Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 226

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Амондагийн гудамж 1-16 тоотод оршин суух, Боржигин овогт Жанчивдоржийн Амгаланбаатар /ТГ-77010512, утас: 94445161/-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Замын гудамжны 4-12 тоотод оршин суух, Алдарын Мөнхбаяр /НВ-87021218, утас:95428696/-т хариуцагдах

“Зээл, зээлийн хүү 8,710,000 төгрөг” гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Амгаланбаатар, хариуцагч А.Мөнхбаяр, гэрч Н.Отгонзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Амгаланбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2015 оны 02 дугаар сарын 16-нд Замын-Үүд сумын гэр байр Замын 4-12 тоотод амьдардаг А.Мөнхбаярт 2,300,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 20 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн одоо болтол өгөөгүй. Зээлийн хүүнд 460,000 төгрөг төлөөд үндсэн зээлээ одоо болтол төлөхгүй байгаа тул зээлийн хүүд 6,410,000 төгрөг нийт зээлтэйгээ 8,710,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Амгаланбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Замын-Үүд сумын Шалганы 1-14 тоотод оршин суух А.Мөнхбаяр энэ хүнд мөнгөө зээлүүлснээс бүх зүйл эхэлсэн. Одоо энэ хаяган дээрээс зугтаад, гэр байрны модонд буусан сураг гарсан. Шинэ хаягийг нь саяхан 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр олж мэдсэн яг одоогийн байдлаар Замын 4-12 тоотод айлын хашаанд буусан байсан мэдсэн. Хуучин Хас банкинд зээлтэй байж байгаад А.Мөнхбаяраас 2,200,000 төгрөг авч хаагаад эргүүлээд Хас банкнаас 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 6,000,000 төгрөгийг жилийн 2,8 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай компьютер болон УАЗ-469 машин худалдан авах зориулалтаар зээл авсан. Энэ мөнгөнөөсөө Мөнхбаярт 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 1 сарын хугацаатай 2,300,000 төгрөгийг зээлүүлсэн. Сарын дараа асуухад 3 сарын дараа өгье гэсэн гэтэл 3 сарын дараа өгөөгүй. 6 сард уулзахад та хоёрын мөнгө хүүтэй юм уу тэгвэл төлж чадахгүй шүүх цагдаагаар яв гэсэн.  Хас банкинд сар болгоны 20-ноор авсан зээлээ төлж байгаа одоо болтол дуусаагүй байна. Энэ хүнээс болж компьютер, УАЗ-469 машин худалдаж авна гэж авсан одоо болтол авч чадаагүй байна. Хэлсэндээ сарын дараа мөнгөө өгсөн бол би ингэж хохирохгүй байсан. Сүүлдээ утсаа авахгүй, хаяг нь тодорхойгүй байж байгаад сая мэдсэн. А.Мөнхбаяр 3 сарын зээлийн төлөлт гэж 400,000 төгрөг төлсөн, дараа нь  4 сард эхнэр эмчилгээнд явах гээд 500,000 төгрөг, 5 сард 150,000 төгрөг, 6 сард би ангийн уулзалт болох гээд 300,000 төгрөг мөн 100 юань буюу 30,000 төгрөг, 20,000 төгрөгийг 2 удаа буюу 40,000 төгрөгийг авсан. 2015 оны 06 дугаар сарын сүүлээр гэртээ дуудаж А.Мөнхбаяртай уулзсан тэрнээс хойш 1 ч төгрөг өгөөгүй. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж үндсэн зээлүүлсэн мөнгө 2,300,000 төгрөгийг гаргуулж авна” гэжээ.

Хариуцагч А.Мөнхбаяр шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний тооцоогоор би 1,540,000 төгрөгийг төлсөн, 760,000 төгрөг үлдсэн. Банкнаас мөнгө авсан учраас би 1,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. 2016 оны 02 дугаар сард Ж.Амгаланбаатараас 2,300,000 төгрөгийг  авсан. Тухайн үед Ж.Амгаланбаатар банкинд төлөх мөнгөө төлөөд буцаагаад зээл авмаар байна гэсэн учир бид ярилцаж тохироод мөнгө өгч авсан асуудал гарсан. Би 2,300,000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Мөнгийг авахдаа бид хүү төлөх талаар хоорондоо ярилцаагүй, тодорхой хугацааны дараа өгөөрэй гээд надад өгсөн. Бид ямар нэгэн бичиг баримт үйлдээгүй, гэрээ хэлэлцээр хийгээгүй. Банкны хүү төлөх үед өгч байгаарай гэсэн тэгээд би эхний сарын төлөлт 400,000 төгрөгийг төлсөн. Боломж муу байсан учраас өгч чадаагүй мөнгө нэхэхээр нь боломжоороо өгч байсан. Цувуулж увуулж төлөөд миний тооцоогоор 1,540,000 төгрөгийг төлсөн. Одоо 760,000 төгрөг өгөхөөр байгаа. Банкнаас зээл авч надад 2,300,000 төгрөгийг өгсөн. Сүүлд 2015 оны 06 сард гэртээ дуудсан би охинтойгоо хамт очиж уулзсан тэгэхэд надаас баахан хүү нэхээд байхаар нь би үндсэн мөнгөө төлнө хүү төлж чадахгүй гэдгээ хэлсэн” гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Ж.Амгаланбаатар нь хариуцагч А.Мөнхбаярт холбогдуулан үндсэн зээл 2,300,000 төгрөг, хүү 6,410,000 төгрөг нийт 8,710,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн зээл 2,300,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч Ж.Амгаланбаатар 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хас банкнаас 6,000,000 төгрөгийг зээлж, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2,300,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 20 хувийн хүүтэй зээлсэн боловч хугацаандаа өгөөгүй. Банкны 3 сарын зээлийн төлөлт 400,000 төгрөгийг  төлсөн, 4 сард эхнэр эмчилгээнд явах гээд 500,000 төгрөг, 5 сард 150,000 төгрөг, 6 сард би ангийн уулзалт гээд 300,000 төгрөг, мөн 100 юань буюу 30,000 төгрөг, 20,000 төгрөгийг 2 удаа буюу 40,000 төгрөгийг авсан. 2015 оны 06 дугаар сараас хойш нэг ч төгрөг өгөөгүй. Одоо зээлдүүлсэн 2,300,000 төгрөгийг төлөх ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон.

Хариуцагч А.Мөнхбаяр нэхэмжлэлийн шаардлагаас 760,000  төгрөгийг төлөх ёстой гэхдээ банкнаас зээл авсан учраас 1,000,000 төгрөгийг л төлнө гэж маргасан. Тэрээр өөрийн татгалзлалаа 2,300,000 төгрөгийг хүүгүй, боломжоороо өгөхөөр авсан. 2,300,000 төгрөгнөөс 1,540,000 төгрөгийг цувуулж өгсөн. Бидний хооронд хүү гэж яригдаагүй, бичгээр гэрээ хэлэлцээр хийгээгүй гэж тайлбарлаж байгаа болно.

Нэхэмжлэгч Ж.Амгаланбаатар нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хас банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг 1 жилийн 25,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай компьютер болон УАЗ-469 маркийн автомашин худалдан авах зориулалттайгаар аваад хариуцагч А.Мөнхбаярт 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2,300,000 төгрөгийг зээлдүүлсэн. А.Мөнхбаяр нь  3 сард 400,000 төгрөг, 4 сард 500,000 төгрөг, 5 сард 150,000 төгрөг, 6 сард 300,000 төгрөг, 100 юань буюу 30,000 төгрөг, 20,000 төгрөгөөр 2 удаа буюу 40,000 төгрөгийг өгсөн зэрэг үйл баримт тогтоогдов.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Амгаланбаатар нь 2,300,000 төгрөгийг А.Мөнхбаярт шилжүүлсэн буюу өгсөн, хариуцагч А.Мөнхбаяр нь буцаан өгөх үүргийг тус тус хүлээн амаар гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж үзэхээр байна.

Зохигчид зээлийн хүү болон зээлийг буцааж төлөх хугацаан дээр маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 2,300,000 төгрөгийг хариуцагч А.Мөнхбаяраас шаардах эрхтэй. Харин нэхэмжлэгч Ж.Амгаланбаатар нь 1 сарын хугацаатай 20 хувийн хүүтэй зээлсэн гэх боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Амгаланбаатар нь хариуцагч А.Мөнхбаярт 2,300,000 төгрөгийг зээлдүүлэхдээ хүү тохирсон талаар бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгч 1 сарын хугацаатай гэж, хариуцагч боломжоороо өгөөрэй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч мөнгө зээлдүүлээд нэг сарын дараанаас байнга хариуцагчаас зээлээ төлөх талаар шаардаж байсан, хариуцагч мөнгийг 2 сард зээлж аваад 3 сараас эхлэн сар болгон тодорхой хэмжээгээр зээлийг төлж байгаад 2015 оны 06 сараас зохигчид маргалдаж түүнээс хойш хариуцагч нь үлдэгдэл зээлийг төлөөгүй байгаа нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул зохигчид зээлийг буцааж төлөх хугацааг нэг сараар тохирсон гэж үзэхээр байна. Мөн хариуцагч А.Мөнхбаяр хүү тохиролцоогүй, гэрээ хэлэлцээр бичгээр байгуулаагүй учраас хүү төлөхгүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч Ж.Амгаланбаатар нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хас банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг 1 жилийн 25,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай аваад хариуцагч А.Мөнхбаярт 2,300,000 төгрөгийг зээлдүүлсэн. Өнөөдрийг хүртэл банкинд зээлийг хүүгийн хамт нэхэмжлэгч төлж байгаа талаар хариуцагч маргаагүй хүлээн зөвшөөрдөг.

Иймд хариуцагч А.Мөнхбаярыг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн гэж үзэж Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д “...Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж,  мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “...үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заасны дагуу Хас банкны зээлийн гэрээгээр хүүг тооцож хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.  

Хариуцагч А.Мөнхбаяр нь 1,540,000 төгрөгийг өгсөн, 760,000 төгрөгийг төлөөгүй гэх боловч хуулинд зааснаар татгалзлаа нотолсон баримтыг хариуцагч өөрөө шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй тул шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  нэхэмжлэгч “...А.Мөнхбаярт 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2,300,000 төгрөгийг зээлдүүлсэн. 3 сард 400,000 төгрөг, 4 сард 500,000 төгрөг, 5 сард 150,000 төгрөг, 6 сард 300,000 төгрөг, 100 юань буюу 30,000 төгрөг, 20,000 төгрөгөөр 2 удаа буюу 40,000 төгрөгийг өгсөн гэснийг, мөн Хас банкны зээлийн гэрээг /хх-ийн 4-6/ үндэслэн зохигчид зээлийн гэрээг 2015.02.16-ны өдөр байгуулсан, банкны хүүг сарын 2,15% /1 жилийн 25,8%:12=2,15%/-иар тооцож:

2015.03.16-нд үндсэн зээл 2,300,000₮, хүү 49,450₮ нийт 2,349,450 төгрөг  төлөхөөс 400,000 төгрөг төлснийг хасаад 1,949,450₮,

2015.04.16-нд үндсэн зээл 1,949,450₮, хүү 41,914₮ нийт 1,991,364 төгрөг төлөхөөс 500,000₮ хасаад 1,491,364₮,

2015.05.16-нд үндсэн зээл 1,491,364,₮, хүү 32,065₮ нийт 1,523,429 төгрөг төлөхөөс 150,000₮ хасаад 1,373,429₮

2015.06.16-нд үндсэн зээл 1,373,429₮, хүү 29,529₮ нийт 1,402,958 төгрөг төлөхөөс 370,000 төгрөгийг хасаад 1,032,958₮

2015 оны 07 сараас 2016 оны 08 дугаар сарын 16-ныг хүртэл 14 сар үндсэн зээл 1,032,958₮, сарын хүү 22,209₮ /сарын хүү 22,209х14 сар=310,926/  нийт 1,343,884 төгрөгийг хариуцагч А.Мөнхбаяраас гаргуулан  нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 956,116 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч Ж.Амгаланбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр хуваарилан хариуцагч А.Мөнхбаяраас 36,453 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуульд заасны дагуу шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.5, 222.7-д зааснаар хариуцагч А.Мөнхбаяраас 1,343,884 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Амгаланбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 956,116 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154,310 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Мөнхбаяраас 36,453 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Амгаланбаатарт олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ