Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 236

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 132 дугаар байрны 15 тоотод оршин суух Шавь овогт Дандардэжидийн Сайханчимэгийн

 “Эмээлийн Лхагвасүрэн /ЙЛ55080512/-г эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох тухай” хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх оролцов.                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Сайханчимэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2013 онд мод тарих тендерт шалгарсан гэх “Өв билгүүн төгөл” ХХК-ийн менежер Эмээл овогт Лхагвасүрэнд 2012 оны 12 дугаар сарын 10-д 6,000,000 төгрөгийг 10%-ийн хүүтэй зээлүүлсэн. Э.Лхагвасүрэн нь үндсэн мөнгө болон хүүг төлөөгүй явсаар өнөөдрийг хүрсэн бөгөөд одоо хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул зээлдэгч Э.Лхагвасүрэнг эрэн сурвалжлуулж хаягийг тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунбилэг шүүхэд ирүүлсэн хүсэлтээ: Миний бие нь  2016 оны 08 сарын 19-ний өдөр БНСУ руу 3 сараар зорчихоор болсон тул миний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү. Эмээл овогт Лхагвасүрэн нь Д.Сайханчимэгээс 2012 оны 12 дугаар сарын 10-нд 6,000,000 төгрөгийг “Өв билгүүн төгөл” ХХК-ийн нэрээр зээлж авсан бөгөөд одоог хүртэл 4 жилийн хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй байгаа тул эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Э.Лхагвасүрэн нь урьд нь Өвөрхангай аймгийн Арвайхээр хот 5-р баг 36 О/С-3 тоотод оршин суудаг байсан. ЙЛ55080512, утас: 99988521, 91916542, 91190455 дугааруудыг эзэмшдэг байсан гэжээ.

Хавтаст хэргийн материалаас нотлох баримт  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх хүсэлт гаргагч Д.Сайханчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу түүнийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Д.Сайханчимэг нь 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Э.Лхагвасүрэнд “Өв билгүүн төгөл” ХХК-ийн нэрээр 6,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан гэх тул Э.Лхагвасүрэн нь шүүхэд  хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд тэрээр зээл авах үеийнхээ хаяган дээр оршин суухгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.

 Иймд Э.Лхагвасүрэнг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

Эмээлийн Лхагвасүрэн нь ЙЛ55080512 бүхий регистрийн дугаартай, 99988521, 91916542, 91190455 дугааруудыг эзэмшдэг, зээл авах үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр хот 5-р баг 36 О/С-3 тоотод оршин суудаг байсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Эмээлийн Лхагвасүрэн /ЙЛ55080512/-г эрэн сурвалжилсугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Э.Лхагвасүрэнг эрэн сурвалжилж, түүнийг оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ