| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0489/Э |
| Дугаар | 529 |
| Огноо | 2019-04-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 529
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Насанд хүрээгүй хохирогч М.Хосбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч О.Нэргүй,
Шүүгдэгч Э.Б, Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б, Б.М нарт холбогдох 1906 01223 0549 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 5 дугаар гудамжны 101 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 19 дүгээр байрны 48 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Эын Б /РД:............./,
2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 19 настай, тусгай дунд боловсролтой, гэр ахуйн цахилгаан барааны засварчин мэргэжилтэй, “Гжел” ресторанд угтагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүргийн 9 дүгээр гудамжны 404 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Я овогт Бийн М /РД:..................../,
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Э.Б, Б.М нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул Тэнгэр хотхоны 45 дугаар байрны орцонд насанд хүрээгүй М.Хосбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бын өгсөн: “... Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мгийн өгсөн: “... Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч М.Хосбаярын өгсөн: “... 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байтал Нандиагийн ээж залгаад манай хүүхэд ирэхгүй байна. Байгаа газрыг нь заагаад өгөөч ээ. Олоод, аваад ирээч гэж гуйсан. Тэгээд би найзуудтайгаа Саруул тэнгэр хотхонд очоод Нандиагийн байгаа байрны хаалган дээр очиход баахан хүмүүс бужигнах чимээ гарч байсан. Тэгээд хаалгыг нь эхлээд зөөлөн тогшсон чинь бүгд нуугдаж байгаа юм шиг чимээгүй болсон. Бид нар хаалгыг нь өмнөхөөсөө илүү хүчтэй тогшсон. Байгааг чинь мэдэж байна гараад ир, ална гэж хэлсэн. Тэгээд шатан дээр сууж байсан чинь доороос баахан хүүхдүүд гарч ирэхэд манай найзууд зугтсан. Би зугтаж амжаагүй байтал намайг бараг 30 орчим минут тал талаас зодсон. Дээд үүдэн нэг шүд, доод 4 үүдэн шүд цөмөрсөн. Одоо бэхэлгээ хийсэн байгаа. Сарын дараа бэхэлгээгээ авахуулаад эмчилгээ эхэлнэ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Нэргүйн өгсөн: “... Анх шүднүүдэд нь бэхэлгээ хийхэд 435.000 төгрөгөөр хийсэн. Сарын дараа бэхэлгээг нь авахуулаад доод үүдэн 3 шүд хийхэд 1.980.000 төгрөг, 11 дэх шүдэнд 2.500.000 төгрөгөөр имплант хийнэ гэж эмч хэлсэн. Хосбаяр бол миний ганц хүүхэд. Элдэв муухай ааш, зан байхгүй. Нандиа гэдэг охинтой зүгээр найзлаад, гэрээр орж гардаг байсан. 02 дугаар сарын 11-ний шөнө 3 цагт Хосбаяр манай ахтай хамт орж ирсэн. Тэгээд юу болсон бэ? гэж асуусан чинь ах маань эмнэлэгт үзүүлчээд ирлээ. Хүнд зодуулчихаж гэж хэлсэн. Ээжийнхээ санаа нь зовчихно гэж бодоод эхлээд манай ах руу ярьсан байсан...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч М.Хосбаярын өгсөн: “... 2-3 залуучууд нь миний хамар луу, шүд уруул хэсэгт цохиод эхлэхээр нь би “Намайг битгий зод, Би яагаач үгүй” гэж зөндөө гуйсан чинь “Чи юундаа гонгиноод байгаа юм бэ” гээд цохиод байсан. Тэгтэл М гэх банди тухайн үедээ танихгүй тэр банди “Би чамайг фэйсбүүкээс харсан, чи Нандиаг таньдаг биздээ” гэхэд би “Танина” гэхэд “Тэгээд юундаа худлаа яриад байгаа юм” гэж хэлээд миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиод би доошоо тонгойход бие рүү өшиглөөд, цахилгаан бороохойгоор цохиод байсан... Тэгээд намайг хоёр өвдөгний араас өшиглөж сөгдүүлээд газар сөгдөхөд гар хуруун дээр дэвсээд, тэгтэл нэг нь бэйсболын цохиураар нүүрэн тус газар цохьсон. Тэгтэл би манараад амаа дартал доод 4 шүд цаашаа чихэгдсэн. Дээд үүдэн нэг шүд чихэгдсэн. Уруул гадна дотногүй сэтэрсэн...” гэх мэдүүлэг /хх.12-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Базаргүрийн өгсөн: “... Б, М нар орцонд нэг залууг нь барьчихсан зууралдаад үлдсэн буцаад ирсэн чинь М, Б нар нэг залууг зодчихсон, нүүр ам нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх.24-26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Хосбаярын өгсөн: “... М нэг бандийг бариад авчихсан байсан. Тэр залуу эхлээд Эгшиглэнг нэг удаа цохьсон. Эгшиглэн буцаагаад нэг цохьсон. Араас нь Б цохиод авахаар нь бид нар хажуунаас нь салгаад, тэгэхэд тэр залуу “Намайг битгий зодооч, би үнэнгээ хэлье” гэж хэлэхээр нь “Нөгөө ах нар чинь хаана байна” гэхэд орцноос гараад хайсан боловч олдохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.27-28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Түвшинсанаагийн өгсөн: “... Б, М хоёр нэгэнтэй нь цохилцоод зодолдоод байсан... Би зодолдоод байхаар нь тэр хоёрыг очиж салгаад, аваад орцноос гарч машин руугаа очоод Б тэндээс Улаанхуаран руу гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх.29-30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Нандин-Эрдэнийн өгсөн: “... Б, М хоёр нэг хүүхэдтэй нь барьцалдаж авсан... Тэгэхэд Б, Базаргүр, М, Минжинсор, би, тэр барьцалдаж авсан Хосбаяр гэх хүүхэд байсан...” гэх мэдүүлэг /хх.33-35/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч О.Жанлавын өгсөн: “... Тэгтэл Хосбаяр үлдээд би зугатаасан... Хосбаярыг манай гэрт ирэхээр хартал уруул нь язарч урагдсан, том ангайсан, хамар нь хавдсан, шүднүүд нь чихэгдсэн, нил цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.40-42/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Нэргүйн өгсөн: “... Уруулын гадна дотор задарсан гэмтэлийг оёулаад өглөө нь шууд өөрийн эмнэлэгтээ хэвтүүлсэн. Эмнэлэгт хэвтүүлэхээс өмнө Хан-Уул дүүрэгт байдаг шүдний “Дентал Арт” эмнэлгээр хүүхдийнхээ шүдийг бэхжүүлсэн. Манай эмнэлэгт хүү 8 хоног хэвтэн эмчлүүлсэн. Томографийн зураг авхуулсан. Юу болсон талаар хүүгээсээ тэр шөнө асуухад хүүхдүүдэд зодуулсан гэж хэлсэн... Хэрэгт хавсаргасан 470.000 төгрөг гарсан байгаа. Одоогоор ийм л зардал гаргасан байгаа. Цаашдаа хэдэн төгрөг гарахыг мэдэхгүй байна. 11 дэх шүд унах магадлалтай. Унах юм бол имплант шүд суулгахад 2.500.000 төгрөг, 3 сарын дараа хийгдэх сувгийн эмчилгээ, бүрээс нийт 1.980.000 төгрөг болж байгаа. Энэ хохирлуудаа нэхэмжилнэ. Нийт 4.950.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх.42-43/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2257 дугаартай: “... М.Хосбаярын биед доод уруулд салстад шарх, цус хуралт, дээд уруул, зүүн зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, баруун доод үүдэн 1, зүүн доод үүдэн 1, 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.47/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Бын яллагдагчаар өгсөн: “... М шууд очоод тэр Хосбаяр гэх бандийн нүүрэн тус газар нь цохиод авахаар нь би бас хажуунаас нь нүүр лүү нь, толгой руу нь хэд хэд цохиод авсан. Тэгээд шатаар буугаад орцны гадна гараад “Найзуудаа ол” гэхэд Хосбаяр дуугарахгүй байхаар би нүүр лүү нь 2 удаа гараараа цохиод авсан. Тэгтэл Хосбаяр доошоо тонгойтол М нүүр рүү нь өшиглөөд авсан. Өндийгөөд ирэхэд нь би дахиад нүүр лүү нь цохиод авсан Тэр үед Хосбаярын амнаас цус гарчихсан “Ёоё, болиоч, шүд ёоё” гээд байсан. Би Хосбаяртай мессежээр чатласан. Уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх.70-72/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мгийн яллагдагчаар өгсөн: “... би эхлээд Хосбаярын нүүр рүү гараараа цохьсон. Тэгээд доошоо дагуулж гараад “Найзуудаа олж өг” гээд орцны үүдэнд гартал Б түүний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиод авсан. Тэгтэл Хосбаяр доошоо тонгойхоор нь би нүүрэн тус газар нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Амнаас нь нэлээн цус гарсан. Уруул нь гэмтсэн байсан. Хийсэн зүйлдээ гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /хх.67-69/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Э.Б, Б.М нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул Тэнгэр хотхоны 45 дугаар байрны орцонд насанд хүрээгүй М.Хосбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч М.Хосбаярын өгсөн: “... 2-3 залуучууд нь миний хамар руу, шүд уруул хэсэгт цохиод эхлэхээр нь би “Намайг битгий зод, Би яагаач үгүй” гэж зөндөө гуйсан чинь “Чи юундаа гонгиноод байгаа юм бэ” гээд цохиод байсан... “Тэгээд юундаа худлаа яриад байгаа юм” гэж хэлээд миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиод би доошоо тонгойход бие рүү өшиглөөд, цахилгаан бороохойгоор цохиод байсан... Тэгээд намайг хоёр өвдөгний араас өшиглөж сөгдүүлээд газар сөгдөхөд гар хуруун дээр дэвсээд, тэгтэл нэг нь бэйболын цохиураар нүүрэн тус газар цохьсон. Тэгтэл би манараад амаа дартал доод 4 шүд цаашаа чихэгдсэн. Дээд үүдэн нэг шүд чихэгдсэн. Уруул гадна дотногүй сэтэрсэн...” гэх мэдүүлэг /хх.12-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Базаргүрийн өгсөн: “... Б, М нар орцонд нэг залууг нь барьчихсан зууралдаад үлдсэн буцаад ирсэн чинь М, Б нар нэг залууг зодчихсон, нүүр ам нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх.24-26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Хосбаярын өгсөн: “... М нэг бандийг бариад авчихсан байсан. Тэр залуу эхлээд Эгшиглэнг нэг удаа цохьсон. Эгшиглэн буцаагаад нэг цохьсон. Араас нь Б цохиод авахаар нь бид нар хажуунаас салгаад...” гэх мэдүүлэг /хх.27-28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Түвшинсанаагийн өгсөн: “... Б, М хоёр нэгэнтэй нь цохилцоод зодолдоод байсан...” гэх мэдүүлэг /хх.29-30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Нандин-Эрдэнийн өгсөн: “... Б, М хоёр нэг хүүхэдтэй нь барьцалдаж авсан... Тэгэхэд Б, Базаргүр, М, Минжинсор, би, тэр барьцалдаж авсан Хосбаяр гэх хүүхэд байсан...” гэх мэдүүлэг /хх.33-35/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч О.Жанлавын өгсөн: “... Тэгтэл Хосбаяр үлдээд би зугатаасан... Хосбаярыг манай гэрт ирэхээр нь хартал уруул нь язарч урагдсан, том ангайсан, хамар нь хавдсан, шүднүүд нь чихэгдсэн, нил цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.40-42/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Нэргүйн өгсөн: “... Уруулын гадна дотор задарсан гэмтэлийг оёулаад өглөө нь шууд өөрийн эмнэлэгтээ хэвтүүлсэн. Эмнэлэгт хэвтүүлэхээс өмнө Хан-Уул дүүрэгт байдаг шүдний “Дентал Арт” эмнэлгээр хүүхдийнхээ шүдийг бэхжүүлсэн... Юу болсон талаар хүүгээсээ тэр шөнө асуухад хүүхдүүдэд зодуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.42-43/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2257 дугаартай: “... М.Хосбаярын биед доод уруулд салстад шарх, цус хуралт, дээд уруул, зүүн зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, баруун доод үүдэн 1, зүүн доод үүдэн 1, 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.47/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Бын яллагдагчаар өгсөн: “... М шууд очоод тэр Хосбаяр гэх бандийн нүүрэн тус газар нь цохиод авахаар нь би бас хажуунаас нь нүүр лүү нь, толгой руу нь хэд хэд цохиод авсан... би нүүр лүү нь 2 удаа гараараа цохиод авсан. Тэгтэл Хосбаяр доошоо тонгойтол М нүүр рүү нь өшиглөөд авсан. Өндийгөөд ирэхэд нь би дахиад нүүр лүү нь цохиод авсан Тэр үед Хосбаярын амнаас цус гарчихсан “Ёоё, болиоч, шүд ёоё” гээд байсан...” гэх мэдүүлэг /хх.70-72/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мгийн яллагдагчаар өгсөн: “... би эхлээд Хосбаярын нүүр лүү гараараа цохьсон. Тэгээд доошоо дагуулж гараад “Найзуудаа олж өг” гээд орцны үүдэнд гартал Б түүний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиод авсан. Тэгтэл Хосбаяр доошоо тонгойхоор нь би нүүрэн тус газар нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Амнаас нь нэлээн цус гарсан. Уруул нь гэмтсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.67-69/,
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч М.Хосбаярын өгсөн: “... Би зугтаж амжаагүй байтал намайг бараг 30 орчим минут тал талаас зодсон. Дээд үүдэн нэг шүд, доод 4 үүдэн шүд цөмөрсөн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б, Б.М нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Б, Б.М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцов.
Э.Б, Б.М нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Насанд хүрээгүй хохирогч М.Хосбаярын эмчилгээний зардал 465.000 төгрөг, имплант шүд суулгах төлбөр 2.500.000 төгрөг, 3 сарын дараа хийгдэх сувгийн эмчилгээ, бүрээсийн үнэ нийт 1.980.000 төгрөг, нийт 4.950.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Э.Б, Б.М нар нь эмчилгээний зардалыг нөхөн төлсөн, бусад нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Нэргүй нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Б, Б.М нараас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Э.Б, Б.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.Б, Б.М нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцогчидын гүйцэтгэсэн үүрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Б, Б.М нарт 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Э.Б, Б.М нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.
Шүүгдэгч Э.Б, Б.М нарт оногдуулсан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.
Э.Б, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Эын Б, Я овогт Б М нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б Э.Б, Б.М нарт 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Б, Б.М нарт сануулсугай.
4. Энэ хэрэгт Э.Б, Б.М нар нь хохиролд 465.000 төгрөг нөхөн төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Нэргүй нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Б, Б.М нараас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Б, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР