Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00735

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00735

 

 

2024 04 10 210/МА2024/00735

 

*******ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/04070 дугаар шийдвэртэй

*******ий нэхэмжлэлтэй, *******ид холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан шилжүүлэх, хохирол 4,888,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Талууд 2022 оны 12 сарын 02-ны өдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж маргаан бүхий 3 өрөө орон сууцыг 236,610,500 төгрөгөөр худалдахаар тохиролцож, төрөл садангийн холбоотой учир тавилга, эд хогшлыг 70,000,000 төгрөгөөр үнэлэн амаар тохиролцсон. Гэрээний дагуу 165,000,000 төгрөгийг зээлээр, 70,000,000 төгрөг шууд өгөхөөр тохирсон ч 150,000,000 төгрөгийг 2022 оны 12 сард Хаан банк ХК-ийн ипотекийн зээлээр төлсөн.

Харин орон сууцны урьдчилгаа төлбөр болох 86,000,000 төгрөгийг хариуцагч төлсөн мэт дансны хуулгаар харагдаж байгаа ч энэ нь нэхэмжлэгчийн хөрөнгө юм. Орон сууцыг худалдаж авахад хариуцагчаас нэг ч төгрөг гараагүй.

Нэхэмжлэгчийн дэмжлэгээр 150,000,000 төгрөгийг зээлээр гаргаж, урьдчилгаа 86,000,000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө бүрдүүлж хамтран ажилладаг *******д шилжүүлж, ******* өөрийн өмчлөлийн 10-60 дугаартай автомашиныг *******д худалдах гэрээ байгуулсны дагуу уг 80,000,000 төгрөгийг ******* нь *******ийн эхнэр *******д автомашины гэж шилжүүлсэн. ******* нь орон сууцны урьдчилгааг зохих ёсоор бүрдүүлсэн мэт харагдуулахын тулд ингэж бүрдүүлсэн байдаг.

Ийм учраас хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул худалдан-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан гаргуулж, уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдсаны татвар 4,733,000 төгрөг, нотариатын зардал 135,000 төгрөг, нийт 4,888,000 төгрөгийг шаардаж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь 3 өрөө орон сууцыг 236,610,500 төгрөгөөр тохиролцон *******ээс худалдаж авсан. Гэрээний дагуу 236,000,000 төгрөгийг түүний Хаан банк ХК дахь дансанд шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн тайлбарласан тавилгыг 70,000,000 төгрөгөөр үнэлж тохиролцсон зүйлгүй бөгөөд ийм үнэтэй тавилга, эд хогшил байгаагүй. ******* нь ипотекийн зээл гаргаж өгдөг хүн биш, зээлийг баримтаа бүрдүүлээд л зээл авсан.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 80,000,000 төгрөг өгч байрны урьдчилгааг бүрдүүлэхэд туслаад буцаан авсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Орон сууцыг хариуцагчид хямдаар худалдсан гэх асуудлаас болж ийнхүү нэхэмжлэл гаргаад, үнийг нэмж 300,000,000 төгрөгөөр тооцно гээд байна. Гэтэл тухайн үед гэрээндээ орон сууцны үнийг харилцан тохиролцоод үнийг нь төлсөн байхад орон сууцыг хямд худалдсан гэх шалтгаанаар гэрээнээс татгалзаад байгаа нь үндэслэлгүй. Гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлыг зөвшөөрөхгүй, ******* гэрээнээс татгалзаагүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ий хариуцагч *******ид холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан шилжүүлэх, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохирол 4,888,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,362,390 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрт "...нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж байгаа талаараа худалдан авагч буюу хариуцагчид мэдэгдээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн бол талууд гэрээнээс татгалзах буюу цуцлах боломжгүй, ...80,000,000 төгрөгийг төлөөгүй гэж гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй..." гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан худалдах-худалдан авах гэрээний үнийг 236,610,500 төгрөг гэсэн хэдий ч хариуцагч нь үүнээс 80,000,000 төгрөгийг өөрөө төлсөн мэтээр худал мэдүүлж, гэрээний үүргээ бодитоор биелүүлэхгүй, цаашид ч биелүүлэхээс татгалзаж байсан тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан.

Үүнээс үзэхэд 80,000,000 төгрөг бодитоор төлөгдсөн эсэх нь талуудын хоорондын маргааны зүйл болж байхад уг нөхцөл байдлыг шүүх тодруулахгүй, гэрээнээс татгалзаж байгаа талаар нөгөө талдаа мэдэгдээгүй, үүргийн ялимгүй зөрчил үүссэн байхад татгалзах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Гэтэл хариуцагч нь 80,000,000 төгрөгийн үүргээ биелүүлэхээс татгалзаж, гэрээний үүргээс зайлсхийж байхад үүргийг ялимгүй зөрчсөн гэж дүгнэх боломжгүй юм. Нэхэмжлэгч нь тохиролцсон ёсоор үлдэгдэл төлбөрөө авах эсхүл байраа буцаан авах талаар хариуцагч болон түүний эхнэр ******* нартай удаа дараа уулзаж мэдэгдэж байсан ч хүлээж аваагүй тул 2023 оны 06 сарын 14-ний өдөр гэрээнээс татгалзаж байгааг мэдэгдэж, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан. Ийнхүү өргөдөл гаргасныг үүргээ гүйцэтгэх эсхүл гэрээнээс татгалзах талаар сануулсан гэж үзэхээр байна.

Хариуцагч нь маргааны зүйл болсон 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн гэх боловч энэ нь орон сууцны төлбөрт бодитоор шилжүүлсэн мөнгө биш бөгөөд хариуцагчаас урьдчилгаа төлбөрөө хэрхэн бүрдүүлсэн талаарх баримт гаргуулах хүсэлтийг гаргахад шүүх хүсэлтийг хэрэгт ач холбогдолгүй, хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргаж байгаа нь хүндэтгэх шалтгаантай болохоо нотлоогүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би 2023 оны 12 сарын 06-ны өдөр нэхэмжлэгчээс итгэмжлэл авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтээ шүүх хуралдаан дээр гаргахаас өөр аргагүй байсан.

Талууд төрөл садангийн холбоотой учир гэрээний үнийг 300,000,000 төгрөгөөс доогуур буюу 236,610,500 төгрөг гэж гэрээнд тусгасан, урьдчилгаа төлбөр 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь өөрөө хариуцагчийн эхнэрт шилжүүлж банкны зээлийг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлсэн ба дараа нь уг 80,000,000 төгрөгөө буцаан авахаар тохирсон. Гэтэл хариуцагч нь 80,000,000 төгрөг болон тавилгын үнийг төлөхгүй гэрээний үүргийг бодитоор биелүүлэхээс татгалзаж итгэл эвдсэнээр маргаан үүсэж, нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байхад шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгохгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь гомдолд 236,610,500 төгрөгийг бодитоор төлөөгүй гэжээ. Гэтэл *******оос *******д 236,610,500 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр дансаар шилжүүлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Орон сууцны урьдчилгаа 80,000,000 төгрөгийг *******ээс аваад буцаагаад өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд хариуцагч орон сууцны урьдчилгаа төлбөрөө өөрөө бүрдүүлж орон сууцаа авч, 236,610,500 төгрөгийг бүрэн төлсөн. Эвлэрүүлэн зуучлалд хандсан нь гэрээнээс татгалзсаныг мэдэгдсэн баримт биш, өмнө нь удаа дараа уулзсан гэх боловч уулзаж байгаагүй. Гэрээнээс татгалзсантай холбоотой хохирлын тухайд нэхэмжлэгчийн гаргасан татгалзал үндэслэлгүй, гэрээ дуусгавар болсон учир хохирлыг хариуцагч хариуцахгүй. Мөн нэхэмжлэгч хохирол, зардалтай холбоотой баримтаа шүүхэд гаргаагүй. Орон сууцны тавилгыг 70,000,000 төгрөгөөр үнэлэхээр талууд тохиролцсоныг нотолсон баримтгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Мөн шүүх 80,000,000 төгрөг төлөөгүй нь гэрээний ялимгүй зөрчил гэсэн дүгнэлт хийгээгүй, энэ тухай нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан шилжүүлэх, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохирол 4,888,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч *******ээс 2023 оны 12 сарын 06-ны өдөр *******т шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг 3 жилийн хугацаагаар олгожээ. Мөн өдөр шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх, үүргийг нь тайлбарлан өгчээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д шүүгч зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх үүрэгтэй гэж заасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэл авсан өдөр болох 2023 оны 12 сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож, хариуцагч *******оос орон сууцны урьдчилгаа төлбөрийг бүрдүүлсэн орлогын талаарх дансны хуулгыг, *******, ******* нарын хооронд улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах-худалдан авахаар байгуулсан гэрээг Монголын нотариатчдын танхимаас, мөн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн болон шилжилт хөдөлгөөний тухай мэдээллийг Авто тээврийн үндэсний төвөөс тус тус шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулахыг хүсчээ.

Шүүх хүсэлтийг урьд нь гаргах бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай нь эсэх талаар баримтгүй гэж дүгнэж хангахгүй орхихдоо хүсэлтэд дурдсан баримтаа өөрөө гаргах боломжийг нэхэмжлэгч талд олгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох баримт гаргах, цуглуулах хариуцагчийн эрхийг хязгаарласан гэж үзнэ. Энэ тохиолдолд шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж тухайн талд шаардлага болон татгалзлаа нотлох боломжит хугацаа олгох шаардлагатай

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын нотлох баримт гаргах эрхийг хязгаарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэх зөрчилд хамаарна. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцээх замаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/04070 дугаар дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ий давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,362,390 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЭНЭБИШ