Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00725

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00725

 

 

2024.04.10 210/МА2024/00725

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/00324 дугаар шийдвэртэй

*******гийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 36,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч А.Базар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь ******* ХХК-тай 2017 оны 05 сарын 10-ны өдөр ОХ/27 дугаартай Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгын барилгажилтын төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-г, мөн 2019 оны 04 сарын 01-ний өдөр Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулсан гурван талт гэрээ-г тус тус байгуулсан. Гэрээ байгуулсан өдрөөс нэхэмжлэгч нь орон сууцаа чөлөөлж өгсөн.

******* ХХК нь ОХ/27 тоот гэрээний 3.5-т зааснаар сууц өмчлөгчийн түрээсийн төлбөрийг сарын 1,000,000 төгрөгөөр тооцож 2017 оны 06 сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл 24 сарын хугацаанд 24,000,000 төгрөгийг өмчлөгчид бэлнээр төлнө гэсэн байдаг. Гэтэл хариуцагч ******* ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй. Дээрх ОХ/27 тоот гэрээний 3.6-д зааснаар 2019 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн нэг өдрийн алдангийг 120,000 төгрөгөөр тооцоход 1020 хоногийн алданги 122,400,000 төгрөг болсныг Иргэний хуульд нийцүүлж үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрүүлэлгүй тооцон нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас үндсэн төлбөр 24,000,000 төгрөг, алданги 12,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа талбайн эцсийн эзэмшигч мөн болохыг тогтоолгох гэж тодорхойлсон байна. Харин өмчлөгчөөр тогтоолгох эсвэл эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь шүүхээс ямар шийдвэр гаргуулахыг хүсэж байгаа нь, биднээс юу шаардаж байгаа нь ойлгомжгүй буюу нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байна. Иймд нэхэмжлэлтэй холбогдуулан тодорхой хариу тайлбар өгөх боломжгүй байна. Хэрэв нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгвөл бид тэр талаар хариу тайлбар гаргах болно. Хэрэв нэхэмжлэгч нь тус талбайн өмчлөгчөөр тогтоолгохыг хүсэж байгаа бол дараах байдлаар үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 36,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 724,500 төгрөгөөс 337,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 386,550 төгрөгийг Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот данснаас буцаан гаргаж, хариуцагч ******* ХХК-аас 337,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Цолмонд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нь өмнө гаргасан захирамжийн биелэлтийг хангаагүй, хэрэгт ач холбогдолтой тайлбар, нотлох баримтыг гаргуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн, магадлалд заасан зөрчлийг арилгаагүй.

4.1. Хариуцагч талаас 2023 оны 10 сарын 12-ны өдөр шүүхийн журмаар нотлох баримт цуглуулахаар ******* компанитай байгуулсан 2017 оны ОХ/27 тоот гэрээний 2.6, 3.5-д заасан хугацаанд нэхэмжлэгч өөр газарт ажпын байр түрээслэн үйл ажиллагаа явуулсан эсэх, явуулсан бол түрээсийн гэрээ, төлбөр телсөн баримтуудыг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан. Шүүх 2023 оны 11 сарын 06-ны өдрийн ******* захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Гэвч нэхэмжлэгч талаас нотлох баримт, тайлбар гаргуулах захирамжийг биелүүлээгүй. Тодруулбал, хариу тайлбар ирүүлсэн ба "Тиймээс ... шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх үүрэг хүлээгээгүй, мөн үндэслэлгүй байх тул шүүх хурлыг товлон хуралдаж, шийдвэрлэж өгнө үү гэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжийг биелүүлэхээс татгалзсан. Гэвч шүүх үндэслэлгүйгээр захирамжийн биелэлтээ хангахгүйгээр хэргийг хэлэлцэх тухай захирамжийн 2 дахь талд "...нэхэмжлэгч нь захирамжид заасан нотлох баримт байхгүй гэсэн хариу өгсөн тул ... гэжээ. Гэвч нэхэмжлэгч шүүхийн шаардсан нотлох баримт байгаа эсвэл байхгүй тухай тайлбар ирүүлээгүй. Харин шүүгчийн шаардсан баримтыг гаргаж өгөх үүрэггүй гэж татгалзсан.

4.2. Шүүгчийн 2023 оны 11 сарын 06-ны өдрийн ******* захирамжид өөр газарт ажлын байр түрээслэн үйл ажиллагаа явуулсан эсэх, явуулсан бол түрээсийн гэрээ, төлбөр төлсөн баримтуудыг ирүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч нь өөр байранд түрээсийн үйл ажиллагаа явуулсан, эсвэл үгүй эсэх талаар тайлбар ируүлэх ёстой. Гэтэл тэрээр өөр байр, оффис түрээсэлж байсан эсэх талаар тайлбар өгөөгүй. Хэрэв өөр байр түрээслээгүй бол ядаж тэрийгээ шүүх хуралдааны өмнө бичгээр илэрхийлэх учиртай.

4.3. Энэ хэргийг өмнө нь давж заалдах шатны шүүх 2023 оны 02 сарын 27-ны өдрийн ******* магадлалаар хэлэлцээд дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж байсан. Тодруулбал, магадлалд "...нэхэмжлэгч нь 2017 оны ОХ/27 тоот гэрээний 2.6, 3.5-д заасан хугацаанд өөр газарт ажлын байр түрээслэн үйл ажиплагаа ургэлжлүүлэн явуулсан эсэх, үйл ажиллагаа явуулсан бол тухайн хугацааг тогтоох нь хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой байна" гэж дүгнэсэн. Бид тус нөхцөл байдлыг тодруулахаар хүсэлт гаргасан. Гэтэл шүүх үүнийг тодруулж магадлалд заасан зөрчил арилсангүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвзрлэх тухай хуулийн 167.1.5, 168.1.7-д заасан үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

4.4. Хэрэв хэргийг буцаах үндэслэлгүй гэж үзвэл нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь маргаан бүхий хугацаанд өөр байр түрээслээгүй байхад түрээсийн төлбөр гаргуулсан нь үндэслэлгүй. Уг байр нь өөрөө дахин төлөвлөлтөд хамрагдаж дахин ашиглахыг хориглосон байр бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2014.08.01-ний өдрийн ******* Захирамжийн 3-т зааснаар тус байрыг дахин төлөвлөлтөд хамруулахаар шийдвэрлэсэн. Энэ нь маргаан бүхий байрыг 2014.7.14-ний өдрөөс эхлэн ашиглах боломжгүй, үндэслэлгүй байсан гэдгийг нотлох юм. Иймд ашиглах боломжгүй байсан байрны хувьд нэхэмжлэгч нь би ашиглаж байсан, дахин төлөвлөлтийн төслийн хугацаанд өөр байр түрээсэлж хохирсон гэж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******гоос хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 36,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв үнэлж чадаагүй, улмаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

4. Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогджээ.

4.1. Талуудын хооронд 2017 оны 05 сарын 10-ны өдөр байгуулсан ОХ/27 тоот Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгын барилгажилтын төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-ний 2-т зааснаар нэхэмжлэгч ******* нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, АШ ******* тоот, 41.3 м.кв талбайтай орон сууцыг гэрээ байгуулсан өдөр чөлөөлж ******* ХХК-д шилжүүлх, хариуцагч ******* ХХК нь 223.29 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг *******д шилжүүлэхээр харилцан үүрэг хүлээжээ.

4.2. Мөн гэрээний 2.6, 3.5-д зааснаар ******* ХХК нь төсөл хэрэгжих хугацаанд *******г үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нөхцөлийг нь хангахаар, өөр газарт ажлын байр түрээслэх нэг сарын түрээсийн төлбөрийг 1,000,000 төгрөг байхаар тохиролцжээ. Түүнчлэн 2019 оны 04 сарын 01-ний өдөр Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулсан гурван талт гэрээ-г *******, ******* ХХК, Нийслэлийн засаг дарга нарын хооронд байгуулагдаж, уг гэрээний 2.5-т ******* ХХК төсөл хэрэгжүүлэх хугацаанд сар бүр 1,000,000 төгрөгийн түрээсийн урамшуулал олгохоор мөн заасан байна.

4.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч гэрээний 2.6, 3.5-т зааснаар түрээсийн төлбөрийг сарын 1,000,000 төгрөгөөр тооцож, 2017 оны 6 сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэлх 24 сарын хугацаанд 24,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй, мөн гэрээний 3.6-д зааснаар алданги 12,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж тодорхойлсон.

Харин нэхэмжлэгч талаас 2022 оны 11 сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд ...******* орон сууцандаа олон жилийн турш шүдний эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Манайх өөр газар үйл ажиллагаа явуулах учраас түр өөр газар үйл ажиллагаа явуулах түрээсийн төлбөрийг өгвөл тохиролцоё гэсэн саналыг ******* ХХК зөвшөөрч гэрээнд тусгасан гэж тайлбарлажээ.

 

5. Дээрх үйл баримт болон нэхэмжлэгч талын тайлбараас үзэхэд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, анхан шатны шүүх энэ талаар зохигчоос тодруулж, мэтгэлцүүлээгүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 сарын 27-ны өдрийн ******* магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

 

5.1.. Магадлалд заасан ажиллагааг анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтээр явуулж, нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулахаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 сарын 06-ны өдрийн ******* захирамжаар шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч тал шүүгчийн захирамжийг биелүүлж шүүхэд тайлбар ирүүлэхдээ ...талуудын хооронд байгуулсан 2 ба 3 талт гэрээнд хариуцагч тал ямар нэг баримтыг шаардсаныг үндэслэн түрээсийн төлбөр төлнө гэсэн заалт байхгүй. Гэрээнд дурдсан төлбөрийг үл маргах журмаар төлөх үндэслэлтэй. Нэхэмжлэгч тал нотлох баримтаа хангалттай гаргаж өгсөн ... шаардсан нотлох баримтыг гарган өгөх үүрэг хүлээгээгүй... гэж тайлбарлан хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг шүүхэд нотлох баримт гаргаж өгөхөөс татгалзсан гэж үзэхгүй, харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй нь холбоотой баримтыг шүүх шаардсан учир шүүгчийн захирамжид заасан баримт нэхэмжлэгч талд байхгүй гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулах ажиллагааг дахин явуулах шаардлаггүй гэж үзсэн зөв, энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангахгүй.

 

6. Давж заалдах шатны шүүхээс хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан үзвэл нэхэмжлэгч ******* нь талуудын хооронд 2017 онд байгуулсан ОХ/27 тоот гэрээний 2.6, 3.5-д зааснаар 2017 оны 06 сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 24,000,000 төгрөг, мөн гэрээний 3.6-д заасан алданги 12,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, нэхэмжлэлийн үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

6.1. Гэрээний 2.6-д өмчлөгч талд төсөл хэрэгжүүлэх хугацаанд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах ажлын байрны түрээсийн төлбөрийг нэг сард 1,000,000 төгрөгөөр тооцож... гэж, 3.5-д ...үйлчилгээний талбай түр хугацаагаар түрээсэлж байрлах нэг сарын төлбөрийг ... 1,000,000 төгрөг гэж зааснаар нэхэмжлэгч өөр газарт шүдний эмнэлгийн үйл ажиллагаа явуулж түрээсийн зардал гаргасан нөхцөлд хариуцагч гэрээнд заасан төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн хүсэл зоригийг илэрхийлсэн, уг илэрхийллийг хэлцлийн нөгөө тал хүлээн авсан тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

6.2.Талууд энэ агуулгаар гэрээндээ уг заалтыг оруулсан нь нэхэмжлэгч талаас 2022 оны 11 сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн татгалзлаар нотлогдох бөгөөд мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын гэрээ байгуулах үеийн хүсэл зориг, хожим өөрчлөгдөөгүй гэж үзнэ.

6.3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хугацаанд шүдний эмнэлгийн үйл ажиллагаа явуулж 24,000,000 төгрөгийн түрээсийн зардал гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаархи баримтыг шүүхэд гарган өгөөгүй, гаргаж өгөхөөс татгалзжээ. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлоогүй гэж үзнэ.

6.4. Иймд нэхэмжлэгч ******* Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас мөнгөн хөрөнгө шаардах эрхгүй юм. Гэрээгээс үүссэн үндсэн үүргийг шаардах эрхгүй тохиолдолд уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхийг үүсгэхгүй тул холбогдох нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгох учиртай.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/00324 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* ХХК-аас 36,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч А.Базарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЭНЭБИШ