Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 232

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс  гаргасан, Дорноговь аймаг Замын-Үүд сум 1 дүгээр баг 50 дугаар байр 1 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 36 настай, ам бүл 4, ээж, эгч, дүүгийн хамт амьдрах, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хотол сайн овогт Бүтэнсайны Бүрэнцогт /ЕЙ80022719/-ыг албадан эмчилгээнд явуулах тухай Замын-Үүд сум дахь сум дундын  Цагдаагийн хэлтсийн хүсэлтийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч байгууллагыг төлөөлж Г.Ууганбаатар, нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Бүрэнцогт нь удаа дараа архидан согтуурч, түүний ар гэрээс албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг гаргаж, 4 удаа эмчлүүлсэн. Б.Бүрэнцогт нь архинд донтох өвчтэй болох нь эмнэлэгийн дүгнэлтээр тогтоогдсон тул Согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн дагуу архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг төлөөлж Г.Ууганбаатар тайлбарлахдаа:  Миний бие нь тус Цагдаагийн хэлтэст 2005 оноос эхлэн ажиллаж байна. Намайг ажилласнаас хойш Б.Бүрэнцогт нь 4 удаа албадан эмчилгээнд явуулсан боловч засрахгүй архи ууж байна. Ар гэрийнх нь хүсэлт гаргасны дагуу дахин албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргаж байна гэжээ.

Шүүх хуралдаанд Б.Бүрэнцогт тайлбарлахдаа: Би эмчилгээнд явмаар байна. 4 удаа гэх юм миний бодлоор 5, 6 удаа явсан тэгээд архи уучихдаг, яагаад дахиад архи уугаад байгаагаа мэдэхгүй байна. Би өөрөө явах хүсэлттэй байна гэжээ.  

Шүүх хуралдаанд нотлох баримтаар Эмнэлгийн дүгнэлт, багийн Засаг даргын тодорхойлолт, хүсэлт, Цагдаагийн газрын тодорхойлолт, илтгэх хуудас зэрэг бусад нотлох баримтуудыг  судлав.

ҮНДЭСЛЭХ нь:  

Б.Бүрэнцогтыг албадан эмчилгээнд явуулах тухай Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

Б.Бүрэнцогт нь удаа дараа согтууруулах ундаа хэрэглэн нийгмийн хэв журам, ёс суртахууны хэм хэмжээг байнга зөрчиж байдаг, 2005 оноос хойш архийг хэтрүүлэн хэрэглэдэг болох нь ар гэрийнхэн болон цагдаагийн албан хаагч нарын илтгэх хуудас, өөрийнх нь мэдүүлэг, эмнэлгийн дүгнэлтээр "архины хамааралтай, мансууран донтох эмгэгтэй" өвчтэй болох нь тогтоогдсон, эрүүл мэндийн хувьд эмчилгээнд харшлах шалтгаан байхгүй болох нь мөн дээрхи дүгнэлтээр нотлогдсон байх тул түүнийг захиргааны журмаар албадан эмчлэх эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.1, 135.2.14, Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг баримтлан  Хотол сайн овогт Бүтэнсайны Бүрэнцогтыг албадан эмчилсүгэй.

2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

3. Энэ шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэр гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.НАРМАНДАХ