Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00727

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00727

 

 

 

2024 04 10 210/МА2024/00727

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/00085 дугаар шийдвэртэй

*******ын нэхэмжлэлтэй, *******т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 130,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2020 оны 09 сарын 04-ний өдөр *******т 130,000,000 төгрөгийг хүүгүй зээлдүүлсэн бөгөөд гэрээний барьцаа болгон шилжүүлж авсан үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхэд татгалзахгүй. Гэрээг ******* түүний ах ******* нартай хийсэн. ******* нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалсан. Хариуцагч мөнгөө цааш нь *******д шилжүүлсэн нь надад хамаагүй юм гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Зээлийг авсан хүн нь ******* биш харин ******* юм. Анх ******* нь *******аас 150,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээлийн барьцаанд өөрийн хөрөнгийг шилжүүлэхдээ *******ын нэр дээр шилжүүлсэн. Энэ зээлээ төлөхийн тулд *******ын танил *******аас зээл авч өрөө төлж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг *******ын нэр дээр шилжүүлсэн. ******* нь *******аас зээл авч надад төлсөн, ингээд миний нэр дээр байсан хөрөнгөө *******ын нэр дээр шилжүүлсэн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Мөнгийг үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн *******ын данс руу шилжүүлнэ гэж шилжүүлсэн ба өнөөдрийг хүртэл надаас энэ мөнгийг шаардаж байгаагүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 130,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 965,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******аас 965,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Талуудын хооронд үүссэн үйл явдлын талаар гэрчээр оролцсон Д.Отгонхороо нь *******, ******* нараас 150,000,000 төгрөгийг зээлж, зээлийн барьцаанд *******д шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг Д.Эрхэмбаатарын нэр дээр шилжүүлснийг мэдүүлсэн. ******* нь зээлээ төлөөгүй учир ******* зээлээ төлөхийг шаардаж, *******ын танил *******тай Н.Отгонхорлоог уулзуулж тэд хоорондоо зээл авахаар тохиролцсон байдаг. Н.Отгонхорлоо нь нотариатын газар намайг дуудаж үл хөдлөх эд хөрөнгийг *******ын нэр дээр шилжүүлэх гэрээг хийсэн ба энэ үед л *******ыг анх харсан. ******* нь зээлийг *******д шилжүүлэхдээ гэрээ хийсэн *******ын дансанд шилжүүлнэ гээд миний дансанд 130,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би нэхэмжлэгчээс зээл авахаар огт ярьж байгаагүй. *******гийн шаардпагаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгсөн байхад зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй, зохигчийн хооронд хэлцэл хийгдээгүй байхад зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч нь хэргийн жинхэнэ хариуцагч биш байхад нэхэмжлэлийг хангасан учир энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хуульд нийцүүлэн шийдсэн. Иргэний хуулийн 196, 281 дүгээр зүйлд зааснаар *******т зээлийн гэрээний үүрэг үүссэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. Нэхэмжлэгч нь өөрийн компаниас *******ын дансанд Эрхэмбаатарт зээл олгов гэх утгаар мөнгийг шилжүүлсэн. Мөн 2023 оны 04 сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд гэрч ******* нь 98,000,000 төгрөгийг авч, ******* бид хоёр өөртөө ашигласан гэж тайлбарладаг. Гэрч ******* нь 2024 оны 01 сарын 03-ны өдөр *******аас *******, ******* нартай дамжуулан танилцсан уу гэж асуухад тийм гэж хариулсан. Уг нөхцөл байдал нь шударга ёсны зарчим бөгөөд Иргэний хуульд заасан гэрээний үүргийн зарчимд нийцсэн. Тухайн этгээдүүд зээлийн төлбөрийг хэнд өгч, хэрхэн зарцуулсан нь нэхэмжлэгчид хамааралгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 130,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч *******ын Хаан банк ХК-ийн  данснаас 2020 оны 09 сарын 04-ний өдөр хариуцагч *******ын Хаан банк ХК-ийн  дансанд 130,000,000 төгрөгийг Эрхэмбаатарт зээл олгов гэсэн утгаар шилжүүлсэн байна. Энэхүү мөнгөн шилжүүлгийн талаар зохигч харилцан өөр агуулгатай тайлбар гаргаж маргажээ.

Нэхэмжлэгчээс дээрх мөнгийг хариуцагчид шилжүүлсэн шалтгаанаа зээл олгов гэсэн утгаар илэрхийлснийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзнэ.

4. Хариуцагч нь дээрх 130,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу аваагүй, ******* нь *******аас зээл авч надад төлсөн гэж нэхэмжлэлээс татгалзсан боловч дээрх мөнгөн шилжүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар үгүйсгэж чадаагүйн зэрэгцээ нэхэмжлэгчээс зээл олгов гэх утгаар шилжүүлсэн мөнгийг хүлээн авсан байна. Гэрчүүдийн мэдүүлэг хэргийн бусад баримтаар давхар нотлогдоогүй, зохигчийн хооронд мөнгө шилжүүлсэн дээрх бичмэл нотлох баримтыг үгүйсгэхгүйг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

5. Анхан шатны шүүх талуудын хүсэл зоригийн илэрхийллийг зөв тогтоож, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хэргийн баримтаар хариуцагч нь зээл 130,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн нь тогтоогдоогүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч уг үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Иймээс шүүх хариуцагч *******аас 130,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/00085 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 807,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Э.ЭНЭБИШ