Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00726

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00726

 

 

2024 04 10 210/МА2024/00726

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 101/ШШ2024/00887 дугаар шийдвэртэй

 

*******гийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буяннэмэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 36-р хороо, Сүмбэр орд /13311/ ******* гудамж *******ны зоорийн давхар *******од байх зоорийн давхрын 2 ширхэг автозогсоолыг тус бүр 33,713,295 төгрөгөөр үнэлснийг хуульд нийцээгүй, зах зээлийн үнэлгээг буруу тогтоож гаргасан гэж үзэж байна.

 

Хөрөнгийн үнэлгээний талууд тохиролцоогүй, өмчлөгч санал гаргаагүй, гаргах боломжгүй байхад шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон нь үндэслэлгүй. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан зарчим журмуудыг зөрчиж, зоорийн давхрыг хэт багаар үнэлсэн байна. Иймд "Хөрөнгө Эстимейнт" ХХК-ийн 2023 оны 05 сарын 19-ний өдрийн "Хөрөнгийн үнэлгээний тайлан"-г хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 сарын 07-ны өдрийн 5152 дугаар захирамжаар *******гаас 15,151,575 төгрөг гаргуулж "******* ХХК-д олгохоор шийдвэрлэж, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Төлбөр төлөгч *******д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн *******, ******* дугаартай Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр орд хороолол, ******* гудамж 603 дугаар байр, зоорийн давхарын *******,од байрлах тус бүр 18 м.кв талбайтай автозогсоолыг битүүмжлэн хураасан.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудад хөрөнгийн үнийн санал ирүүлэх тухай 2023 оны 05 сарын 02-ны өдрийн 4-187/8230 тоот мэдэгдлийг хүргүүлэхэд харилцан тохиролцоогүй. Төлбөр төлөгч 2023 оны 05 сарын 08-ны өдөр өөрийн хөрөнгө тус бүрийг 55,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч ******* ХХК хүлээн зөвшөөрөхгүй, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт ирүүлсэн тул 2023 оны 05 сарын 12-ны өдрийн 5/182 тоот шинжээч томилох тогтоолоор шинжээч томилсон. Шинжээч 33,713,295 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч *******тай 99999626 дугаартай утсаар холбогдон шинжээчийн үнэлсэн үнэлгээний тайлантай танилцахыг сануулахад ажил явдал гарсан тул Дархан-Уул аймагт явж байна гэсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 05 сарын 19-ний өдрийн 4-187/10041 тоот үнэлгээний мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Мөн 2023 оны 05 сарын 23-ны өдөр биечлэн танилцуулж гарын үсэг зуруулж хууль тайлбарлан өгсөн.

 

Шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох *******гийн өмчлөлийн *******, зогсоолыг үнэлүүлсэн бөгөөд нэхэмжлэгч өөрөө 58 гэж андуурсан байх, ******* зогсоол үнэлүүлээгүй юм. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******т холбогдох, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/05152 дугаар захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204058052, ******* дугаарт тус тус бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр орд хороолол /13311/, ******* гудамж, 603 дугаар байрны зоорийн давхрын *******, автозогсоолыг 67,426,590 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлийн дагуу Д.Цэдэндамба би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Тус хэрэг өмне нь талуудын хүсэлтээр нэг удаа хойшлогдсон байсан. Төлөөлөгчийн зүгээс 2024 оны 02 сарын 16-ны өдөр хөдөө орон нутагт ажлаар явж байгаа талаар шүүхэд мэдэгдэж, хүсэлтийг шүүхийн цахим хаягт хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоогүй үндэслэлээр хүсэлтийг авахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан эрхийг эдлэх эрхтэй. Гэтэл хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэснийг ноцтой зөрчил гэж үзэж байна.

 

4.2. Мөн хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн төлөөлөгчид эрх, үүрэг танилцуулж хэргийн материал, хариуцагчийн татгалзал, тайлбартай танилцаагүй буюу нэг ч баримт танилцуулаагүй болно. Гэтэл шүүх зохигчийн нийтлэг эрх хангагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь зүйтэй гэж үзсэн нь нэхэмжлэгчийн мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг үндэслэл муутай тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

4.3. Анхан шатны шүүх хэргийн хүрээнд зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй, нотлох баримтыг зөрүүтэй тайлбарласан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.5, "үнэ цэнэ" гэж хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд үнэлгээний зүйл дэх хувь оролцоонд тохирох эдийн засгийн үр ашгийн тооцооллын боломжит мөнгөн илэрхийллийг,3.1 үнэ цэнийн суурь" гэж үнэлгээний зорилго, зориулалтад нийцүүлэи сонгож, үнэ цэнийг тооцоолон гаргахад ашиглах урьдчилсан нөхцөлийг гэж зааснаас харвал хөрөнгийг үнэлгээний ач холбогдол тухайн хөрөнгийг үнийн бодит өргөг, үнэ цэнийг тодорхойлоход оршдог.

Шийдвэрт Шүүх хуралдаанд өгсөн шинжээчийн мэдүүлэг нь нэхэмжлэгчийн хөрөнгийн байршил, ашиглалтын байдал, хөрөнгийн шинж байдал, өртгийн хандлагын арга, зах зээлийн харьцуулалтын аргыг хослуулан хэрэглэж, орлогын хандлагын аргыг хэрэглэх боломжгүй, үндэслэлээ тайлбарлаж, улмаар өртгийн арга, жишиг үнийн арга тус бүрээр үнэлснийг тусгасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд нийцсэн гэж дүгнэсэн. Хөрөнгийн үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээ хийхэд үнэлгээний олон улсын стандарт, энэ хуулийн 4.5, 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, журам, аргачлалыг удирдлага болгон гэснээс дүгнэвэл дээрх тайлбар үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна. Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан нь Үнэгүй.мн, Нүүр номын хуудсанд тавигдсан мэдээллийг ашигласан нь өртгийг бодитоор судалсан гэж үзэхгүй бөгөөд шүүх энэ хүрээнд дүгнэлт хийгээгүй.

 

4.4. Шүүх анхан шатны журмаар шийдвэр гаргахдаа хүчингүй болсон хууль тогтоомж хэрэглэсэн. Үнэлгээний тайланг 2023 онд гаргасан байдаг. Гэтэл шийдвэрт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийг дурдаж шийдвэрийн үндэслэл болгож буй 2009 оны 12 сарын 03-ны өдөр батлагдсан Шүүхийн шинжилгээний тухай хууль нь 2022 оны 12 сарын 23-ны өдөр хүчингүй болж эрх зүйн мэдээллийн системд бүртгэгдсэнээс харвал шүүх хүчингүй хуулийг хэрэглэсэн алдаа гаргасан гэж үзэж байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх тайлбар гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 сарын 07-ны өдрийн 05152 дугаартай захирамжаар хариуцагч *******гаас 15,000,000 төгрөгийг 2023 оны 01 сарын 07-ны өдрөөс мөн оны 06 сарын 07-ны өдрийн хугацаанд сар бүр 500,000 төгрөг, 2023 оны 07 сарын 07-ны өдөр 12,000,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Цэнкредит ББСБ ХХК-д олгож, захирамжийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн *******, Ү-2204058052 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр орд хороолол /13311/, ******* гудамж, 603 дугаар байр, зоорийн давхар *******, авто зогсоолуудаар хангуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.

 

5. ******* шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг ******* 2023 оны 01 сарын 20-ны өдөр үүсгэж, улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураах ажиллагааг тус тус явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасантай нийцсэн, талууд энэ талаар маргаагүй.

 

Харин үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээ хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

6. Эд хөрөнгө хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, хөрөнгийн өмчлөгч нарт хөрөнгийн үнийн саналаа өгөхийг шийдвэр гүйцэтгэгч мэдэгдсэн, нэхэмжлэгчээс барьцаа хөрөнгүүдийг тус бүр 55,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа *******т ирүүлснийг төлбөр авагч Цэнкредит ББСБ ХХК эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар ба талууд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 05 сарын 12-ны өдрийн 5/182 дугаартай тогтоолоор Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин г шинжээчээр томилсон хариуцагчийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. /хх 70-72/

 

7. Шинжээч нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр орд хороолол /13311/, ******* гудамж, 603 дугаар байрны зоорийн давхрын *******, 2 ширхэг авто зогсоолын зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 05 сарын 19-ний өдрийн байдлаар тус бүр 33,713,295 төгрөг нийт 67,426,590 төгрөгөөр үнэлжээ. /хх 73-95/

Хариуцагчаас үнэлгээний талаарх мэдэгдлийг 2023 оны 05 сарын 23-ны өдөр баталгаат шуудангаар төлбөр төлөгчид хүргүүлсэн нь 2023 оны 05 сарын 19-ний өдөр үйлдсэн 4-187/10041 тоот мэдэгдэх хуудас, мөн шийдвэр гүйцэтгэгчийн төлбөр төлөгч *******тай 2023 оны 05 сарын 19-ний өдрийн 4-187/10041 тоот мэдэгдлийг хүлээлгэн өгч, үнэлгээний 19 хуудас тайлантай танилцуулж тэмдэглэл хөтлөв гэсэн утгатай 2023 оны 05 сарын 23-ны өдрийн тэмдэглэлээр тус тус тогтоогдсон, уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт заасанд нийцжээ. /хх 98-100/

 

8. Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч 2023 оны 06 сарын 06-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн заалтад нийцээгүй байна. Учир нь хариуцагчаас 2023 оны 05 сарын 23-ны өдөр хөрөнгийн үнэлгээний талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн байхад тэрээр уг өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2023 оны 05 сарын 30-ны өдрийн дотор шүүхэд гомдол гаргахаар хуульд заасан хугацааг 7 хоногоор хэтрүүлж 2023 оны 06 сарын 06-ны өдөр гомдлоо гаргаж, хуульд заасан хугацааг хэтрүүлжээ. /хх 1-2/

 

Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхгүй бөгөөд, анхан шатны энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

9. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг буруу явуулж нэхэмжлэгч талын хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна. Шүүх хэргийг 2024 оны 02 сарын 16-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид түүний 91109101 дугаараар дамжуулан товыг мэдэгдэхэд товыг хүлээн авсныг илэрхийлсэн цахим захидлын хуулбар, шүүх хуралдааны тов мэдэгдсэн хуудсаар баталгаажуулжээ. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүндэтгэх шалтгаанаа илэрхийлсэн хүсэлт, баримтыг шүүхэд гаргаагүй байх тул энэ тухай гомдлыг хангахгүй. Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2023 оны 06 сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх 8 сарын хугацаанд нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эрх, үүргээ тайлбарлуулах, хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлээгүй явдалд шүүхийг буруутгахгүй.

 

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 101/ШШ2024/00887 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ