Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00584

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 22 өдөр Дуга 210/МА2024/00584

 

 

Н.Д ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2023/04727 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Д ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Р.Н ид холбогдох,

 

ххх газарт барьсан байшинг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй,

Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, ХХХ гэр бүлийн хэрэгцээний газраас барьсан барилгаа оролцуулан, өөрт оногдох 19 м.кв талбай бүхий газрыг дахин эзэмшил тогтоож, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд Н.Д , Р.Н нарт оногдох хэсгээр эзэмшүүлэх хуваарилалт хийж, эзэмшигч Н.Д , Р.Н нартай тус бүртэй нь газар эзэмших гэрээ хийхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баяржаргал, Э.Түвшинбаяр, хариуцагч Р.Н , хариуцагчийн өмгөөлөгч Л.Мөнхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Би Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын ххх дугаар захирамжаар газар эзэмших эрхийн №ххх дугаар гэрчилгээгээр ХХХ 400 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг.

1.2. Миний бие ххх өдөр төрсөн, Г.О ийн хүү бөгөөд Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасны дагуу 21 настайдаа дээрх газрыг эзэмшсэн, миний хуваарьт хөрөнгө юм.

1.3. Хариуцагч Р.Н нь миний ээж Г.О тэй гэр бүл болж, хамтран амьдарч байгаад Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ххх дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгийг шүүхийн журмаар хуваасан. Хэрэв энэ газар Р.Н той хамаарал бүхий хөрөнгө байсан бол 2020 онд гэр бүлийн хөрөнгийг тодорхойлоход дурдагдах ёстой байсан.

Иймд хариуцагч Р.Н нь миний эзэмшлийн газар дээр хууль бусаар байшин барьсан тул газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Би нэхэмжлэгчийн ээж Г.О тэй өмнө нь гэрлэлтээ цуцлуулж, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөө сайн дурын үндсэн дээр хувааж шийдвэрлэсэн боловч энэхүү маргаан бүхий газрын асуудлыг шийдвэрлээгүй үлдсэн.

Тухайн газрыг 15-16 жилийн хугацаанд нэг ч ашиглаагүй, Газрын тухай хуульд 2 жил түүнээс дээш хугацаанд газрыг ашиглаагүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуулийн заалттай тул би уг газрыг ашиглах ёстой гэж бодсон.

2.2. Би Н.Д ийн ээж Г.О тэй 2002 онд гэр бүл болж, албан ёсоор гэрлэлтээ батлуулж хамт амьдарч байхдаа ХХХ 400 м.кв газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын ххх дугаар захирамжаар зуслангийн зориулалтаар гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар авсан.

Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгохоор зохицуулсан.

2.3. Н.Д нь миний дагавар хүүхэд бөгөөд энэ газрыг хүү Н.Д ийн нэр дээр эзэмшүүлэхээр ярилцаж, түүний нэр дээр өргөдөл өгсөн. Захирамж гарснаас хойш уг гэр бүлийн хэрэгцээний газарт хэн ч юу ч бариагүй ба миний бие 2020 онд 4.24м х 5.27м харьцаатай байшин барьсан болно. Гэтэл уг байшинг албадан чөлөөлүүлэхээр Н.Д шүүхэд нэхэмжлэл гаргасан тул уг нэхэмжпэлийн шаардлагын үндэслэл болох Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Т.Төмөр-Очир болон газар эзэмшигчийг төлөөлж Н.Д гэсэн боловч Н.Д бус Г.О гарын үсэг зурсан байгаа нь талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурах хуулийн заалтыг ноцтой зөрчсөн.

3.2. ХХХ гэр бүлийн хэрэгцээний газраас барьсан барилгаа оролцуулан өөрт оногдох газрыг дахин эзэмшил тогтоолгох хүсэлт өгөхөд хүлээж аваагүй.

Иймд Н.Д ийн эзэмшлийн ХХХ гэр бүлийн хэрэгцээний газрыг Н.Д , Р.Н нарт оногдох хэсгээр эзэмшүүлэх хуваарилалт хийж, эзэмшигч тус бүртэй газар эзэмших гэрээ хийхийг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

4.1. Хариуцагч Р.Н нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно... гэж заасныг зөрчиж, бусдын эзэмшлийн газарт хууль бусаар байшин барьчихаад дахин эзэмшил тогтоолгож, оногдох хэсгээр эзэмшүүлэх хуваарилалт хийхийг даалгах шаардлага гаргаж буй нь ямар ч үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гэрээнд намайг гарын үсэг зурсан учраас гэрээ хүчин төгөлдөр биш гэж байна. Гэтэл гэрээсээ гэрчилгээг нь хулгайлж аваад хэргийн материалд эх хувиар нь нотлох баримтаар өгсөн эцэг хүний үйлдлийг шүүх дүгнэх байх гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар Н.Д ийн /РД: ххх / эзэмшлийн ххх 400 м.кв газарт барьсан 4.24 м х 5.27 м хэмжээтэй байшинг албадан буулгаж, тухайн газрыг чөлөөлөхийг хариуцагч Р.Н ид даалгаж, Сонгинохайрхан дүүрэг, 24 хороо, Баруун салааны зуслан гудамж, нэгж талбарын ххх дугаартай, 400 м.кв гэр бүлийн хэрэгцээний газраас барьсан барилгаа оролцуулан, өөрт оногдох 19 м.кв талбай бүхий газрыг дахин эзэмшил тогтоож, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд Н.Д , Р.Н нарт оногдох хэсгээр эзэмшүүлэх хуваарилалт хийж, эзэмшигч Н.Д , Р.Н нартай тус бүртэй нь газар эзэмших гэрээ хийхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2020 оны 11 сарын 09-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,302 /76,102+70,200/ төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Н оос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Д т олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Нэхэмжлэгч Н.Д ийн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Н ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын тэгш мэтгэлцэх боломжоор хангаагүй, бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан.

6.2. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэснийг хэрэгжүүлээгүйгээс мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан хэргийн үйл баримтыг нотлох эсэх, үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, нотлох баримт гаргах, шинжлэн судлахад тэгш эрхтэйгээр оролцоно гэсэн хуулийн заалт хэрэгжих боломжгүй болсон.

Өөрөөр хэлбэл 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрий хүсэлтдээ нэхэмжлэгч Н.Д ийг биечлэн оролцуулж хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг асууж тодруулах зайлшгүй шаардлагатай байсан, мөн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас хуулбарлан ирүүлсэн нотлох баримт нь маш бүдэг эх хувь баримт хуулбарласан гэхэд эргэлзээтэй, кадастрын зургийн солбилцолын цэгүүд нь маш бүдэг зөрүүтэй эх баримтанд шүүхийн журмаар эх баримтыг нь үзэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүйгээс шүүхэд мэтгэлцэх боломжгүй болсон.

6.3. Шүүх Н.Д ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлээр зохицуулсан гэр бүлийн хөрөнгийн эрх болон Газрын тухай хуулиар зохицуулсан газар эзэмших эрхийн гэрчилгээний төрөл өөр, өөр хуулийн заалт байтал хариуцагч нь маргаан бүхий газрыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үндсэн нэхэмжлэлийн татгалзлаа тайлбарласныг зөвтгөх аргагүй гэжээ.

Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тухай газрын зориулалт гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар гэсэн байгааг шүүх зөв үнэлж дүгнээгүй. Уг газар нь хэдийгээр Н.Д ийн нэр дээр гарсан боловч гэр бүлийн хэрэгцээнд зуслангийн зориулалтаар олгосон газар болно.

Иймд бусдын эзэмшил газар зөвшөөрөлгүй барилга барьсан гэх үндэслэлгүй бөгөөд гэр бүлийн хэрэгцээний газар эцэг Н нь барьсан барилгыг нураах шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.

Хуваарьт хөрөнгө гэдэг нь эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө үүссэн хөрөнгөд хамаарах хуулийн заалт юм.

6.4. Хариуцагч Р.Н ийн өмчлөлийн Н.Д ийн залгаа газрын эзэмших эрх болон 2 давхар амины орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээ бүхий газрыг охин Н.Нандинцэцэгт шилжүүлж, ах Н.Д ийнх нь эзэмшлийн суурь цутгасан газар жижиг байшин барихыг зөвшөөрч, гэрчилгээг нь Д ийн нэр дээр үлдээхээр тохиролцсон байсан.

Энэхүү тохиролцооны дагуу би охин Н.Нандинцэцэгийн нэр дээр Н.Д ийн хил залгаа байрлах 2 давхар амины орон сууцны Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээний хамт охин Н.Нандинцэцэгт шилжүүлсэн нь нотлох баримт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болно.

Иймд гэр бүлийн дундын өмчлөлийн зуслангын зориулалттай 400 м.кв газрын буланд эцэг Р.Н нь 19.м.кв газарт барьсан жижиг амбаарыг нураах шийдвэр гаргасныг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэрийн дээрхи заалтыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

6.5. Уг байшинг албадан чөлөөлүүлэхээр Н.Д ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 1.8 дах хэсэгт заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэл гаргасан.

Учир нь уг гэрээг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Төмөрчөдөр овогтой Төмөр-Очир иргэн Н овогтой Д нар байгуулсан гэсэн атал гэрээний газар эзэмшигчийг төлөөлж Н овогтой Д гэсэн боловч уг гэрээнд Н.Д /насанд хүрсэн иргэний эрх зүйн чадвартай/ бус Г.О гарын үсэг зурсан байгаа нь талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурах хуулийн заалтыг ноцтой зөрчсөн.

Иймд би өөрийн гэр бүлийн хэрэгцээний зуслангын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамж бүхий нэр дээр гарсан газраас өөрт оногдох хэсгийг эзэмшүүлэх газар эзэмших гэрээ байгуулах гэсэн нэхэмжпэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

7.1. Хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийн хязгаарласан гэх гомдол үндэслэлгүй. Хариуцагч талын хүсэлтээр шүүх нотлох баримтыг цуглуулсан.

Тухайн цуглуулсан баримт нь бүдэг эсхүл тод байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Хэрэгт хариуцагч талын гаргасан хүсэлтийн хүлээж аваад, хангаад нотлох баримтыг цуглуулсан үйл баримт авагдсан. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

7.2. Нэхэмжлэгч Н.Д нь 2020 онд 21 настай байсан. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу иргэний эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай этгээд юм. Иргэн нь өөрт олгогдсон Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасан эрхийнхээ дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхтэй. Уг эрхээ хэрэгжүүлсэн нь зайлшгүй Ц.Н ид тухайн газрыг хуваах ёстой гэсэн үндэслэл болохгүй.

Мөн хариуцагч тал Г.О рүү субъектив байдлаар дайралт хийдэг. Энэ хэргийн үндсэн нэхэмжлэгч нь Н.Д болохоос Г.О биш гэдгийг анхаарах ёстой. Г.О болон Ц.Н нар гэр бүл байсан эсэх асуудал нь Н.Д ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч хамааралгүй.

7.3. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр дээр дурдсан асуудлаар буюу Ц.Н , Г.О нарын гэрлэлтийг цуцалж, холбогдох гэр бүлийн хамтран өмчлөлийн, дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэсэн, энэ шийдвэр хэрэгт авагдсан. Тус шийдвэрээр нэхэмжлэгч Н.Д т хөрөнгө хуваасан зүйл огт байхгүй. Үүнд хариуцагчийн дурдсан эд хөрөнгө өгсөн авсан гэх тайлбар үндэслэлгүй.

7.4. Мөн маргаан бүхий газар гэр бүлийн хамтран өмчлөл буюу дундын эд хөрөнгө хэвээр байгаа тохиолдолд 2020 онд хөрөнгийг хуваах талаар шийдвэрлүүлэх байсан. Тухайн хэрэгт Н.Д ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах асуудалд яригдах байсан боловч энэ талаар огт яригдаагүй учраас шүүх бүрэлдэхүүн энэ үйл баримтыг анхаарч үзэхийг хүсье.

7.5. Түүнчлэн, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн талаар гомдолд дурдсан. 2020 онд байгуулсан газар эзэмших, ашиглах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцоход нэхэмжлэгч Н.Д ийн газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болохгүй, үр дагавар яригдах ёстой. Магадгүй дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахад түүнтэй холбоотой үр дагавар үүсэхгүй.

Учир нь 2010 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу Н.Д ийн газар эзэмших эрх үүссэн. Хэрэв үр дагавар үүсэх асуудал яригдаж байгаа тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийг өөр этгээд авах гэж маргавал газартай холбоотой маргаан учраас захиргааны хэргийн шүүхийн харъяаллын маргаан байсан. Магадгүй хуурамч бичиг баримт цуглуулсан гэж үзэж байвал энэ нь эрүүгийн шинжтэй гэмт хэргийн асуудал үүснэ. Гэтэл иргэний шүүхэд маргаан үүссэн байхад өөр асуудлын талаар дурдсан нь үндэслэлгүй.

7.6. Мөн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар гомдолд дурдсан. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд тус газартай холбоотой гомдол саналыг гаргасан, энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Тухайн баримтыг үнэлэх, үнэлэхгүй нь шүүхийн болон хэргийн оролцогчдын өөрсдийнх нь эрхийн асуудал болно. Иймд нэхэмжлэгчийн иш үндэслэлээ болгосон баримтыг хариуцагч үгүйсгэж байгаа нь энэ хүмүүсийн эрх болохоос уг баримт нотлох баримтын шаардлага хангасан, хангаагүй эсэх, хувийн хэрэгт байсан, байгаагүй эсэх нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох хангалттай нотлох баримт биш юм.

7.7. Анхан шатны шүүхийн шийдвэрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн дүгнэсэн. Талуудын маргааны асуудыг дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, хуулиар олгогдсон хэргийг оролцогчийн эрхийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Р.Н ид холбогдуулан ХХХ хаягт байрлах газар эзэмших эрхийн ххх дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын ххх дугаартай, 400 м.кв газарт барьсан байшинг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, ХХХ гэр бүлийн хэрэгцээний газраас барьсан барилгаа оролцуулан, өөрт оногдох 19 м.кв талбай бүхий газрыг дахин эзэмшил тогтоож, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд Н.Д , Р.Н нарт оногдох хэсгээр эзэмшүүлэх хуваарилалт хийж, эзэмшигч Н.Д , Р.Н нартай тус бүртэй нь газар эзэмших гэрээ хийхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ.

 

3.1. Р.Н болон Г.О нар нь 1999 онд танилцаж, улмаар 2005 онд гэрлэлтээ бүртгүүлсэн, мөн Н.Д ийн эцэг Р.Н болох нь захиргааны журмаар тогтоогдсон;

 

3.2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын ххх дугаар захирамжаар тус дүүргийн ххх аманд Н.Д т нэгж талбарын ххх дугаартай, 400 м.кв талбайтай газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосон 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ххх дугаар гэрчилгээ олгосон;

 

3.3. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон Н.Д нар нь ххх дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан ба уг гэрээнд Н.Д ийг төлөөлөн Г.О гарын үсэг зурсан; /1х.х-ийн 7-9, 246-250 тал/

 

3.4. ХХХ хаягт байрлах нэгж талбарын ххх дугаартай газар нь нэгж талбарын хххх дугаартай газар болж өөрчлөгдсөн;

 

3.5. Р.Н нь ХХХ хаягт байрлах газарт 22,3 м.кв талбайтай байшин барьсан, уг байшингийн 19 м.кв хэсэг нь Н.Д ийн эзэмшил газарт баригдсан байна.

 

4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар хариуцагч Р.Н нь ХХХ зусланд газар эзэмшдэггүй, мөн эрх бүхий төрийн байгууллагын шийдвэрээр олгогдсон газар эзэмших эрхийг гэрчилгээгүй тул шүүх Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна.

 

5. Р.Н нь бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүйгээр 22,3 м.кв талбайтай байшин барьсан байх тул шүүх уг байшинг албадан буулгаж, газрыг чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

6. Хариуцагч Р.Н ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой.

Нэхэмжлэгч Н.Д нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр олгосон итгэмжлэлээр Г.О т төлөөлөн оролцох эрхийг олгосон нь хууль зөрчөөгүй байх тул Н.Д ийг биечлэн оролцуулах талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

6.2. Р.Н болон Г.О нар нь 1999 онд танилцаж, улмаар 2005 онд гэрлэлтээ бүртгүүлсэн, мөн Н.Д ийг 10 настай байхаас эхлэн хамт амьдарсан үйл баримтад талууд маргахгүй боловч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын ххх дугаар захирамжаар тус дүүргийн ххх аманд Н.Д т нэгж талбарын ххх дугаартай, 400 м.кв талбайтай газрыг зуслангийн зориулалтаар эзэмших үед нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн бүрэн чадамжтай, насанд хүрсэн байсан тул уг газрыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэх үндэслэлгүй байна.

 

6.3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ххх дугаартай шийдвэрийг тогтоох хэсгийн 4 дэх заалтаар ...ххх газар эзэмших эрх, болон уг газарт баригдсан байшинг охин Н.Нандинцэцэгийн өмчлөлд шилжүүлэхээр,... шийдвэрлэсэн байна.

Харин, хариуцагч нь ...Н.Д ийн эзэмшил газарт түүний зөвшөөрлөөр 2020 онд байшин барьсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн зөв болжээ.

 

6.4. Анхан шатны шүүх Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Сонгинохайрхан дүүрэг, ххх зуслан гудамж, нэгж талбарын ххх дугаартай, 400 м.кв гэр бүлийн хэрэгцээний газраас барьсан барилгаа оролцуулан, өөрт оногдох 19 м.кв талбай бүхий газрыг дахин эзэмшил тогтоож, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд Н.Д , Р.Н нарт оногдох хэсгээр эзэмшүүлэх хуваарилалт хийж, эзэмшигч Н.Д , Р.Н нартай тус бүртэй нь газар эзэмших гэрээ хийхийг даалгах тухай Р.Н ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-нд Н.Д ийг төлөөлөн Г.О гарын үсэг зурсан нь хариуцагчийн эрхийг хөндөхгүй юм. Уг үйл баримт нь Н.Д ийн эрхийг хөндөх бөгөөд нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргаагүй тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд маргаан бүхий газрыг эзэмших эрх хамаарахгүй тул ххх дүүрэг, ххх зуслан гудамж, нэгж талбарын ххх дугаартай, 400 м.кв гэр бүлийн хэрэгцээний газраас барьсан барилгаа оролцуулан, өөрт оногдох 19 м.кв талбай бүхий газрыг дахин эзэмшил газрыг тогтоох үндэслэлгүй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт дараах хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулна.

 

7.1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2, 90.3 дахь хэсэгт заасан шаардах эрхийг тодорхойлно.

Харин, Р.Н ийн бусдын эзэмшил газарт хууль бусаар барьсан байшинг албадан чөлөөлүүлэх шаардлагын хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг баримтлана.

 

7.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, тогтоох хэсгийн 2 дахь заалтаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон найруулгын өөрчлөлт оруулна.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2023/04727 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Д ийн эзэмшлийн ххх 400 м.кв газарт барьсан 4.24 м х 5.27м хэмжээтэй байшинг албадан буулгаж, газрыг чөлөөлөхийг хариуцагч Р.Н ид даалгасугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ххх дүүрэг, ххх зуслан гудамж, нэгж талбарын ххх дугаартай, 400 м.кв гэр бүлийн хэрэгцээний газраас барьсан барилгаа оролцуулан, өөрт оногдох 19 м.кв талбай бүхий газрыг дахин эзэмшил тогтоож, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд Н.Д , Р.Н нарт оногдох хэсгээр эзэмшүүлэх хуваарилалт хийж, эзэмшигч Н.Д , Р.Н нартай тус бүртэй нь газар эзэмших гэрээ хийхийг даалгах, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР