Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 524

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

          Улсын яллагч Б.Мөнгөншагай,

          Хохирогч Р.Наранбямба, И.Тогтохдаваа,

          Иргэний хариуцагч Р.Батцэцэг,

          Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам /ҮД:0464/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  М.Бд холбогдох 1806 09901 0063 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Булган аймагт 1978 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Рашаант гэдэг газар оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 3 дугаар хэсгийн 28 дугаар гудамжны 1259 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Б овогт Мын Б /РД:............/,

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 18-ны оройн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Дарь-Эхийн замд Тоёота Ист загварын 72-32 УНН улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, мөн дүрмийн 3.7-д “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, мөн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж Ниссан Марч загварын 60-67 УНЯ улсын дугаартай автомашинтай мөргөлдөн, жолооч Р.Наранбямба, зорчигч И.Тогтохдаваа нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Наранбямбын өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ байж байгаад найз Баатархуягийг эмнэлгээс гаргах гээд эмнэлэг явж байсан. Тогтохдаваа зам дээр Хайлааст явна гээд зогсож байсан. Би завтай бол манай найзыг эмнэлгээс гаргаад гэрт нь хүргэж өгье гээд хамт явсан. Тогтохдаваа ард суугаад, Баатархуяг урд суугаад явж байсан. Гэтэл урдаас гэнэт нэг машин хурдтай гараад ирэнгүүт нь би баруун тийш дараад зогстол тас гээд явсан. Тэгээд гэмтэлийн эмнэлэг дээр оёдол тавиулж байгаад сэрсэн. Миний баруун гарын дунд хурууны үе мултараад тасарсан. Ямар ч ажиллагаагүй болсон. Нүүрээ ч угааж чадахгүй байгаа. Би группт байдаг, амьдралын баталгаа болсон машин эвдэрлээ гэж хэлж байсан. Эмнэлэгт байхад ирж байгаагүй. Эмнэлэгт миний гарыг тайрах гэж байхад Дэлгэрмаа гэдэг дүү нь ирээд хэдэн хэрэгтэй тариа авч өгсөн. Мөн томографикийн зураг авахуулж өгсөн. Шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Би машингүй бол, гар ажлахгүй амьдралын баталгаагүй болсон байгаа. Би өөрийн машинтай адил машин бүтнээр нь авмаар байна. Миний машин засвар авахааргүй болсон. Би машинаа 3.500.000 аваад. 1 сая гаран төгрөгийн засвар хийсэн байсан. Би шүүгдэгчид миний машинтай адилхан онтой машин аваад өгчихвөл өөр хэлэх зүйлгүй. Надад 1.400.000 төгрөг өгсөн. Тэр мөнгө миний машины хаана нь ч хүрэхгүй байсан тул би аваагүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч И.Тогтохдаваагийн өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр би Хайлааст явах гээд зам дээр зогсож байтал Наранбямба машитай ирээд хамт найзыгаа эмнэлгээс гаргаад ирье гэж хэлсэн. Тэгээд хамт машинтай нь явж байтал урдаас нэг машин аймаар хурдан ирээд тас гээд явсан. Миний баруун гарын сарвуу хугарсан. Баруун хөлийн зөөлөн эдийн гэмтэл гарсан гэж эмч хэлсэн. Хэрэг гарснаас болж сар гаран гипстэй байсан. 50.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Өвчин намдаах эм, барагшуун зэрэг эм өөрийн мөнгөөр авч байсан. Шүүгдэгчээс 50.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Р.Батцэцэгийн өгсөн: “... Үнэлгээгээр гарсан мөнгийг хохирогч Наранбямба авахгүй гэсэн. Иргэний нэхэмжлэгч баримтаар мөнгө нэхэмжилвэл өгнө. Хохирогч Тогтохдаваагийн нэхэмжилсэн 50.000 төгрөгийг  хугацаа зааж өгвөл төлнө...” гэх мэдүүлэг,

          Мөрдөгчөөс 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг /хх.13-19/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Наранбямбын өгсөн: “... cap өдрийг нь санахгүй байна, Ниссан Марч маркийн 60-67 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодон Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Дарь-Эхийн замд явж байхад өөдөөс ирж явсан автомашин эсрэг урсгалд орж ирж мөргөсөн” гэх мэдүүлэг /хх.20-21, 28/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч И.Тогтохдаваагийн өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 18 цаг 05 минутын орчимд Баянзүрх дүүргийн эмнэлэгээс Nissan March маркийн 60-67 УНЯ машинд суугаад Бэлх хүрэхээр Монелоос уруудаад Дарь-Эхийн шинэ замд явж байхад Toyota Ist маркийн 72-32 УНН дугаарын машин урсгал сөрөөд сууж явсан машины урдаас хурдтай ирээд мөргөсөн. Тэгээд сууж явсан машины жолооч болон урд талын зорчигч 2 тонгойгоод хэсэг ухаангүй болсон араас нь дуудаж байж сэрээгээд бид хэд машинаасаа бууцгаасан тэгтэл Toyota Ist маркийн 72-32 УНН дугаарын машины урдаас утаа гараад гал гарсан, удалгүй гал командын машин ирээд галыг нь унтраагаад араас нь удалгүй Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирээд хэмжилт хийсэн, дараа нь түргэн тусламжийн машин ирээд 2 жолоочтой хамт бид хэдийг бүгдийг нь гэмтэлийн эмнэлэг рүү аваад явсан. Тэнд очиход зүүн гарны мөр хөдөлгөж болохгүй болохоор нь мөрний рентген зураг авахуулаад эмчид үзүүлэхэд хугарал бэртэл байхгүй байна зөөлөн эдийн гэмтэлтэй байна гээд эм бичиж өгсөн, бас бидэнтэй хамт зорчиж явсан Баатархуягийг шууд эмнэлэгт хэвтүүлсэн, жолооч Наранбямбын толгойд нь оёдол тависан, ингээд Баатархуягаас бусдыг нь буцаасан. Маргааш өглөө нь боссон чинь баруун гарын сарвуу хэсэг хавдаад хөхөрчихсөн байхаар нь гэмтэлийн эмнэлэгт рентген зураг авахуулахад сарвуу хугарсан байна гээд гипсдээд сойж өгөөд Дүүргийн эмнэлэгт хяналтанд ороорой гээд явуулсан, бас Наранбямба гэмтэл дээр таараад баруун гараа үзүүлэхэд бас шинээр хугарсан байна гээд гипсдээд сойж өгсөн. Toyota Ist маркийн 72-32 УНН дугаарын автомашины жолооч Бг би бол согтуу байна гэж харсан хэвийн хүнээс өөр байдалтай байсан. Жолооч нь ганцаараа явж байсан. Гэнэт тар няр гээд явчихсан болохоор юу мөргөсөнөө санахгүй байна... Одоо толгой их өвдөж байна, баруун гар, зүүн гарын мөр, зүүн хөлний өвдөг өвдөж байна... Гэгээтэй, цаг агаар тогтуун байсан, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг хуурай байсан...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

          “... 2018 оны 11 дүгээр сарын 18 ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг 32-ийн тойргийн гарцаар зам хөндлөн гарах гээд зогсож байхад нэг машин гарцны цаана ирж зогсоод дуут дохио өгөхөөр нь харахад Наранбямба байсан. Тэгээд машинд суусан. Тэгээд Наранбямба чи яарч явсан уу? гэхээр нь яаруу яваагүй гэхэд би хоёр найзыгаа эмнэлгээс авах гэж яваа юм хамт яваад ирэх үү? Гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр Баянзүрх дүүргийн эмнэлэг дээрээс эрэгтэй, эмэгтэй хоёр хүн аваад Дарь-Эх рүү явсан. Би жолоочийн ард талд сууж явсан. Найз залуу нь жолоочийн хажуу талын урд сандалд сууж явсан. Бид нар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ зөөлөн явж байхад эсрэг урсгалаас нэг автомашин урсгал сөрөөд их хурдтай ороод ирэхээр нь би хүүе гэж хэлэхийн завгүй өөдөөс орж ирээд мөргөсөн. Одоогоор бие гайгүй л болсон. Эмчилгээнд 40,000-50,000 төгрөг гарсан. Баримт гэж байхгүй. Мөргөсөн машины жолооч нь их согтуу байсан. Машинд жолооч ганцаараа явсан. Наранбямба өөрийнхөө эгнээгээр зөөлхөн явж байсан. Мөргөсөн машин урсгал сөрөөд гараад ирэхэд Наранбямба баруун гар тийшээгээ жолоогоо дараад зогсох үед уг машин ирж мөргөсөн... Гомдолтой байна. Зүгээр явж байгаад осолд орж биедээ гэмтэл авсан. Одоо гарсан болон цаашид гарах эмчилгээний зардалыг буруутай жолоочоос нэхэмжилнэ. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.34-35/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Баатархуягийн өгсөн: “... Би Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад гарахаар болоод манай найз Наранбямба намайг эмнэлгээс машинтайгаа ирж авсан. Тухайн өдөр манай эхнэр Нямсүрэн над дээр ирчихсэн байсан юм. Тэгээд бид 2 гэртээ харихаар явсан. Тухайн өдөр 17 цаг өнгөрч байсан. Машиныг Наранбямба жолоодоод би жолоочийн хажуу талын урд сандалд суугаад арын сандалд манай эхнэр Нямсүрэн сууж явсан. Дарь-Эхийн шинэ замаар ертөнцийн зүүнээс баруун тийшээгээ дунд зэргийн хурдтай явж байхад өөдөөс нэг машин хоёр тийшээгээ гуйвж дайвалзаад нилээд хурдтай ороод ирэхээр нь би зогс, зогс гэхэд Наранбямба өөрийнхөө эгнээнд машин зам дээр зогсоход нөгөө машин урсгал сөрөөд яах ийхийн зуургүй орж ирээд тас хийгээд явсан. Бид нар хамгаалах бүсээ зүүж явсан.Тухайн орой гадаа харуй бүрий болоод гадаа гэгээтэй байсан. Бүх зүйл чөлөөтэй харагдаж байсан. Ослын дараа мөргөсөн машинаас согтуу залуу бууж ирээд гуйвж дайвж яваад жалга руу өнхрөөд унасан. Нөгөө мөргөсөн машин шатаж эхэлсэн. Түргэн ирээд гэмтсэн бүх хүмүүсийг аваад явсан. Би архи уугаагүй эрүүл явсан. Хэмжилт хийхэд би байсан...” гэх мэдүүлэг /хх.39-40/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Р.Батцэцэгийн өгсөн: “... Б нь миний эзэмшилийн автомашиныг зөвшөөрөлтэй жолоодож явсан. Би тухайн өдөр хамт явсан... Манай  нөхөр  миний  автомашиныг жолоодож яваад  машинтай мөргөлдөж эвдрэл гэмтэл учруулсан учраас машиндаа үнэлгээ хийлгэхгүй. Ер нь үнэлгээ хийлгээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.51/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Нямсүрэнгийн өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баатархуягийг эмнэлгээс авахаар Наранбямбын машинтай явсан. Ингээд Баатархуягийг эмнэлгээс аваад Наранбямба машинаа жолоодоод би ард нь суугаад явж байтал нэг машин эсрэг урсгалаас урсгал сөрж орж ирээд манай машины урдаас мөргөсөн, машин шатсан. Мөргөсөн машины жолооч нь их согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх.43/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний  газрын шинжээч эмч С.Наранцэцэгийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 528 дугаартай: “... И.Тогтохдаваагийн биед баруун гарын 4 дүгээр хурууны алга ясны сэлтэрсэн хугарал, дух, зүүн мөр, зүүн өвдөг, зүүн шилбэний няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтэлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.57/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний  газрын шинжээч эмч С.Наранцэцэгийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 529 дугаартай: “... Р.Наранбямбад цээжний хэнхэрцэгийн баруун талын 7 дугаар хавирга, зүүн талын 8 дугаар хавирганы далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, духны шарх, баруун гарын ар хэсгийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтэлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.59/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний  газрын шинжээч эмч С.Наранцэцэгийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаартай:

          “... 1. Р.Наранбямбад цээжний хэнхэрцэгийн баруун талын 7-р хавирга, зүүн талын 8-р хавирганы далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, духны шарх гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх цээжний хэнхэрцэгийн баруун талын 7-р хавирга, зүүн талын 8-р хавирганы далд хугарал гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.3.1-д заасан     хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

          3. Цээжний хэнхэрцэгийн баруун талын 7-р хавирга, зүүн талын 8-р хавирганы далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, духны шарх нь 2018.11.18-ны өдрийн зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой байна.

          4. Уг гэмтэлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй.

          5. Р.Наранбямбын 2018 оны 06 дугаар сарын 12-ны болон 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн рентген зургийг зургийг үзэхэд баруун гарын халдварлагдсан шарх нь хуучин гэмтэл бөгөөд баруун гарын сарвуу, бугуйн үенд хугарал тогтоогдоогүй болно. Уг гэмтэл нь 2018.11.18-ны өдрийн зам тээврийн осолд хамааралгүй болно...” гэх нэмэлт дүгнэлт /хх.61/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний  газрын шинжээч эмчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 12349 дугаартай: “... М.Бгийн цусанд 3,5 промилли спиртийн агууламж илэрч байна...” гэх дүгнэлт /хх.70/,

          Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Ц.Ганболдын 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08 дугаартай: “Жолооч М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн гэх магадлагаа /хх.79-80/,

          “Хөрөнгө Эстимэйт” ХХК-й 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 6099 дугаартай: “Ниссан марч маркийн 60-67 УНЯ улсын дугаартай автомашинд 1,427,500 төгрөгийн хохирол учирсан” гэх автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээ /хх.77-78/,

          Автомашин худалдах худалда авах гэрээний хуулбар /хх.48/,

          Хохирол нөхөн төлсөн баримт /хх.100-106/,

          Хохирлын талаар шинээр гаргасан 3 хуудас баримт зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 18-ны оройн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Дарь-Эхийн замд Тоёота Ист загварын 72-32 УНН улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, мөн дүрмийн 3.7-д “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, мөн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж Ниссан Марч загварын 60-67 УНЯ улсын дугаартай автомашинтай мөргөлдөн, жолооч Р.Наранбямба, зорчигч И.Тогтохдаваа нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөгчөөс 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг /хх.13-19/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Наранбямбын өгсөн: “... Ниссан Марч маркийн 60-67 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодон Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Дарь-Эхийн замд явж байхад өөдөөс ирж явсан автомашин эсрэг урсгалд орж ирж мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх.20-21, 28/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч И.Тогтохдаваагийн өгсөн: “... Nissan March маркийн 60-67 УНЯ машинд суугаад Бэлх хүрэхээр Монелоос уруудаад Дарь-Эхийн шинэ замд явж байхад Toyota Ist маркийн 72-32 УНН дугаарын машин урсгал сөрөөд сууж явсан машины урдаас хурдтай ирээд мөргөсөн... Гэгээтэй, цаг агаар тогтуун байсан, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг хуурай байсан...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

          “... Би жолоочийн ард талд сууж явсан. Найз залуу нь жолоочийн хажуу талын урд сандалд сууж явсан. Бид нар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ зөөлөн явж байхад эсрэг урсгалаас нэг автомашин урсгал сөрөөд их хурдтай ороод ирэхээр нь би хүүе гэж хэлэхийн завгүй өөдөөс орж ирээд мөргөсөн... Мөргөсөн машины жолоочыг жолооч нь их согтуу байсан. Машинд жолооч ганцаараа явсан. Наранбямба өөрийнхөө эгнээгээр зөөлхөн явж байсан. Мөргөсөн машин урсгал сөрөөд гараад ирэхэд Наранбямба баруун гар тийшээгээ жолоогоо дараад зогсох үед уг машин ирж мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх.34-35/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Баатархуягийн өгсөн: “... Дарь-Эхийн шинэ замаар ертөнцийн зүүнээс баруун тийшээгээ дунд зэргийн хурдтай явж байхад өөдөөс нэг машин хоёр тийшээгээ гуйвж дайвалзаад нилээд хурдтай ороод ирэхээр нь би зогс, зогс гэхэд Наранбямба өөрийнхөө эгнээнд машин зам дээр зогсоход нөгөө машин урсгал сөрөөд яах ийхийн зуургүй орж ирээд тас хийгээд явсан. Бид нар хамгаалах бүсээ зүүж явсан.Тухайн орой гадаа харуй бүрий болоод гадаа гэгээтэй байсан. Бүх зүйл чөлөөтэй харагдаж байсан. Ослын дараа мөргөсөн машинаас согтуу залуу бууж ирээд гуйвж дайвж яваад жалга руу өнхрөөд унасан. Нөгөө мөргөсөн машин шатаж эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх.39-40/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Нямсүрэнгийн өгсөн: “... Ингээд Баатархуягийг эмнэлгээс аваад Наранбямба машинаа жолоодоод би ард нь суугаад явж байтал нэг машин эсрэг урсгалаас урсгал сөрж орж ирээд манай машины урдаас мөргөсөн, машин шатсан. Мөргөсөн машины жолооч нь их согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх.43/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний  газрын шинжээч эмч С.Наранцэцэгийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 528 дугаартай: “... И.Тогтохдаваагийн биед баруун гарын 4 дүгээр хурууны алга ясны сэлтэрсэн хугарал, дух, зүүн мөр, зүүн өвдөг, зүүн шилбэний няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтэлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.57/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний  газрын шинжээч эмч С.Наранцэцэгийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 529 дугаартай: “... Р.Наранбямбад цээжний хэнхэрцэгийн баруун талын 7 дугаар хавирга, зүүн талын 8 дугаар хавирганы далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, духны шарх, баруун гарын ар хэсгийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтэлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.59/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний  газрын шинжээч эмч С.Наранцэцэгийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаартай:

          “... 1. Р.Наранбямбад цээжний хэнхэрцэгийн баруун талын 7-р хавирга, зүүн талын 8-р хавирганы далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, духны шарх гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх цээжний хэнхэрцэгийн баруун талын 7-р хавирга, зүүн талын 8-р хавирганы далд хугарал гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.3.1-д заасан     хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

          3. Цээжний хэнхэрцэгийн баруун талын 7-р хавирга, зүүн талын 8-р хавирганы далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, духны шарх нь 2018.11.18-ны өдрийн зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой байна.

          5. Р.Наранбямбын 2018 оны 06 дугаар сарын 12-ны болон 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн рентген зургийг зургийг үзэхэд баруун гарын халдварлагдсан шарх нь хуучин гэмтэл бөгөөд баруун гарын сарвуу, бугуйн үенд хугарал тогтоогдоогүй болно. Уг гэмтэл нь 2018.11.18-ны өдрийн зам тээврийн осолд хамааралгүй болно...” гэх нэмэлт дүгнэлт /хх.61/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний  газрын шинжээч эмчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 12349 дугаартай: “... М.Бгийн цусанд 3,5 промилли спиртийн агууламж илэрч байна...” гэх дүгнэлт /хх.70/,

          Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Ц.Ганболдын 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08 дугаартай: “Жолооч М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн гэх магадлагаа /хх.79-80/,

          “Хөрөнгө Эстимэйт” ХХК-й 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 6099 дугаартай: “Ниссан марч маркийн 60-67 УНЯ улсын дугаартай автомашинд 1,427,500 төгрөгийн хохирол учирсан” гэх автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээ /хх.77-78/,  

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Наранбямбын өгсөн: “... Тогтохдаваа ард суугаад, Баатархуяг урд суугаад явж байсан. Гэтэл урдаас гэнэт нэг машин хурдтай гараад ирэнгүүт нь би баруун тийш дараад зогстол тас гээд явсан. Тэгээд гэмтэлийн эмнэлэг дээр оёдол тавиулж байгаад сэрсэн...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч И.Тогтохдаваагийн өгсөн: “... Тэгээд хамт машинтай нь явж байтал урдаас нэг машин аймар хурдан ирээд тас гээд явсан. Миний баруун гарын сарвуу хугарсан. Баруун хөлийн зөөлөн эдийн гэмтэл гарсан гэж эмч хэлсэн...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          М.Бгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт М.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

          М.Б нь хохирогч Р.Наранбямбад автомашин ачилтын хөлс 260.000 төгрөг, журмын хашааны төлбөр 340.000 төгрөг, эмчилгээний зардал 449.000 төгрөг, нийт 1.049.000 төгрөг нөхөн төлсөн, харин хохирогч И.Тогтохдаваад 29.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Баатархуягт 150.000 төгрөг нөхөн төлсөн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд, хохирогч И.Тогтохдаваа нь хохирлын баримт гаргаж өгөөгүй боловч түүний эмчилгээний зардалын нэхэмжлэлийг шүүгдэгч, иргэний хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн учир тухайн хохирогчид 50.000 төгрөгийг, хохирогч Р.Наранбямбад 1.427.500 төгрөгийг шүүгдэгч М.Б, иргэний хариуцагч Р.Батцэцэг нараас гаргуулж тус тус олгох нь зүйтэй.

          Хохирогч Р.Наранбямба, И.Тогтохдаваа, иргэний нэхэмжлэгч Д.Баатархуяг нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний хариуцагч Р.Батцэцэг, гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Б нараас жич нэхэмжлэх эрхтэй болно.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ М.Бгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, дэх заалтад зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          М.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирлын заримыг нөхөн төлж, нөхөн төлөхөө бодитоор илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Хэдийгээр М.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан бодит хохирлын заримыг нөхөн төлж, нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлоо нөхөн төлж, хор уршигийг бүрэн арилгаагүй байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хангах боломжгүй юм.

          М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Хэрэгт хураан ирүүлсэн жолоочийн 382391 дугаартай үнэмлэхийг М.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох байгууллагад хүргүүлэх нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Мын Бг “Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар шүүгдэгч М.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, М.Бд хорих ял оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          5. М.Б урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Р.Наранбямбад нийт 1.049.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч И.Тогтохдаваад 50.000 төгрөгийг, хохирогч Р.Наранбямбад 1.427.500 төгрөгийг шүүгдэгч М.Б, иргэний хариуцагч Р.Батцэцэг нараас гаргуулж тус тус олгосугай.

          7. Хохирогч Р.Наранбямба, И.Тогтохдаваа, иргэний нэхэмжлэгч Д.Баатархуяг нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийпвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний хариуцагч Р.Батцэцэг, гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Б нараас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          8. Хэрэгт хураан ирүүлсэн жолоочийн 382391 дугаартай үнэмлэхийг шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын харъяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

          9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

          10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР