| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 184/2021/02695/И |
| Дугаар | 210/МА2024/00580 |
| Огноо | 2024-03-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/00580
2024 оны 03 сарын 22 өдөр Дуга 210/МА2024/00580
Д.Оын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2023/04617 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.Оын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г.Хад холбогдох,
Газрын эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй,
ХХХ 501 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрын эзэмших эрх үүссэн болохыг тогтоолгох тухай М.Уийн бие даасан шаардлагатай,
ХХХ 510 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрын эзэмших эрх үүссэн болохыг тогтоож, М.У болон Г.Х нарын хооронд байгуулсан газар худалдах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай С.Цы бие даасан шаардлагатай иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.У, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Цы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Д.О миний бие өөрийн эзэмшилд байсан ххх 501 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай ххх нэгж талбарын дугаартай газрыг С.Цтай хамтран ажиллах зорилгоор газрын албанаас зохих журмын дагуу эзэмшихээр гэрээ байгуулж, эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Уг газрыг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэн Г.Хад 200,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Гэтэл Г.Х нь 50,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 150,000,000 төгрөгийг төлөөгүй байна.
1.2. Дээрх гэрээний гол нөхцөл болсон үнэ болон талуудын эдлэх эрх хүлээх үүргийг заагаагүй, мөн нотариатч гэрээний талуудын эрх үүрэг хүсэл зоригоо илэрхийлэн хийж байгаа эсэхийг тайлбарлаж өгөөгүйгээс миний эрх ашиг ноцтой зөрчигдөж хохироод байна.
1.3. Хариуцагч Г.Х нь маргаан бүхий газрыг өөрийн болгох зорилгоор Оыг хууран мэхэлж байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 59.1 дэх хэсгийг үндэслэн хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Г.Х миний бие Д.Отай ХХХ 510 м.кв талбайтай газрыг 200,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож байгаагүй. Харин 50,000,000 төгрөгөөр уг газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авахаар тохиролцон, мөнгийг Д.От дансаар шилжүүлэн өгч газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан.
2.2. Дүр үзүүлсэн хэлцэл гэдгийг тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн хэлцлийг бий болгохын тулд хийгддэг, гэтэл нэхэмжпэгч Д.О болон миний хувьд газар эзэмших эрхийг бодитоор шилжүүлэх талаар тохиролцож харилцан хүсэл зоригоо илэрхийлэн нотариатаар гэрчлүүлж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулж сайн дурын үндсэн дээр гарын үсэг зурж баталгаажуулсан. Иймд нэхэмжлэгч Д.Оаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэлийн талаар гуравдагч этгээд С.Цы гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.
4. Гуравдагч этгээд М.Уийн бие даасан шаардлага, тайлбарын агуулга:
4.1. М.У миний бие 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Д.Оын нэхэмжлэлтэй. Г.Хад холбогдох иргэний хэргийн маргаан бүхий зүйл болох ХХХ 501 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг зарын дагуу Г.Хтай холбогдон худалдан авсан. Тухайн газар Г.Хын нэр дээр бүртгэлтэй хххх нэгж талбарын дугаар бүхий хххх тоот гэрчилгээ олгогдсон байсан тул түүнтэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан ба Г.Х, Д.О, С.Ц нар нь тухайн газарт ачаа бараа буулгах шаардлагатай байгаа тул түр хугацаагаар ашиглуулахыг хүссэн тул 2021 оныг дуустал үнэ төлбөргүй ашиглуулахыг хүлээн зөвшөөрсөн.
4.2. Энэ хугацаанд Д.О, С.Ц нар нь маргаан бүхий газарт аж ахуйн үйл ажиллагаа явуулсаар байгаа бөгөөд газар чөлөөлөхийг удаа дараа шаардсан боловч шүүхийн маргаантай байгаа гэсэн үндэслэлээр шаардлагыг биелүүлэхээс татгалзсаар ирсэн. Иймд М.У миний бие ХХХ 510 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг хуульд заасан журмын дагуу М.У болон Г.Х нарын хооронд байгуулсан эрх шилжүүлэх гэрээ-ний үндсэн дээр надад эзэмших эрх үүссэн болохыг тогтоож өгнө үү.
5. Гуравдагч этгээд М.Уийн бие даасан шаардлагад нэхэмжлэгч Д.Оын гаргасан тайлбарын агуулга:
Маргаан бүхий газар нь биет байдлын доголдолтой газар байсан. 2017 оноос хойш С.Ц уг газрыг эзэмшиж, ашиглаж байгааг хэн аль нь мэдэж байсан. Шалгаж тогтоогоогүй байж Г.Хын үгэнд итгэж мөнгөө шилжүүлсэн байдаг. Маргаж буй газарт Г.Х ямар хүч хөдөлмөр, мөнгө төгрөг гаргасан юм бэ, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй. Эрхийн зөрчилтэй буюу биет байдлын доголдолтой болоод энэ хүмүүс өнөөдөр энд цуглаж байна. Иймд гуравдагч этгээд М.Уийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Гуравдагч этгээд М.Уийн бие даасан шаардлагад хариуцагч Г.Хын гаргасан тайлбарын агуулга:
Гуравдагч этгээд М.Уийн бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
7. Гуравдагч этгээд С.Цы бие даасан шаардлага, тайлбарын агуулга:
7.1. С.Ц нь 2015 оноос өнөөдрийг хүртэл маргаж буй газрыг эзэмшиж, ашиглаж байгаа. Г.Х үүнийг анхнаас нь мэдэж байсан бөгөөд нэг ч өдөр эзэмшиж ашиглаж үзээгүй газрыг өөрийнх мэтээр М.Уийг хууран мэхэлж худалдсан.
7.2. Тухайн үед Г.Х нь миний хэлсний дагуу Г.Оын дансанд газрын урьдчилгаа гэсэн утгатайгаар 25,000,000 төгрөг шилжүүлсэн ба Г Х нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ Г.Отай байгуулсан.
7.3. Ингээд С.Ц би маргаж буй газрын талыг эзэмших эрхтэй байсан бөгөөд Д.Отай харилцан тохиролцсоны үндсэн дээр Г.Хаар дамжуулан зохих үнэ хөлсийг нь бүрэн төлж барагдуулсан тул уг газрыг бүхэлд нь эзэмших эрхтэй юм.
Иймд С.Ц надад ХХХ 510 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг хуульд заасан журмын дагуу эзэмших эрх үүссэн болохыг тогтоож, М.У болон Г.Х нарын хооронд байгуулсан газар худалдах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү.
8. Гуравдагч этгээд С.Цы бие даасан шаардлагад нэхэмжлэгч Д.Оын гаргасан тайлбарын агуулга:
Надад мөнгөний хэрэг гарч, газраа зарах талаар С.Цд хэлсэн ба тухайн үед С.Ц нь Улаанбаатар хотод байгаагүй тул Г.Хын данс руу мөнгө хийе, гэрчилгээг шилжүүлээд өгчих гэсний дагуу мөнгө шилжүүлсэн. С.Цы бие даасан шаардлагыг дэмжиж байна.
9. Гуравдагч этгээд С.Цы бие даасан шаардлагад хариуцагч Г.Хын гаргасан тайлбарын агуулга:
С.Цы бие даасан шаардлагыг хангахаас татгалзаж өгнө үү гэжээ.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Оын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Д.О, Г.Х нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, гуравдагч этгээд С.Цы ХХХ 510 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг хуульд заасан журмын дагуу эзэмших эрх үүссэн болохыг тогтоолгох, М.У болон Г.Х нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд М.Уийг хариуцагч Г.Хын газар эзэмших эрхийн хххх дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн ххх дугаарт бүртгэлтэй, ХХХ нэгж талбарын хххх дугаартай 906.0 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг, гуравдагч этгээд С.Цаас төлсөн 1,407,950 төгрөгийг, гуравдагч этгээд М.Уээс төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжпэгч Д.Оаас 70,200 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Ут олгож шийдвэрлэжээ.
11. Гуравдагч этгээд С.Цы итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
11.1. Нэхэмжлэгч талын шүүхэд гарган өгсөн баримт нь хуулбар хувь биш, энэ талаар зохигчид ямар нэгэн байдлаар маргаагүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр ч хуулбар уу, эх хувь уу гэсэн зүйл яригдаагүй байхад хуулбар хувь мэтээр үнэлж дүгнэсэнд гомдолтой байна. Нөгөө талаас хариуцагч тал болон гуравдагч этгээд М.Уийн зүгээс уг нотлох баримттай холбоотой ямар нэгэн хүсэлт санал гаргаагүй, анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал шинжлэн судлуулсан болно.
11.2. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Г.Х, С.Ц нар нь Хаан банкан дахь ххх тоот дансыг хамтын үйл ажиллагаандаа ашигладаг гэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Тухайн дансны дэлгэрэнгүй хуулга хэрэгт авагдсан бөгөөд гүйлгээгээр нь ч тийм зүйл харагдахгүй, анхан шатны шүүх хуралдаан дээр талууд энэ талаар маргасан.
11.3. Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Х нь С.Цыг тухайн үед өөрийн газрыг харж хандаад, түр хугацаанд ашиглахыг зөвшөөрсөн гэх тайлбарыг хэлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддоггүй.
11.4. Бодит байдал дээр С.Цы шилжүүлсэн мөнгийг Д.От дансаар өгсөн гэдгээ мэдсээр байж Г.Х нь М.Уийг хууран мэхэлж газар худалдаж байгаа мэтээр мөнгийг нь авсан байхад анхан шатны шүүх энэ талаар бодитой үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Гуравдагч этгээд С.Ц нь маргаж буй газрын талыг эзэмших эрхтэй байсан бөгөөд Д.Отай харилцан тохиролцсоны үндсэн дээр Г.Хаар дамжуулан зохих үнэ хөлсийг нь бүрэн төлж барагдуулсан тул уг газрыг бүхэлд нь эзэмших эрхтэй гэж үзэж байна.
11.5. М.У нь анх газар худалдаж авахаар очихдоо С.Цы хүүтэй уулзсан ба М.Ут энэ газрыг зарах эсэхийг мэдэх хүн нь манай аав С.Ц байгаа юм гээд утасных нь дугаарыг өгсөн байдаг ч М.У нь Г.Хтай маргаж буй газрыг худалдан авах талаар ярьж тохирсон байдаг. Өөрөөр хэлбэл тухайн үед газрыг Г.Х эзэмшиж, ашиглаж байгаагүй, биет байдлын доголдолтой болохыг М.У нь мэдэж байсан.
11.6. Дээр дурьдсан нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх хуралдаан дээр гэрчээр оролцсон Ц.Цэрэнтогтох нь тодорхой мэдүүлсэн. Эдгээрийг харгалзан үзэж 184/ШШ2023/04617 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд С.Цы бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
12. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс тайлбар гаргаагүй болно.
13. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
13.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Д.Оын зүгээс ямар нэгэн гомдол гаргаагүй. Г.Х 2019 онд тухайн газрыг 50,000,000 төгрөгөөр худалдаж авч, эрх шилжүүлэх гэрээг нотариатаар байгуулж, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд бүртгүүлж, зохих журмын дагуу гэрээ байгуулан 510 м.кв талбайтай газрыг эзэмших эрх олж авсан. Энэ газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх явцдаа дахин зэргэлдээ газрын эзэмших хүсэлт гаргаж газрын хэмжээг нэмэгдүүлж, одоо 906 м.кв талбайтай газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа.
13.2. С.Цы зүгээс энэ газрын хууль ёсны эзэмшигч гэдэг байдлаар бие даасан шаардлага гаргаж, түүнийг нь дэмжиж өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргасан боловч хуульд заасан журмын дагуу С.Цд хууль ёсны эзэмшил үүссэн гэх баримт хэрэгт авагдаагүй.
13.3. С.Ц тус газрын худалдан авахтай холбоотой ямар нэгэн зардал гаргасан эсэх, 2015 оноос хойш эзэмшиж байсан эсэхтэй холбоотой үйл баримт тогтоогдоогүй. Гэрчийн мэдүүлгээр 2015 оноос хойш тухайн газрыг эзэмшиж байсан болох нь няцаагддаг. Газрыг эзэмшиж ашиглаж байгаа тал дээр маргахгүй байна.
13.4. С.Ц, Г.Х нарын хооронд бизнесийн хамтын үйл ажиллагаа байсан гэдэг нь үйл баримт гэрчийн мэдүүлгээр хангалттай тогтоогдоно. Гэрч тухайн этгээдүүд хоорондоо мөнгө өгч авалцдаг, өглөг, авлагатай, хамтдаа бизнес хийдэг болохыг дурддаг. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дурдагдсан агуулга, үйл баримтууд нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
14. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд М.Уийн тайлбар, татгалзлын агуулга:
14.1. Гуравдагч этгээд С.Ц болон хариуцагч Г.Х нарын утасны дугаар бүхий зарын самбарыг маргаан бүхий газар тавьсан байсны дагуу М.У нь холбогдож, газрыг 240,000,000 төгрөгөөр худалдаж авсан. М.У маргаан бүхий газрын шударга эзэмшигч.
Гуравдагч этгээд С.Цы өмгөөлөгчийн давж заалдах гомдол хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Энэ үүднээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.
14.2. Гуравдагч этгээд С.Ц, Г.Хын дүү нарын хооронд бичсэн мессежид 250,000,000 төгрөгөөр зарчихаад мөнгөө хэрхэн хуваарилах талаар баримт байдаг. Үүгээр маргаан бүхий газрыг зарах хүсэл сонирхол байсан гэж үзэж байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Г.Хад холбогдуулан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...газрын эрх шилжүүлэх гэрээний төлбөрийг бүрэн төлсөн, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргасан бол гуравдагч этгээд М.У, С.Ц нар бие даасан шаардлага гаргаж тус тус маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/377 тоот захирамжаар Д.От Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Толгойт өртөөний урд байрлалтай, нэгж талбарын ххх дугаар бүхий 510 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар, аж ахуйн зориулалттайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ххх тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон;
3.2. Д.О болон Г.Х нар 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр Сххх байрлалтай, нэгж талбарын ххх дугаар бүхий 510 м.кв газрыг шилжүүлэхээр тохиролцсон;
3.3. Г.Х нь Оын дансруу газрын үнэ гэх гүйлгээний утгатайгаар нийт 50,000,000 төгрөг шилжүүлсэн;
3.4. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/38 дугаартай шийдвэрээр нэгж талбарын ххх дугаартай, ххх хаягт байршилтай, 509 м.кв талбай бүхий газрыг аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн Г.Х нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албатай байгуулж, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ххх тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан;
3.5. Дээрх эзэмших эрхийн бүртгэлтэй газруудыг нэгтгэн мөн байршилд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр А-394 дугаартай шийдвэрийг үндэслэн нэгж талбарын хххх дугаар бүхий 906.0 м.кв талбай бүхий газрыг аж ахуйн зориулалттайгаар 15 жилийн хугацаатай Г.Хад эзэмшүүлэхээр улсын бүртгэлийн ххх дугаарт бүртгэн, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Газар эзэмших эрхийн хххх дугаартай гэрчилгээг олгосон; /хх-ийн 47-р тал/
3.6. Г.Х болон М.У нар 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр газар худалдах гэсэн нэртэй гэрээ байгуулж, Г.Х нь дээрх газрын эзэмших эрхийг шилжүүлж, М.У нь газрын үнэд 214,600,000 төгрөгийг дансаар шилжүүлж, үлдэгдэл төлбөрт Лексус-450 маркийн ххх улсын дугаартай автомашиныг шилжүүлэн өгсөн байна.
4. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.
5. Анхан шатны шүүх ХХХ 510 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг хуульд заасан журмын дагуу эзэмших эрх үүссэн болохыг тогтоож, М.У болон Г.Х нарын хооронд байгуулсан газар худалдах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай гуравдагч этгээд С.Цы бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд М.Уийг ХХХ 501 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Цы давж заалдах гомдлыг хангахгүй.
5.1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх бөгөөд хариуцагч Г.Хтай хамтарч ажилладаг, тухайн газар дээр үйл ажиллагаа явуулдаг гэх нөхцөл байдал нь гуравдагч этгээд С.Цыг тухайн газрыг эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, түүнийг үндэслэн олгосон газар эзэмших/өмчлөх эрхийн гэрчилгээ, газрын албатай байгуулсан гэрээ байхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
5.2. С.Ц нь ... маргаан бүхий газрын эрхийг худалдах авах зорилгоор Г.Хт 58,000,000 төгрөг шилжүүлсэн тул эзэмших эрхтэй гэсэн бие даасан шаардлагын үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар тогтоогдохгүй байна.
5.3. Гуравдагч этгээд С.Цы ... Г.Х нь М.Уийг хууран мэхэлж газрын эрхийг худалдсан, М.У нь маргааны бүхий газрын эрхийг доголдолтой талаар мэдэж байсан атлаа худалдан авсан тул 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн газар худалдах гэсэн нэртэй гэрээ хүчин төгөлдбөр бус гэсэн гомдлыг хангахгүй.
Учир нь, Г.Хын нэр дээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр А-394 дугаартай захирамжаар нэгж талбарын хххх дугаартай, 906.0 м.кв талбай бүхий газрыг аж ахуйн зориулалттайгаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр улсын бүртгэлийн ххх дугаарт бүртгэн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Газар эзэмших эрхийн хххх дугаартай гэрчилгээ хүчинтэй байгаа тохиолдолд газрын эрхийг бусдад худалдах, ашиглуулах нь түүний субъектив эрх тул М.Уийг хууран мэхэлсэн гэж үзэхгүй.
Маргаан бүхий газарт С.Ц үйл ажиллагаа явуулж байсан үйл баримт нь уг газрыг эрхийн доголдолтой гэж үзэхгүй бөгөөд Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар газрыг эзэмших эрхгүй этгээд нь уг эд хөрөнгийг буцаан шилжүүлэн өгөх үр дагавар үүснэ.
5.4. М.Ут газрын эрхийг шилжүүлэх гэрээ байгуулах үед газар эзэмших эрхийн гэрчилгээ Г.Хын нэр дээр бүртгэлтэй байсан тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ.
Гуравдагч этгээд М.У нь гэрээний үнийг бүрэн төлсөн тул ХХХ 906.0 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт нийцсэн байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт дараах хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 гэсэн хуулийн зохицуулалт байхгүй тул үүнийг хасна.
6.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийг баримтласан байна.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтална, харин үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлах тул тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг-ийг баримталсан өөрчлөлт оруулна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Цы итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2023/04617 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 9 дүгээр зүйлийн 9.1.4 ... гэснийг хасч,
тогтоох 2 дахь заалтад ... 56 дугаар зүйлийн 56.2 ... гэснийг ... 56 дугаар зүйлийн 56.1 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Цаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
С.ЭНХБАЯР