч У.Түмэнжаргалын өгсөн: “... Миний мэдүүлэгт гарыг нь мушгиж түлхсэн гэж бичсэн байна. Би тэгж хэлээгүй. З Гантуяагийн гарыг мушгисан тал дээр худлаа, би ийм мэдүүлэг мөрдөн байцаалтанд өгөөгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийн хэрэг гарах үед гарыг нь мушгисан гэснээс бусад мэдүүлэг нь үнэн зөв. Өмнө нь хил дээр гар нь зүгээр юм өргөөд явж байсан. Дараа нь гар нь хавдсан гэж хэлсэн. Би өөрөө хугарсан байхыг нь хараагүй гэв...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Г.Ханхүүгийн өгсөн: “... Яс хугарсанаас хойш 28 хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол бороолсон гэж үзнэ. Гэхдээ шинжилгээ хийхэд шинэ гэмтэл байсан. Хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байсан. Би системийн өөрчлөлт гэдэг өвчин мэдэхгүй. Гэхдээ үе мөчний тулаа гэдэг өвчин байгаа, энэ өвчин гээд ойлгоод хариулбал энэ өвчин нь ясны хугаралтай ямар ч хамааралгүй. Надад үзүүлсэн зурган дээр 5 дугаар хурууны гэмтэлийн зураг байгаагүй. 5 дугаар хуруу нь тус тусдаа зураг гарна гэж байхгүй. Гантуяа анх ирэхдээ гарын рентген зургаа барьж ирсэн. Тэр зурган дээр 5 дугаар хурууны хугарал байгаагүй. Би энэ талаар өөрт нь хэлсэн байгаа. Гар нь хөдөлж, нугарахгүй байгаа нь удаан хугацаанд гипстэй байснаас, мөн шөрмөс гэмтсэнээс болоод үүссэн байж болно. Одоогоор цаашид яах талаар хэлэх боломжгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Гантуяагийн өгсөн: “... ОХУ-ын Буриад улсын Улаан-Үүд хотод З, Ганаа эгчээ баярласан шүү дүү нь, та миний торгуулийг төлсөн байна гэж хэлж байсан. Тэгтэл автобусны цаанаас Зын ээж Алтантуяа гарч ирээд намайг балиар авгай минь юу хийж байгаа юм зайл гэж намайг хэлсэн. Би Алтантуяагийн өөдөөс пизда авгай минь дуугүй байгаарай гэж хэлсэн. Алтантуяа миний хэлэхийг сонссон байх, цааш хүнтэй юм яриад явсан. Харин З та миний ээжийг пизда гэж хэлдэг хэн бэ гэж хэлээд миний зүүн гарыг хуруу хэсэгт мушгиж өвдөгөөрөө зүүн хавирганы хэсэгт өвдөглөж газар унагаасан. Би унахдаа түлхэх гэтэл гараараа уруул хэсэгт нь урсан байсан. Үл ялиг шалбарсан байсан. Тэгээд тэнд байсан жолооч нар салгасан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,
“... Би тус болсон хэргийн талаар хожим өргөдөл гаргаж шалгуулж мэдүүлэг өгсөн болохоор хэрэг болсон он сарыг мартаж андуурч хэлсэн байсан. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд үзүүлсэн бичгээ авч харахад 28-ны өдөр буюу хэрэг болсон өдрийн маргааш нь үзүүлсэн байсан. Тэгээд би 2018 оны 10 сарын 27-ны өдөр Зт зодуулж гэмтэл учирсан гэдгээ мэдсэн. Өмнөх байцаалт дээр андуурч он сарыг худал хэлсэн байна уучлаарай. Би өргөдөлөө хожим гаргасан шалтгаан нь 2018 оны 11 сарын 23-аас 2019 оны 1 сарын 20-ны өдөр хүртэл 3 сарын визийг 230 доллараар авсан байсан тул гарч ирж чадахгүй байсан. Хэрэв хилээр гарвал тус виз нь хүчингүй болчихдог юм...” гэх мэдүүлэг /хх.19-20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Түмэнжаргалын өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын сүүлээр гэж санаж байна. Яг өдрийг нь тодорхой сайн хэлж мэдэхгүй байна. Тэр өдөр Оросын Холбооны Улсын Буриад улсын нийслэл Улаан-Үүд хотод Саяана гудамжинд байрлах Абсолют дэлгүүрийн урд талын зогсоол дээр 16 цагийн үед жуулчид дэлгүүр ороод байхад З автобустайгаа ирсэн. З бууж ирээд Гантуяа эгчтэй мэндлээд сайн уу Ганаа эгчээ, торгууль төлсөнд баярласан шүү гэж хэлээд яриад зогсож байсан. Гантуяа эгч танай пизда шиг ээж байгаа юу гэж асуухад та юу яриад байгаа юм гээд маргалдаж байгаад З уурлаад цааш явсан. Автобусны хойд талд Зын ээж бууж ирээд Гантуяатай хэрэлдсэн. Чи яагаад намайг пизда гэдэг юм гэх зэргээр хэлж байсан. З, Гантуяа эгчийн гарыг мушгиад түлхээд унагаасан. Тэгээд би салгасан Зын завж нь жоохон цустай харагдаж байсан. Гантуяа эгч гараараа урсан юм шиг байна лээ бид яг яаж урагдсан талаар нь сайн хараагүй. Гантуяа эгч хэсэг хугацааны дараа эгчийнх нь гар хавдчихлаа, яасан юм бол гэж хэлж байсан. Зүүн гар нь чигчий, ядам хурууны хэсгээр хавдсан байдалтай харагдаж байсан. З дэлгүүр дээрээ үлдсэн, би хүмүүсээ суулгаад хил рүү явах үед Гантуяа эгч манай автобусанд Улаанбаатар хот руу явах ажилтай гээд сууж дайгдаж явсан юм. Гантуяа эгч дараа над руу утсаар яриад эгчийнх нь хуруу хугарчихсан байна эмнэлгээр явж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.22-23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Дэжидмаагийн өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын сүүлээр би хүүхдээ ГССҮТ-д үзүүлээд явж байхад Х.Гантуяа эгч хүнд зодуулаад гар гэмтэж, гипсдүүлээд явж байна гэж хэлж байсан. Одоо бол Х.Гантуяа эгчийн зүүн гарын ядам чигчий хуруу нь сонин байдалтай явж байгаа... зүүн гарт нь ямар нэгэн байдлаар хуучин гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.31/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Ханхүүгийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2291 дугаартай: “... Х.Гантуяагийн биед зүүн сарвууны ядам хурууны 2-р шивнүүрийн далд сэлтэрсэн хугарал, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учиржээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтэлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх.35/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Г.Ханхүүгийн өгсөн: “... 2018 оны 10 сарын 28-ны өдрийн рентген зурагт зүүн ядам хуруунд хугаралтай харагдах бөгөөд чигчий хуруунд гэмтэлгүй байсан. Иймд зүүн ядам хурууны хугарал гэмтэлийг дүгнэлтэнд тусгасан... нэг ясны хугарал, хоёр ясны хугарал нь гэмтэлийн хүндэвтэр зэрэгтээ хамаарна. Гэмтэлийн зэрэг өөрчлөгдөхгүй... Рентген зураг, Гантуяагийн биед үзлэг хийсэн байдал, эмнэлэгт үзүүлсэн бичиг баримтуудыг үндэслэн дүгнэлт гаргасан. Мөн тус хүний шөрмөс гэмтсэн байж болно. Үзлэг болон зургаар тогтоох боломжгүй учир дүгнэлтэнд тусгаагүй юм. Шөрмөсний гэмтэл нэмэгдлээ ч гэмтэлийн зэрэг өөрчлөгддөгүй... Зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь ясны хугаралаас үүссэн гэмтэл юм. Уг зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хугарал үүссэн гэдгийг тогтоож өгч буй шинж тэмдэг, нэг хүчин зүйлийн үйлчлэлээр хугарал, зөөлөн эдийн няцрал 2 үүсэх тул дангаар гэмтэлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх.59-60/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Нямдаваагийн З нь Оросын Холбооны Улсын Буриад улсын Улаан-Үүд хотод байрлах Абсолют дэлгүүрийн урд зогсоол дээр 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн үед Х.Гантуяагтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Гантуяагийн өгсөн: “... З та миний ээжийг пизда гэж хэлдэг хэн бэ гэж хэлээд миний зүүн гарыг нуруу хэсэгт мушгиж өвдөгөөрөө зүүн хавирганы хэсэгт өвдөглөж газар унагаасан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,
“... Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн бичгээ авч харахад 28-ны өдөр буюу хэрэг болсон өдрийн маргааш нь үзүүлсэн байсан. Тэгээд би 2018 оны 10 сарын 27-ны өдөр Зт зодуулж гэмтэл учирсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.19-20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Түмэнжаргалын өгсөн: “... З Гантуяа эгчийн гарыг мушгиад түлхээд унагаасан... Гантуяа эгч хэсэг хугацааны дараа эгчийнх нь гар хавдчихлаа яасан юм бол гэж хэлж байсан. Зүүн гар нь чигчий, ядам хурууны хэсгээр хавдсан байдалтай харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх.22-23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Дэжидмаагийн өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын сүүлээр би хүүхдээ ГССҮТ-д үзүүлээд явж байхад Х.Гантуяа эгч хүнд зодуулаад гар гэмтэж, гипсдүүлээд явж байна гэж хэлж байсан. Одоо бол Х.Гантуяа эгчийн зүүн гарын ядам чигчий хуруу нь сонин байдалтай явж байгаа... зүүн гарт нь ямар нэгэн байдлаар хуучин гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.31/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Ханхүүгийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2291 дугаартай: “... Х.Гантуяагийн биед зүүн сарвууны ядам хурууны 2-р шивнүүрийн далд сэлтэрсэн хугарал, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учиржээ... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх.35/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Г.Ханхүүгийн өгсөн: “... зүүн ядам хурууны хугарал гэмтэлийг дүгнэлтэнд тусгасан... нэг ясны хугарал, хоёр ясны хугарал нь гэмтэлийн хүндэвтэр зэрэгтээ хамаарна. Гэмтэлийн зэрэг өөрчлөгдөхгүй... Рентген зураг, Гантуяагийн биед үзлэг хийсэн байдал, эмнэлэгт үзүүлсэн бичиг баримтуудыг үндэслэн дүгнэлт гаргасан. Мөн тус хүний шөрмөс гэмтсэн байж болно. Үзлэг болон зургаар тогтоох боломжгүй учир дүгнэлтэнд тусгаагүй юм. Шөрмөсний гэмтэл нэмэгдлээ ч гэмтэлийн зэрэг өөрчлөгддөгүй... Зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь ясны хугаралаас үүссэн гэмтэл юм. Уг зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хугарал үүссэн гэдгийг тогтоож өгч буй шинж тэмдэг, нэг хүчин зүйлийн үйлчлэлээр хугарал, зөөлөн эдийн няцрал 2 үүсэх тул дангаар гэмтэлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх.59-60/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Гантуяагийн өгсөн: “... Зын мэдүүлэг худал... Тэгээд би тэр үедээ гараа гэмтсэнийг мэдээгүй. Тэгээд цааш хил рүү явж байсан чинь гар хавдаад эхэлсэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч У.Түмэнжаргалын өгсөн: “... Өмнө нь хил дээр гар нь зүгээр юм өргөөд явж байсан. Дараа нь гар нь хавдсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Г.Ханхүүгийн өгсөн: “... Яс хугарсанаас хойш 28 хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол бороолсон гэж үзнэ. Гэхдээ шинжилгээ хийхэд шинэ гэмтэл байсан. Хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байсан... Тэр зурган дээр 5 дугаар хурууны хугарал байгаагүй... Гар нь хөдөлж, нугарахгүй байгаа нь удаан хугацаанд гипстэй байснаас, мөн шөрмөс гэмтсэнээс болоод үүссэн байж болно...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Хохирогч Х.Гантуяагийн биед гэмтэл учруулаагүй гэх шүүгдэгч Н.Зын мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Зыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Н.Зын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Х.Гантуяагийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг нотлох баримтгүй учир хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Заас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн, тус улсад байнга оршин суудаг харьяалалгүй хүн гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Н.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Зын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Н.Зт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н.Зт оногдуулсан 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Н.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Нийн Зыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Зт 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Н.Зт оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Зт сануулсугай.
5. Н.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Х.Гантуяа нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Заас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР