Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/35

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч Д.Алимаа,

Нарийн бичгийн дарга А.Батцог,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн  шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа шүүгдэгч Б овогтой Б-гийн Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1927000720026 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, ___ настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум, ___ баг, ___ гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, урьд Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 01 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, ___ регистрийн дугаартай, Б овгийн Б-гийн Н.

                                  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний орой Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ дугаар багийн ___ гэх газар өөрийн гэртээ хохирогч С.М-тай маргалдах явцдаа нүд рүү нь цохиж, гараа хийж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Б.Н-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: ...Манайх Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багийн ___ гэх газар нутаглаж байгаа юм. Би 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 14 цаг 00 минутын орчим Д.Ч- гэх айлд очиж Д.Ч-, С.М- бид гурав 75 грамтай нэг шил Улаанбаатар архи хувааж уусан. Мөн С.М-ынд орж С.М-, Д.Ч- бид гурав 0,5 грамтай нэг шил архи хувааж уусан. Тэгээд би гэрээдээ харьсан. Тэр орой харуй бүрий болж байхад С.М, Д.Ч- нар манайд ирсэн. Манай гэрт С.М-, Д.Ч-, Ж буюу С.Б- бид дөрөв 05 грамтай нэг шил архи, нэг литр монгол архи хувааж уусан. Тэгээд би дахиад нэг шил архи гаргаж С.М-, Д.Ч-, С.Б- бид дөрөв тойруулаад ууж байгаад би С.М-д ахаа танай малд манай мухар улаан ямаа байна лээ гэж хэлсэн чинь С.М- тэр мухар улаан ямаа чинь манай ямаа байгаа юм гээд уурлаж С.М- ах бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэр үед С.М- бид хоёр маргалдаж байгаад би С.М-ыг заамдаж барьж аваад нүд рүү нь гараараа 1-2 удаа цохьсон. Тэгээд С.М- надтай зууралдаад С.М- бид хоёр гэрт барилцаж аваад дээр доороо орж 3-4 минут ноцолдсон. Тэр үед С.М- бид хоёрыг С.Б- салгах гэсэн   боловч   дийлээгүй. Тэгээд С.М-  бид  хоёр маргалдаж  гэрээс  гарч  гэрийн   гадаа зууралдаж байгаад С.М- ах хойшоогоо явган зугтаагаад явчихсан. Би араас нь очиж ах аа та шөнө болсон байхад яваад хэрэггүй манайд хоноод өглөө яв гэж хэлсэн чинь С.М- уурлаад гэрээдээ  явган явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар хуудас/,

Хохирогч С.М-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багийн ___ гэх газар эхнэр 4 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг юм. 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 13 цаг 00 минутаас 17 цаг 00 минутын хооронд Д.Ч-, Б.Н бид гурав Д.Ч-ын гэрт 75 граммтай нэг шил архи, нэг литр монгол архи хувааж уусан. Тэгээд Б.Н гэрээдээ явсан. Д.Ч- бид хоёр гэртээ үлдсэн. Тэр орой харанхуй болж байхад багцаагаар 20 цаг 00 минутын орчим Д.Ч- бид хоёр Б.Н-ын гэрт очсон. Тэгээд Б.Н дахиад нэг шил архи гаргаж ирээд тойруулаад ууцгааж байгаад Б.Н бид хоёр нэг мухар ямаанаас болж хоорондоо маргалдсан. Б.Н бид хоёр хоорондоо маргалдаж байгаад Б.Н уурлаж миний заамнаас барьж аваад нүд рүү 1-2 удаа цохьсон. Харин би зөрүүлээд Б.Н-ын заамнаас барьж аваад Б.Н бид хоёр дээр доороо орж 3-4 минут орчим ноцолдсон. Тэр үед С.Б-, Б.Н бид хоёрыг салгах гээд дийлээгүй. Б.Н бид хоёр дээр доороо орж ноцолдож байхад Б.Н миний дээр мордчихоод нүд рүү хуруугаа хийсэн. Тэгээд Б.Н бид хоёр гэрийн гадаа гарч хоорондоо жаахан маргалдаж байгаад би гэр лүүгээ явсан гэх  мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/

Гэрч Д.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Тэгээд Б.Н дахиад нэг шил архи гаргаж ирээд хуваагаад ууцгааж байсан чинь нэг мухар ямаа яриад Б.Н, С.М- нар хоорондоо маргалдсан. Би тухайн үед нилээд согтсон байсан болохоор Б.Н-ын баруун талын орон дээр гараад хэвтэж байсан чинь Б.Н, С.М- нар хоорондоо маргалдаж зуухны өмнө дээр доороо ороод маргалдаж ноцолдож байхад Ж буюу С.Б- салгах гээд очсон боловч салахгүй ноцолдоод байсан. Маргааш нь гэртээ харьсан чинь С.М-ын нүд орчим нь хөхөрчихсөн, нүд нь улаачихсан байсан гэх  мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ..Манай нутгийн хүмүүс намайг Ж гэж дууддаг юм. Тэгээд Б.Н дахиад 1 шил архи гаргаж ирээд бид нар тойруулаад ууж байтал Б.Н, С.М- нар хоорондоо барилцаж аваад дээр доороо ороод маргалдаж ноцолдоод байсан. Би тэр үед нь салгах гэсэн боловч салахгүй байсан. Тэгээд Б.Н, С.М- нар гэрээс гарч гэрийн гадаа дээр доороо орж ноцолдож байгаад салаад С.М- нь уурлаад гэр рүүгээ явган явчихсан. Б.Н, С.М- нар дээр доороо орж ноцолдож харилцан цохилцсон. Хэн нь хэдэн удаа яаж цохьсоныг анзаарч хараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

Шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн  157 дугаартай дүгнэлт:      

           1.С.М-ын биед зүүн нүдний битүү гэмтэл, салстын үрэсвэл, гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Хохирогч С.М-ын эмчилгээ хийлгэсэн хохирлын баримтууд /хх-ийн 12 дугаар хуудас/ зэрэг болно.

            Шүүгдэгч Б.Н нь хохирогч С.М-тай маргалдах явцдаа нүд рүү нь цохиж, гараа хийж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Н-ыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирогч С.М- нь хохиролд 323,300 төгрөгийн эмчилгээний зардал төлсөн гомдол саналгүй, нэхэмлэх зүйлгүй, хэргийг нь хялбаршуулснаар шийдэж өгнө үү гэж мэдүүлсэн /хх-ийн 26 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч Б.Н хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, прокурорын саналын хүрээнд торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Б.Н-т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

            Хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй тул шүүгдэгч Б.Нын  эзэмшлийн 2 000 000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны нас гүйцсэн морь битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцох нь зүйтэй.

            Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Б-гийн Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Б-гийн Н-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Шүүгдэгч Б.Н энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгчийн 2,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны нас гүйцсэн морийг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүйд тооцсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Э.ДУЛМАА