Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 238

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

 Хүсэлт гаргагч: Төрийн банкны Замын-Үүд салбарын

“Энхзаяагийн Даваасамбуу /ДЮ86112470/-г эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Улаанбаатар нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Төрийн банкны Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Иргэн Энхзаяагийн Даваасамбуу нь 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/121 дугаартай “Зээлийн гэрээ”-г Төрийн банкны Замын-Үүд салбарын харъяа Соёмбо тооцооны төвтэй гэрээ байгуулан банкнаас 12,727,000 төгрөгийг сарын 1.4%, жилийн 16.8%-ийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Э.Даваасамбуу нь ЗГ/121 дугаартай зээлийн гэрээний 5.1, 5.1.1, 5.1.2 дахь заалтыг зөрчиж, 2016 оны 04 дүгээр сараас хойш зээлээ хуваарийн дагуу төлөхгүй байгаа ба холбоо барих боломжгүй, олдохгүй хаана оршин сууж байгааг нь мэдэхгүй байгаа учир Э.Даваасамбууг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ. 

Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Улаанбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энхзаяагийн Даваасамбуу нь 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/121 дугаартай “Зээлийн гэрээ”-г Төрийн банкны Замын-Үүд салбарын харъяа Соёмбо тооцооны төвтэй гэрээ байгуулан банкнаас 12,727,000 төгрөгийг сарын 1.4%, жилийн 16.8%-ийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээл авахдаа Э.Даваасамбуу нь Хилийн 0108 дугаар ангид нохой сургагчаар ажиллаж байсан. 2015 онд ажлаасаа халагдсан юм билээ. Өнөөдрийн байдлаар банкинд зээлийн 4,002,000 төгрөгний үлдэгдэлтэй байна. Сургийг нь гаргахад Говь-Алтай аймагт хөдөө айлын мал маллаж байгаа гэсэн. Ээж ааваас нь асуухаар мэдэхгүй гээд хэлэхгүй байгаа юм. Аавынг нь Ядамсүрэнгийн Энхзаяа /ДЮ61072579/, ээжийг нь Содын Мядаг /ДЮ64121463/ гэдэг юм билээ. Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд амьдардаг 95220750 утастай гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлт гаргагч Төрийн банкны Замын-Үүд салбарын хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 Энхзаяагийн Даваасамбуу нь Төрийн банкны Замын-Үүд салбараас 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/121 дугаартай зээлийн гэрээгээр 12,727,000 төгрөгийн сарын 1,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байх тул Э.Даваасамбууг шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.  

Иймд Э.Даваасамбууг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

Тугчин овогт Энхзаяагийн Даваасамбууг /РД:ДЮ86112470/ иргэний үнэмлэхний Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Жинчингийн гудамж 1-25 тоотод оршин суух хаягтай гэж, Замын-Үүд сумын 2-р багийн Шалганы 2-р 8 айл 05 тоотод түр оршин суух бүртгэлтэй байсан талаар зээлийн гэрээнд тус тус тэмдэглэгдсэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд аав, ээж нь амьдардаг болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Тугчин овогт Энхзаяагийн Даваасамбууг /ДЮ86112470/ эрэн сурвалжилсугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Э.Даваасамбууг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ