Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 17

 

 

Нэхэмжлэгч хариуцагч нарын

 эвлэрлийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Э.Золбадрах би

          Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн *******гийн нэхэмжлэлтэй,    

            Аймгийн Боловсрол соёлын газрын дарга *******өд холбогдох тус аймгийн Боловсрол соёлын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 5208000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлага бүхий хэргийг 2017 оны 02 дугаар сарын  23-ны өдөр Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:  Миний бие ******* нь 2015 оны 05 дугаар сарын 12-нд Боловсрол соёлын газарт математик, физик мэдээлэл технологийн боловсрол хариуцсан мэргэжилтнээр төрийн албан хаагчийг шалгалтанд тэнцсэний дагуу томилогдсон. 2016 оны 06 дугаар сарын 30-нд аймгийн Боловсрол соёлын газрын даргын буруутай шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн. 2017 оны 04 дүгээр сард дарга *******ийн хүсэлтээр эвлэрвэл математик, мэдээлэл зүйн үндсэн багшаар 3 дугаар сургуульд томилуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 4 сард багтаан нөхөн төлүүлэх хүсэлт гаргаж байна. Дээрх 2 шаардлагыг биелүүлсэн тохиолдолд эвлэрэхийг хүлэээн зөвшөөрч байна гэжээ.

        Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч *******гийн тавьсан шаардлагын дагуу Есөнбулаг сумын 3 дугаар сургуульд мэргэжлийн дагуу ажилд оруулсан. *******гийн Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг 4 сард багтаан төлөх хүсэлтийг хүлээн авлаа. Төлнө. Иймд *******гийн эвлэрэх хүсэлтийг хүлээн авч харилцан эвлэрэв.

ҮНДЭСЛЭХ нь:

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэхь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэх  эрхтэй.

       Иймд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлохоор хоорондоо тохиролцож дээрх хүсэлтүүдийг шүүхэд ирүүлэн маргаанаа дуусгавар болгож байгаа нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй,  хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байгаа тул хуулийн 68.4 дэхь хэсэгт зааснаар шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  111 дүгээр зүйлийн 111.1  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэхь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн *******гийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Боловсрол соёлын газрын дарга *******өд холбогдох хэргийг нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д  зааснаар нэхэмжлэгч *******гээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд  хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн ороолцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

ШҮҮГЧ                           Э.ЗОЛБАДРАХ