Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 1459

 

 

“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Дамдин-Од нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар, 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2016/00039 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ-д холбогдох,

Байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохиролд 1.014.529 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дамдин-Одын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн төлөөлөгч Х нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ХХХ нь 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр угсрагчийн ажилд орсон бөгөөд угсрагч-жолоочоор ажиллаж байх хугацаандаа агуулахад байсан ширээний чулуун тавцанг хагалж 860.860 төгрөгийн, мөн өөрт нь хариуцуулан өгсөн 74-15 улсын дугаартай ачааны автомашины борооны хаалтыг хагалан 25.000 төгрөгийн, 2016 оны 02 дугаар сарын 08, 12, 13-ны өдрүүдэд ажилдаа ирээгүйн улмаас хүргэлт угсралтын ажилд өөр хүмүүсийг ажиллуулж 514.674 төгрөгийн цалин олгосон. Энэ хохирлыг тухайн үед ажилдаа ирээгүй 4 ажилтанд хуваахад ХХХ-д 128.669 төгрөгийн хохирол ногдоно. Иймд ХХХгаас 1.014.529 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч ХХХгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ХХХ нь агуулахад байсан чулуун тавцанг хагалаагүй, автомашины борооны хаалтыг эвдлээгүй. 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр захирал нь ажлаас халсан гэж хэлсэн тул ажилдаа очоогүй. Иймд компанид хохирол учруулсан гэх үндэслэлгүй юм...” гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1, 135.4 дэх хэсэгт зааснаар ХХХ-д холбогдох нэхэмжлэгч “ХХ” ХХК-д учруулсан хохирол нийт 1.043.427,7 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 28.898 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Ажилтан ажил олгогч нар хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж ажиллахаар тохиролцсон. ХХХ нь ХХХХХ, ХХХХХХ нартай хуйвалдаж ажил хаяж явсны улмаас компанид нийт 514.674 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлыг ажил хаяж явсан 4 хүнд хуваахад нэг ажилтанд 128.669 төгрөг ноогдож байгаа. Мөн ХХХтай хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан. Анхан шатны шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Хулан эд хөрөнгийн хариуцлагын гэрээг өгье гэсэн боловч шүүгч нар хүлээн авахаас татгалзсан. ХХХ нь угсрагч Х-тай хамт агуулахад ажиллаж байхдаа 721.720 төгрөгийн үнэ бүхий чулуун тавцантай ширээг хагалж дахин борлуулах боломжгүй болгосон тул ширээний үнийн дүнгийн 50 хувь болох 860.860 төгрөгийн хохирол учруулсан. Автомашины борооны хаалтыг хагалсан тул 25.000 төгрөгийн хохирол учирсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан тул дээрх хохирлыг нэхэмжилсэн. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь зөв үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХ-д холбогдуулан байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохиролд 1.014.529 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулаагүй, ажлын байрыг орхисон явдал байхгүй гэж маргажээ.

            ХХХ нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн “ХХ” ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу угсрагч-жолоочоор ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 16/49 тоот тушаалаар ажлаас халагдсан үйл баримтуудыг шүүх зөв тогтоосон байна. /хх 10/

            Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт “...Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан тул ажил олгогч нь ажилтнаас байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохирлыг арилгуулахыг шаардах эрхтэй ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй юм.           

            ХХ нь 2016 оны 02 дугаар сарын 02, 13, 16-ны өдрүүдэд “хохирол барагдуулах тухай үйлдсэн акт” үйлдсэн боловч уг актыг үйлдэхэд хариуцагчийг оролцуулаагүй нэг талын бүрдүүлсэн баримт гэх үндэслэлээр, мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон ХХХХХХХ нь ажил үүргийн хувьд нэхэмжлэлийн зүйл болох чулуун ширээг хариуцдаг ажилтан, мөн Бонго-3 маркийн 74-15 УНБ улсын дугаартай ачааны автомашиныг хариуцагч ХХХ-д хүлээлгэн өгсөн тухай баримтгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар уг баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй байна.           

            Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж болох ажил албан тушаалын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулахаар заасан боловч нэхэмжлэгч тал уг баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

            Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт зааснаар ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын талаар тусгаагүй бол эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж заасныг шүүх үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

            Ажилтныг ажил тасалж ажлын байраа орхиж явснаас түүний ажлыг бусдаар гүйцэтгүүлж 128.669 төгрөгийн хөлс төлж хохирсон гэх нэхэмжлэлийг анхан шатны шүүх хохирол бодитойгоор учирсан гэх байдал баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

            Нотлох баримтыг шинээр гаргаж өгөх хүсэлтийг шүүх хүлээн аваагүй гэх байдал шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдохгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.          

            Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.                                              

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2016/00039 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Их Монгол групп” ХХК-ийн төлсөн 28.898 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА

                                ШҮҮГЧИД                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                   Д.ДАМДИН-ОД