Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00595

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 25 өдөр Дуга 210/МА2024/00595

 

 

Ж.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/00168 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.Эийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ЭМд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ср, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Э.Ц, Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ж.Э нь 2021 оноос ХХХэмнэлгийн захирлаар ажиллаж байгаад Эрүүл мэндийн сайдын ХХХ Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. Энэ тушаалыг хүлээн авч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэг, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг тус тус зааснаар Эрүүл мэндийн яамны Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст тус тус хандсан боловч тухайн байгууллагууд нь хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх чиг үүрэгтэй маргаан таслах комисс, хороо байгуулаагүй байна.

1.2. Ж.Эийг ажлаас халсан Эрүүл мэндийн сайдын ХХХ дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэл нь байгууллагын үйл ажиллагааны залгамж чанар алдагдах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ доголдох эрсдэлийг бий болгож, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил гаргасан нь хяналт шалгалтаар тогтоогдсон гэсэн байна. Гэвч Ж.Эийн хувьд дээрх үйлдлүүдийг гаргаагүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй үндэслэл юм.

Учир нь миний бие эмнэлгийн удирдах ажилтны хувьд иргэд, үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, эмчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад нэн тэргүүнд анхаарч, эмч ажиллагсаддаа эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээг чирэгдэл багатай, хүнд сурталгүй үзүүлэх зүй ёсны шаардлагыг тавьдаг байсан. Үүнийг бусдыг дарамталсан үйлдэл гаргасан, алба хаагчдын өмнө үлгэр жишээч байгаагүй гэх мэтээр ёс зүйн дүгнэлт гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.

1.3. Эрүүл мэндийн сайдын хххх дугаартай Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны бүрэлдэхүүнийг томилох тухай тушаалаар Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Энэ тушаалын хавсралтад хяналтын хорооны нарийн бичгийн дарга Ц.Т гэж заасан байтал Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт хийсэн хяналтын хорооны бүрэлдэхүүнд хяналтын хорооны нарийн бичгийн дарга Б.Х гэх хүн бүрэлдэхүүнд нь багтсан байсан. Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан бүрэлдэхүүний гишүүн бус хүн томилогдож, дүгнэлт гаргасан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

1.4 Иймд Ж.Э миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул Эрүүл мэндийн сайдын ХХХ дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал хууль зүйн үндэслэлгүй тул ХХХэмнэлгийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Эрүүл мэндийн сайдын ххх дугаар тушаалаар Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын албан тушаалд Ж.Эийг түр томилсон.

Ингэхдээ Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам-ын дагуу сонгон шалгаруулж томилох ёстой. Ж.Эийг Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг үндэслэн түр томилсон бөгөөд Ж.Этэй Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хөдөлмөрийн гэрээний хугацааг эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалт явагдаж, нэр дэвшигч тодрох хүртэл гэж заасан.

Коронавиуруст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр үйлчлэл нь дуусгавар болж байгаа тул Ж.Эийг ажилд эгүүлэн томилох асуудал нь хууль, эрх зүйн хувьд биелэгдэх боломжгүй.

2.2. Мөн Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хооронд тус эмнэлгийн хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн.

Хяналт шалгалтаар 9 төрлийн зөрчлийг илрүүлж, зөрчлийг арилгах зөвлөмжийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 8/3753 тоот албан бичгээр хүргүүлсэн. Зөвлөмжийг хэрэгжүүлэх хугацаа олгож, зөвлөмжийн хэрэгжилтийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эргэж шалгахад зөвлөмжийн биелэлт хангалтгүй байсан.

Мөн Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт ажиллаж байсан эмч, ажилтнуудаас эмнэлгийн захирлын ёс зүйтэй холбоотой ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд хийхэд ноцтой зөрчил илэрсэн.

2.3. Дээрх хяналт, шалгалтын үр дүн, зөвлөмжийн биелэлтээс харахад Ж.Э нь Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг удирдах албан тушаал хаших чадвар дутаж байгаа болох нь тогтоогдож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь хяналт шалгалтаар илэрсэн тул 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай Ж.Эт мэдэгдэж, сонсох ажиллагаа хийсэн.

Улмаар Эрүүл мэндийн сайдын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/72 дугаар тушаалаар Ж.Этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан ЭМд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай Ж.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжпэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгч Ж.Эийн улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, түүнд буцаан олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн агуулга нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэх бөгөөд шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заадаг. Энэ тухай дурьдсан шалтгаан нь шүүхээс нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг тодорхой дурдаж тайлбарлаагүй байдаг.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг /х9/-т Нэхэмжлэгч Ж.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлиин эмнэлгийн захирлын албан тушаалд томилон ажиллаж байсан болох нь анх Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 6/19 дүгээр Ж.Эийг ажилд томилох тухай тушаал болон Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №Б/05 дугаар ажилд түр томилох тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ болон зохигч талуудын маргаагүй тайлбараар тодорхойлогдож байна гэсэн нь нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбартай нийцэхгүй юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1787 дугаартай албан бичгээр 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/19 дугаартай Ж.Эийг ажилд томилох тухай тушаалыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр ирүүлсэн бөгөөд үүнд ямар нэг байдлаар түр томилсон агуулга байхгүй.

Уг тушаалаар томилогдсон боловч Эрүүл мэндийн сайд нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №Б/05 дугаар ажилд түр томилсон мэтээр тушаал гаргаж, ажилтны эрх зүйн байдлыг дордуулсныг шүүхээс анхнаасаа түр томилогдсон, талууд маргаагүй гэх мэтээр зөвтгөж тайлбарласан.

4.3. Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргах ёстой. Угтаа ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

4.4. Хөдөлмөрийн гэрээний 8.1.10-т ажлын байранд ажилтанд аливаа хэлбэрээр хууль бус дарамт шахалт үзүүлсэн, ялгаварлан гадуурхсан эсхүл төрийн үйлчилгээний албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн ноцтой зөрчил гаргасан нь Ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон бол ноцтой зөрчилд тооцохоор заасан. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн гэрээнд зааснаар эмнэлгийн мэргэжлтний ёс зүйн зөрчил нь ноцтой зөрчилд хамаарахаар заагаагүй.

Гэвч шүүхээс эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил нь ноцтой зөрчилд хамаарахаар тайлбарлаж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсныг үндэслэлтэй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Учир нь ёс зүйн хорооны дүгнэлт нь өөрөө ноцтой зөрчил гарсныг тогтоосон байх ёстой бөгөөд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн ноцтой зөрчил гаргасан болохыг ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогоогүй.

4.5. Түүнчлэн ёс зүйн хорооны дүгнэлт нь үндэслэлгүй, мөн хяналт шалгалт нь бодитой бус болохыг гэрч нар мэдүүлсээр байхад ноцтой зөрчил гаргасныг тогтоогоогүй уг ёс зүйн дүгнэлтийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Ингэхдээ уг баримтыг үнэлсэн үндэслэлээ тодорхой тайлбарлах, шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, татгалзал бүрийн талаар дүгнэлт өгөх үүргээ биелүүлээгүй.

4.6. Зохигч нарын мэтгэлцээний үед хариуцагч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн гэрээний 8.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлсөн хэмээн тайлбарласан. Хөдөлмөрийн гэрээний 8.1.2-т албан тушаалын тодорхойлолтод заасан болон хууль тогтоомж, дүрэм журамд заасан чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан, санхүүгийн болон эд хөрөнгийн их хэмжээний хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын хяналт, шалгалтаар тогтоогдсон гэж заасан.

Нэхэмжлэгч Ж.Э нь эрх мэдлээ урвуулан ашиглаж санхүүгийн болон эд хөрөнгийн их хэмжээний хохирол учруулаагүй бөгөөд эрх бүхий байгууллагаас ч энэ талаар шийдвэрлэж, тоггоосон ямар ч үйл баримт байхгүй тул энэхүү заалтыг тушаалд үндэслэсэн нь үндэслэлгүй юм.

4.7. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд Засгийн газрын гишүүний бүрэн эрхийг хуульчилсан байх бөгөөд уг зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газрын гишүүн энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар олгосон бүрэн эрхтэй. Түүний дотор гээд уг хэсгиин 4-т тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга, эрхлэгч, захирлыг томилж, чөлөөлнө гэж, Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, энэ хуулийн 16.10-т заасан суман дахь нэгдсэн эмнэлгээс бусад нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ гэж, 17.10.5-д Төлөөлөн удирдах зөвлөл нь эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх эрхтэй байна гэж тус тус заасан байна. Нэгэнт Эрүүл мэндийн тухай хуульд Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд зааснаас өөрөөр заасан байх тул Эрүүл мэндийн сайд чөлөөлөх төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгийн захирлыг ажлаас чөлөөлөх эрхийг хуулиар олгоогүй талаарх бидний тайлбарыг шүүхээс дүгнээгүй.

4.8. Нэхэмжлэгч миний бие ноцтой зөрчил гаргаагүй, гагцхүү ажил үүргээ чанартай, хурдан шуурхай гүйцэтгэх талаар хууль ёсны шаардлага тавьдаг байсныг ноцтой зөрчил гаргасан хэмээн мушгиж байгааг эс зөвшөөрч байгаа хэдий боловч шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дахь хэсгийн талаар огт дүгнээгүйг гайхаж байна.

Хуульд Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан cap, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байх бөгөөд зохигч нарын мэтгэлцээний үеэр ноцтой зөрчил гэх асуудлаар сахипгын шийтгэлийг хариуцагч нь илрүүлснээс хойш нэг cap өнгөрсний дараа оногдуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн.

Шүүхээс хуулийн илт тодорхой заалтыг хэрэглээгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт шүүхийн шийдвэртээ ямар ч дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

4.9. Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой бөгөөд энэ дундаа хэрэгт хамааралтай бөгөөд хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангадаг.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн чухал хэсэг болох үндэслэх хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай тодорхой заах ёстой байсан.

Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагч талаас өгсөн баримтуудыг жагсааж бичээд, ингэхдээ эдгээр баримтуудаар хэргийн бодит байдал хэрхэн тогтоогдсон, түүнчлэн гэрч нарын мэдүүлгийг үнэлэхгүй гэх хууль зүйн тайлбарыг шүүхийн дүгнэлтээ тусгаагүй нь шүүхийн шийдвэрийн үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хэргийн бодит байдалтай зөрчилдсөн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/000168 дугаартай шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч 6 үндэслэлээр гомдол гаргасан байна. Өргөө амаржих газар нь хамгийн анх Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харъяанаас 2022 оны 01 дүгээр сард Эрүүл мэндийн яамны харъяанд шилжиж ирсэн. Үүнтэй холбоотойгоор албан ёсоор сонгон шалгаруулалтад орсон дарга нарыг шууд томилж, сонгон шалгаруулалтад ороогүй дарга нарыг түр хугацаагаар томилсон. Хөдөлмөрийн гэрээнд сонгон шалгаруулалт явагдаж, дараагийн нэр дэвшигч тодрох хүртэлх хугацаанд гэж тодорхой зааж өгсөн.

5.2. Тус гэрээг Ж.Э дарга уншиж танилцаад хүлээн зөвшөөрч хуудас болгон дээр нь гарын үсэг зурсан. Хэрэв үнэхээр сонгон шалгаруулалтад орсон бол тухайн үед түр томилсон асуудал яригдах байсан. Хөдөлмөрийн гэрээ хугацаатай байсныг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч гарын үсэг зурсан. 2021 онд Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа Өргөө амаржих газрын даргаар томилогдох үед Коронавируст халдвар (Cоvid-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль үйлчилж байсан учраас сонгон шалгаруулалт явагдаагүй.

5.3. Сонгон шалгаруулалт явагдсан талаарх баримтыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ирүүлээгүй. Сонгон шалгаруулалтад орсон гэж үзэж байгаа бол нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтад ороогүй гэдэг нь илэрхий харагдаж байна.

5.4. Ёс зүйн хорооноос ёс зүйн зөрчил гаргасан гэх дүгнэлтийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Эрүүл мэндийн сайдад ирүүлсэн. Эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хяналтын хороо дүгнэлт гаргаж, зөвлөмж хүргүүлэх үүрэгтэй байгууллага юм. Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтан томилох, чөлөөлөх асуудлыг нь шийдвэрлэдэг. Өргөө амаржих газрын дүрэм бүтцийг хуулийн дагуу Эрүүл мэндийн сайд баталдаг.

Гэтэл баталсан дүрэм бүтцийн дагуу явуулалгүйгээр өөрөө дур мэдэн дүрэм бүтцээ баталж, санхүүгийн албыг өөрийн дор байлгахаар тушаал гаргасан. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамны хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар хяналт шалгалт хийж, 10 зөрчлийг илрүүлсний нэг нь дээрх зөрчил байсан.

Иймд нэхэмжлэгчийг дүрэм, журамд заасан чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан гэж үзэж байна.

5.5. Төлөөлөн удирдах зөвлөл өргөө амаржих газрын даргыг сонгон шалгаруулах ёстой гэж нэхэмжлэгч талаас тайлбарласан. Өргөө амаржих газар 2022 оны 01 дүгээр сард Эрүүл мэндийн яамны харьяа болсон. Одоогоор төлөөлөн удирдах зөвлөл томилогдоогүй байгаа учир Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд зааснаар Эрүүл мэндийн сайд томилж, чөлөөлөх эрхтэй байгаа. Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа Эрүүл мэндийн сайд томилох, чөлөөлөх эрхтэй эсэх талаар маргаагүй. Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газраас 2022 оны 08 дугаар сард хяналт, шинжилгээ хийсэн. Зөвлөмжөө 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүргүүлж, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор зөвлөмжийн биелэлтийг ирүүлэх тухай Өргөө амаржих газарт бичиг хүргүүлсэн. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зөвлөмжийн биелэлтээ очиж шалгахад, зөвлөмжийн биелэлт хангалтгүй байсан.

5.6. 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Хөөн хэлэлцэх хугацаагаа баримталсан гэж үзэж байна. Эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хяналтын хорооноос дүгнэлтийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлсэн. Зөвлөмжийн биелэлтээ шалгаж, хангалтгүй гэж үзсэн учраас Ж.Э захирлыг ажлаас чөлөөлсөн учир хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй.

Сошиалаар нэлээн асуудал болсон учир Ж.Э даргыг чөлөөлөгдсөний дараа Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Авлигатай тэмцэх газраас хамтарсан баг шалгалт явуулж, зөвлөмжийг ирүүлэхэд, Эрүүл мэндийн яамны хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар болон ёс зүйн хорооноос ирүүлсэн дүгнэлтүүдтэй таарч байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч ЭМд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.а. Ж.Э нь Эрүүл мэндийн сайдтай 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр эмнэлэгийн захирлын сонгон шалгаруулалт явагдаж, нэр дэвшигч тодрох хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна./1хх-8-13/

 

3.б. Эрүүл мэндийн сайдын ХХХ тоот тушаалын 1 дэх заалтаар Байгууллагын үйл ажиллагааны залгамж чанар алдагдах, эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдох эрсдлийг бий болгож, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил гаргасан нь хяналт шалгалтаар тогтоогдсон тул Жамсранжав овогтой Эийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлиин эмнэлгийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосугай. гэж Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80 1.4 дэх заалт Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дүрэм бүтэц батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/144 дүгээр тушаал, Хөдөлмөрийн гэрээний 8.1.2. 8.1.10 дахь заалт, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ес зүйн хяналтын хорооны 2022 оны 22/73 дугаартай албан тоотоор ирүүлсэн дүгнэлт Өpгөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хүний нөөцийн томилгоо сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээний дүгнэлтийг тус тус үндэслэн Ж.Этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. /1хх-6/

 

4. Анхан шатны шүүх талуудын хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүй алдаа гаргаснаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

4.1. Талуудын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 8.1-д Ноцтой зөрчлийг нэрлэн заасан байх бөгөөд уг гэрээний 8.1.2-т албан тушаалын тодорхойлолтод заасан болон хууль тогтоомж, дүрэм, журамд заасан чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан, санхүүгийн болон эд хөрөнгийн их хэмжээний хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын хяналт, шалгалтаар тогтоогдсон, 8.1.10-т ажлын байранд ажилтанд аливаа хэлбэрээр хууль бус дарамт шахалт үзүүлсэн, ялгаварлан гадуурхсан эсхүл төрийн үйлчилгээний албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн ноцтой зөрчил гаргасан нь Ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон гэж тус тус заажээ.

 

4.2. Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...төлөвлөгөөт бус тусгайлсан хяналт шалгалт үнэлгээ гэсэн тайлбараас дүгнэхэд Эрүүл мэндийн сайдын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалтад хяналт-шинжилгээ хийх ажлын удирдамжийн дагуу Өргөө амаржих газар-т хийсэн хяналт шалгалт, мөн Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хийсэн шалгалт нь нэхэмжлэгч Ж.Эт чиглэсэн тусгайлсан шалгалт гэж явуулсан гэж үзэхээр байна.

 

4.3. Эрүүл мэндийн сайдын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалтад хяналт-шинжилгээ хийх ажлын удирдамжийг үндэслэн явуулсан шалгалтын тайланд дурдсан зөрчил нь Ж.Э гаргасан зөрчил бус Өргөө амаржих газар-ын үйл ажиллагаатай шууд холбоотой гэж үзэхээр байна.

 

Хариуцагч нь дээрх хяналт шалтгалтын тайланд дурдсан зөрчлийг тогтоосон гэх боловч уг тайланд дурдсан аль зөрчил нь ноцтой зөрчил гэж үзсэн, түүнийг нотолсон баримт буюу хяналт шалгалт явуулсан баримтуудыг хэрэгт гаргаагүй тул зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, хяналт шалгалтын тайланд дурдсан зөвлөмжид Монгол Улсын Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 6330:2017 стандартыг хангаж ажиллах; Хуулиар эрх олгоогүй байхад эмнэлгийн бүтцийг баталсан Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн захирлын 2022 оны А/21 дүгээр тушаалыг хүчингүй болгох; Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан нэр дэвшигчийг байгууллагын дотроос болон гаднаас ил тод сонгон шалгаруулж, хүний нөөцийг бүрдүүлэх; Албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангах, хөдөлмөрийн харилцаанд дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсооход онцгой анхаарч албан хаагчдын тогтвор сууршилыг хангах; Хөдөлмөрийн дотоод журмыг холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн шинэчилж, нийт ажилтанд танилцуулж, харагдахуйц газар байршуулах, Албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг холбогдох хууль, журамд нийцүүлэн шинэчлэх, Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, баримт бичгийн стандартыг хэрэгжүүлж ажиллах, Төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй, шударга, ёс зүйтэй байдлыг хангах, хяналт-шинжилгээгээр илэрсэн зөрчлүүдийг шуурхай арилгах, давтан гаргахаас урьдчилан сэргийлэх, Төрийн хэмнэлтийн тухай хууль, дагалдаж гарсан Засгийн газрын тогтоол, шийдвэрийг мөрдөж ажиллах талаар дурдсан байна.

 

Дээрх, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг-ийн хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалтад хийсэн хяналт-шинжилгээний зөвлөмжид дурдсан 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 8/3753 тоот албан бичгээр Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт хүргүүлж, зөвлөмжийн биелэлтийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор ЭМд ирүүлэхийг даалгасан үйл баримтаас үзэхэд ноцтой зөрчил бус харин зөвлөмжийн биелэлтийг хангуулсан тохиолдолд үр дагавар нь арилгах боломжтой гэж үзэхээр байна.

 

4.4. Ноцтой зөрчил нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгоно.

 

Гэтэл, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалтад хяналт-шинжилгээ хийх хяналт, шалгалтын тайланд Ж.Э нь эд хөрөнгийн хохирол учруулсан болон байгууллагын нэр хүндийг гутаах зэрэг сөрөг үр дагаврыг бий болгсон талаар дурдаагүй тул ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй.

 

Хэрэгт цугларсан баримтыг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч Ж.Э нь Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төсвийг хувьдаа завшсан, үрэгдүүлсэн үйл баримт тогтоогдоогүй болохыг дурдав.

 

4.5. Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос 22/01 дугаар зөвлөмжийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 22/73 тоот албан бичгээр Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хүргүүлсэн байхад 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

4.6. Анхан шатны шүүх зөвхөн хяналт шалгалтын тайлангийн дүгнэлт, болон зөвлөмжийн хэсгийг шууд хуулбарлан бичиж, уг хяналт шалгалтын зорилго, болон уг шалгалтаар тогтоогдсон зөрчлүүдэд нэхэмжлэгчийн гэм буруу байгаа талаар эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр ... зөрчил тогтоогдсон ... гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад нийцэхгүй байна.

 

4.7. Нөгөөтэйгүүр, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан хугацааг шүүх анхаарахгүйгээр хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

 

Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалтад хяналт-шинжилгээ хийх ажлын удирдамжийн дагуу Өргөө амаржих газар-т хийсэн хяналт шалгалт, мөн Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хийсэн шалгалт нь талууд хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнөх хугацаанд хамаарах фактад хяналт, шалтгалтыг явуулсан байх тул 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг баримтлан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь буруу.

 

Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах үед дээрх хоёр шалгалт явагдаж, үр дүн нь гарсан байсан бөгөөд уг гэрээний зохицуулалтад ноцтой гэж тооцохоор тохиролцсон үйлдэл, эс үйлдэхүй нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш гаргасан зөрчилд хамаарах тул гэрээний зохицуулалтыг буцаан хэрэглэсэн нь хууль хэрэглээний нийтлэг зарчимд нийцэхгүй байна.

 

5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Эийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй тул урьд эрхэлж байсан Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг-ийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан зохицуулалтад нийцнэ.

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг үндэслэлгүй тушаал гарсан 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцоход дундаж цалин хөлс 2,496,871 төгрөг х 17 сар 10 хоног = 42,446,807 төгрөг + 1,045,197 төгрөг = 43,492,004 төгрөг болж байна. /1хх 14/

 

6. Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагч ЭМд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ж.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/00168 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.Эийг Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг-ийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 43,492,004 төгрөгийг хариуцагч Эрүүл мэндийн яам-аас гаргуулж нэхэмжлэгч Ж.Эт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч ЭМд даалгасугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Ж.Эт буцаан олгож, хариуцагч Эрүүл мэндийн яам-аас улсын тэмдэгтийн хураамжид 375,410 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ж.Эээс төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР