Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 45

 

В.Бэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 560 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1341 дүгээр магадлалтай, В.Бэд холбогдох 1914008540219 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1974 оны 05 угаар сарын 17-ны өдөр төрсөн, эмэгтэй,

2006 оны 03 дугаар сарын 17-нд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

2018 оны 07 дугаар сарын 02-нд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял,

2018 оны 09 дүгээр сарын 17-нд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял,

2019 оны 12 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт В.Б нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх В.Бийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар оногдуулсан 5 жил хорих ял дээр сүүлийн тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 6 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Түүний цагдан хоригдсон 250 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бээс нийт 11.770.000 төгрөг гаргуулж, хохирогч С.Ад 4.290.000 төгрөг, О.Ад 5.110.000 төгрөг, О.Бод 1.870.000 төгрөг, Ц.Мад 500.000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, В.Бэд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ:...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх В.Бэд холбогдох 1914008540219 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 560 дугаартай шийтгэх тогтоолоор “...В.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 201/ШЦТ/6 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жил 06 сарын хугацаагар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж...” шийдвэрлэсэн.

Шүүгдэгч В.Бийн гомдлоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 1341 дүгээр магадлалаар “...В.Бийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/6 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгэх үед түүний үйлдсэн гэх дээр дурдсан хэрэг илрээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно... гэж, мөн зүйлийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж тус тус заасан.

Энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудал тодорхойгүй бөгөөд нэг зүйл хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэрэгт холбогдсон байх тул нэг тогтоолоор хэргийг шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдал дээрдэх ач холбогдолтой. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, В.Бэд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр...” хэргийг прокурорт буцаажээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул 1341 дүгээр магадлалыг хүлээн авах боломжгүй байна. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд гэмт этгээд үйлдсэн хэргийнхээ заримд шийтгүүлсэн эсэхээс ул хамааран шинээр илэрсэн болон үйлдсэн гэмт хэрэгт нь ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нь бүгдийг нэмж нэгтгэж байхаар заасан. Энэ журмаар шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг тогтоосныг түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг зөвхөн хөнгөрүүлэх зорилгоор нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилж хэргүүдийг нэгтэн дахин хэлэлцэх зохицуулалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй тул Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1341 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан.

Шүүгдэгч В.Б нь 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарын хооронд 9 удаагийн үйлдлээр бусдыг залилж 71 сая төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч 2019 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд 4 удаагийн үйлдлээр бусдыг залилсан нь өмнөх шийтгэх тогтоол гарах үед илрээгүй, тогтоол гарсны дараа шинээр илэрсэн. Анхан шатны шүүх энэ тогтоолоор ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоосон нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор О.Алтангэрэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч В.Бэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч В.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 09-нөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогч С.Аээс 4.290.000 төгрөг, О.Ааас 5.110.000 төгрөг, О.Боос 1.870.000 төгрөг, Ц.Маас 500.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 11.770.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч В.Бийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 5 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 6 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч В.Бэд оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзлээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор О.Алтангэрэлийн бичсэн эсэргүүцлийн дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1341 дугаартай магадлалыг хянаж үзэхэд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэдэн хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг буруу тайлбарлаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь буруу байна.

Хууль тогтоогч Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж өөрчлөн найруулж баталсан билээ.

Шүүгдэгч В.Бийн хувьд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 18-ныг хүртэл хугацаанд нэр бүхий 9 иргэнийг “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хуурч, 71.920.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон мөрдөн шалгагдах үедээ дахин 2019 оны 09 дүгээр сарын 09-нөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд нэр бүхий 4 хохирогчоос нийт 11.770.000 төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэхдээ сүүлд үйлдсэн гэмт хэргийнхээ талаар мэдүүлээгүй байна.

Ийнхүү шүүгдэгч В.Бийн шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон явдал нь өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул анхан шатны шүүх шүүгдэгч В.Бэд хоёр өөр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоосныг буруутгах үндэслэлгүй болно.

Иймд энэ талаар дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1341 дугаартай магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг баримтлахын оронд 6.8 дугаар зүйлийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд буруу шийдэл болсныг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2  дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор О.Алтангэрэлийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1341 дугаартай магадлалыг хүчингүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                                                 С.БАТДЭЛГЭР    

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН