Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 235

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг Замын-Үүд сумын 2-р  баг Голомтын 1-16 тоотод оршин суух Боржигон овогт Банзрагчийн Осоржамаа /РД:ЕК56082676/-гийн хүсэлттэй

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Осоржамаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Осоржамаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: “Миний бие Б.Осоржамаа 1971 онд Улаанбадрах сумын 8 жилийн сургуульд 8-р ангиа төгсөөд төрөлх сумынхаа Оргил нэгдлийн Баянболд брагидад 1977 оны 06 сараас эхлэн хонь маллаж байгаад цэрэгт явсан. 1977 оноос 1980 онд хугацаат цэргийн албаа Сүхбаатар аймгийн Онгон сумын хилийн цэргийн 0184-р ангид хаасан. 1980-1983 оны хооронд алба хаасан ангийнхаа мал аж ахуй хариуцсан улирсан ахлагчаар ажилласан. 1983 оны 08 сараас 1992 оны 08 сар хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлдээ ирж сүү тосны заводод эрхэлэгч, мастер, манаач зэрэг ажил хийж байсан. 1992 оны 08 сард нэгдэл хувьчлагдаж компани болсон тэгээд би гарсан юм. Тухайн ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр, нэгдлийн даргын тушаал шийдвэрүүд олдохгүй байгаа тул ажилласан байдлаа тогтоолгохоор хандсан” гэжээ.   

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:                    

Хүсэлт гаргагч Б.Осоржамаа нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Б.Осоржамаа нь 1971 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1983 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны  04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд малчин, сүү тосны заводын мастер, сахиулаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдлийн даргын 1987 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б.Осоржамааг нэгдлийн манаачаар ажилд авсан тушаал, 1987 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн манаачийн ажлаас чөлөөлсөн даргын тушаал, 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Б.Осоржамааг сүү тосны мастерын ажлаас чөлөөлж манаачийн ажилд томилсон даргын тушаал, 1991 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн манаачийн ажилд томилсон даргын тушаал, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгаас авсан 1971 оноос 1992 он хүртэлх цалингийн тодорхойлолт, №132912 дугаарт Б.Осоржамаагийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Д.Адъяа, Н.Сумъяа нарын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Б.Осоржамааг улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлийн 118.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Банзрагчийн Осоржамаа /РД:ЕК56082676/-г Дорноговь аймгийн Оргил нэгдэлд 1971 оны 08 дугаар сарын 01 өдрөөс 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, 1983 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны  04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сүү тосны заводод эрхлэгч, мастер, манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ