Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 528

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,

Гэрч Т.Урангоо,

Шүүгдэгч, хохирогч Ө.А, Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.А, Э.Г нарт холбогдох 1806 09699 0428 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1981 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэцийн эмч мэргэжилтэй, Сэтгэц Мэдрэлийн Үндэсний Төвд эмч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 8 дугаар байрны 72 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Өийн А /РД: ......................./,

2. Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 1967 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 1 дүгээр хотхон, 1 дүгээр байрны 14 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 215 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Эийн Г /РД:................../,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ө.А, Э.Г нар нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн байранд маргалдсаны улмаас зодолдож харилцан эрүүл мэнддээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Аын өгсөн: “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Гийн өгсөн: “... Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Ө.Аын хохирогчоор өгсөн: “... Э.Г тасагт орж ирж намайг зодож гэмтээгээгүй бол надад ийм хохирол гарч, өнөөдөр би энд зогсож байхгүй байсан. Би Эрүүл мэндийн яаманд хүн зодсон гэж дуудагдаж нэр хүндээрээ хохирсон байгаа. Манай эмнэлгийн зүгээс хэрэв шүүхийн шийдвэрээр гэм буруутай гэж тогтоогдвол цаашид давхар арга хэмжээ төлөвлөгдсөн байгаа. Мөнгөн хохирлын хувьд 10 хоногийн ажлын цалин хамгийн багаар тооцоход 1.000.000 төгрөг болж байгаа. Миний дээд талын шүд суларсан, завьжаа хазаад эхэлчихсэн байгаа. Олон шүд гадагшаа далийсан байгаа. Одоогоор хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэх талаар сайн мэдэхгүй байна. Хавтаст хэрэгт 300.000 төгрөг гэж бичиж өгсөн байгаа.  Дүрэмт хувцас 80.000 төгрөг нэхэмжилж байна.  Өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Э.Гийн хохирогчоор өгсөн: “... Ө.А эмчид цохиулснаас болж чихэндээ оёдол тавиулсан. Шүд унах гээд байгаа. Би 128.000 төгрөг нэхэмжилж байгаа. Надад эмнэлгийн дарга нар нь дусал хийлгэж өгсөн. Хурал хийгээд энэ эмч өмнө нь хүн зодож байсан гэсэн. Та яаманд хэлэх хэрэггүй гэж гуйсан...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Урангоогийн өгсөн: “... Тэр өдрийн 3 цаг 30 минутын үед би ээлжийн ажилтай байсан. Гэтэл Г гэдэг хүн орж ирээд ууртайгаар нэг хүний тариа хийсэн үү? гэж асуусан. Би өдрийн сувилагч мэдэж байгаа. Би бол оройны сувилагч гэж хариулсан чинь чи миний өөдөөс тайлбар тавьдаг хэн бэ гээд доромжилж эхлэсэн. Тэгээд миний хөл рүү өшиглөсөн. Би та яаж байгаа юм бэ? гэтэл миний өөдөөс олон юм ярьдаг чи хэн бэ? би чамайг ажилгүй болгоно. Чи бүрэн бүтэн гарч чадна гэж бодож байна уу гээд дарамталж, дахин нүүр лүү цохих гэж дайрсан. Тэгээд би айгаад тасагтаа байсан эмчийг дуудсан. Эмч орж ирээд юу болж байна гэхэд нь энэ хүн заамдаад гарсан. Буцаад барьцалдаж орж ирээд тарианы өрөөний самбар луу шидсэн. Доошоо  нь өшиглөсөн. Эрүү рүү нь удаа дараа гараа зангидаж цохисон. Манай дуслын орны хөл рүү эмчийг унагааснаас болж хөл нь хугарсан байгаа. Ширээ мөргүүлэх гэж оролдсон би ширээг нь татаж авсан. А эмч тэр хүний гараас нь бариад түлхэлцээд байсан...” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Аын хохирогчоор өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би ажил дээрээ ажлаа хийгээд сууж байтал манай сувилагчийг хүн зодоод байна гэж эмчлүүлэгч надад хэлэхээр нь би сувилагчийн өрөө рүү очиход миний өөдөөс зөрөөд гадуур хувцастай эрэгтэй хүн гарч ирээд “ Та нар ажлаа хийж чадахгүй пизда нар, та нарыг ална” гэж хэлж байсан. Өрөөндөө сувилагч Урангоо өвдөгөө бариад зогсож байсан... би тэр гадны хувцастай залууг хоёр гараас нь барьж аваад үзлэгийн бандан дээр суулгах гэж оролдсон. Тэр үед миний ажлын хувцаснаас зуурч урж тасдан элдвээр харааж орилж байснаа миний толгой болон нүүр рүү гараараа 6-7 удаа цохисон. Би газар унаж босч ирээд тэр залуугийн өмсөж явсан куртикных нь зүүн талын энгэрээс гараараа атгаж тэр залууг хана руу түлхэн өөрөөсөө холдуултал тэр залуугийн зүүн талын чих нь шалбарч гадна хэсгээс нь цус гарсан. Тэгтэл тэр залуу өрөөнөөс гадагшаа гүйж гараад үүдэнд очоод энэ эмнэлгийнхэн намайг нийлж зодлоо гэсэн... Ганзориг эмч ирээд тэр залууг гадагшаа авч гарах гэхээр нь би гаргаагүй юм... Г гэгчид зодуулсандаа гомдолтой байна... зодуулсанаас болж надаас гарсан шинжилгээний зардал болох 128.000 төгрөг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 10 хоногийн зардал, энэ хугацаанд ажлаа хийж чадаагүй цалин, одоо өвдөж байгаа зүүн талын шүд завьжны гэмтэлийг эмчлүүлэхэд шаардлагатай 300.000 төгрөгийг нэхэмжилж байна... ажлын мэс заслын хувцасыг урсан хувцас 80.000 төгрөгийн үнэтэй. Би Гээс нийт 1.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.21/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Урангоогийн өгсөн: “... би аргагүйн эрхэнд эмчийгээ туслаарай гээд манай эмч орж, тухайн залуу манай эмч рүү дайраад заамдаж аваад хэл амаар доромжилж зодож цохисон...” гэх мэдүүлэг /хх.33/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13052 дугаартай: “... Ө.Аын биед тархи доргилт, завьжны салстад шарх, зөөлөн эдийн няцрал баруун алга, зүүн сарвууны 2-р хуруунд зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.34/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Гийн хохирогчоор өгсөн: “... миний уур хүрээд ширээг өшиглөхөд сувилагч эмэгтэй аллаа гэж орилоход гаднаас А эмч орж ирээд намайг заамдаж доод талын уруул, шүд рүү гараараа хоёр удаа цохиж, орон дээр дарж байгаад зүүн талын гараараа чих рүү нэг удаа цохиод миний гарыг хүлэх гээд байхаар нь би өөдөөс нь адилхан заамдалцаад хүлүүлэхгүй гэж ноцолдож байтал гаднаас энгийн хүн орж ирж салгасан. Тухайн үед А эмч намайг хүлэх гээд дайраад байхаар нь би өөрийгөө хамгаалж ноцолдсон... 13062 дугаартай дүгнэлт дээр тусгагдсан гэмтэлүүдийг миний биед Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн эмч А гэдэг залуу учруулсан... Тухайн үед надаас өөр А эмчтэй ноцолдсон хүн байхгүй. А эмч бид хоёр л хоорондоо зодолдсон. Би Аоос тархины томограф харуулж зураг авхуулсан 120.000 төгрөг болон шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөгийг гаргуулж авмаар байна. А эмчид хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна...” гэх мэдүүлэг /хх.24-27/,

“… нөгөө охин орилоход эмч нь орж ирээд намайг заамдаж авахаар нь би зөрүүлээд заамдтал 2 гараараа ээлжлээд 5-6 удаа миний толгойн хэсэг рүү цохисон… дахиж дайраад намайг 2-3 удаа цохисон… чихнээс цус гарсан, шүд хөдөлсөн…” гэх мэдүүлэг /хх.29/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13062 дугаартай: “... Э.Гийн биед тархи доргилт, зүүн чихний дэлбэнд шарх, доод зүүн 2-р шүдний сулрал, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.35/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 318 дугаартай: “... Э.Г нь сэтгэцийн хувьд өөрийгөө удирдан жолоодох чадвартай байна. Э.Г нь хэрэг учрал болсон цаг хугацаанд тархины өвчин гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн бусад органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Э.Г нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Г нь тархины өвчин гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн бусад органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. Э.Г нь одоо хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх.39-41/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Ө.А, Э.Г нар нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн байранд маргалдсаны улмаас зодолдож харилцан эрүүл мэнддээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Аын хохирогчоор өгсөн: “... Тэр үед миний ажлын хувцаснаас зуурч урж тасдан элдвээр хараан орилж байснаа миний толгой болон нүүр рүү гараараа 6-7 удаа цохисон. Би газар унаж босч ирээд тэр залуугийн өмсөж явсан куртикных нь зүүн талын энгэрнээс нь гараараа атгаж тэр залууг хана руу түлхэн өөрөөсөө холдуултал тэр залуугийн зүүн талын чих нь шалбарч гадна хэсгээс нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.21/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Урангоогийн өгсөн: “... би аргагүйн эрхэнд эмчийгээ туслаарай гээд манай эмч орж тухайн залуу манай эмч рүү дайраад заамдаж аваад хэл амаар доромжилж зодож цохисон...” гэх мэдүүлэг /хх.33/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13052 дугаартай: “... Ө.Аын биед тархи доргилт, завьжны салстад шарх, зөөлөн эдийн няцрал баруун алга, зүүн сарвууны 2-р хуруунд зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.34/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Гийн хохирогчоор өгсөн: “... миний уур хүрээд ширээг өшиглөхөд сувилагч эмэгтэй аллаа гэж орилоход гаднаас А эмч орж ирээд намайг заамдаж доод талын уруул, шүд рүү гараараа хоёр удаа цохиж, орон дээр дарж байгаад зүүн талын гараараа чих рүү нэг удаа цохиод миний гарыг хүлэх гээд байхаар нь би өөдөөс нь адилхан заамдалцаад хүлүүлэхгүй гэж ноцолдож байтал гаднаас энгийн хүн орж ирж салгасан. Тухайн үед А эмч намайг хүлэх гээд дайраад байхаар нь би өөрийгөө хамгаалж ноцолдсон. ...13062 дугаартай дүгнэлт дээр тусгагдсан гэмтэлүүдийг миний биед Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн эмч А гэдэг залуу учруулсан… Тухайн үед надаас өөр А эмчтэй ноцолдсон хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх.24-27/,

“… нөгөө охин орилоход эмч нь орж ирээд намайг заамдаж авахаар нь би зөрүүлээд заамдтал 2 гараараа ээлжлээд 5-6 удаа миний толгойн хэсэг рүү цохисон… дахиж дайраад намайг 2-3 удаа цохисон… чихнээс цус гарсан, шүд хөдөлсөн…” гэх мэдүүлэг /хх.29/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13062 дугаартай: “... Э.Гийн биед тархи доргилт, зүүн чихний дэлбэнд шарх, доод зүүн 2-р шүдний сулрал, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.35/,

Шүүхийн хэлэлцүүлэгт Ө.Аын хохирогчоор өгсөн: “... Э.Г тасагт орж ирж намайг зодож гэмтээгээгүй бол надад ийм хохирол гарч, өнөөдөр би энд зогсож байхгүй байсан...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт Э.Гийн хохирогчоор өгсөн: “... Ө.А эмчид цохиулсанаас болж чихэндээ оёдол тавиулсан. Шүд унах гээд байгаа...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Урангоогийн өгсөн: “... Эмч орж ирээд юу болж байна гэхэд нь энэ хүн заамдаад гарсан. Буцаад барьцалдаж орж ирээд тарианы өрөөний самбар луу шидсэн. Доошоо  нь өшиглөсөн. Эрүү рүү нь удаа дараа гараа зангидаж цохисон. Манай дуслын хөл рүү эмчийг унагааснаас болж хөл нь хугарсан байгаа. Ширээ мөргүүлэх гэж оролдсон би ширээг нь татаж авсан. А эмч тэр хүний гараас нь бариад түлхэлцээд байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө.А, Э.Г нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.

          Шүүхийн хэлэлцүүлэгт Ө.Аын “би өөрийгөө хамгаалсан, бусдад гэмтэл учруулаагүй, гэмт хэрэг хийгээгүй” гэх мэдүүлэг нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Аын хохирогчоор өгсөн: “... Би газар унаж босч ирээд тэр залуугийн өмсөж явсан куртикных нь зүүн талын энгэрээс гараараа атгаж тэр залууг хана руу түлхэн өөрөөсөө холдуултал тэр залуугийн зүүн талын чих нь шалбарч гадна хэсгээс нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Гийн хохирогчоор өгсөн: “... миний уур хүрээд ширээг өшиглөхөд сувилагч эмэгтэй аллаа гэж орилоход гаднаас А эмч орж ирээд намайг заамдаж доод талын уруул, шүд рүү гараараа хоёр удаа цохиж, орон дээр дарж байгаад зүүн талын гараараа чих рүү нэг удаа цохиод миний гарыг хүлэх гээд байхаар нь би өөдөөс нь адилхан заамдалцаад хүлүүлэхгүй гэж ноцолдож байтал гаднаас энгийн хүн орж ирж салгасан… Тухайн үед надаас өөр А эмчтэй ноцолдсон хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх.24-27/,

“… нөгөө охин орилоход эмч нь орж ирээд намайг заамдаж авахаар нь би зөрүүлээд заамдтал 2 гараараа ээлжлээд 5-6 удаа миний толгойн хэсэг рүү цохисон… дахиж дайраад намайг 2-3 удаа цохисон… чихнээс цус гарсан, шүд хөдөлсөн…” гэх мэдүүлэг /хх.29/,

Шүүхийн хэлэлцүүлэгт Ө.Аын хохирогчоор өгсөн: “... Э.Г тасагт орж ирж намайг зодож гэмтээгээгүй бол надад ийм хохирол гарч, өнөөдөр би энд зогсож байхгүй байсан...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13062 дугаартай: “... Э.Гийн биед тархи доргилт, зүүн чихний дэлбэнд шарх, доод зүүн 2-р шүдний сулрал, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.35/ зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагдана.

          Ө.А, Э.Г нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Ө.А нь шинжилгээий төлбөр 128.000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 10 хоногийн зардал, энэ хугацаанд ажилгүй байсан үеийн цалин, шүд завьжны гэмтэлийн эмчилгээнд шаардагдах 300.000 төгрөг, мэс заслын хувцасны үнэ 80.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч шинжилгээний төлбөрөөс бусад нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Э.Гээс 128,000 төгрөг гаргуулж тухайн хохирогчид, мөн хохирогч Э.Гийн нэхэмжилсэн шинжилгээний төлбөр 128,000 төгрөгийг шүүгдэгч Ө.Аоос гаргуулж тухайн хохирогчид тус тус олгох нь зүйтэй.

          Харин хохирогч Ө.А нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Гээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ө.А, Э.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ө.А, Э.Г нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Аод 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Э.Гэд 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

          Э.Г нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй, Ө.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, мөн шүүгдэгч нар учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй учир тэдэнд торгох ял оногдуулах боломжгүй юм.

          Ө.А, Э.Г нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Ө.А, Э.Г нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.

          Ө.А, Э.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Х овогт Өийн А, Б овогт Эийн Г нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Аод 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Э.Гэд 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ө.А, Э.Г нарт сануулсугай.

          4. Ө.А, Э.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Аоос 128,000 төгрөг гаргуулж хохирогч Э.Гэд, шүүгдэгч Э.Гээс 128,000 төгрөг гаргуулж хохирогч Ө.Аод тус тус олгосугай.

          6. Хохирогч Ө.А нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Гээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ө.А, Э.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

              ШҮҮГЧ                                             С.ӨСӨХБАЯР